Аз жаргалын эрэл

Аз жаргал гэж юу юм бэ? гэдэг асуулт хүн бүрийн өмнө тулгардаг. Хурим хийж, амьдралаа эхэлж байгаа хосуудад “аз жаргалтай сайхан амьдраарай”, “аз жаргалаар бялхаж яваарай”  гэхчилэн ерөөл дэвшүүлэх. Тэр үед, аз жаргал гэдэг нэг л сайхан зүйл байдаг мэтээр төсөөлөвч, чухам яг юу болохыг сайн мэдрэхгүй.
Монгол ардын үлгэрийн төгсгөл болгон, “амар сайхандаа жаргажээ”,  гэх буюу “жаран жилийн жаргал эдэлж, наян жилийн найр хийж, амар сайхандаа жаргажээ”  хэмээн өгүүлдэг. Үлгэр их сонсож, их уншиж өссөн бидний үейинхэн балчир ухаандаа, нэг их идэж ууж, наргиж цэнгэн, найр наадам хийхийг “жаргал” гэж төсөөлдөг асан.
Харин өнөө цагт, их мөнгөтэй болж, хүссэн бүхнээ худалдан авч, бусдад гайхуулан атаархлыг нь хөдөлгөн, байнга энд тэнд найр наадам, наргиан цэнгээн үүсгэж яваа нэгнийг хараад, “энэ хүн мөн ч аз жаргалтай амьдарч байнаа” хэмээн атаархаж, битүүхэндээ сүүрс алдах нь бий.
Хааяа хэд хэдээрээ нийлэн, хөдөө гадаа явж, хэрдээ идэж уун, наргиж цэнгэх ахуйдаа, хөлчүүрхсэн нүдээр хорвоо ертөнцийг харж, “хүн нэг л олдох амьдралаа, жаргаж, наргиж цэнгэж өнгөрөөх хэрэгтэй” гэж тунхаглан, сургамжилна. Ажилдаа дарагдаж, зав чөлөөгүй зүтгэж явах завсраа “нэг сайхан амарч, наргих сан”  гэж мөрөөднө.
Өдгөө бид, ууж идэж, наргиж цэнгэж байхдаа л аз жаргалыг илүүтэй мэдрэх болоо юу даа.

Аз жаргалын мөрөөдөл
Хүмүүс бид нэгэн загварт цутгагдан бүтээгдээгүй болохоор, өөр хоорондоо адилгүй төдийгүй, өөрсдийн хүсэл мөрөөдөл, эрдэм ухаан, авьяас чадвар, боломжоороо ялгагддаг. Гэсэн хэрнээ өөрийгөө үргэлж бусадтай харьцуулж, илүүрхэн гайхуулж, атаархан бухимдаж байдаг муу зантай. Хүн бүрийн чадвар, боломж харилцан адилгүй болохоор, хүсэл мөрөөдөл болгон бусадтай адил биелэх боломжгүй.
Өөрийн чадвар, боломжоос давсан хүсэл мөрөөдөл л, эзэндээ их зовлон шаналал авч ирдэг юм шиг…
…Хүн бүр маш их мөнгөтэй, учиргүй баян байх боломж үгүй. Нэг хэсэг нь өв залгамжилж, их хөдөлмөрлөж, аз таарч их баян болдог. Дийлэнхи олонхи нь, “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэдэгчлэн, учиргүй баян бус ч, хөдөлмөрлөөд олж буй мөнгө нь амьдралд нь хүрэлцэж, мөнгийг хурааж цуглуулахаас илүүтэй, хэрэгцээндээ тааруулан, тайван амьдарна. Харин цөөн хэсэг нь арчаагүй залхуу, азгүй тавилангаараа мөнгөөр дутагдаж, өлөн зэлмүү амьдрах.
Мөнгө олж, арвижуулах гэдэг ухааны шалгуур. Их мөнгөтэй хүн болгон, аз жаргалтай амьдарч чаддаггүй. Мөнгийг амьдралын зорилгоо болгосон, ихээр хурааж хуримтлуулах хүсэлтэй зарим хүний, эргэн тойрон дахь бүх л зүйлс нь мөнгөөр хэмжигдэж, мөнгөнд түшиглэсэн хүсэл мөрөөдөл нь, эзэндээ их зовлон шаналал болон хувирах нь бий. Их мөнгө гэдэг, аз жаргалын үндэс биш ажээ.
…Хүн бүр хөөрхөн төрөх албагүй. Нэг хэсэг нь хөөрхөн төрж, гоо үзэсгэлэнгээрээ бусдын анхаарал, сонирхлыг татаж, тэдний ивээл, халамжинд амьдардаг. Дийлэнхи олонхи нь, өөрийн хэр хэмжээндээ таарсан царай зүс, бие бялдартай төрж, түүндээ төдийлэн ач холбогдол өгөхгүйгээр, өөрийн ажил амьдралдаа анхаарлаа хандуулна. Хөөрхөн төрсөн болгон аз жаргалтай амьдарч чаддаггүй. Зөвхөн өөрийн өнгө үзэмжээ шүтэж, бусдын ивээл дор амьдарсан амьдрал нь, өөртөө зорилго тавьж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг ч заримдаа хязгаарлана. Хүн хэсэг хугацаанд өнгө, үзэмжийг шүтэж болох хэдий ч, амьдралын ихэнхи хугацаанд, бусдын ухаан , дотоод сэтгэлийн сайхныг мэдрэхийг илүү хүсдэг. “Үүдэн шүд нь унаж, үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт” өнгө шүтсэн хөнгөн амьдрал, өөрийн эзэндээ зовлон болон хувирах нь бий. Өнгө, үзэмж гэдэг, аз жаргалын үндэс биш ажээ.

