АВЬЯАС-ЗҮТГЭЛ-АМЖИЛТ

Нэг. Намтрын товчоон
Батхүрэлийн Болд:

-ОХУ-ын Пермь хотын балетийн сургууль
-АНУ-ын PNB балетийн компани

Хоёр. Цаг завгүй өссөн хүүхэд нас
-Г.Галбадрах:Хаана төрж бага насаа хаана үдэв дээ?
-Б.Болд: Би Улаанбаатар хотод төрж өссөн. 9 настайдаа Орос руу балетийн сургуульд суралцахаар явсан. 1988 онд Оросоос мэргэжилтнүүд ирж хүүхдүүдийг шалгаруулж авч байв. Аав ээж 2 минь балет бүжиглэдэг байсан болохоор намайг “шалгалтанд ороод үзвэл үзэхгүй юу?” гэсэн л дээ. Би тэр шалгалтанд нь ороод тэнцсэн. Тэр үед 8 хүү, 8 охин нийтдээ 16 хүүхдийг сонгож авч байсан юм. Тэгээд ОХУ-ын Пермь хотод очиж суралцлаа.

 

-Г.Галбадрах: Их жаахандаа гэрээсээ гарчээ. Амаргүй байсан уу?
-Б.Болд: Анх очиход хэцүү байсан. Поездоор 4 хоног явж хүрнэ. Жаахан байсан болохоор гэрээ, аав ээжийгээ санана.

Харин зун 7, 8 сард Монголдоо ирж амардаг байсан юм. Манай балетийн сургууль , ерөнхий боловсролын сургууль нь нэг дороо. Замын 2 талд байдаг байсан юм.  Өглөөний 10 цагаас оройн 5 цаг хүртэл тасралтгүй хичээллэнэ. Тэгэхээр цаг их хурдан өнгөрдөг. Өдөржингөө л хичээл, дасгал сургууль  гээд ямар ч завгүй л өдрийг өнгөрүүлнэ. Гэхдээ Орост их гоё байсан шүү.

-Г.Галбадрах:  Пермийн балетийн сургуулийн тухай нилээд сонсож байсан юм байна. Бас Ленинградад ч хүүхдүүдийг сургадаг байсан байх шүү?
-Б.Болд: Орост балетийн сургалтын 3 том төв байдаг. Ленинград, Москва, Пермь гээд. Ленинградад байсан балетийн сургууль эх орны дайны үед Пермь рүү нүүсэн юм билээ, Харин дайны дараа Ленинград руу сургууль нь буцаж нүүхэд нэг хэсэг нь Пермьдээ үлдсэн гэдэг. Тэгж манай сургууль байгуулагджээ.  Оросын балетийн сургууль Вагановын метод \арга зүй\ гэдгээрээ дэлхийд алдартай. Ленинград Пермийн сургуулиуд Вагановын методоор, харин Москвагийн сургууль нь Большой Театр \Их Театр\-ын методоороо ялгардаг.

-Г.Галбадрах: Тэгэхээр чиний хувьд Вагановын методоор суралцжээ?
-Б.Болд: Тийм ээ. Пермийн сургууль маш сайн сургууль. Миний бүжиглэх техник, бүх тавилтыг надад анхнаас нь маш сайн сургаж өгсөн. Тийм болохоор би энэ сургуульдаа маш их талархаж явдаг. Бас энэ бүхнийг зааж сургасан багш нартаа ч их баярлаж явдаг. Тэдний хүчээр би одоо энэ зэрэгтэй яваа гэж боддог юм. Бид энэ сургуульдаа 8 жил сурах ёстой байсан ч 7 жил суралцаад төгссөн.

