АЙДАС-ХУУЛЬ-ШУДАРГА ЁС …

Хуулийн шударга бус хандлага болон үйлчлэлээс болж сэтгэлдээ айдас болгоомжлол хургааж, итгэл алдан цөхөрч байсан үе монголчуудад бий. Хэдийгээр ардын засаг ялж, нэгэн намын ялгуусан удирдлага дор социализм коммунизм байгуулах дэврүүн мөрөөдлөөр далавчлан жигүүрлэж, “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэж хөөрцөглөж явах үедээ монголчууд хэлмэгдлийн бараан сүүдрийг нэг биш мэдэрч “сохрын газар сохор, доголонгийн газар доголж явах” хатуу тавиланг амсаж байсан. ” 1932 оны Лам нарын бослого”, “Баруунтан зүүнтний нугалаа”, “Сэхээтний төөрөгдөл” энэ бүхэн монголчуудын шударга ёсны төлөөх тэмцэл болон зүтгэлд “Төрийн төмөр нударга” болон буусан юм. Тэр л цагаас “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” хэмээн нууцхан хэлэлцэх болсон монголчуудын сэтгэлд “хуулийн дарангуйллын” бараан сүүдэр болон, олон жил хургажээ. 1990 онд Монгол оронд тайван замаар ялсан Ардчилсан хувьсгал монголчуудад ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг авчирсанд хүн бүхэн талархаж, бас дэмжиж байдаг.”Даравгараасаа болж үхэхгүй”гээ мэдэрсэн олон ч хүмүүс “дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж”, “даварсаар Дагвын орон дээр гарна” гэдэг боллоо.

Сэтгэлд хургасан айдас багасаж, Ерөнхийлэгчээ хүртэл бие болон эрхтэний онцлогоор нь доромжилж, дургүй хүргэсэн нэгнийг амны зоргоор хараан зүхэж байхдаа “эрх чөлөө”-гөө тун сайн мэдэрцгээж байна. Нэгэн цагт Улсын мэдэлд байж “нүдний цөцгий” мэт нандигнан хайрлаж, “хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй хамгаалж “байсан өмч хөрөнгүүдийг хураан “тонож” хуваан завшиж байхдаа бид социализмд хорсон ядсан сэтгэлээ “илэрхийлэн” уралдацгаасан байх.

Яг л “эзэнгүй айл” шиг авахыг нь авч, завшихыг нь завшиж байхдаа төрж өссөн газар шороо, тоглож шумбаж өссөн ус голоо ч хайрласангүй. “Бурхангүй газрын бумба мэт галзуурцгаав” бид. “Юм үзээгүй мэт галзуурсан галзуурал” маань одоо “Шунал ихэдвэл шулам” болохын үлгэр болон хувирч байна даа. Ганцаараа идэх тусмаа гахай улам таргалж, олуулаа идэж чадаагүй оготнууд “төрийн төлөө боож үхэхэд” ч бэлэн болж байна. Мөнгөөр бүхнийг хэмжиж, мөнгөөр бүхнийг үнэлж, мөнгөөр бүхнийг худалдаж авч байхдаа ” хуулийг гууль болгож” байгааг бид одоо харж байна. Хувь хүн бүрийн эрх чөлөө хуулиар хязгаарлагддаг. Хэн нэгний “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” байгаа нь бусад олны эрх ашигт харшилж байвал түүнийг хуулиар зохицуулдаг. Монгол хэмээх нэгэн газар шороон дээр хамтдаа амьдарч байгаа бидний бүх харилцаа нэгэн хуулийн дор захирагддаг.

Эс тэгвээс бид ” ойд төөрсөн сармагчин” мэт байхсан. Монгол оронд ардчилал ялснаас хойшхи 20 гаран жилийн дараа бид дахин айдаст автах боллоо. Бидний сэтгэлээ чилээж хүлээсэн шударга ёс өнөөдөр бидэнд алга байна. Ардчилал байгаад шударга ёс үгүй бол тайван амьдрал яаж бий болох гэж? Сэтгэлийн чанад дахь айдас түгшүүр биднийг хэрхэн амар амгалан байлгах гэж?

