Айдас ба дарамт

…Айдас гэдэг сэтгэлийн түгшүүр ба шаналал. Ямар нэгэн зүйлээс айсан хүний зүрх нь хүчтэй цохилон түгшиж, сэтгэл нь зовж шаналдаг. “Яанаа!” гэсэн сэтгэлийн уулга алдалт, өөр юуг ч  бодож сэтгэх чөлөө өгөлгүй шаналгаа болон хувирна. Сэтгэлийн дотоод гүнд, айдас ямар нэгэн бул хар чулуу мэт бөглөөс үүсгэж, тэр л хав хар бөглөөсөнд орчлон ертөнцийн бүх л зүйл бараан өнгөөр сүлэлдэн, сэтгэл тэр чигээрээ хиртэх нь бий. Ийм үед энэ тухайгаа хэн  нэгэнд ярьж байж, эсвэл хэн нэгнээс уучлал хүсэн байж тайвшрах ч үе бий.
Айдасгүй тайван амьдрал гэдэг хүнд ямар их баяр баясгаланг авчирдаг гээч. Хүн ямар ч айдасгүй сэтгэл амгалан байхдаа л энэ ертөнцийн бүх зүйлийг гэгээлэг бас ууч сэтгэлээр харж чаддаг. Тайвшрал гэдэг хүнд бүх л зүйлийг уужим ухаанаар харж, олон талаас нь эргэцүүлэн бодох боломжийг олгоно. Ядахнаа л уур уцаараас хол байж, нүүрэнд нь инээмсэглэл гэрэлтэж, нүдэнд нь итгэл найдвар асч байдаг.

Айдас гэдэг олон янз:
*-Хувь хүний айдас
Хүн хэн нэгний дарамтаас эсвэл өөрөө буруу муу зүйл хийснийхээ төлөө айдаст автдаг. Шаазан аягаа унагаж хагалсан хүүхэд аав ээжийнхээ хатуу зэмлэлээс айна. Гэрийн даалгавраа хийгээгүй болон хичээлээ давтаагүй сурагч багшийн тавих муу үнэлгээнээс айна. Бусдад худлаа ярьсан хүн хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэхээс` айна. Бусдын хэрэгтэй зүйлийг хулгай хийсэн хүн хэзээ нэгэн цагт баригдахаас айна. Хууль зөрчиж буруу зүйл хийсэн хүн илчлэгдэж хуулийн хариуцлага хүлээхээс ямагт айна.
*-Нийгэм даяархи айдас
Нийгэм даяар автах айдас шударга бус байдлаас болж хэлмэгдэх, дарамтлагдахаас үүсдэг. Ажлаа сайн хийж яваад шалтгаангүйгээр халагдахаас айдаг. Нийгэмд болж байгаа шударга бус байдлыг шүүмжилснийхээ төлөө санамсаргүй явж байгаад машинд дайруулж амь насаа алдах, эсвэл тахир татуу болохоос айдаг. Хэн нэгний буруу муу үйлдлийг илчилснийхээ төлөө орцны үүдэндээ харанхуйд танихгүй хүнд гэнэт зодуулахаас айдаг. Санаа  бодлоо бусадтай хуваалцаж суугаад хэн нэгэнд гүтгүүлэн гэнэт шоронд орохоос айдаг. Хэн нэгэнд
таалагдаагүйгээсээ болоод ямар нэгэн байдлаар хохирохоос айдаг.

