Айдсын манан дундах гэгээ

-Би Америкт ирээд нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монголдоо буцаж очоод хичээлээ л сайн хийж, сайн сурахгүй бол миний ирээдүй энэ тэрэг түрэх ажил юм байна.
АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрөөр ирээд Атлантик хотод тэрэг түрж байгаа оюутны хэлсэн энэ үг биднийг баярлуулсан. Энэ жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийн сайн муу үр дагаврын талаар хөндөж, асуудлыг олон нийтийн анхааралд хандуулсан ажлынхаа төгсгөл болгож бид энэ амралтын өдрүүдээр дахин Атлантик болон Виржина бийч зэрэг газруудаар явлаа. Мэдээж “ажил хийвэл дуустал” гэдэгчлэн асуудлыг хөндөж шуугиан дэгдээгээд орхих бус, өөрсдийн боломжоор бодит зүйл хийж үр дүнд хүргэхийг зорьсон хэрэг.
Энэ удаагийн явалтын өмнө бид АНУ-д суугаа Монголын ЭСЯ-нд хандаж асуудлыг танилцуулж, өөрсдийн зорилгоо албан ёсоор мэдэгдэж, тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахыг санал болгосон юм. Элчин сайд Бэхбат энэ асуудал дээр маш ажил хэрэгчээр хандаж, хамтдаа ярилцаж, Атлантик хотод бидэнтэй хамт ЭСЯ-наас төлөөлөгч ажиллууллаа.

Энэ аялалаас буцаж ирсэний дараа ч дахин ЭСЯ дээр уулзаж баримтуудаа нэгтгэн хэлэлцэж, энэ хөтөлбөрийн алдаатай зүйлүүд дээр анхаарлаа хандуулан, буруутай хүмүүст хариуцлага тооцох болон хөтөлбөрийг сайжруулах талаар санал зөвлөмжөө АНУ болон Монголын холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Одоо бид энэ талаар ажиллаж байгаа.
Энэ удаагийн аялалаар бид ТВ найруулагч болон оюутны төлөөлөлөөс багтаа нэмж оруулсан төдийгүй Чикагод ажиллаж амьдарч байгаа Баасансүрэн гэдэг бүсгүй өөрийн хүсэлтээр Чикаго орчим ажиллаж байгаа оюутнуудтай очиж уулзсан. Энэ асуудлыг хөндөж тавьснаас хойш олон нийтийн зүгээс болон зуучлагч компаниудын зүгээс эргэлзээтэй хандлага гаргаж байгаа учраас бид бүх зүйлийг баримтжуулах зорилго тавьсан юм. Үүний тулд оюутнуудаас судалгаа авч бүх байдлыг ТВ бичлэгээр баримтжуулан бэлтгэлээ. ТВ бичлэгээ нэвтрүүлэг болгон бэлтгэж олон нийтэд үзүүлэхээр бэлтгэж байна.
Бидний энэ аялалыг дэмжиж Вашингтон ДС хотноо үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрцөгт захиралтай  “Piramid”, Ганзориг захиралтай “Tri state” компаниуд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр бид оюутнуудад бууз цуйван хийж авч очсон нь оюутнуудыг багагүй баярлуулсан. Энэ бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хөтөлбөрийн сайн үр дүнгүүд