ГУУЛЬ болсон ХУУЛЬ

Нэгэн тохиолдол: Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол оронд гарсан хамгийн аймшигт гэмт хэрэг бол ардчилсан хувьсгалын удирдагч асан С.Зоригийн аллага. Амьд гэрчтэй, үйлдэгдсэн дор нь тухайн үеийн Төрийн эрх баригчид, хамтран зүтгэгч анд нөхөд нь газар дээр нь очиж “нүдээр үзсэн” энэ хэрэг илэрсэнгүй 15 жилийн нүүрийг үзэх гэж буй. Эхэндээ улстөрийн шоу болон хувирч байсан энэ хэрэг ,өнөө цагт “илрүүлэх сонирхолгүй” гээс “илрэх боломжгүй” гэсэн дүгнэлтэд хүрч, сонгууль дөхөх мөчид хэн нэгэн улстөрчийн олны анхаарал татах “рекламны” яриа болон хувирч байгаа. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй, цаашид ч хэн ч хариуцлага хүлээхгүй нь улам бүр тодорхой болж байна. Энэ хэргийн учир битүүлэг байдлаас, хүмүүсийн сэтгэлд ” амьд гэрчтэй ийм хэрэг илрэхгүй байхад бидний амь нас ч баталгаагүй байж мэдэх юм” гэсэн айдас хургаж байсан.

Олон нийтийн АЙДАС ЭНДЭЭС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ЭНДЭЭС АЛДАРСАН. Нэгэн тохиолдол: Талийгаач С.Зоригийн аллагатай холбогдуулан “сэрдэж” Франц улсаас Д.Энхбат гэдэг монгол улсын иргэнийг олон улсын хууль дүрмийг зөрчин байж “хулгайлан” авчирсан гэдэг. Хэрэг нотлогдоогуй хэдий ч мөнөөх хүн бие барснаар энэ гунигтай түүх төгсгөл болсон. Гэтэл өнгөрсөн жил, дээрх “нууц ажиллагаа” нд оролцсон гэх ҮАБЗ-ийн ажилтан Н.Хурцыг гадаад айлчлалын үеэр нь Англи Германы тал баривчилснаас “түүх дахин сөхөгдөв”. Уг ажиллагааг зохион байгуулах шийдвэр гаргаж, үүрэг даалгавар өгсөн “эзнээ хэлнэ, хэлэхгүй” гэх таамаглал болон олон улсын дипломат хэм хэмжээний тухай ч багагүй маргаан дэгдэв. Эцэстээ Хурц суллагдснаар барахгүй Монголд ирэнгүүтээ АТГ-ын удирдлагад дэвшин ажиллаа. Олон нийт нилээд эргэлзэн гайхаж “өшөө авалт” маягийн таамаглал дэвшүүлснээр шуугиан намжив. Энэ ажиллагаанд манай улс болон гадаад улсуудын аль нь буруу үйл ажиллагаа явуулсан талаар ямар ч тайлбар хийгдсэнгүй,хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

Эндээс ОЙЛГОМЖГҮЙ БАЙДАЛ ОЛОН ОЛОН ХАРДЛАГА ДАГУУЛЛАА. Нэгэн тохиолдол: Монгол Улсын 3 дахь Ерөнхийлэгч асан Н.Энхбаярыг өмч хөрөнгө завьшсан болон албан тушаал эрх мэдлээ буруугаар ашигласан асуудлаар “эрүүгийн хэрэг” үүсгэн шалгах болсон тухай мэдээлэл цацагдлаа. Хэргийг шалгах үүрэгтэй хуулийн ажилтанд экс Ерөнхийлэгч мэдүүлэг өгөхөөс татгалзан, энэ тухайгаа “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь хувийн сонирхлоор намайг хэлмэгдүүлэх гэж байгаа юм. Шалгуулбал хамтдаа л шалгуулна” гээд гүрийчихэв. Тэр ч бүү хэл “их идсэн, бага идсэн” тухай ч нилээд баримт гарган олон нийтэд хандлаа. “Хэрээ хэрээнийхээ харыг гайхсан” явган хэрүүлийг олон нийт бага зэрэг шоолсноор асуудал намжив. Харин хэн ч шалгаж, хэн ч шалгуулсангүй. Хаа нэгтээ асуудал сөхөгдөх бүрт ” унавал хамтдаа л унана шүү, тэгж ярьвал хэрэгтэй цагт шаардлагатай баримтыг гаргах” маягийн сүрдүүлэг өнөөгийн Монголын улстөрч, эрх мэдэлтнүүдэд “моод” болон дэлгэрч байна. Харин олон нийт болохоор “хоёр барын зодолдохыг уулан дээрээс харан хөгжилдөж суух” сонирхолтой. Олон нийт БАРЬЦАА ИНГЭЖ ЯВАГДАЖ, ШАНТААЖ ИНГЭЖ ХИЙГДДЭГИЙГ МЭДЭРЧ БАЙНА.