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд хаана ажиллав?
-Б.Болд: 1995 онд сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирээд 2 сар орчим болсоны дараа АНУ-д ирсэн юм. Манай хамаатны Ундрах эгч надад тусалж бүх зүйлийг хөөцөлдөж өгсөн л дөө. АНУ-д Washington Ballet School-д суралцахаар ирлээ. Яг үнэндээ Орост сургуулиа төгссөн байсан надад энэ сургуульд сурах зүйл бараг байгаагүй.  Энд 1 жил сурах ёстой байсан л даа. Суралцаад 3 сар болж байтал Сиэтлийн PNB \Pacific Nortwest Ballet\-ийн аялан тоглолтынхонтой таарч шалгалт өглөө. Тэр шалгалт 2 өдөр үргэлжилсэн юм даг. Харин 2 өдрийн дараа тэд надтай шууд л хамтран ажиллахгэрээ хийв. Тэгж 1996 онд Сиaтлд ирж суурьшсан. Тэр үед би 18 настай байв.
Гурав: Зорилго-авьяас- зүтгэл

bold gallery2

-Г.Галбадрах: Нэг бодлын их л шулуухан замаар явсан мэт санагдах авч энэ бол бага наснаасаа тоглох ч завгүй суралцаж, хичээж зүтгэсний үр дүн юм гэж надад бодогдож байна л даа. Энэ компаныхаа тухай товч ярьж болох уу?
-Б.Болд: Миний бүжиглэж байгаа PNB компани 1973 онд байгуулагдсан, ирэх жил 40 жилийн ойгоо тэмдэглэх юм. Балетийн чиглэлээрээ АНУ-д эхний 5-д ордог, сургалтаараа эхний 3 -т ордог юм. Нэг ёсондоо балетийн театр болон бүх шатны сургуулиудтай бүтэн цогцолбор.  50 орчим бүжигчидтэй, 400 гаруй ажиллагсадтай. Жилдээ 100 гаруй тоглолт хийдгийн 20 хувь нь сонгодог чиглэлийнх, бусад нь модерн болон бусад төрлүүд. Нэг тоглолтод маш удаан бэлтгэдэг болохоор нилээд их ачаалалтай. Жилдээ дунджаар 8 орчим бүрэн тоглолт тавина. Нэг тоглолт ойролцоогоор  40-50 удаа тоглогддог. Бүх ажлаа гэрээгээр жилийн өмнө төлөвлөнө. Гэхдээ энэ их ч сайн компани. Энд орохын тулд хүмүүс ч их өрсөлддөг.

-Г.Галбадрах: Энд ороод чи шууд л бүжиглэж эхэлсэн үү?
-Б.Болд: Би энд ороод шууд л бүжиглэж эхэлсэн. Вагановын методыг энд ч бас их сайнаар үнэлдэг юм. Би Орост зөвхөн сонгодог чиглэлээр сурсан бол энд бүх төрлөөр бүжиглэж сурах хэрэгтэй болсон. Мэдээж маш их өрсөлдөөн дунд шүү дээ.  Бусдаас илүү өндөрт байхын тулд бусдаас 2 дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. АНУ капиталист нийгэм болохоор хууль нь ч бас ийм. Хэрэв чи залхуураад хөдөлмөрлөж зүтгэхгүй бол, тэдний шаардлагад тохирохгүй бол “баяртай”. Тэгээд л гүйцээ. Бас хичнээн авьяастай байгаад хөдөлмөрлөж зүтгэхгүй бол чи хэзээ ч
дээшээ ахиж чадахгүй. Тийм болохоор би энд ороод өөртөө “би монгол залуу болохоор энд хамгийн өндөрт нь хүрэх болно” гэж зорилго тавин зүтгэсэн. Их ч хөдөлмөрлөж, их ч хичээж зүтгэсэн дээ.

-Г.Галбадрах: Балетийн бүжигчид тодорхой зэрэглэлтэй юу?
-Б.Болд: Тэгэлгүй яахав. Ер нь дэлхийн балетийн бүх компаниуд жүжигчидээ 4 зэрэглэлээр ангилдаг. Apprentices, Corps de Ballet, Soloists, Principals  гэж зэрэглэлд хуваана. Энэ нь дадлагажигч, олны хэсэгт бүжиглэгч, гоцлол бүжиглэгч, өндөр зэрэглэлийн бүжиглэгч  гэсэн зэрэглэлүүд. Бүжигчин болгон маш их хөдөлмөрлөж байж тодорхой шалгууруудыг давж байж энэ зэрэглэлүүдийг авна. Зэрэглэлийнхээ хэмжээгээр гэрээ хийгдэж цалин хөлс нь ч түүгээр тогтоогддог.