Энэ хөтөлбөрийн талаар бодит мэдээлэл авахаар өмнө нь Атлантик хот болон Виржина бийч ээр явж байснаас байдал нилээд дээрджээ. Хэт бөөгнөрөл сарниж, олон оюутнууд өөр хот руу явснаас, энд байгаа оюутнууд арга эвээ нилээд олж, сэтгэл санааны хувьд ч байдалтайгаа эвлэрсэн нь ажиглагдаж байв. Ядаж л байрандаа анхаарал тавьж нөхцөл байдлаа арай дээр болгосон төдийгүй, ажлын туршлага ч нилээд сайжирсан бололтой. Юу юунаас илүү “Өө яахав дээ? болж байнаа. Одоо ч гайгүй шүү” гэх тэдний үгс монгол хүний хэнэггүй гэхээсээ нөхцөл байдалдаа эвлэрэн зохицох хандлагыг илэрхийлэх мэт. Гэхдээ л анх бидний очиж байснаас ажлын нөхцөл болон эрсдэлтэй байдал хэвээрээ байлаа.
Энэ удаад  бид хөтөлбөрийн сайн талыг бас олж харж, мэдрэхийг хичээсэн.
-Биднийг хамгийн их баярлуулсан зүйл нь, оюутнууд энэ эрсдэлтэй байдлаас сайн сурч, өндөр боловсрол эзэмшиж байж л сайхан амьдрах юм гэдгийг ойлгосон явдал. Энэ тухай маш олон оюутнууд бидэнд чин сэтгэлээсээ ярьж байлаа. Зарим хүн насан туршдаа ч хичээгээд ойлгож чадахгүй зүйлийг энэ богино хугацаанд, ийм үнээр ойлгож байгаа нь хамгийн том ололт юм уу даа. Магадгүй тэд гаргасан зардлаа төлж чадахгүй ар гэрийнхэндээ зэмлүүлж болох ч энэ ойлголт ухаарал хэдэн мянган $ -оор ч үнэлэх аргагүй үнэтэй юм. Тэд энэ ухаанаар хичээж чадвал энэ мөнгийг хэд дахин нугалж аав ээждээ өгч чадна гэдгийг хаа хаанаа ойлговол маш сайн үр дүн болноо.
-Тэд бидэнд хүн яаж ажиллаж байж энэ мөнгийг олдгийг ойлгосон тухайгаа ярьж байсан. Үйлчлүүлэгч гэдэг ямар хүндтэй хүн байдгийг, тэдний төлж байгаа мөнгөний хариуд хэрхэн үйлчлэх учиртайг тэд маш сайн ойлгож байгаа. ” Хэрэглэгч хаан” гэдгийг, үйлчилгээ гэдэг инээмсэглэл гэдгийг, хэрэгцээтэй мөнгө олох гэдэг ямар их тэвчээр шаарддагийг тэд биеэр мэдэрч ойлгосон. Энэ бол бага зүйл бишээ.
Тэд ” Бид Америкт байгаа монголчуудаа яаж зовж, хөдөлмөрлөж байж мөнгө олдогийг жинхэнээр нь ойлголоо” гэцгээж байсан. Энэ ч бага сурталчилгаа биш.
-Тэд хөдөлмөрийн үнэ цэнийг, мөнгөний үнэ цэнийг сайтар ойлгосон. Өдөржин тэрэг түрж олсон 20$ ямар үнэтэй болохыг, түүгээр юу худалдаж авч амьдралын хэрэгцээгээ хангаж болдогийг, хөлс зүтгэл шингэсэн мөнгийг зарцуулахдаа хэрхэн харамсдагийг тэд биеэр мэдэрсэн. Өөрөө зовж байж олсон мөнгө, аав ээжийн халааснаас авч харамсах зүйлгүйгээр наргиж үрж байсан мөнгөнөөс шал өөр үнэ цэнэтэй болохыг ойлгож байгаа. Хүн өөрөө хөдөлмөрлөж байж олсон мөнгө ямар их урам, бас итгэл авчирдагийг тэд бүр сайнаар мэдэрсэн. Энэ бол мундаг үр дүн.
-Тэд Америк орны тухай хийсвэр мөрөөдөл бус бодит байдлыг нүдээр харж, биеэр мэдэрч ойлгосон. Атлантикаас ердөө холдож үзээгүй охин “Энэ Америкийн юу нь сайхан байгаа юм бэ? Монгол орон минь хол илүү сайхан юм байна, хурдхан л буцах минь” гэж дуу алдаж байхад, Атлантикаас Вашингтон ДС-д ирээд ажиллаж байгаа хүү “Америкаас авах юм их байнаа. Ядаж л хүмүүс нь ямар ч сайхан найрсаг зантай, тусч юм бэ? Би үүнийг мэдрэхгүй буцах байсан байнаа” гэж олзуурхаж, Виржина бийчэд ажиллаж байгаа хүү “Эндэхийн шуудангийн үйлчилгээ гайхамшигтай юм байна, надад их таалагдсан” гэж өгүүлж байлаа. Гадаадад гарч байвал диваажинд очих юм шиг сэтгэдэг олон залууст тэд энэ орны сайн муу талыг бодитой хүүрнэж чадах юм. Тэд бас Монгол орныхоо олон сайхан зүйлийг энд ирээд анзаарч мэдэрч байгаагаа ярьж байсан.
-Юу юунаас илүү тэд Америкт маш олон сайн боломжуудыг олж мэдэрсэн нь сайн үр дүн байлаа. Тэд зөвхөн ажлаа хийх бус Америкт ажиллаж амьдрах, суралцах боломж болон шаардлагуудыг мэдэж авсан. Зарим оюутнууд цаашид АНУ-д ирж суралцах боломжийг судалж байгаа тухайгаа ярьж байсан. Тэд энэ хөтөлбөрийн ачаар SSN-тэй болсон нь олдохгүй ховор боломж боллоо. Тэд хуулийн хугацаандаа буцаж, Монголдоо суралцах явцад болон сургуулиа төгсөөд дахиад АНУ-д ирэхэд өнөөгийнхөөс илүү сайн боломжууд бий болсон гэсэн үг. Энэ бас мөнгөөр хэмжигдэхгүй их боломж юм шүү дээ.
-Тэд энэ хөтөлбөрт ажиллахдаа хүн өөрийнхөө л төлөө хичээх учиртайг, хэн нэгнээр тэжээлгэж, аргадуулж, асруулж амьдрах учиргүйг сайн ойлгоцгоосон. Биеэ дааж, өөрөө өөрийнхөө төлөө хичээх учиртайг тохь тухгүй байранд амьдарч, өлсөж ядарч, цангаж зүдэрч явахдаа ухаарсан. Ядаж л бусдын сайхан сэтгэлд талархаж, бусдад хариу тусалж, хүнд хэцүү мөчид бие биедээ тусалж явахын сайхан илч гэрлийг мэдэрч байгаа. Хүн болгон адилгүй ч олон оюутнууд энэ мөчид жинхэнэ нөхөрлөл, эв нэгдлийн хүчийг ойлгосон. Эв нэгдэлтэй байх гэдэг, хамтдаа хүнд бэрх асуудлыг шийдэж чадах гэдэг амьдралд ямар хэрэгтэйг ухаарсан. Энэ бүхэн магадгүй монголчууд бидний эв нэгдэлд тус болох буйз.