Нэгэн тохиолдол: “7 сарын 1”-ний хэрэг явдал гэх тодотголтой үймээний улмаас 4 залуугийн амь нас эрсдэж,их хэмжээний хөрөнгө сүйдэж, олон хүмүүс хоригдон шийтгэгдсэн билээ. Харин өнөөг хүртэл шалгагдаж байгаа гол асуудал нь “энэ үймээний үеэр хэн буудах тушаал өгч, 4 залуугийн амь насыг хөнөөв?” гэсэн асуултын хариу. Уг үймээний үеэр “онц байдал зарлах” шийдвэр гаргасан болон хэрэгжүүлсэн экс Ерөнхийлэгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Д.Мөнх-Оргил нараас гадна, Цагдаагийн экс дарга нар Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг энэ асуудалд холбон “харддаг”. Саяхан энэ асуудлаар Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг шүүх хурлын үеэр “таслан сэргийлэх арга хэмжээ “авах шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн “үйлдэл” одоо хэр олны анхаарлын төвд байгаа. Цагдаа нарыг шүүх хурлын танхимын гадаа “жагсааж”, шүүгч нарыг “сүрдүүлж”, гэнэт “бие нь муудан” ердийн эмнэлэгт хүргэгдэн, тэндээсээ “Ганц худаг “руу ачигдах зэрэг эмгэнэлт инээдмийн жүжиг нь Монголын хуулийн байгууллагуудын бүрэн “дампуурал”-ыг нотолж байна. Хууль хэнд хэрхэн үйлчилдэг “буруу жишиг” болон хандлагыг тэд олон нийтэд харууллаа. Цагдаа нар нь шүүхдээ итгэдэггүй, шүүхийн шийдвэрийг хүндлэхгүй байхад жирийн иргэд хэрхэн хандах билээ, Энэ бол том эмгэнэл. Эндээс олон нийт ШҮҮХ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ВИЙ, ЦАГДАА ДАРАМТЛАХ ВИЙ гэх болгоомжлолд автаж байна. …Эдгээр тохиолдлууд нь хүн болгоны мэдэж байгаа ил тод үйлдлүүд. Харин нэгтгээд анзаарах юм бол Монголын улстөрчид болон эрх мэдэлтнүүд хуулийг хэрхэн үзэж, хэрхэн хандаж байгаа нь ажиглагдаж байгаа.

Хуулийг “засах”, хэрэгжлүүлэхгүй байх, “үл тоомсорлох”, танил тал болон мөнгөөр асуудлыг хуйвалдан “зохицуулах” зэрэг үйлдлүүд нь олон нийтэд муугаар нөлөөлж байна. Хуулийг боловсруулан батлах, хэрэгжүүлэн хянах эрх, үүрэг бүхий хүмүүс нь ийнхүү хандаж байхад ШУДАРГА ЁС-ны тухай зүрхлэн ярьж болно гэж үү? “Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй”, “Монголын хууль гурав хоног”, “Хуулиас гадуурх эрх мэдэл” зэрэг хэлцүүд амьдрал дээр ийн харагдаж байхад олон нийт ШҮҮХ болон ЦАГДАА-д итгэж найдаж чадна гэж үү? Бид ч өөрсдөө “ийм байж болох “мэтээр сэтгэлгээндээ дасаж орхиж дээ.

Сэтгэлээ чилээн хүлээж буй ШУДАРГА ЁС

“Монгол орон минь хөгжиж байна, бүр ч илүү сайнаар хөгжих ирээдүй харагдаж байна” хэмээн олон монголчууд “амны билгээс ашдын билэг” тавьж буй, Бас гадаадад байгаа олон монголчууд эх нутаг руугаа эргэцэж, олон монголчууд буцахаар зэхэж буй. Тэд Монголдоо буцаж очоод УИХ-ын гишүүн болох сон гэж, ямар нэгэн засаг дарга болох сон гэж, газар нутгаа зарж баяжих сан гэж, эрх мэдэлт нэгнийг дагаж завших сан гэж, хэн нэгэнд гайхуулан бардамнах сан гэж хүсээгүй. “Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдрах сан” гэж, харьд хийж сурсан ажлаа эх орондоо хийж нүүр бардам амьдрах сан гэж, харь хэлээр ярьж эх хэлээ мартсан хүүхдүүдээ “монгол хүн” болгон өсгөх сөн гэж, төрж өссөн тэр нутагтаа “эзэн ” гэдгээ мэдрэх гэж, төрүүлж өсгөсөн аав ээж ахан дуустэйгээ хамтад байх гэж хүсч байгаа. Тэдэнд сар болгон тарааж өгөх бэлэн мөнгө хэрэггүй, төрд гарах гэхдээ амалж буй сая төгрөг ч хэрэггүй, харин ШУДАРГА ЁС л хэрэгтэй. Шударга ёсыг гагцхүү шударга хууль болон түүний тууштай хэрэгжилтээр л тогтоодог юм. Айж ичихэд нь цагдаа хамгаалж байвал, алдаж эндэхэд нь шүүх сануулж байвал иргэд баярлан талархдаг юм, Хулгайлж завшсан нэг нь зохих шийтгэлээ хүлээж байвал, айлгаж зовоосон нэг нь хуулиар тусгаарлагдаж байвал, олныг хохироосон нэг нь хүлээх хариуцлагаа үүрч байвал хүмүүс сэтгэл амарч итгэл нь батжидаг юм. Тийм ээ! Одоо Монголын хуулийн салбрын шинэчлэлийг бүрэн хэмжээгээр хийх цаг болжээ. Шүүх болон прокурорыг Ерөнхийлэгч томилж, ЦЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилж байхад хэрхэн “хараат бус” байж чадах билээ.