…Хүн бүр дарга болж, эрх мэдэлтэй болох албагүй. Нэг хэсэг нь өөрийн хүч чадал, авьяас билэг, бусдыг үлгэрлэн дагуулах чадвараараа, эрх мэдэлд хүрч бусдыг удирддаг. Дийлэнхи олонхи нь, өөр өөрийн боломж чадлаар, ажил хөдөлмөр эрхэлж, хэн нэгэн удирдагч болон, хууль журамд захирагдана. Эрх мэдэлд хүрсэн хүн, өөртөө илүү хариуцлага үүрч, олны танил болдгоороо, гаргаж буй шийдвэр нь бусдад сайн муугаар нөлөөлж байдгаараа бусдаас ялгардаг. Эрх мэдэл гэдэг, өнө мөнхийн зүйл биш бөгөөд, сайн үйлдэл, зөв шийдвэрийнхээ төлөө бусдын талархал хүлээж, муу үйлдэл, буруу шийдвэрийнхээ төлөө бусдын хараал зүхлийг хүртэж, халагдан солидох нь бий. Харин эрх мэдэл хүнээс, их ухаан, их хариуцлага шаардах бөгөөд хэн бүхний хийж чадах ажил биш аж. Муу удирдагч, муу үйлдлийнхээ төлөө, хэт өндрөөс унаж, “хэн ч биш”  болж хувирах тохиолдол бий. Эрх мэдэл гэдэг, аз жаргалын үндэс биш ажээ.
…Хүн болгон нэр алдартай болдоггүй. Нэг хэсэг нь байгалаас заяасан авьяас чадвараа, уйгагүй хөдөлмөрөөрөө тэтгэн, авьяас билэгээрээ гайхуулан, нэр алдартай болдог. Дийлэнхи олонхи нь, авьяас чадвартай байлаа ч “од”  болтлоо хөгжүүлж чадахгүй. Нэр алдартай хүмүүсийг, өрөөл бусад нь шүтэн биширч, хүндлэн дээдэлж, даган дуурайхыг хүснэ. Тэд ч авьяас чадвараараа, их мөнгө , нэр алдар олж, бусдын анхаарлыг татаж, бишрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байх. Гэсэн ч бусдын өмнө “од”  болон гялалзахаас татгалзаж, “эгэл”  байхыг хүсэвч, шүтэн бишрэгчид нь тийм боломж олгодоггүй. Тэдний алхаа гишгээ, үйл хөдлөл, идэж уух болгоны мөшгиж, хувийн амьдрал, үйлдлийг бусдын өмнө байнга “нүцэглэх”  нь тэдэнд тээртэй санагдах үе бий. Бусдын бишрэл, атаархал бүхнийг дааж амьдарна гэдэг амаргүй. Ард олны хүндлэл бишрэлд, толгой нь эргэн мансуурсан зарим нь, архи, хар тамхинд донтож, өөрийн тавилангаа гунигт төгсгөлөөр сольсон нь бий.
Нэр алдар гэдэг, аз жаргалын үндэс биш ажээ.
Бид ихэнхдээ, аз жаргал гэдгийг, их мөнгө, өнгө үзэмж, эрх мэдэл, нэр алдартай холбон ойлгож, түүнийг бусдын амьдралаас олж харахыг хичээх нь элбэг. Зарим нь энэ аз жаргалыг олж авах гэж, бусдыг дуурайн барьцаж, атаархан хорсож, буруу мууг үйлдэн, бусдын элэг доог болох нь бий.
Мөнгөтэй, өнгөтэй, эрх мэдэлтэй, нэр алдартай болж чадсан хүмүүст, бусдаас илүү боломж байдаг хэдий ч, хувь хүнийхээ хувьд бусдын адил л зовлон, жаргалыг элээдэг. Харин бид өөртөө байгаа, аз жаргалаа олж харахгүй, ийм хүмүүстэй жишиж байдагт л зовлонгийн минь үндэс байдаг гэлтэй.
Хүн болгонд хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх боломж нь харилцан адилгүй байдагтай адил, аз жаргал нь ч харилцан адилгүй байдаг. Харин та, аз жаргалыг өрөөл бусдаас хайх биш, өөртөө байгаа аз жаргалаа, өөрөө олж мэдрэх нь хамгаас чухал.