Хөтөлбөрийн эрсдэлүүд

-Энэ хөтөлбөрийн эрсдэл онгоцны буудлаас эхэлсэн. Өглөө өдөр, орой үдэш, бүр үүрээр ч АНУ-д онгоцоор газардсан олон оюутнууд тосч авах хүнгүй улмаас эрсдэлд оржээ. Чикагогийн онгоцны буудалд буугаад тосох хүнгүйн улмаас онгоцны буудалд 2 хонож, нэг монгол хүнтэй тааралдаж, утсаар нь ярьж байж очих газраа очсон, Нью-Иоркийн онгоцны буудлаас тосох хүнгүй, учраа мэдэхгүй байснаас Атлантик хот хүртэл 300$-оор таксидаж халаасны мөнгөө дундалсан, Далласын буудалд буугаад ганцаараа төөрч явахад нь гадаад хүн таарч, дэргэдээсээ холдуулахгүй байлгаж байгаад очих газар нь хүргэж өгсөн тохиолдлууд зөндөө. Түүнчлэн тосох үүрэгтэй хүн нь тосч аваад хөлсөнд нь их мөнгө нэхсэн нь ч цөөнгүй. Бас цаанаас нь өгсөн утас руу залгаад ердөө ч авахгүй байгаа тухай олон оюутнууд ярьж байлаа.
Иим мэдээлэл, тусламжийн сүлжээ үгүйгээс учраа олохгүй байгаа тэр хүүхдийг хэн нэгэн муу хүн туслана гэж хуурч аваад сураггүй алга болбол яах вэ?
-Оюутнуудад санал болгосон ажлын байрны зарим нь цуцлагдсанаас, зарим нь хуурамч байснаас, заримд нь хэт олон хүүхэд бүртгэсэнээс олон оюутнууд ажилгүй олон хонож, ажил хүлээх, хайх зуураа гэрээс авч гарсан мөнгөө дууссан байлаа. 5 сард ирсэнээс хойш 7 сар хүртэл ажилгүй байж,  энд тэндээс ажил хайгаад олдохгүй болохоор мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийж, автобусанд хүртэл хоног өнгөрөөж байсан 2 хүүтэй би ярилцаж байсан. Тэднийг арчаагүй гэхээс  ажил олж өгнө гэсэн худал амлалт, хариуцлагагүй замбараагүй байдал нөлөөлсөн гэж нотолж чадна.
Яг үнэндээ Атлантик хотод тэрэг түрэх ажил нь бичиг баримт тэгтлээ шаардахгүй, мөнгө олохыг хүссэн хэн боловч хийж болох ажил юм билээ.
-Монгол оюутнуудад сонгосон Атлантик хот болон Виржина бийчийн ажлууд нь аялал  жуулчлал, зугаа цэнгэлийн газруудад байгаа болохоор оюутнуудад муугаар нөлөөлөх магадлал өндөртэй юм. Атлантик хотод тэрэг түрж байгаа оюутнууд ” бид хэлний чадвараа сайжруулахаас илүүтэй хараалын үг хэллэгт л сайн суралцлаа” гэж ярьж байсан. Виржина бийчид ажиллаж байсан Монгол охиныг гадаад эзэн нь ажлын бус цагаар “зав гарган уулзаж, цагийг хамт өнгөрөөх” санал тавьсан, мөн ийм саналууд зөндөө гарч байгаа тухай яриа сонсч байлаа.
Бидний мэдэж байгаараар Атланик хотод нилээд охид биеэ үнэлж байгаа болон хулгай хийсэн, зөрчил гаргасны улмаас 2 хүү шоронд хоригдсон, Туркээр дамжин энэ хөтөлбөрт ирсэн 2 монгол охин автомашины осолд орсноос одоо хүртэл биеийн байдал нь муу байдлаар Нью-Иоркийн ойролцоо хотод эмнэлэгт байгаа.