Тэр тусмаа намаар талцан байнга хуваагдаж, намчирхан хийрхэж байдаг монголчууд бидэнд. Тэр тусмаа ялсан нам нь өөрийн сонирхлоор, өөрийн хүнээ”томилж” байхад. Хэдийгээр Төрийн албан хаагчдыг “намын харьяалалтай байхыг хориглосон” ч “сурсан юмаа сураар боож чаддагүй” монголчууд бидэнд. Улстөрд 20 жил “бужигнуулсан” Ц.Нямдорж ХЗДХЯ-ыг ” хүссэн үедээ” удирдаж байхад. -Улстөрөөс хараат бус байх ШҮҮХ-ийг ард олон сонгож, тэд ард олны өмнө тайлангаа тавьдаг, ажлаа дүгнүүлдэг байж болохгүй гэж үү? Шүүгчид нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбрөө танилцуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа шударга сайнаар явуулж чадах баталгаагаа өөрсдөө гаргаж байх боломжийг шүүгчдэд олгож болно. -Цагдаагийн дарга нар ч мөн л олон нийтийн саналаар сонгогдож, тэдний сар болгон авч буй цалин, хангамж нь олон нийтийн өмнө нээлттэй байж болохгүй гэж үү? Гэмт хэрэг илрүүлснээр нь бус гэмт хэргээс урьдчилан сэргилйж чадсанаар нь олон нийт ажлых нь дүгнэж, авч буй цалин хангамжиндаа таацаж ажиллаж буй эсэхийг ил тод хянаж байж болно. Энэчлэнгээр олон сайхан санаа болон туршлагыг анхаарч өөрчлөлт хийх цаг нь болжээ. “Хараат бус” гэсэн үндсэн зарчмаа жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх олон боломжууд байгаа. Улстөрөөс “хараат бус” байх хамгийн сайн боломж нь тэдний үйл ажиллагаа, хийж буй ажил хэрэг нь олон нийтэд ил тод, ойлгомжтой байх явдал болно.Олон нийтэд ойлгомжгүй байх тусмаа улам улмаар хардлага дагуулж, итгэл алдрах шалтаг нь болдог. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийхийг хүсдэггүй хүнд шалтаг нь олдоно” гэдэг дээ. АРГА, ШАЛТАГ алийг нь олохыг сэтгэлийн чин зориг мэдэж дээ. Цагдаагийн экс дарга нартай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга генерал Сандаг-Очиртой уулзан хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг анхааралтай уншлаа. Ингэж хэлж, ингэж шаардаж, ингэж хариуцлага тооцож чадвал шударга ёс тогтооход их л дөхөм болно. Зөвхөн Ерөнхийлэгч ч бус бүх хүмүүс дор бүрнээ ингэж бодож, бие биедээ хэлж сануулж, бас хичээж чадвал шударга ёс тогтоход их л нэмэр болно. Нэгэнтээ бидний аугаа өвөг дээдэс “ХУУЛИАС ДЭЭР ЗӨВХӨН ХӨХ ТЭНГЭР Л БУЙ” хэмээн зарлигласан. “ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДАРЧ ЯВ” хэмээн бидэнд сургасан. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөхдөө, өндөр газрын овоонд сөгдөхдөө монголчууд бид “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” хэмээн залбирдаг. МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД МИНЬ СОЁРХОЖ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ БОЛТУГАЙ.

 

Share Your Thoughts