“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ба ЖАМЬЯНХОРОЛ БАГШ

Тэр жилийн “Халтар царайт” нэртэй Венесуэлийн олон ангит кино Монгол орон даяар үзэгчдийг телевизийн дэлгэцийн өмнө “аргамжиж” байсан дурсамжийг сэдрээж, “Монгол ТВ” дэлхийн хэмжээний шоуг “Авьяаслаг Монголчууд” нэрээр зохион байгуулж үзэгчдийг цэнгүүллээ. Мөнөөх л монгол араншингаараа оролцогсодын төлөөх санал “талцаж”, үзэгчид өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэн “шүүцгээв”. Сүүлийн шатанд тунаж үлдсэн “Эгшиглэнт чимээ” хүүхдийн хөгжмийн хамтлаг, ёочин лимбэний хослол тоглолтын талаарх магтаал шүүмж дунд монголчууд маань хэдэн өдөр амьсгаа өндөртэй өнжицгөөв. Магтаал, шүүмж болгондоо “дэлхийн хэмжээ” нд гэх тодотголтой үнэлгээ монголчуудын сэтгэлгээний цараа сайнаар ч муугаар ч харьцуулсан “дэвжээ том”той болсон нь анзаарагдав. Хэдийгээр жалгандаа “арцалдаж” байвч, дэлхийн дэвжээг мэдэрч хэмжиж байгаа нь энэ шоуг зохион байгуулсан багийн гавьяа. Оролцогсодын хувьд санал зөрөн талцаж байвч, зохион байгуулагчдыг нэгэн дуугаар “магтан сайшааж” байсан нь үзэгчдийн хувьд маргахын аргагүй бодит үнэлгээ. Олон үзэгчдийн бичиж үнэлж байснаар энэ маргаанд цорын ганц ялагч байсан нь “Монгол ТВ” өөрөө юм.
“Монгол ТВ” хатан зориг, өндөр зардал гарган  “Авьяаслаг Монголчууд” шоуг дэлхийн хэмжээний үнэлэмж, шаардлагаар зохион байгуулж чадсан нь Монголын ТВ-үүдийн бэлтгэдэг энэ төрлийн нэвтрүүлгүүдийн хувьд өндөр үнэлэмжийг тогтоож чадлаа. Интертайнмент шоуг энэ шоунаас муугаар зохион байгуулбал “тоож үзэхгүй” үзэгчдийн сэтгэлгээний хэмжүүрийг ч тэд бий болголоо. Юу юунаас илүүтэй “дэлхийн хэмжээний шоу” г монголчууд бид өөрсдөө зохион байгуулж чадах юм байна гэдэг урам итгэлийг бидэнд авчирсан нь, Н.Түвшинбаяр Бээжингийн Олимпаас анхны “алтан медаль”-ийг авчирсан хэмжээний гавьяа. Үүний төлөө “Гацуурт” компаны эзэн ноён Чинбат, түүний охин Номин нар болон тэдний удирдсан багт мэхийн талархах учиртай. Энэ нэвтрүүлгийн тайз засалт, дизайн, гэрэлтүүлэг, компьютер график, найруулга, хөгжим, хөтлөгчид, шүүгчид гээд бүх зүйл төгс төгөлдөр байлаа. Оролцогсодын ур чадвар, тэдний мэдрэмж, авьяас чадварын өсөлт бүгд л гайхалтай байв. Хэрвээ хэн нэгэн авьяастанд урам дэмжлэг, боломж олговол маш богино хугацаанд хэрхэн хөгжиж өөрчлөгдөж чадаж байгааг бид нүд, чих, сэтгэлээрээ мэдэрсэн. Зүгээр л боломж гэдэг цаг хугацааны хязгаарыг ямар хурдан давж чаддагийг бид харж байлаа.