7 сарын 1 ба АЙДАС
…Олон нийтэд “7 сарын 1 ний явдал”  гэж алдаршсан хэрэг явдлын талаар өнөө болтол олон ч таамаг яригддаг хэдий ч яг бодит байдлаар шүүн шийдвэрлэсэн нь үгүй.
Ардчилал ялснаас хойшхи олон жилүүдэд Монголын нийгэмд үүсч байгаа шударга бус олон үзэгдэл, үүн дотроо СОНГУУЛъ-д өгсөн ард олны саналыг янз бүрийн аргаар хуйвалдан засч өөрчилдөг МАХН болон АН-ын шударга бус заваан үйлдлийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн байсан гэдэгт би одоо ч итгэдэг. Зөвхөн сонгууль ч бус ардчилалаас хүсэн хүлээж байсан олон сайн үр дүнг хуйвалдаж, хулгайлж завшсаных нь төлөөх олон нийтийн бухамдлын нэгэн илрэл байсан юм.
Харин түүнийг хийрхэл, гэмт үйлдэл болгон хувиргасан эзэд нь өнөө ч тодроогүй байгаа. Юу юунаас илүүтэй “oнц байдал” тогтоосон нэртэй, эрдэнэт 5 хүний амь насыг буудан хороосон буруутан нь одоо ч илрээгүй байгаа. Үүнээс олон жилийн өмнө ардчиллын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж явсан удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн гэмт этгээд өдий болтол илрээгүй “илрүүлээгүй”-н адил.
Яг энэчлэнгээр илрүүлдэггүй, шийддэггүй, “чадваргүй”, ” хүсэлгүй” МАНАН-гийн үйлдлүүдийн ард, олон нийтийг айдаст автуулж, хүсэл зоригийг нь мохоох бодлого байгаа гэж бид хардаж байна. Ард олныг айдаст автуулчихаад тэд “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэх” хүсэлтэй байгаа. Тэдний хүсэж байгаачлан Монголын олон нийт айдаст автан, тэмцэхээ больж, байдлыг харзнаж байна.
” Ядаж байхад яр” гэдэгчлэн олон нийтийн зүгээс гарч байгаа олон хөдөлгөөн болон санаачлагуудыг  дундуур нь орж будлиулах, улстөржүүлэн саармагжуулах Энхбаяртангүүд, Уянгууд, Жавхлангууд мундахгүй. “Иргэний хөдөлгөөн” нэрээр олон нийтийн санаа бодлыг нэгтгэн тэмцэх гэсэн үйлдлүүдийг өдгөө олон нийт “тэгж л байдаг юм”, харин эрх баригчид нь “тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэж тохуурхсан байдлаар  хандах болж. Зөв сайн эхлэл болгон дээр мөнөөх хэдэн нөхөд л очоод наалдчихдаг болохоор арга ч үгүй
юм болов уу?
Гэхдээ л монголын олон нийт өөрчлөлтийг, зөв сайн удирдагчийг хүсэж л байгаа.

