Авилгал-олон олон бодролууд

*Жирийн иргэн

…Өдөр хоногоор юмны үнэ өсөөд л байдаг. Авч байгаа цалин минь амьдралд хүрэлцэхгүй янзтай. Бусдаас илүүгүй гэхэд дутуугүй амьдармаар байдаг.
Охин минь овоо л сурч байна даа. Ирэх жил гайгүй сургуульд шилжүүлээд сургая гэхээр захиралд нь нилээд мөнгө өгөх хэрэгтэй болно. Эртүүд Доржоор хөөцөлдүүлээд яриулсан чинь 800 000 төгрөг гэнэ. Их л мөнгө дөө. Гэхдээ яаж ийгээд олоод өгчих юмсан. Ядаж л муу охиноо өөрсөд шиг тарчиг амьдруулахгүйн тулд тэр мөнгийг олж өгөөд сургуульд нь оруулна даа.
…Эхнэр ойрдоо бие гээд үглээд байх болж. Аргагүй дээ хөөрхий минь өвөл зунгүй л зах дээр халж, даарч зогссоор бие үгүй болох нээ. Хэд хоног эмнэлэгт хэвтүүлж жаахан эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Бас сайн эмнэлэг нь олдож өгөхгүй ээ.
Оюунаагаар яриулж байгаад нөгөө эмнэлэгтээ хэвтүүлэхээс. Эмчид нь 200 000 төгрөг атгуулахаас нааш ор нь олдохгүй дээ. Хэвтүүлчихээд сувилагч асрагч нарт нь жаахан юм өгч гар цайлгах хэрэгтэй. “Хаанаасаа хаалгач нь” гэж тэд л эм тариаг нь хийж асарч сувилах улс шүү дээ. Эрүүл саруул л байвал мөнгө ч яах вэ? арга нь олдоно.

…Газар хувьчлалаар авах ёстой 0,7 га газраа хөөцөлдөж байгаад авчих юмсан. Тэгвэл ядаж л тэвдсэн үед зээлийн барьцаанд тавих юмтай болох санж. Газрын байцаагчтай нь уулзана гэдэг том даваа. Уулзаад ч бүтэх биш. Сайн таньдаг хүнээр нь аятайхан яриулж, нилээд мөнгө өгч байж л бүтэх асуудал даа. Хотын ойролцоох газар олдохгүй ээ. Хотоос нилээд зайдуу газар авахаар нэг их үнэ хүрэхгүй.
Уг нь яаж ийгээд мөнгө олж өгөөд хотын ойр газар авч чадвал ядаж гаргасан зардлаа нөхөж дөнгөнө л дөө. Энэ жилдээ бүтэхгүй байхаа даа. За яахав таньж мэдэх хүн хайна даа.
Ер нь тэгээд аргаа олж чадвал зөндөө л боломж байна даа. Даанч мөнгө л их хэрэгтэй болох юм. Гадаа сэрүүн орж хүйтрэх нээ. Түлээ түлш, гэрийн дулаалгаа бодохгүй бол горьгүй ээ. За яахав болно доо болно.

*Компаний захирал
…Зуны их ажил шувтарч намар ч боллоо доо. Одоо ч шинэ жил, цагаан сар гээд жаахан мөнгө хийж болох цаг айсуй. Хэдэн контеинер оруулж ирэх хэрэгтэй. Овоо хэдэн төгрөг илүү хийхийн тулд гаалийг л аргалах хэрэгтэй дээ. Баагийд хэлж байгаад нөгөө гаалийн байцаагч бүсгүйтэй ойрын үед уулзаж, дайлах хэрэгтэй юм байна. Уг нь ч дажгүй бүсгүй шүү. Эртхэн л хэл амаа ололцож, хувиа тохирч чадвал болох нь тэр.
…Сарын эцэс болж байдаг. Одоо ч татварынхан утасдана даа. Энэ сард тайлангаа урьдынх шигээ гаргаарай гэж ня-бо д хэлэх юм байна шүү. Он дөхүүлж байгаад татварынхныг нэг хүлээж авч байцаагч нарт нь ахиухан бэлэг сэлт өгөх юм шүү. Шинэ жилээр ганц нэг байцаагчийг нь шагнахад ч зүгээр. Энэ талаар ня-бо той нэг сайн ярилцья байз. Тэдэнтэй хэл амаа аятайхан ололцож байхгүй бол, санхүүгийн гэнэтийн шалгалт, бас элдэв дарамт салахгүй төвөг удна.