-Г.Галбадрах: Чи энэ зэрэглэлүүдийг хэрхэн дамжив?
-Б.Болд: Би энэ компанид 1996 онд анх бүжиглэж эхлээд 1999 онд soloist, 2004 онд principal dancer -ыг нь авсан. Principal dancer болсон хүн ямар ч тоглолтод гол дүрүүдэд л бүжиглэх ёстой. Тийм болохоор маш хариуцлагатайгаас гадна байнга өндөр түвшинд бэлтгэлтэй байх ёстой гэсэн үг. Түүнээс гадна заавал сонгодог гэлтгүй бүх төрлийн бүжигт ч хамгийн өндөр чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Тэгэхээр энэ бол маш их хариуцлага болон зүтгэлийг байнга шаардаж байдаг.

SCAN0004

 

-Г.Галбадрах: Баяр хүргэе. Энэ бол үнэхээр сайхан сонсогдож бас их бахархлыг төрүүлж байна шүү. Монгол залуу АНУ-д балетийн урлагт хамгийн өндөр зэрэглэлийг авч нэр хүндтэй театрт бүжиглэж байна гэдэг.  Гэхдээ энэ бол маш их зүтгэлийн үр шим гэдгийг ойлгож байна. Зэрэглэлээс гадна ямар нэгэн цол урамшуулал байх уу?
-Б.Болд: Баярлалаа. Хүн ер нь урдаа зорилго тавиад түүндээ зүтгэж хүрэх нь амьдралыг сонирхолтой болгодог. Зорилгогүй бол чи хэн ч биш.  Хүн өөрөө хичээж өндөрт гарья гэвэл хаанаас ч гарч ирнэ. Сайн сургууль гэж байж болно. Гэхдээ хамгийн гол нь хүнээсээ л хамаарна. Авьяас чухал хэдий ч зүтгэлгүй бол цааш хөгжихгүй. Энэ компанид ч адил. Хэрэв хичээж зүтгэхгүй бол хичнээн авьяастай байгаад олны хэсэгт насаараа л бүжиглэнэ шүү дээ.  Хамгийн дээд түвшинд хүрнэ гэдэг нэр хүнд бренд болж байгаа хэрэг. Ийм тохиолдолд хаана ямар театр
ч өндөр үнэтэй гэрээ хийнэ. Америкт бүх зүйлийг зөвхөн гэрээгээр л зохицуулдаг. Түүнээс биш алдар цол, одон тэмдэг өгдөггүй. Зүгээр л тухайн хүнийг бренд болгож чадаж байгаа хэрэг юм.

-Г.Галбадрах: Энэ бол хэрэгтэй санаа байна. Сонгодог бүжиг бол насаараа хийх ажил биш, залуу насны ажил. Цаашдын зорилтоо хуваалцвал?
-Б.Болд: Тийм ээ. Энэ үнэн. Одоогоор байнга тоглолт, аялан тоглолт гээд их ачааллал дунд зав муутай байгаа. Би энэ компанид 16 жил ажиллаж байна. Балетчин хүн 40 нас хүрээд дараагийн ажлаа бодох естой. Дэлхийн балетийн ертөнцөд Оросын сургалт үнэхээр мундагт тооцогддог. Тэгэхээр цаашид балетийн ертөнцдөө багш, бас найруулагч хийх санаа бий.
-Г.Галбадрах: Түрүүн чи ярьж байхдаа амьдралын зорилгын тухай цухас дурдсан. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлэн өгүүлбэл?
-Б.Болд: Хүн  энэ амьдралдаа өмнөө заавал зорилго тавьж байх хэрэгтэй. Гэхдээ тэр зорилго нь хэзээ ч эхэлж болно. Харин түүндээ заавал хүрч байх хэрэгтэй. Зарим хүмүүс биеэ зовоолгүй сайхан амьдрахыг мөрөөддөг. Гэнэт лоттерей тоглож хожоод их мөнгөтэй болж сайхан амьдрах юм шиг. Үгүй л дээ. Биеэ зовоож олж буй бүхэн амттай байдаг. Хүн өөрийн дуртай ажлаа хийж, үүний төлөө авч буй хөлс нь амьдралд нь хүрэлцэж байхдаа л аз жаргалтай байдаг. Би их багаасаа л гэрээсээ гарч биеэ дааж сурсан. Гэхдээ тэр үедээ олон юм мөрөөдөж байсан ч
хэзээ ч Америкт ирж бүжиглэнэ гэж төсөөлж байгаагүй. Харин одоо бол би өөртөө сэтгэл хангалуун байгаа.
Дөрөв. Америкийн балетийн тогтолцоо
-Г.Галбадрах: Америкийн сонгодог урлагийн тогтолцооны тухай жаахан сонирхоод байна л даа?