Энэ бүхэн эрсдэл биш гэж үү?

-Хэт бага насны хүүхдүүд энэ хөтөлбөрт олноор хамрагдсанаас, ийм муу орчинд муу нөлөөнд автах магадлал их байна. Нийт оюутнуудыг харахад ихэвчлэн 18-19 насны арай ахмад гэж 23 насныхныг нэрлэж болохоор байна. Ийм бага насны хүүхдүүд амьдралын үзэл бодол сайтар төлөвшөөгүй, алив зүйлд хандах хандлага, амьдралын туршлага дутмаг байгаагаас хар тамхи хэрэглэх, казинод донтох үзэгдэл бишгүй гарч байгаа нь бидний сэтгэлийг хамгаас зовоож байв. АНУ-д 21 нас хүрээгүй бол хуулийн хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, баар цэнгээний газар болон казинод орохыг хүртэл хориглодог.
Хэрэв энэ бага насны хүүхдүүд энэ хөтөлбөрийн муу үр дүнгээр, насан туршдаа засах аргагүй муу зуршилтай болох ахул хэн хариуцлага хүлээх вэ?
-Энэ хөтөлбөрт оюутнуудад зуучлагч монголын компаниуд мэдээлэл төдийлэн сайн өгөөгүй, тэдэнд хандсан сургалт болон гарын авлага бэлтгэж өгөөгүйгээс , оюутнууд учраа төдийлэн олохгүй, хэлний мэдлэг дутмаг, хайнга хайхрамжгүй хандсаны улмаас  дүрэм заавраа зөрчиж, хууль бус үйлдэлд өртөх, визээ харлуулах тохиолдол зөндөө гарч байна. Энэ бүхэн энэ оюутнуудын хохирол болоод үлдэх учиргүй.
ОХУ-аас ирсэн оюутнууд гэхэд энэ талаар маш дэлгэрэнгүй зааварчилсан гарын авлагтай байгааг бид үзсэн. Гэтэл Монголын компаниудын энэ талаарх мэдээлэл их л учир дутагдалтай байлаа. Тэдэнд сэтгэл дутжээ гэхээс өөр юу хэлэх вэ?
-Соёлын солилцоо гэдэг нэртэй энэ хөтөлбөрийг зуучлагч Монголын компаниуд оюутнуудад анхнаасаа мөнгөний талаас нь сурталчилгаа их хийснээс, зуучлагч зуучлуулагч талууд мөнгөний сонирхол дээр нэгдсэн нь одоо улам бүр тодорхой болж байна. Олон оюутан  бүртгэж, их хураамж авах сонирхолдоо тэд бүх зүйл маш сайн сайхан болно гэж амалж сурталчилсан нь бодит байдал дээр тэс өөр байснаас олон оюутнуудыг  цочирдолд оруулж, сэтгэл санааны их хямралд өртүүлэх шалтаг нь болжээ.
Шаардлага хангахгүй бохир амьдрах орчин, хоол хүнсний дутагдал, зөвхөн ажил хийж мөнгө олох шаардлага нь олон ч оюутнуудын эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ.
Бидний мэдэж байгаагаар Атлантик хотод ажиллаж байсан нэг охин хөл нь өвдөж, хүндэрснээр 7 сард Монгол руу буцсан, одоо бөөрний өвчин нь хүндэрч хагалгаанд орох шаардлагатай болсон нэг охин Атлантикт байгаа.

