ААВ \Миний амьдарч буй Америкт тэмдэглэдэг “Аавуудын өдөр”т зориулав\

Ургаж буй модны үндэс нь, урсаж буй голын ёроол нь, уулсын өндөр оргилын хад чулуу нь аав минь юм. Ургаж буй моддын мөчир, цэцэгсийг харан баясах авч бид хэзээ ч үндсийг нь олж хардаггүй. Урсаж буй голын мяралзах долгист шумбаж умбан наадах авч ёроолынх нь тухай бодож анзаардаггүй. Уулсын өндөр оргил руу саравчлан харах авч оргил дээр хадан чулууг анзаарч хараа тогтоодоггүй. Дэргэд минь байгаад байх авч  аавынхаа нүдийг нь анзаарч хардаг билүү бид. Амьдралынхаа баяр гунигийг шингээж нуусан аавын тань харц, чиний аз жаргалыг үргээчих вий гэсэндээ хайраар хучиж чам руу инээмсэглэдэг юм. Дэргэдээ байх аавынхаа хааяадаа санаа алдах чимээг сонсдог билүү бид. Амьдралын жаргал зовлонг нуруун дээрээ тээж ядарсан аавын тань санаа алдалт, чиний залуу насны ааг омгийг мохоочих вий гэсэндээ аялгуу болгон эгшиглэж чамд дуулж өгдөг юм. Дэргэд тань байгаад байх авч аавынхаа сэтгэл рүү нь өнгийж мэдэрдэг билүү бид. Амьдралынхаа алдаа онооны дэнсээ ухаарал болгон шингээсэн аавын тань сэтгэл, ганцхан чамайг л дотроо өхөөрдөн инээмсэглэж, дотроо эмтэрч уйлж суудаг юм. Гэхдээ хэзээ ч чамд гомддоггүй юм даа.
Чамайг эхийнхээ хэвлийгээс энэ ертөнцөд уйлж унах тэр л мөч аавын тань амьдралд эр хүн болж өөрийгөө тоохын эхлэл, эгэл амьдралын хүн цэцэгсээр баглаа болгон ээжийн тань дэргэд сөгдөх уярал, энэ орчлонд хүн болж төрснийхээ утга учрыг ухаарах ухаарал болдог. Яг тэр үедээ л аав тань ухаажин томоождог. Онгиргон залуу омголон сагсуу явсан бардамналаа тэр мөчид тайлж орхин, зогтусдаг. Чи өөрөө аав, ээж болж байж л үүнийг ойлгоно доо, түүнээс өмнө санахгүй л болов уу? Чамайг хэлд орж шулганан, хөлд орж алхах, буйлаа ярзайлган инээх, босч суун “жаран чавганцын ажил” хийх бүхэнд дуу алдан тэвэрч авахгүй ч “энхрий үр минь дээ хө” гэж дотроо уулга алдан гаднаа бардамнаж суудаг. Чи өөрөө аав ээж болж байж л жишиж санана даа, гэхдээ аав тань тод харагдахгүй л болов уу? Чамайг том болж өөрийгөө ихэд бодон, хааяадаа үгэлж дуулах аав ээжийнхээ үг сургаалиас залхан “яршигтай юм” хэмээн тээршааж, өөрийн хүссэнээрээ байх гэж худлаа хэлж хуурах болгонд тань, хашгирч зандарч хацрыг тань алгадахгүй ч сэтгэл дотроо гомдож шаналж л суудаг. Чи үүнийг их л хожим ойлгох байхаа даа, гэхдээ тэр үед тайтгаруулж чадах болов уу?  Өөртэйгээ жишээд аав тань чамд гомдож чадахгүй дээ.
Үргэлж уйлж дуулаад байхгүй ч аав тань цэцэг биш, харин чиний үндэс. Чи аавынхаа ухаанаас ургасан ургамал бас цэцэг, тэгээд л чи ааваараа овоглож явдаг юм шүү дээ. Үргэлж урсаж цалгилаад байхгүй ч аав тань чиний урсгалыг хаших эрэг бас тогтоох ёроол. Чи аавынхаа тогтоосон хязгаар дунд урсдаг урсгал гол, тэгээд л хүмүүс чамаас “аав тань хэн юм бэ?” гэж асуудаг юм шүү дээ. Үргэлж сүүдэрлээд салхилаад байхгүй ч аав тань уулсын оргил дээрх сүрлэг хад, тэндээс аавын тань холч хараа, уужуу ухаан мэдрэгддэг юм. Чи аавынхаа ухааны царааг бүргэд далавчаа дэлгэн эргэлдэх өндрөөс, эр зоригийг нь үрээ хадан халилаас түлхэн унагаах чадлаас өвлөдөг. Тэгээд л хүмүүс чамд “аав тань эр зоригт бүргэд байсан уу?” хэмээн лавладаг юм шүү дээ. Бусдад тийм ч төгс төгөлдөр харагддаггүй ч өөрөөр нь овоглосон хүн бүрт аав нь төгс төгөлдрийн дээд. Хүн болгон аавдаа “Маш их хайртай” гэдэг боловч түүнээ эргэцүүлэн ухаарах нь цөөхөн л болов уу? Би ч гэсэн аавынхаа тухай чам шиг бодож байсан, үгүй болсных нь дараах харуусал одоо ч миний сэтгэлийг аянга цахилгаан шиг урж зурж байдаг.
Амьд байхад нь аавыгаа чин сэтгэлээсээ ойлгож хайрлах гэдэг их л хувь заяа юм билээ. Алслаад холдсон хойно нь мянгантаа харамсавч эргүүлээд тогтоож чадах нь үгүй. Өөрөө л сайн аав байж  “цайруулахгүй” л юм бол харамсаж асгаруулсан нулимс болгон ууршиж дэгдэх болно. Аав ээж гэдэг чамайг бүтээгээд,  хувь заяагаа чиний төлөө золиослоод, чиний амьдралын хэмнэлээр өөрсдийгөө элээх” бурхад” гэж үү? Тэгээд чи тэдний үргэлжлэл болон өөрсдийгөө элээх билүү? Би яг одоо бурхадын оронд одсон аавынхаа зургийн өмнө сөгдөн сууж байна. Магад олон жилийн дараа миний зургийн өмнө үрс минь ингэж суухыг би мэдэхгүй. Гэхдээ л энэ амьдралд хүн шиг, бас аав шиг байх нь миний үүрэг. Хожим нь хэн нэгэн миний өмнөөс ичээсэй гэж, би энэ ертөнцөд асгасан будааны нэгэн ширхэг, дээш босгосон зүүны үзүүр дээр тогтох шиг тавиланд заяагаагүй юм шүү дээ. Бурхан минь, бас тавилан минь. Аав минь.

Share Your Thoughts