-Б.Болд: АНУ-д бүх сонгодог урлаг төдийгүй урлагууд нь компаны зарчим дээр ажилладаг. Монгол, Орос, Европт сонгодог урлагийг улсаас санхүүжүүлдэг бол АНУ-д улсаас мөнгө гаргадаггүй. Байнгын хүчтэй өрсөлдөөн дунд л оршдог. Хүчтэй нь гарч ирж тогтдог бол хүчгүй нь дампуурна. Энэ жил гэхэд АНУ-д балетийн чиглэлийн хэд хэдэн компаниуд дампуурсан байгаа. Бас сонгодог урлагийн билет нь их үнэтэй, дээд зиндааны хүмүүст зориулагддаг болохоор их л чанартай бүтээл гаргах хэрэгтэй болдог. Өрсөлдөөн гэдэг чинь зөвхөн нэг сайн бүтээлдээ
сэтгэл ханалгүй, байнга шинэ зүйл эрж хайж судалж байхын эхлэл.

-Г.Галбадрах: Бүжигчдийн хувьд?
-Б.Болд: Бүжигчид компанитайгаа нэг жилийн гэрээ л хийдэг. Үнэхээр чадалтай бүжигчид өөрсдөө компаниа сонгох боломжтой. Тэгээд бүх зүйл нь зөвхөн гэрээгээр зохицуулагдана. Сайн компанид орох гэж хүмүүс өрсөлддөг. Манай PNB компанид орох гэж хүмүүс дугаарладаг. Тэгэхээр зөвхөн компаниуд ч биш бүжигчид хүртэл хоорондоо өрсөлдөнө.
Тав. Миний төлөө бүхнээ зориулсан ээжий минь

bold gallery4

-Г.Галбадрах: Аав ээж 2-ынхоо тухай товч танилцуулаач?
-Б.Болд: Аавыг минь Батхүрэл, ээжийг минь Цэцгээ гэдэг. Хоёулаа л Монголын балетэд бүжиглэж байсан хүмүүс. Хичнээн мундаг сайн бүжигчид байсан ч тэтгэвэрт гараад тэд хэн ч биш л болсон. Хамгийн гунигтай, харамсалтай нь энэ. Аав минь  хэдэн жилий өмнө нас барсан. Тэр цагаас хойш ээж минь миний төлөө өөрийнхөө амьдралыг зориулж явна даа.
-Г.Галбадрах: Аав ээж 2 тань Монголдоо маш сайн балетийн бүжигчид байсан гэдэг. Тэдний бүжиглэх ур чадвараас хамгийн сайн сайхан чадварыг чамайг эзэмшсэн гэж мэргэжлийн хүн үнэлж байхыг сонссон.
-Б.Болд: Мэдээж би аав ээж 2-ынхоо авьяасаас өвөлж авсан байгаа. Харин тэд надад мэргэжлийнхээ талаас надад маш их зүйлийг хэлж зааж өгдөг байсан. Энд бүжиглэж байхад ээж минь зав л гарвал над дээр ирж миний хийж буй дасгалыг ажиглаж, олон зүйлийг зааж зөвлөдөг. Тэдний хүсэл мөрөөдлийнх нь оргил нь би байсан болохоор хүрч чадаагүй бүхнээ надаар дамжуулахыг хүссэн байх. Одоо хэр нь би ээжтэйгээ ямагт хамт байж, өөрийнхөө амжилтаар баярлуулж байгаад баяртай байгаа.