Мөнгө эрүүл мэндээс үнэтэй гэж үү?

-Энэ хөтөлбөрт зориулж гаргасан зардлаа нөхөх, болж өгвөл энэ жилийн сургалтын төлбөрөө нэмж олох хүсэлтэй ирсэн олон оюутнууд, сэтгэл санаа хүсэл мөрөөдлөөрөө хохирч, өдгөө хувь заяатайгаа эвлэрч байна. “Чи зардлаа нөхөж чадах уу?”  гэсэн бидний асуултад олон оюутнууд  ” тэр талаар бодохоо ч больсон, зүгээр л эндэх зардлаа хаагаад эсэн мэнд буцах болж байна” гэж хариулж байлаа.
Энэ тухай сонссон эцэг эхчүүдийн зарим нь ” Тэр мөнгө төгрөг ч яамай, эсэн мэнд л хүрээд ирж үз, амьд хүмүүс аргаа олох л байлгүй” гэж хандаж байгаа. Сайхан амлалтад хууртаж бусдаас болон банкнаас их мөнгө зээлсэн зарим хүмүүсийн хувьд энэ байдал нь эдийн засгийн хохирол, гэр бүлийн хэрүүл маргаан, бухимдлын үндсэн болж буй. Юу юунаас илүүтэй хувь хүмүүсийн сэтгэл санааны хохирол дээр хэн ч юу ч дуугарахгүй байна.
Харин хариуцлагагүй хандсан зуучлагч компаниуд ямар хариуцлага хүлээх вэ? гэж асуумаар байна.
-Олон ч хүмүүс “оюутнууд яах вэ? юм үзэж, амьдрал мэдэж, ухаан сууг, нэг их сүржигнэх хэрэггүй ” гэсэн санаагаар энэ асуудалд хандаж байгаа. Асуудлын нэг тал ийм байж болох хэдий ч, нөгөө талаар монголчууд бид хэдий болтол өөрсдийн үнэ цэнээ ийм байдлаар илэрхийлж байх юм бэ? Эдгээр залуус Монголын ирээдүй, хөгжлийн эзэд нь. Бид ядуу арчаагүй байгаа гээд өндөр хөгжилтэй гадаад орнуудад ч иргэддээ ийм байдлаар хандаж болохгүй ээ. Бид өөрсдийн үнэ цэнэ болон нэр хүндийнхээ төлөө өөрсдөө анхаарч, өргөж явахгүй юм бол, биднийг хэн өргөж магтаж, бишрэх билээ. Ядаж л бусдаас дутуугүй явах хүсэл эрэмлзлэлтэй байх хэрэгтэй байнаа.
-Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, оюутнуудад зөвлөлгөө тусламж өгөх тогтолцоо үгүйгээс дараа дараагийн энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд үүнээс ч илүү эрсдэл хохирол гарах магадлал их харагдаж байна. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр алив муу зүйлээс урьдчилан сэргийлэхгүй хайхрамжгүй хандлагаас их хохирол амсаад гэнэт ухаан орсон мэт шогшрон харамсаж, өндөр дуугаар харааж зүхдэг базаахгүй зуршил монголчууд бидэнд бий.
Хүмүүс янз бүрээр хандаж байвч энэ асуудлыг хөндсөн бид, ийм байдлын улмаас дараа дараагийн хөтөлбөрт гарч болох муу эрсдлээс урьдчилан сэргийлж, энэ асуудлыг удаа дараа тавьж, олон нийтийн анхаарлыг хандуулан хариуцлага тоооцохыг шаардаж байна.
Ийм байдлаар их мөнгө, ашиг болж болохыг мэдэрсэн монголын компаниуд ирэх жил олширч, үүнээс ч олон оюутнууд хамрагдаж, замбараагүй хяналтгүй байдлын улмаас оюутны амь нас эрсдэж, хүний наймааны золиос, хүчирхийллийн хохирогч болбол хэн хариуцлага хүлээх вэ?