…Ирэх хавраас лицензийг нь авсан нөгөө газраа ухаж үзвэл яадаг бол? Аз таарч жаахан “шар юм” гарчихвал ч өндийгөөд явчихна даа. Гол нь нилээд мөнгө хэрэгтэй.
Гочоотой ярилцаад банкны зээл хөөцөлдүүлбэл яах бол? Яалт ч үгүй 10%-ийг нь хаяна л даа. 100 саяыг авна гээд , тэдэнд 10 саяыг нь өгөөд 90 саяар нь зүтгээд үзвэл… Уг нь аз таарвал тэр байтугай л олно л доо. Харин шатаж орхивол!…
За за тэгж аз нь хаясан юм гэж хаана байдаг юм. Муу ёр.
* Төрийн албан хаагч
…За даа намрын ажил ч овоо жигдэрлээ. Муу хүүгээ хөөцөлдөж байгаад гайгүй сургуульд оруулчихлаа. Энэ жилийн төлбөрийг нь нөгөө компаниар даалгачихсан. Тэднийхэнтэй нилээд ойр байж боломжоороо тус болж байх хэрэгтэй боллоо. Хааяа хэтрүүлчих гээд байхаас тэднийх ч уг нь гайгүй л дээ. Доозыг нь тааруулаад хэн хэндээ ашигтай байдлаар явж байхад ч болно доо.

…Он дөхөхөөр жаахан мөнгө хийх боломжтой болно доо. Эртхэн даргатайгаа ярьж байгаад гайгүй хэдэн байгууллагыг өөр дээр тавиулчихвал…Өнөө цагт өө сэвгүй, ном журмаараа явдаг байгууллага гэж байх биш. Аятайхан зохицуулж байгаад овоо хэдэн төгрөгтэй болчихвол зүгээр дээ. Түүнээсээ даргадаа 20% ыг нь өгчихөд хаа хаанаа хэл амгүй ажин түжин болно. Энэ албан тушаал дээр  байгаа дээрээ амжиж ахиухан мөнгө хийж авахгүй бол “цаг цагаараа байдаггүй” гэдэгчлэн албан тушаал мөнх биш.
…Маргаашнаас Тулгаатай ярьж байгаад нөгөө төслийн юмыг яаравчлуулья. Түүнийг бэлэн болгочихвол ч нөгөө хэдтэй яриад “чулуу” болгож болноо. Гол нь үнэмшилтэй байвал болох нь тэр. Үгүй дээ л реклам сурталчилгаанаас нь хэдэн төгрөг олж болох байх.
Уг нь энд тэндгүй их боломжууд байнаа. Гол нь аятайхан аргыг нь олж, итгэлтэй хүмүүстэй найдвартай хийх хэрэгтэй. Улсын төсөв ямар дундрах биш. Дундарлаа ч надад ямар хамаатай. Бүгдээрээ л адилхан боломжоо ашиглан идэж ууж, завшиж байна даг. Шударга байлаа гээд хэн хожих юм бэ?