Шүүгчдийг өөрсийнх нь дэмжиж байгаа авьяастанг дэмжсэнгүй хэмээн гоморхож, хэтэрхий уяхан байлаа хэмээн шоолцгоож, өөрийнх нь санаанд нийцэхээр учиргүй баярлан магтаж, заримдаа чин сэтгэлээсээ хөгжилдөж байсан ч шүүгч Рокит Бэйн эрс шулуухан сэтгэлийн үнэлгээ, Дээгийгийн ил тод сэтгэл хөдлөл, Чимгээгийн  инээмсэглэл дагуулсан урмын сайхан үгс, Чукагийн мэргэжлийн зангараг бүхэн энэ шоуг шударгаар ил тод удирдлаа. Заавал хүн болгонд таалагдах албагүй ч тэдний шийдвэр олон авьяастны сэтгэлд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг нь бадрааж өгсөн. Яг үүн шиг зохион байгуулагчид нь үзэгч бидэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, гуниг үргээсэн сайхан ирээдүйн бодлыг сэтгэлд сэргээв. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг “Гавьяат” болгох тухай санал, лимбэчин ёочинчин 2 залууг Лас-Вегаст тоглуулах тухай мөрөөдөл бүхэн нь урам дагуулсан гэгээлэг сэтгэлийн илрэл. Цахим орон зайд заримдаа “би, чи” дээ тулан маргалдаж байсан ч энэ бүхний цаана атаа хорсол, өс хонзон байгаагүй ээ. Бие биенээ давах гэж урсгаж байсан муу муухай үгнүүдээ хэрэв арилгаад харах юм бол бидний сэтгэлд баяр бахархал буцалж байгааг л анзаарч болно. Монголчууд бидний сэтгэл итгэлийн галыг сэргээсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархан бахархаж байнаа. Сайхан байсан хэдий ч хөшиг хаагдахад жаахан гуниглав. Гэхдээ л энэ хөшиг дахин  нээгдэнэ гэдэг итгэл сэтгэлийг тайтгаруулна.
…”Авьяаслаг Монголчууд” энэ удаагийн шоунд түрүүлсэн “Эгшиглэнт чимээ” хөгжмийн хамтлагийн удирдагч Жамьянхорол багшийг би сайн мэднэ. 1980 аад оноос Завханы Тосонцэнгэлийн 8, 10 жилийн дунд сургуулиудад дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа л чулуу, төмөр, шил зэргээр  хөг оруулан хөгжим тоглуулдаг багш байсан. Тэр үед нь бид ч одоогийнх шиг учиргүй магтаж биширч байгаагүй л дээ. Гэхдээ “ардын язгуур” урлагийн төрөлд оруулан зөндөө тоглолтонд оролцож байсныг санаж байна. 30 гаруй жилийн турш өөрийн мэргэжилдээ үнэнч, уйгагүй, тууштай хөдөлмөрлөн зүтгэж өнөөдөр ийм амжилтанд хүрч байгааг харж суухдаа түүгээр үнэхээр бахархаж байлаа. Тосонцэнгэлээс Дарханд шилжиж ирэн мөн л энэ чиглэлээрээ багшилж байгааг сонсож мэдэж байсан ч тухтай уулзаж учирч явсангүй. Бүх насны 34 хүүхдүүдээр тийм олон хөгжмийн зэмсгээр нэгэн зэрэг ардын болон сонгодог аялгуунуудыг тоглуулна гэдэг үнэхээр л авьяас чадвар.
Жамьянхорол багшийн эхнэр Оюунгэрэл бид Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд хамтдаа багшилж, хамтдаа олон жил ажилласан. Оюунгэрэл математикийн сайн багш. Жамьянхорол багш дуугуйхэн даруухан төрхтэй, элдэв ярианы өөдөөс төлөвхөн инээмсэглэж суудаг нь хэвээрээ. Өөрийн ажил мэргэжилдээ “үнэнч” байж, түүндээ сэтгэлээ шингээн, өөртөө байгаа боломж бүхнээ зориулж чаддаг багш нар тийм ч олон бил үү? Би энэ бүхнийг анзаарч суухдаа юу гэж бодсон гээч! Заримдаа бид өөрсдийгөө “мундаг багш” гэж боддог хэдий ч, ийм уйгагүй үнэнч сэтгэлийн дэргэд өөрсдийгөө чамламаар. Жамьянхорол багшийн 30 гаруй жилийн уйгагүй хичээл зүтгэлийг олон түмэнд нотлон үзүүлж, үнэлүүлж чадсан “Авьяаслаг Монголчууд” шоунд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг ерөөе, Жамьянхорол багш аа. Олон олон монголчуудын авьяас билэг дэлгэрч байх болтугай.

Share Your Thoughts