Хөтөлбөрийг сайжруулах саналууд

1. Энэхүү хөтөлбөрт хамрагдах монгол оюутнуудыг Монголын их дээд сургуулиудын 2-р курсээс дээш байхаар тогтоож өгөх шаардлагатай. Ийм тохиолдолд тэд ядаж хариуцлагатай хандах боломж бүрдэнэ.
2. Хөтөлбөрт хамрагдахын тулд зуучлагчид төлж буй мөнгө 2500$-оос бага байх боломжтой. Үүнд ирэх очих зардал, визний хураамж, даатгал, ажил олж өгөх үйлчилгээ, бичиг баримттай холбоотой бусад зардлууд багтана.
3. Хөтөлбөрт хамрагдаж ажиллаж амьдрах орчин нь аль болохоор тайван эрсдэл багатай байхаар сонгох нь чухал байна. Хэрэв эрсдэлтэй орчинд сонголт хийх бол энэ тухай сайтар таниулж, эрсдэлээс хамгаалах боломжуудыг зааж өгөх хэрэгтэй.
4. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад 2 сонголт байж болох юм.
-Зуучлагч компаниар ажил олуулах
-АНУ-д байгаа танил нөхөд болон хамаатан садангаараа ажил олуулах
Аль нь ч байлаа гэхэд хөтөлбөрийн чиг зорилгыг бүрэн биелүүлэх баталгаа заавал хэрэгтэй.
5. Хөтөлбөрт зуучилж буй компаниуд өөрсдөө зохих шалгуур болзлыг хангасан байх шаардлагатай бөгөөд, тэдний зүгээс оюутнуудтай хийж буй гэрээ нь хууль ёсны, аль нэгэн талын эрх ашигт бус харилцан ашигтай байх нөхцлөөр хянагдаж байх.
6. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа ямар ч тохиолдолд гарч болох эрсдэлээс хамгаалах болон шаардлагатай бүх мэдээллээр хангаж, зохих сургалт явуулж бэлтгэлийг сайтар хангуулж байх нь хэрэгтэй байна.
7. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай холбоотой мэдээлэл болон хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай үед тусламж, зөвлөлгөө өгдөг хяналтын тогтолцоо заавал хэрэгтэй байна.
8. Энэ хөтөлбөрт зуучлагч болон зуучлуулагчид аль аль нь сэтгэл хангалуун сайн үр дүнтэй байх нь хамгаас чухал бөгөөд үүнийхээ төлөө хаа хаанаа анхаарал тавьж хариуцлагаа шударгаар хүлээж байх шаардлагатай.
Энэ хөтөлбөрийн Монголын оюутнуудад маш сайнаар нөлөөлж чадах олон сайхан төлвийг харж байгаа болохоор бид хамтдаа энэ талаар санаа тавьж, яг л зорилгодоо нийцсэн сайн үр дүнтэй болгохын төлөө бүх зүйлийг хийх хэрэгтэи болж байна. Энэ хөтөлбөрийн талаархи таны санал зөвлөмж ч бас их хэрэгтэй байгаа.
Энэ хөтөлбөр нь оюутнуудыг зуныхаа амралтаар АНУ-д зорин ирж, хэлний боловсролоо дээшлүүлэх, Америк оронтой танилцаж, боломжийн түвшинд ажил хийж зардлаа хэмнэх боломжийн төлөө зорилготой юм билээ. Өөдлөн хөгжиж буй монголын оюутнуудад энэ хөтөлбөр ямар их оюуны хөрөнгө оруулалт болж, тэдний сайхан хүсэл мөрөөдөл, урам зоригийг бадраахыг төсөөлж байна. Харин энэ нь мөнгө, ашиг сонирхлын төлөө бус жинхэнэ зорилгоороо хэрэгжээсээй гэж бид чин сэтгэлээсээ хүсч байнаа.