* Төрийн том дарга

…Он ч дуусах дөхөж байна. Энэ жил ч санаснаас овоо гайгүй мөнгө олж дөнгөлөө. Одоо түүгээрээ Оюу толгой, Таван толгойн ойролцоо боломжийн юм байгуулчихвал ч болж орхино доо. Энэ талаар Цогоотой нэг ярилцаж үзье. Хүн болгон л тийшээ хошуураад овоо ч мөнгө үнэртэж байх шиг байна. Эртхэн л тэнд орон зайгаа олж байхад гэмгүй. Шинэ байгууламжаа эхнэрийн дүүгийн нэр дээр хийсэн нь дээр байхаа. Тэгэхгүй бол хүн амьтны хараанд орчихвол, хэл ам ч тасрахгүй. Ядаж л 12 оны сонгууль хүртэл нэр цэвэр байхыг хичээх хэрэгтэй дээ. Ер нь бодолтой болгоомжтой байхад илүүдэхгүй.
…Оноос өмнө урагшаа явж нөгөө компаныхантай уулзаж ирэх жилийн ажлаа ярилцаж тохиролцоно доо. Тэд амалсан мөнгөө гаргаж чадвал эндэх асуудлыг нь зохицуулж болох байх. Бусад нь яахав, Гансүх л тээг болж магадгүй. Мань хүн ч нэг юм гадарлаад надаас ахиухан мөнгө салгачих бодолтой байгаа даг. Уг нь бүтчихвэл ч энэ байтугай л мөнгө орж ирнэ дээ. Мань хүнтэй ерөнхийдээ ойлголцох хэрэгтэй болох нээ.

Анхны цас унахаар чононд явья гэх билүү? Уг нь ч эр хүний хийморь сэргэх цагаар бүтэмжтэй ажлаа ярилцаж ойлголцоход ч гэмгүй шүү.
…Энэ жил хүн ам орон сууцны тооллого болох гэж байгаа. Овоо ахиухан юм төсөвлөсөн харагдана билээ. Маргааш тэднийхэнтэй уулзаж байдлыг тандая. Хэд хэдэн том газруудын тооллогод өөрийнхөө хэд хэдэн хүнийг оролцуулчихвал ч овоо хөөрхөн юм олж болох байх. Реклам сурталчилгаа, унааны бас бусад зардал гээд багагүй л унац орж ирэх байх. “Зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг.
Ийм ажлыг өөрсдийнхөө мөнгөөр хийгээд өгчих ч хүн мундахгүй олдоно. Ойрдоо намын байраар ороогүй, маргаашнаас түүгээр орьё байз. Тэндээс өөр боломжийн мэдээлэл, сураг ажиг ч сонсож магадгүй.

Байн байсаар бүх Монголыг бүрхэх АВИЛГАЛ
-Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, ерөнхийлэгчөөр сонгогдож тангараг өргөх ёслол дээрээ “Одоо энэ цаг мөчөөс эхлэн авилгалчид, хүнд сурталтангуудад оршин тогтнох орон зай үгүй болно” хэмээн омог бардам, гал цогтойгоор мэдэгдэж, нижигнэсэн алга ташилтаар дэмжүүлж байсан хэдий ч өнөө хэр сураг алга л байна.
Олон нийт энэ үгэнд талархаж, итгэж найдаж, бас хүлээж байсан. Тэд хэн нэгнийг шоронд хийгээсэй гэж бус, Монгол орныг аалзны тор мэт сүлжсэн энэ гамшигт тогтолцоог зад татах эхлэлийг тавиасай гэж л хүсч хүлээсэн.  Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ үнэхээр дийлдэшгүй торон сүлжээ юу? эсвэл Элбэгдорж өөрөө энэ сүлжээнд орооцолдож орхив уу? Олон олон хүмүүс энэ асуултын хариуг хүлээж, бас итгэж найдаж байна.

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан болгож байгаа зүйл нь АТГ-ын дарга Сангарагчаагийн асуудал байлаа. Ерөнхийлэгч нь санал болгоод, УИХ нь хуулийн хугацаандаа шийдэж чадаагүй, учир ойлгогдохгүй, учир битүүлэг энэ асуудал Монголын төрийн ямар өчүүхэн, арчаагүй дорой байгааг л нотлон харуулж байна.
Монгол оронд бий болж, улам улмаар өргөжин хөгжсөөр байгаа авилгал хүнд суртлыг арилгах зорилгоор байгуулагдсан АТГ нь, авилгал луйвраар ажил хэргээ явуулах болсон улстөрчдийн бие биенийхээ эсрэг баримт материал цуглуулах, бие биенээ дарамтлан сүрдүүлэх, бие биенээсээ өс хонзон авахад ашиглагддаг байгууллага болон хувирчээ. Авилгалын хэргээр шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгодог, заргалдсаар замхруулдаг, эсвэл хэн нэгнийг “золиос” болгон ялладаг олон үйлдлүүд үүний нотолгоо биш гэж үү? АТГ өөрөө авилгал хүнд суртлын цөм, улстөрчдийн тоглоомын байгууллага болон хувирсаар байна.