Тодотголууд:
…Б.Болдоогийн тухай болон түүний бүжиглэж буй PNB компанийх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.pnb.org сайт руу орж үзэж болох юм байна. Тэнд түүний тухай товч танилцуулга болон фото зургууд, бас бүжиглэсэн гол дүрүүдийнх нь тухай мэдээлэл байгаа.
…Өнгөрсөн жил Чикагод Б.Мөнгөнчимэгтэй уулзаж ярилцаж байхад тэрээр надад анх Б.Болдоогийн тухай ярьсан юм. Б.Болдоог нэг удаа Чикагод ирэхэд өөрийн ажилладаг Жофферийн балетийн театр дээр хамт ирж дасгал хийлгэхэд нь бүх хүмүүс гайхан биширч байсан тухай  хуучлаад “бид 2 нэг удаа Америкт Монголоороо гайхуулсан юм даа” гэж билээ. Түүнээс хойш Болдоотой уулзаж ярилцах гэж ихэд хичээсэн боловч түүний зав боломж гарсангүй. Харин сая 2 сарын сүүлээр боломж гарч 2 дахь удаагаа Сиaтлд очиж түүний бүжиглэдэг теарт уулзаж ярилцсан юм. Тэрээр дуу цөөнтэй боловч бид нилээд удаан ярилцсаны хүчинд энэ ярилцлагыг толилуулж байна.

bold gallery1

Ер нь балетийн урлагт АНУ-д  ч бас эрэгтэй балетийн бүжигчид эрэлт ихтэй байдаг аж. Эрэгтэй бүжигчдийн гол шаардлага, анхаарч хардаг зүйл нь эмэгтэй хамтрагчтайгаа хэрхэн хамтарч бүжиглэж  байгаа чадвар нь байдаг аж. Б.Болдоогийн хувьд үсрэлт болон хөл дээрээ эргэх техникийг маш өндөр түвшинд эзэмшснээс гадна, хамтрагчтайгаа нэгдэн бүжиглэх чадвар болон жүжиглэлтийн ур чадвар нь үнэхээр мундаг, бусдаас давуу байдаг гэж мэргэжлийн хүн дүгнэн ярьсан юм.  Тэрээр зөвхөн сонгодог төдийгүй модерн бусад төрлийн бүжгүүдэд ч өөрийн ур чадвараа гайхуулдаг аж.
Б.Болдоогийн аав Батхүрэл нь Монголын балетийн урлагт ур чадвар болон жүжиглэх чадвараараа, ээж Цэцгээ нь мөн л мэргэжлийн ур чадвараараа өндөр үнэлэгддэг байсан гэдэг. Тэд өөрсдийн залуу нас, ур чадвар болон хүсэл мөрөөдлөө Монголын балетийн урлагт харамгүй зориулсан хүмүүс. Тэд өөрсдийн хүрч чадаагүй оргил, хүсэл мөрөөдлөө хүүдээ шингээн байж зүтгэцгээсэн. Тэд гавьяа шагнал, одон медалийн төлөө улайраагүй, хийх гэж хүссэн болон хийж чадах бүхнээ л өөрсдийн хэмжээндээ хийж чадсан хүмүүс. Харин өөрийн хүүдээ сурсан бүхнээ шингээж, хүрч чадаагүй хүсэл мөрөөдлөө “шившиж” , энэ бүхнийг нь гүйцэлдүүлж яваа хүүгээрээ л бахархаж байгаа. Хүүгээ “өндгөө дарсан шувуу шиг” л бусдын атаа, хэл амнаас халхалж  өдий зэрэгт хүргэнэ гэдэг амаргүй. Энд л хүмүүсийн амьдралын утга учир, аугаа зорилго оршдог мэт.

Надад юу юунаас илүү түүний даруухан төрх, чин сэтгэлээсээ ярьсан ярианаас гадна, өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө хичээн зүтгэж АНУ-ын нэр хүнтэй театрт хамгийн өндөр зэрэглэлийн бүжигчин болж амжилттай яваа нь сайхан санагдсан. Авьяас байгаад түүнийг өөрийн хичээл зүтгэлээр тордохгүй бол амжилтад хүрэхгүй гэж ярьсан нь ч өөрийнх нь бусдад үлгэрлэх жишээ байлаа. Бид түүгээр бахархаад зогсохгүй түүний цаашдын зорилт хичээл зүтгэлд нь амжилт хүсье. Та хэзээ нэгэн цагт Сиaтлд очвол түүний бүжиглэсэн тоглолтыг үзэж монгол залуугаараа бахархаарай. Бас ээжид нь баяр хүргэе.

Share Your Thoughts