Сэтгэл ханамж бол аз жаргал юм
– Өөрийн хийж чадах ажлаа хийж, хийсэн ажлынхаа хөлсийг авч, түүгээрээ хүссэн зүйлээ худалдан авч, хэрэгтэй зүйлдээ зарцуулж байхдаа хүмүүс аз жаргалтай байдаг. Мөр дарсан хүнд, булга бус биед эвтэй, хөнгөн хүрэм өмссөн байхдаа ч хүн өнгөлөг , гэгээлэг харагдана. “Хөдөлбөл хөлс”  гэдэгчлэн өөрөө бүтээж, өөрийн хүч чадал боломжоо мэдэрч, өөртөө итгэж байхдаа хүн аз жаргалтай байдаг аж.
-Бие биедээ дурлаж, хайрандаа уярч нялхарч, эрхлэн жаргаж байхдаа хүмүүс аз жаргалтай байдаг. Чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж, хайрлаж дурласан түүний минь царай, эрхэлж нялхарч байхдаа, хамгаас гоо үзэсгэлэнтэй харагдана. Дутуу гуцуу, зовлон шаналалтай байх цаг мөчдөө, үргэлж хамтдаа байж, хоёр биендээ түшиг болон, хорвоогийн жаргал зовлонг, хамтдаа элээж байхдаа хүн аз жаргалтай байдаг аж.
-Бие биенээ ойлгож, бусдад тус дэм болон баярлуулж, бусдын хариу талархал, хайр халамжийг мэдэрч байхдаа, хүмүүс аз жаргалтай байдаг. Ямар ч хүний сэтгэлийн дотоод гэрэл гэгээ, дулаахан илч, бусдад чин сэтгэлээсээ хандах хандлага, хүмүүсийг дотроос нь гэрэлтүүлж, гайхамшигтай сайхан харагдуулна. Тиим хүмүүсийн үгийг сонсож, ярилцаж суухдаа, өөрийн хүч чадал, боломж, итгэл найдвараа олж харан мэдэрч байхдаа хүн аз жаргалтай байдаг аж.
– Эрүүл саруул байж, өөрийн боломж, хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байхдаа хүмүүс аз жаргалтай байдаг. Эрх чөлөөтэй байж, өөрийгөө мэдэрч, хүсч мөрөөдөж, хийж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, баяр баясгалантай байна гэдэг үнэхээр сайхан. “Өвчингүй эрүүл, өргүй баян”  байхдаа хүн аз жаргалтай байдаг аж.
-Үр хүүхэдтэй болж, тэдний өсч өндийн, хэлд орж шулганан, хөлд орж баацганан, “далан чавганцын ажил хийж”  хамгийг сүйтгэн байгааг харахдаа, хүмүүс аз жаргалтай байдаг. Хүн, энэ ертөнцөд өөрийн үргэлжлэл, үр удмаа үлдээж, тэднийгээ зөвт сайн хүн болгож, тэдэндээ хайр энэрэл бүхнээ зориулж байдаг нь даан ч сайхан. Үр хүүхдүүд нь зөв сайнаар өсч, хүмүүжиж, өөрийн эцэг эхдээ талархаж, тэднийг  чин сэтгэлээсээ хайрлан энэрч байгааг мэдэрч байхдаа хүн аз жаргалтай байдаг аж.
Ингээд бодохоор бидний аз жаргал, өөр хэний ч гарт бус, зөвхөн бидний гарт байдаг ажээ. Хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөл, боломжоо зөв сайнаар мэдэрч, түүнийхээ төлөө ажиллаж, амьдарч чадна гэдэг аз жаргалын минь түлхүүр юм.
Ямагт зөв сайныг бодож, хичээж, хийж буй үйлдэл, үйл бүхэндээ сэтгэл хангалуун байхыг аз жаргал гэдэг аж.
Хүн бүр өөрийн хийж буй бүхэндээ сэтгэл хангалуун байж, ямагт аз жаргалаар бялхаж байх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-05-27

Share Your Thoughts