Төгсгөл

Энэ хөтөлбөрийн талаар асуудлыг хөндөж, судалж баримтжуулж явахад сайн муу олон зүйлүүдтэй учирсан. Харамсалтай нь бид монголчуудаасаа их айдсыг мэдэрч байлаа. Шударга бус, хууль бус, хувийн ашиг завшаан хөөсөн байдлын муу үзэгдэлтэй дасан зохицож, энэ байдалдаа цөхөрч, энэ байдалтай эвлэрч байгаа нь хамгаас харамсалтай санагдаж байв.
-Энэ асуудлыг хөндөөд дэмий дээ? Ямар ч амжилт олохгүй дээ
-Болгоомжтой байгаарай наад компаниудын ард нь томчууд байгаа, яаж ч магадгүй
-Эд нар яаж ийгээд аргалаад л бүх зүйлийиг өөртөө ашигтай байдлаар шийдүүлнэ
-Миний ярьсан яриа болон дүрсийг бүү гаргаарай, би айж байна
-Дараа нь энэ оюутнуудыг дарамтлаад зовоогоод байвал яах юм бэ?
-Ийм байдлыг бид өөрчилж чадахгүй, тэд энэ мөнгөөрөө бүх зүйлийг худалдаа авна
-Ингэж явлаа гээд чамд ямар ашигтай юм бэ?
Ийм олон яриа айдас болгоомжлолыг мэдэрч байлаа. Тэгвэл бид яаж өөрчлөгдөх юм бэ? гэж та нараас асууя. Бидний аймхай хулчгар энэ байдал л өнөөдөр Монголын   олигархиудын эрээ цээргүй, хууль бус , хариуцлагагүй байдлын үндэс нь болж байгаа.
Тэд монголчуудын айдсын манан дунд л дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж байна бус уу. Тэр тусмаа өндөр хөгжилтэй, хууль ёсыг сахихыг шаардаж, хүний эрхийг дээдэлдэг Америк оронд, бидний яг дэргэд энэ үйлдэл орж ирж байна.  Тэр тусмаа монгол оюуутнуудаараа мөнгө олж, тэднийг ийм эрсдэлтэй орчинд сэтгэл санаа болон эдийн засаг, хэсэл мөрөөдөл, сайхан эрмэлзлэлээр нь хохироож байна. Тэгээд бид бас айдас дундаа дуугүй эвлэрч суух гэж үү?