Бид айдаст автжээ
…Саяхан Амарлин гэдэг бичээч, эрх мэдэлтэнгүүд хуйвалдан Монголын газар нутгийн хөрсөн дор гадныханы цөмийн хаягдлыг булах гэрээ хийх гэж оролдож байгаа тухай гарцаагүй баримтуудыг гаргаж олон нийтэд хүргэлээ. Маш олон хүмүүс энэ тухайд хилэгнэн уурсаж, асуудлыг гаргаж, тэмцэл өрнүүлье гэж уриалж байснаа чимээ намдав. Нилээд хэдэн хүмүүс санаа нэгдэж санаачлага гаргасан боловч, дэмжигсэд зөвхөн интернетийн цаана байж ил гарах дургүй байлаа. Яг энэчлэнгээр мэдээллийн хэрэгслэлүүдээр хөндөгдсөн олон ч асуудлуудад
хандах хандлага нь “Сайхан санаа байн, би ч дэмжиж байна. Гэхдээ чамд амжилт хүсье!” гэсxийгээд л зогсчихдог.Интернетийн цаана хүн болгон зоригтой байдаг хэрнээ яг ажил хэрэг дээр хүн болгоны дотор сэтгэлд болгоомжлол дагуулсан айдас оршиж байгаа. Аргагүй шүү дээ. Хэн ч түүнийг хараагүй болохоор хэн ч танихгүй, мэдэхгүй. Үгүйдээ л ихэнх хүмүүс ингэж боддог. Харин асуудал хөндөж тавьсан хүмүүсийг “Чи чаддаг юм бол дагуулаад удирдаач” гэж тавлахаа ч бас мартахгүй.
…Өнөөдөр мөнгөтэй болсон Монголын улстөрчид маш олон мэдээллийн хэрэгслэлүүдийг худалдан авч бас шинээр байгуулж байна. Тэдний “Би мөнгөө төлсөн болохоор, чи захиалсан хөгжмийг минь олигтойхон тоглочих” гэдэг шаардлага дор хөөрхий сэтгүүлчид “сохрын газар нь сохор болж, дооголонгийн газар нь доголж явах”аас өөр арга үгүй. Юун эрэн сурвалжлах, асуудал дэвшүүлэх сэтгүүл зүй, сэтгүүлчийн эр зориг, ёс зүй байх билээ. Аминд хал балгүйгээр нь гадны элдэв шоуг “монголчлоод” хийсэн болж хөгжилдөж байх нь дээр.
Угтаа бол олон нийтэд шударга бус, буруу муу үйлдлүүдийг илчлэн ойлгуулж, нийгэмд оршиж буй идээ бээрийг шахаж, ард олныг “зоригжуулан зохион байгуулж” байх үүрэгтэй хүмүүс чинь сэтгүүлчид юм шүү дээ. Тэд өөрсдөө ийн айдаст гүн гүнзгий автсан болохоор хэндээ ч найдах билээ. “Tэгсэн юм шиг байнаа, тэгж магадгүй” гэж таамагласаар өөрчлөлтийг хийнэ гэж байхгүй л дээ. Энэ гүн гүнзгий айдас л эрх баригч МАНАН гуудад их хэрэгтэй байгаа юм даа.
“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү?” бидэнд ямар хамаа байна гэж хүмүүс хэлэх болж. Харин тэр мөнгө нь бидний мөнгө байвал яах вэ?
…Хамгийн сүүлийн шуугиантай мэдээ нь Өвөр монголын малчид болон оюутнууд эх нутгийнхаа хөрсөн дээр нүүрс зөөсөн машунууд явж, билчээр нутгийг талхлан сүйтгэж байгааг эсэргүүцсэн жагсаал тэмцэл болж байгаа тухай юм. Бид монголын гал голомт гэдгээрээ бахархдаг. Тэр хэрээрээ гадны нутагт байгаа Монголчуудаа жаахан дорд үзэх хандлагатай. Их гүрний дотор байгаа бага үндэстэнгүүдийн зовлонг бид мэдэхгүй. Харин шоолж бол чадна. Гэтэл…

-Бэлчээр нутаг дээгүүр нь нүүрс зөөж газар нутгийг нь талхалж байхад тэд эсэргүүцэн тэмцэж чадаж байна. Ухаа худагийн нүүрсийг Хятадын нутаг руу хүнд даацын автомашинаар зөөж, бэлчээр болон газрын хөрсийг сүйтгэж байгаа тухай нэг биш хүмүүс хөндөж интернет дээр бичлэгүүдийг тавьсан байсан. Харин бид шогшроод л өнгөрсөн.
-Бэлчээр нутгийг нь талхалж байгаа нүүрсний машинуудын замыг хааж зогссон Өвөр монгол залууг хятад жолооч дайрч амь насыг нь хөнөөснийг тэд эсэргүүцэн босож байна. Тэдэнтэй оюутнууд нэгджээ. 2 жилийн өмнө Дорноговь аймгийн Айраг сумын нутагт монгол залууг хятадууд амь насыг хөнөөсөн. Бид  хилэгнэж байгаад чимээ намдсан. Саяхан тэдгээр хятадууд  2 жилийн ял эдлэх болсон гэж мэдээлсэн байсан. Бид ердийн л “байдаг зүйл” мэтээр хандаж өнгөрөөж орхив.
За тэгээд ийм жишээ дурдаад байвал зөндөө л байгаа. Бид айдаст автсан сэтгэхүй дээрээ, сэтгэл сэрдхийм үйлдлүүд дээр дасан зохицох болжээ. Энэ л биднийг арчаагүй болгон харагдуулж, бусдад завшуулах үндэс болж байнаа.
Төгсгөл
…Монголын уран сайхны “Ардын элч” кинонд Монголчуудын зэвсгийг хурааж байхдаа хятад генерал, “Монголчууд ташуураа бариад мориндоо мордохдоо ч байлдах чадвартай улс шүү” гэж сануулан хэлж байсныг санаж байна. Бид өөрсдийгөө эр зоригтой, дайтах удамтай улс гэж сайрхдаг. Хааяа жаахан халамцахаараа “Чингисийн удам” гэж цээжээ дэлддэг. Ямартай ч бидний өвөг дээдэс нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэхэн, хээр талдаа хийморь сүлд болсон чоныг авлаж явсан хүмүүс гэдгээрээ бахархдаг нь муу зүйл огт биш. Нөгөө талаас бид өнөө цагт
мориндоо мордон ташуур барин довтлох хэрэг огт үгүй. Харин…