Тэд өнөөдөр лаа барьж хайгаад ч, Монголоос авилгал илрүүлж чадахгүй байна гэвэл та үнэмших үү?
-Авилгал өнөөдөр Монгол оронд хэвийн үзэгдэл, байж болох зүйл мэт болтлоо өргөжиж, улмаар бүх давхрагыг хамарсан тогтолцоо болтлоо хөгжжээ. Энэ тогтолцоог бий болгож өргөжүүлэн хөгжүүлсэн эзэн нь Монгол Улсын экс ерөнхийлэгч Н.Энхбаяр мөн гэж нийтлэлч Баабар, Цэнддоо судлаач Ганхуяг нар олонтаа бичиж нотолсон байдаг.  Хэдий тийм боловч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй, хэн ч шалгаж хариуцлага хүлээлгэхийг хүссэнгүй. Н.Энхбаярын нэр дээр болон далд байдлаар байгаа маш олон хөрөнгө болон байгууламжийг нэрлэдэг хэдий ч хэн ч нотлохыг хүсдэггүй.

“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэгчлэн энэ асуудал хэдий болтол ужиграхыг  бас хэн ч мэдэхгүй. Ийм байхад бид авилгал хүнд суртлын энэ тогтолцооноос салж чадна гэж үү?
-Монгол орныг бараан үүл мэт нөмөрч, аалзны тор мэт сүлжсэн энэхүү авилгал, хүнд суртлын бохир тогтолцооноос дайжиж олон олон монголчууд харьд дүрвэж, хариас буцаж ирсэн нь эргэж дүрвэж байна.
Хууль дүрэм журмыг мөрдөж сахиж сурсан тэд, харьд хөдөлмөрлөж, зовж шаналж, амьдралаа золиослон байж олсон мөнгөө хэн нэгэнд авилгал болгон өгч, өөрийн төрж өссөн эх орондоо бусдын дарамт дор айдас өвөрлөн ажиллаж амьдрахыг хүсэхгүй байгаа. Тэдний чин хүсэл нь авилгал хүнд сурталгүй орчинд, хуулийн хамгаалалт дор айдас дарамтгүй тайван ажиллаж амьдрах боломж.
Энэ их гадагшаа чиглэсэн дүрвэлт Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд муугаар нөлөөлөхгүй байгаа гэж үү?

-Бүгдээрээ эргэн тойрноо эрүүл саруул сэтгэлээр нэг харцгаая л даа. Монголчууд бид өөрсдөө энэ байдлыг бий болгож, улам улмаар даврааж байна. Бид аймхай хулчгартаа, арчаагүй доройдоо энэхүү авилгал, хүнд суртлын торон сүлжээний золиос болон ажиллаж амьдарч байгаа. Энэ байдал удаан үргэлжлэх аваас бид эрүүл саруулаар сэтгэж чадахаа ч болих вий. “Хөдөлбөл хөлс” гэдэгчлэн өнөөгийн бидний үйлдэл болгоныг авилгал дагалдаж байна.
Та бидний төлсөн татвараар цалинждаг эмч багш, төрийн албан хаагчид,цагдаа нараас эхлээд бүх шатны засаг дарга болон ямар нэгэн хэмжээгээр шийдвэр гаргадаг бүх л хүмүүст бид өөрсдөө авилгал өгч байгаа. Бид “бэлэг” гэж хичнээн өхөөрдөн нэрлээд ч үүрэгт ажлаа хийх ёстой тэд үүнгүйгээр ямар ч ажлыг хийж чадхаа болтлоо ялзарч байна. Та бид өөрсдөө л ийм хувалзуудыг тэжээж байна. Тэдний цалин дээр нь нэмээд шүү дээ. Энэ шударга ёс гэж үү?
Гэсэн атлаа бид бүгдээрээ үнэнийг хэлэхээс ч айж байна. Үгүй гэж үү?

