Ажаа гэгээнтний санаачлагыг дэмжиж, Вашингтон ДС-ийн монголчууд

IMG 3378

4 сарын 20 ны орой Виржина мужийн нутаг дээр орших Best Western зочид буудалд, Монголд  Эх Нялхасын Эмнэлгийн хашаан дотор Ажаа Гэгээнтний санаачлагаар баригдаж байгаа “Цусны Хорт Хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” т хандив өргөх Вашингтон ДС орчмын монголчуудын уулзалт боллоо.  Цөөнгүй монголчууд цугларсан энэ үдшийн буяны үйлст хандив өргөх арга хэмжээ,  Вашингтон ДС орчмын “Монгол  Сургууль”-ийн хүүхдүүдийн бүжиг, шүлэг, дуу хуураар эхлэн хөгжөөгдсөн юм. Бас хандивын арга хэмжээ нь, өөрийн цуглуулсан задгай мөнгөнүүдээ энэ эмнэлэгт хандивласан бяцхан охин Энхбаярын Эгшиглэний хандиваар  эхэлсэн. Монголын хүүхдүүдийг эмчлэхэд зориулсан энэ эмнэлгийн санхүүжилтэд туслах үйл ажиллагаа, холын Америкт өсч торниж, сурч хүмүүжиж байгаа монгол хүүхдүүдийн тусч сэтгэл, авьяасаар онгодлогдсон дуу хуураар эхэлж байсан нь тохиолдлын зүйл байгаагүй ээ.

Энэ үдэш Вашингтон ДС хотноо ажиллаж амьдарч байгаа дуучин Ж.Болормаа, Э. Саран, Амарбүрэн нарын дуулахуйн гайхамшигт хөг эгшиг, бүжигчин Дэлгэржаргал, Цэнгэл, Цолмон нарын монгол үндэсний бүжгийн уян налархай хөдөлгөөнтэй хослон зохицолдож, Монголын урлагийн гайхамшигаар үзэгчдийг баясгав. Энэ үдэш тэр чигээрээ хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмжлэгийн илрэл байлаа.

Монгол үндэсний хоол болох  аагтай цай, өрөм, боорцог, хольсон тос, хорхог, бууз, цуйван тэргүүтнийг хүмүүс өөрсдөө хийж авчирсан байв. Бас энэ арга хэмжээ болсон танхимын түрээсийг,  энд ажиллаж байгаа монгол бүсгүй өөрөө “даасан” гэнэ. Монголчуудын энэ оройн халуун сэтгэлд цучил нэмэх гэж, хүн болгон эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа нь бүх л зүйл дээр мэдрэгдэж байв. Ачаа тээврийн бизнес эрхэлдэг монгол эзэнтэй компаниуд болон зарим компаниуд өөр өөрсдийн эрхэлж байгаа бизнесийн чиглэлээрээ, энэ санаачлагыг  боломжийн хэмжээнд дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
Энэ оройн арга хэмжээнд зураач Цолмонгийн зурж, Ажаа Гэгээнтний шүншиглэсэн “Орчид-Хийморь-Хязгаар” нэртэй уран зүргийг дуудлага худалдаагаар худалдаж, уг мөнгийг эмнэлгийн барилгад хандив болгосон юм. Анхлан 500 ам доллараар дуудаж эхэлсэн уг зургийг хэд хэдэн  оролцогчид 50-100 ам доллараар ахиулан үнэ хаялцсаар Монгол Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга  Болд овогтой Мягмарсүрэн гэдэг бүсгүй 1700 ам доллараар худалдан авлаа. Аливаа үнэ хаялцаанд дуудлага худалдааг удирдаж байгаа хөтлөгч буюу “наймааг хөөргөн дэвэргэгч” хүний авьяас хэрхэн нөлөөлдөгийн үлгэрийг, “Монгол Соёлын Төв”-ийн тэргүүн, хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнэ яруу тодоор үзүүлэв дээ. М.Саруул-Эрдэнэ маань үг авьяас чадвараа үргэлжлүүлэн , хувь хүмүүс болон байгууллагын хандив өргөсөн мөнгөн дүнг 19 000 гаруй ам доллараас 21 000 ам доллар хүргэтэл “хөөрөгдөж” чадсан юм. Гэхдээ эцсийн дүндээ Вашингтон ДС орчмын монголчууд  энэ үдэш Ажаа Гэгээнтний санаачлан Монголд бариулж байгаа “Цусны Хорт Хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг”-ийн барилгын санхүүжилтэд 21 800 ам доллар цуглуулан хандивлалаа.
4 сарын 19 ны орой Вашингтон ДС хотноо мэргэжил дээшлүүлэх сарын сургалтад оролцож байгаа Монголын сэтгүүлчидтэй, Монгол Улсын ЭСЯ дээр Ажаа Гэгээнтэн уулзаж энэ санаачлагынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сэтгүүлчид Ажаа Гэгээнтнээс тодорхой мэдээлэл авахын зэрэгцээ өөрсдийн сонирхсон олон асуултууддаа хариулт авлаа.
Монгол орны хөгжлийн төлөө бид санаа зовинохдоо, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, тэдний хөгжил дэвшилтэй заавал холбож ойлгодог. Хэзээ ч, хаана ч,  хэн ч “улстөржиж” боломгүй зүйл бол бидний хүүхдүүдийн хөгжил болон хувь заяа. Сүүлийн 20 жилд Монгол оронд минь анх удаа олон нийтийн дэмжлэгээр  босч буй бодит бүтээн байгуулалт бол Ажаа Гэгээнтний санаачлагаар хорт хавдраар өвчилж буй Монголын хүүхдүүдийг эмчлэх энэ эмнэлэг.  Монголчууд бид үүнд маш их баяртай байгаа. Бид үүнийг сайн санаачлага төдийгүй, Монголчууд бидний “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг алдарт урианы биелэл гэж харж байна. Өнөөдөр үүний төлөө нэг ширхэг пиццаны үнэ. нэг лааз пивоны мөнгө, нэгэн үдшийн зугаа цэнгэлийн төлөөсөө зориулж чадвал “эх оронч” сэтгэлийн илрэл. Бид тэгж харж байгаа. Хэрэв бид энэ эмнэлгийг хамтаараа ингэж дэмжиж босгож чадвал, дараа дараагийн удаад  маш олон гайхамшигт бүтээн байгуулалтуудыг хийж чадах болно. Энэ болгон монголчууд бидэнд  их урам зориг, бахархал омогшилийг авчрах болно.
Энэ санаачлагыг эхлүүлсэн  Ажаа Гэгээнтэн танд талархан, бахархаж байна.  Вашингтон ДС орчмын монголчууд та нартаа маш их баярлалаа.  “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХДҮҮД БИДНИЙ ИРЭЭДҮЙ”  “Монголын минь үрс маш олон болж, эрүүл саруулаар өсөн торниг ”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Арга хэмжээг зохион байгуулагсад
2013-04-22

Вашингтон ДС хот

IMG 3173

IMG 3224

IMG 3231

IMG 3287

IMG 3300-001

IMG 3360-001

IMG 3478

Share Your Thoughts