1.Бидний амьдралд болон нийгэмд бий болсон муу муухай, шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, хуулийн дагуу асуудлыг зөв сайнаар гаргаж тэмцэж байх хэрэгтэй байна.

2.Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд болон сэтгүүлчид өөрсдийн эрх чөлөөнийхөө төлөө нэгдэн тэмцэж, хараат байдлаасаа ангижирч, нийгмийн идээ бээрийг илчлэн, олон нийтийн хамт тэмцэж эрүүлжүүлэх үүргээ биелүүлж сурах цаг болжээ.

3.Өөрсдийн удам гарвалаараа болон түүхээрээ бахархдаг Монголчууд бид өөрсдийн үнэт зүйл болон үнэт чанараа хамгаалж сурах хэрэгтэй байна. Монгол хүний үнэ цэнэ болон бахархлыг биднээс өөр хэн бий болгох гэж? Энэ бол эрдэм мэдлэг болон эрүүл саруул оюун ухаан юм.

4.Зөв сайн асуудал хөндөж, зөв сайн санаачлага гаргаж байгаа нэгнээ чин сэтгэлээсээ дэмжиж, хамтдаа шийдүүлэхийн төлөө нэгдэж байх хэрэгтэй байна. Бидний газар нутаг болон бидний ахуй амьдралыг биднээс өөр хэн хамгаалах ёстой гэж?

5. Энэ бүх асуудал явж явж Монголчууд биднийг ЭВ НЭГДЭЛ дээр хөтлөн аваачдаг. Бид цөөхүүлээ гэж бахархах, гоморхохын хооронд олонтаа дурддаг. Цөөхөн монголчууд бид бие биенээ хайрлан хамгаалахгүй юм бол биднээс өөр хэн хайрлан хамгаална гэж?
…Айдас гэдэг буруу муу зүйл хийсний төлөө хүний сэтгэлийн гүнд бий болдог түгшүүр шаналал.
Бас нийгэмд орших шударга бус буруу муу үйлдлийн төлөөх болгоомжлол шаналал. Хэрэв бид бүх зүйлийг хуулийн хэм хэмжээнд хийж, хэрэгжүүлж чаддаг бол айх хэрэг юун.
Монголчуудын эв нэгдлийн төлөө, ирээдүйн сайхан хувь заяаны төлөө буруу муу зүйл хийж, шударга бус байдалд автсаныхаа төлөө уучлал хүсч хариуцлагаа хүлээж байх нь нийгэм эрүүлжүүлэхийн эхлэл. Хэдийгээр цаг хугацаа бүх зүйлийг шүүдэг ч, буруу муу зүйлийг засч залруулаагүйн төлөө биднийг буруутган шүүх болно. Тэгээд ч бид энэ ертөнцөд хүн болж төрснийхөө төлөө айдас дарамтгүй, амгалан тайван амьдрах эрхтэй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-06-28

Share Your Thoughts