Төгсгөл

1. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр Монголчууд бид өөрчлөгдөж, хөгжиж чадахгүй. Авилгалгүй, хүнд сурталгүй нийгэм л айдас дарамт, шаналгаагүй амьдралын баталгаа болдог. Алив хууль дүрэм журам нь маш тодорхой, ойлгомжтой байж, түүнийг хүн бүр адил тэгшээр дагаж мөрдөж, хэрэгжүүлдэг байх нь авилгал багасахын нэгэн үндэс. Ядаж л хүн болгон хууль дүрмээ мэддэг, хэрэгжүүлэхийг бусдаас шаарддаг болбол урагшлах нэгэн алхам болно.

2. Монголчууд бид бага гэлтгүй хэн нэгэнд авилгал өгөхөөс татгалзаж, тэднийг үүрэгт ажлаа ёс журмаараа хийж байхыг шаардаж сурах хэрэгтэй байна. Тэд бидэнд үйлчлэхийн тулд бидний төлсөн татвараар цалинждаг байж дээр нь авилгал авах ёстой гэж үү?
Төрийн албан хаагчид авилгал авч байгаа шалтгаанаа “авч буй цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байна” гэдгээр тайлбарладаг. Төр өөрийн өмнөөс ажиллуулдаг хүмүүсээ зөв сонгож, амьдралын баталгааг нь хариуцах учиртай. Бусдад зүгээр өгөх гээд байгаа мөнгөөрөө төрийн албаа цэвэршүүлж, чадваржуулж, сайжруулахад зарцуулж болно.

3. Авилгалд хамгийн ихээр өртөж байгаа төрийн албан хаагчдаа цөөлж, давхардлыг нь арилгаж, тэднийг ажил хэрэгч чанар болон төрийн өмнөөс шударга ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй байна. Шийдвэр гаргах болон зөвшөөрөл өгөх эрхтэй олон давхардсан орон тоонууд л авилгал авч, хариуцлагаас мултрах боломжийг олгоод байгаа хэрэг шүү дээ.

4. Авилгал хүнд суртлын ийм үйлдлүүдийг их бага гэлтгүй илчлэн нотолж, заавал хариуцлага тооцож байх нь нийгмийг цэвэршүүлэхийн эхлэл. Хууль болон ийм зарчмын өмнө Улсын Ерөнхийлэгчээс эхлээд жирийн иргэн хэн боловч адил тэгш байх учиртай. Хариуцлага алдсан болон санаатайгаар завшсан үйлдлүүд ихэвчлэн бидний өмнө ил тод харагдаж, мэдрэгддэг. Харин үүний төлөө хариуцлага хүлээхгүй байх нь олон нийтийг хардлага болон айдаст автуулдаг.

5. Хэдий болтол Монголчууд бид аймхай хулчгар, арчаагүй дорой байх юм бэ? Бидний ийм байдал, авилгалчдыг улам даврааж, эрээ цээргүй байдалд түлхэж байна. Бид бухимдацгааж, өөр хоорондоо маргалдаж, бие биенээ харааж зүхэж суусаар байдлыг өөрчилж чадна гэж үү? Бид эвлэлдэн нэгдэж, зөв сайн санаа болон үйлдлийг дэмжиж, нэгэн дуу хоолой болж чадвал амжилтад хүрнэ.
Бид энэ байдлыг өөрсдөө бий болгосон шигээ бид өөрсдөө л өөрчилж чадна.
Энэ байдал өөрчлөгдөхгүй удаан үргэлжлэхэд, золиос болсон бид дүүрч гэж бодоход, та бидний үр хүүхэд ийм бусармаг заваан орчинд амьдрах гэж үү?
Би л лав үүнийг хүсэхгүй байна.  Харин та?…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-10-23

Share Your Thoughts