Аавын эзгүй намар

…Намар цаг. Яагаад ч юм бэ? сэтгэлд нэг л гуниг төрүүлнэ. Навчис модноосоо салж газар унахуйяа нэг л уйтгартайяа савлаж, тэр л навчсыг салхи хайр найргүй үлээн хийсгэнэ. Хаа ч очиж тогтохоо үл мэдэх тэр навчсын хөдөлгөөн, үлээх салхины аясыг даган хуйларнам. Зундаа ямар их үзэсгэлэнт сайхнаар гайхуулж асан тэр навчис өдгөө, хув хуурай сэрчигнэн, гарт баригдах төдийд бутрах аж. Шүүслэг ногоон навчис намар цагт л хув хуурайшиж, хөнгөн өд шиг хийсэх нь энэ хорвоогийн бүх зүйл цаг цагт ээлжтэй гэдгийг илтгэх мэт.
Өнөө бүх л зүйл сайн сайхан харагдавч нэгэн цагт, хагдран гандаж хийсэн оддогийг залуу насандаа анзаардаггүй явж. Би нэгэн сандал дээр сууж салхины аясаар хийсэх навчсыг гэнэт анзааран харна. Үлээх салхины аясаар хөл дор хийсэн, бас бужигнах навчис яагаад ч юм бэ? сэтгэлд гунигийн жавар хургаах.
Хүний амьдрал яг л жилийн 4 улирал шиг ээлжилдэгийг энэ навчсыг харахдаа л гэнэт анзаарах.

Залуу нас гэдэг хавар шиг цэцэглэж, зун шиг дэлбээлж, амьдралд юу ч тохиолдохыг үл анзааран, гоёмсог сайханд нь сэтгэлийн бал амтагдаж, жаргах нарны улбар туяа мөнхийн юм шиг л ид шидээр гялбуулна. Наран жаргаж уулсын цаагуур шургавч, амьдрал маань үргэлж л гэрэл гэгээ татуулах. Залуу насанд наран жаргадаггүй аж.
Үүн лугаа адил аав ээжээ мөнхийн юм шиг л санаж,  тэдэнд гомдож тунихдаа, ч ингэх учиртай хорвоод ирсэн юм хэмээн өөртөө итгүүлнэ. Тэднийхээ гомдол шаналлыг нүднийхээ, зүрхнийхээ цөцгийд мэдэрдэггүй явж дээ бид.
Байхад нь анзаардаггүй хэрнээ, алсын алсад одсон хойно нь ямархан өмөг түшиг, үнэ цэн байсныг нь гэнэт ухаарах бид ч бас тэнэгдүү гэмээр.

Аав минь
Заримдаа санах ахул, аав минь яг л уул мэт… Уулга алдаад байхгүй хэрнээ, нэг л дүнсгэр, униар татах мэт саруулхан. Үгэлж зэмлээд байхгүй хэрнээ, харц нь нэг л ширүүн, салхи шуурга мэт. Хааяа санаа алдах төдийд, хамаг ертөнцийн сайн мууг амьсгалах мэт. Бид аавынхаа амьд ахуй дор олон зүйлийг анзаардаггүй юм шиг…
Үргэлж эрхлэн нялхарч энгэрт нь тэврүүлэхгүй ч, үгэлж уйлан хөхийг нь амаараа тэмтчихгүй ч, элгэнд нь уясах хайрыг зөнгөөрөө мэдэрч, эвийлэн шивнэх дууг нь зүрхээрээ сонсож, эрхэлж бас нялхарч өссөн дөө бид.
Ээж шиг минь хөхүүлж ачлаагүй ч, идэх уухаар дутааж явсангүй, өлгийдэж хуурайлж арчлаагүй ч, өмсөх зүүхээр дутааж явсангүй аав минь. Ил гаргахгүй хэрнээ хайраараа сэтгэлдээ “өлгийдэж”, хан хурмастын муухай бүхнээс цээжээрээ халхалж, хар цагаан хэл ам бүхнээс өөрөө л  шившин хамгаалж, сайн муу явдал бүхэнд зүрхэндээ л шаналж, бас жаргаж явдаг байж дээ аав минь.

Аавын минь зэмлэсэн харц, аргадан тэвэрч учирлах бүхэн миний л ухаарал, гэмшил байсан сан. Ховор үзэгдэх тэр л нулимс нь хорвоод бус өөртөө гомдох харуусал нь байсан. Хааяадаа хорвоогийн ачааг үүрэх тэнхэлийг тань, нуруунаас тань бус сэтгэлээс тань олж харах ухаан дутмаг байж дээ.
Тэр нэгэн цагт, орхиод одоход тань уулс нурах шиг л болсон. Тал газраас үлээх жавраас жиндэж даарахдаа, таныхаа нөмөр нөөлгийг л үгүйлж санан, сэтгэлдээ уйлж л байсан. Жаргал зовлонгийн тэнцүүр дээр хөл алдан, баярлаж гунихдаа таныгаа л үгүйлж санан дурсаж л байсан.
Уул уулын нөмөрт хургах жаварт жиндэхдээ, уулс болон өндийх тавилангаа ухаарч бас мэдэрч өндийх болжээ. Аараг намхан уулс шиг үрсээ харахдаа, алсдаа тань шиг нөмөртэй болох сон гэж хичээх юм даа аав минь. Аав минь та өндрөөс өндөр, алсаас үлээх жавраас нөмөрлөх уулс байж дээ. Таныхаа л нөмөрт дулаахан жаргаж ахуй тэр цагт, ямархан өндөр уулс болохыг тань мэдэрдэггүй л явж дээ аав минь.

Намрын навчис
Хөл доор минь хийсэн эрчлэх навчсыг харахад, аав минь надад үгэлж, эрхлэх шиг л санагдана. Хаа нэгтэй хийсэн буруу муу үйлийг минь хэлж сануулан зэмлэх шиг л санагдана. “Хөөрхий үр минь”  гэж хөлийг минь илбэн тэврэх мэт санагдана.
Аав минь та наддаа намрын навчис болон ирж учирлах мэт. Халуун дулаан хэрнээ алсад одсон хайр энхрийллээ илгээх мэт. Хэлж амжаагүй бүхнээ сануулан аргадах мэт.
Харин  би энэ л навчсыг хөл доороо гишгэж үл чадна. Хаа нэгтээ чихэнд шивэгнэх дууг тань сонсох гэж л хичээнэ. Харин нулимс минь хацар даган дуслахуйяа, хаа холын тэртээд орших таныгаа нэг л санана. Аяа аав минь! алсад одсон аав минь.
Таныгаа энэ л намрын навчсаас олж харав би. Харин та намайгаа орхиж санаа амарсан мэт тэртээ холд хийсэн одов. Харин би одоо өвлийн цасыг хүлээнэм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-11-11

Share Your Thoughts