Бидэнд хүсэлт байна

-Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд аа! Та нар энэ хэцүү байдалд байхдаа ч монгол сайхан залуусын эрч хүчээр, өөрсдөдөө байгаа бүх боломжоо ашиглан нэр төртэй байлаа. Та нарын өөдрөг цоглог байхыг харах бидэнд үнэхээр сайхан байсан шүү. Та нар хайр хүрмээр сайхан залуус, миний Монголын ирээдүй. Харин шударга бус байдлын эсрэг, ямагт өөрсдийн эрх ашгаа хууль ёсоор хамгаалж байгаарай. Эндээс л та нарын гэрэлтэй сайхан ирээдүй эхэлнээ. Харин АНУ-д хууль бусаар бүү үлдээрэй. Энэ бол өөртөө олдох том боломжоо алдах төдийгүй өрөөл бусдад ч муу нөлөө болно гэдгийг санаарай.
Та нар мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал авч, амьдралын туршлага суун, ирээдүйн олон сайхан боломжуудаа олж харсан гэдэгт бид итгэж байнаа. Энэ л та нарт их баялаг болж үлдээсэй гэж ерөөж байна.
-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд ээ! Хэдийгээр энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн зарим нь сайн ажиллаж их мөнгөтэй, зарим нь мөнгөгүй шахам очиж байгаа ч таны хүүхдүүд энэ оронд өөрсдийн чадах бүхнээ хийсэн гэдэгт итгээрэй. Хэдийгээр та багагүй мөнгөө алдсан хэдий ч таны хүүхэд энэ мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал туршлага тээн очиж байгаа. Мөнгөөр хэмжихийн аргагүй ухаарал гэж байдаг. Энэ ухаарал л таны хүүхэд хожим танд энэ мөнгийг хэд нугалан олж өгч чадна гэдэгт бид итгэж байна.
Та хүүхдээ мөнгөөр бус сэтгэлээр харж угтаарай. Магадгүй тэд бяцxан зүрхэндээ зовиур тээн очиж байгаа. Гэхдээ бас их урам зориг, боломж тээн очиж байгааг анзаараарай. Таны хүүхэд мундаг хүн болноо.
-Хөтөлбөрт зуучилсан компаны захиралууд аа! Биднийг энэ асуудлыг хөндсөний дараа та нарын зарим нь бидэнтэй холбогдон санал бодол мэдээллээ солилцсонд талархаж байнаа. Биднийг хүүхдүүдтэй уулзаж явахад тэд алдагдлынхаа төлөө зохих мөнгөө буцааж авах хүсэлтэй байна билээ. Хэрэв та нар энэ хөтөлбөрт хариуцлага алдаж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, эцэг эх оюутнуудаас уучлал хүсч, зарим хохирсон хүүхдэд төлбөрийн мөнгөбий зохих хувийг буцаан олговол бид их баярлах болно. Ямар нэгэн алдаа, дараагийн амжилтын үүд болох тохиолдол байдгийг та нар юу эс андах вэ? Мэдээж алдаагаа ойлгож уучлал хүсч, алдаагаа засахын төлөө арга хэмжээ авч чадах нь монголчууд бидний эв нэгдэл, эрүүл саруул сэтгэлгээнд нэн хэрэгтэй сэн. Та нар энэ хөтөлбөрт хариуцлагагүй хандсаныхаа төлөө хариуцлага хүлээх учиртай. Харин хариуцлага нь хуулийн эсвэл ёс суртахууных байх уу? гэдэг нь та нарын мэргэн ухааны сонголт болно.
-Монголын оюутнуудад хэрэгтэй энэ хөтөлбөрийн талаар холбогдох байгууллагууд нь анхаарч энэ хөтөлбөрийн үр дүнтэй сайн хэрэгжилтийн төлөө анхаарал тавиасай гэж хүсч байна. Оюутнуудын буцах хугацаатай холбогдуулан элдэв дарамт шахалт сүрдүүлэг ирж байгаа тухай оюутнууд мэдээлсэн. Зарим сургуулиуд 9-1 нд ирэхгүй бол жилийн чөлөө олгоно гэсэн тухай, зарим компаниуд 9-7 ны дотор ирэхгүй бол баталгааны хөрөнгийг хураан авах тухай ч мэдэгдэл ирүүлсэн байна билээ. “Ядарч байхад яр” гэдэгчлэн сэтгэл санааны зовиуртай байгаа оюутнуудыг ингэж дарамтлах хэрэг юун. Мэдээж зарим оюутнуудын буцах билет нь 9-15 даар байгаа болон зарим оюутнууд ажлаа дуусгаад зарим газраар аялах хүсэлтэй байгаа гээд олон л шалтгаан гарч  байна. Уг нь дүрэм заавраараа бол энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ажлын гэрээ дууссаны дараа 30 хоногийн хугацаанд АНУ-д аялалын зорилгоор байх эрхтэй юм билээ. Хаа хаанаа энэ талаар ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй мэт.

Бидэнд талархал байна

Энэ жил Монголын их дээд сургуулиудын 1300 шахам оюутнуудад энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон АНУ-ын Төрийн Департмент, АНУ-ын хөтөлбөрт зуучлагч компаниуд, Монголд суугаа АНУ-ын ЭСЯ-ны консулд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бол Монгол орны хөгжил болон ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт байлаа.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа болон ололттой талыг дүгнэн тодорхой санал, зөвлөмжөө та бүхэнд хүргүүлэн цаашид үр дүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ийм үр дүнтэй санаачлагатай ажиллагааны үр дүнд Монголын олон олон оюутнууд энэ төсөлд хамрагдан хөгжиж, суралцаасай гэж хүсч байна.
Багагүй шуугиан дэгдээж олны анхаарлыг татаж байсан хөтөлбөр өндөрлөж, Монгол оюутнууд маань АНУ-аас эх болсон Монгол нутаг руугаа буцах гэж байна.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн харина” гэж их Нацагдоржийн шүлэглэсэнчлэн тэд эх орондоо аав ээждээ их ухаарал урам зориг өвөрлөн очиж байна. Та нарын минь хичээл сурлага, аньдрал өөдрөг сайхан байх болтугай.
Монголчууд бид маргалдаж муудалцахаас илүүтэй, ойлголцож, зөв сайн алхмуудыг хийх нь эв нэгдлийн эхлэл болно. Энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж дэмжсэн олон хүмүүст баярлалаа. Надтай хамт баг болон бүх л зүйлд өөрийн цаг зав, боломжоо дайчлан оролцсон Ж.Дарь, Цогоо, оюутан Хишгээ нартаа маш их баярлалаа. Бид цаашдаа хамтдаа их зүйлийг хийх болноо.
Эрдэм ухаан дэлгэрч, эв нэгдэл бэхжих болтугай.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-08-14

 

Share Your Thoughts