Айлын эхнэр хөөрхөн

…Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд хоол идэхээр орж ирсэн үйлчлүүлэгчид халбага сэрээгээ сонингийн цаасанд ороон өгч, үүнийгээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд нэмэртэй гэж тайлбарлан, хоолны цэсээ гар дээрээ бичиж, үүнийгээ хэмнэлттэй шинэ арга хэмээн учирлана.  “Үнэн тасархай, үлэмж тансаг ” нэртэй уг зоогийн газрын болхи, соёлгүй үйлчилгээнд бухимдсандаа үйлчлүүлэгч нь “танай эзэн чинь хаана байна, дуудаад орхи” гэсэн шаардлагад ” манай эзэн урд гуанзанд хооллохоор явсан”  гэж хариулснаар төгсдөг.
Хүмүүс хошйн шогийг үзэхдээ инээлдэн шоолж, ” ямар инээдтэй юм бэ?”, “хөгжилтэй юм аа”, ” арай ч дэндүү юм аа”,  ” нээрээ ч ийм юм байгаа шүү ” гэхчилэн олон янзаар бодовч тэгсгээд л мартаж орхидог.  Харин амьдрал дээр байгаа ийм олон хошин үзэгдлийг мэдрэхдээ тэгтлээ анзаарахгүй.
…Монгол Улсын эрүүл мэндийн сайд Ламбаа бие нь чилээрхэж, эмчлүүлэхээр Солонгос орныг зорьж гэнэ. Эзгүй хойгуур нь салбарт нь олон асуудлууд гарч, огцруулах дээрээ тулсан боловч, ”  өвчтэй зовлонтой” хүнд хандах нигүүлсэнгүй сэтгэлээр “өршөөжээ”.  Одоо дахиад л явж байгаа бололтой.  Ер нь манай “томчуудад’  ийм жишиг тогтоод удаж, олон нийтэд дасал болж байна.

Иргэн Дамбаа бус эрүүл мэндийн сайд Ламбаа ийн явж байгаа болохоор, хэвлэл мэдээллийн хэргслэлүүд ” сүр жавхлантай”, “баяр баясгалантай” гаар мэдээлдэг.
Энэ тухай эгдүүцэж  хэн нэгэн шүүмжилбэл, “өвчин хэлж бус хийсч ирдэг юм”, “чи яасан хүний мууд дуртай, зовлонгоор тохуурхдаг юм “, ” хүн чанар нинжин сэтгэл, өрөвдөх хайрлахуйн тухай” хар хүний өмнөөс шар хүмүүс өмөөрөн хараана.
Харин өөрт нь өвчин зовлон тохиолдвол, мөнгөгүй, эрх мэдэлгүйн улмаас монгол эмнэлгтээ очиж, эмчилж чадахгүй гэвэл, хамгаа зарж, хандив тусламж нэхэж байгаад ч болов Эрээн, Хөх хотод очиж, “зүү тавиулан” мөнгө төлж эмчлүүлнэ.
Ардчилалын ач буянаар Монгол эмнэлэг, монгол эмчээ “зад голж”, гадаадад очиж эмчлүүлж байгаа ч, иргэн Дамба өөрийнхөө мөнгөөр, сайд Ламбаа та бидний татварт төлсөн мөнгөөр эмчлүүлж байгаа гэдэгт л хамаг учир нь байгаа юм. Харин энэ мөнгө Монгол оронд бус харь тэр орны эдийн засагт хэрэг болно.
Монгол Улсын Эрүүл Мэндийн сайд нь өвчнөө эмчлүүлэхээр өөрсдийн эмч нартаа хандаж бус , Солонгос улсыг зорьж байгаа нь мөнөөх гуанзны эзэн, өөр гуанзанд хооллож байгаа хошин шогтой адилгүй байна гэж үү? Өөр талаас нь үлгэрлэвээс, ‘ бие минь өвдөөд байна, айлын эхнэр дээр очиж халамжлуулаад ирье ” хэмээн өөрийн эхнэртээ учирлаж байгаа мэт.

Бид бүгдээрээ ямар нэгэн хэмжээгээр өвдөцгөөдөг. Эмчлүүлэх шаардлагатай болдог. Бидний татвар болон даатгалд төлж байгаа мөнгөөр санхүүждэг эмнэлэг, цалинждаг эмч нар биднийг эмчилж, эдгээх учиртай.  Харин энэ эмнэлэг, эмч нар хэр сайн тохижилт, тоноглол, үйлчилгээ, чадвартай байх нь салбар хариуцсан Ламбаа сайдаас эхлүүлээд, ханиад хүрч хатгаа авсан, элэг өвдөж, зүрх дэлсэхээр эмчлүүлэх гэж гадаадад оддог төрийн эрхэм түшээд, эрх мэдэлтэнгүүдийн хариуцах, шийдэх асуудал. Харамсалтай нь тэд ийм үйлдлээрээ Монголын эмнэлэг, эмч нарын боломжгүй, чадваргүй гэдгийг л нотолж байгаа хэрэг бус гэж үү?
Өдгөө их мөнгөтэй нь АНУ, Герман, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад, дунд мөнгөтэй нь Эрээн, Хөх хотод, бага мөнгөтэй нь Монголын эмнэлэгт, огт мөнгөгүй нь гэртээ “эмчлүүлж” байдаг жишиг тогтож дээ. ” Ядаж байхад яр” гэдэгчлэн өвчлөхөд хүртэл бэл бэнчин, зэрэг зиндаагийн ангилал тогтох болж. Уг нь Дамбаагийн, Ламбаагийн бие организм, өвчлөх магадлал адил. Гол учир нь Дамбааг монголдоо сайн эмчлүүлэх үүргийг Ламбаа нь хариуцдаг юм шүү дээ.

Бидний мөнгө хаашаа урсдаг вэ?
“Хувиа бодсон”, “урвагч”, ” эх орондоо хайргүй” , ” эх оронч сэтгэлгүй” хэмээн шүүмжлүүлж, хараалгаад байдаг, өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд өөрсдийн хүч хөдөлмөр шингэсэн мөнгөнөөсөө Монголдоо илгээдэг. Өдөрт, сард, жилд хэдэн сая, тэрбүмаар тоологддог ийм мөнгөний тухай үл ойшоож, ил гарган талархдаггүй болохоос, энэ мөнгөнүүд монголын эдийн засагт ихээхэн нэмэр болж байгаа.
Аав ээж, ах дүү, ар гэр, үр хүүхэддээ илгээх энэ мөнгө орон сууц худалдан авах, эмчилгээ сувилгаа болон сургалтын төлбөр зардалд ихэвчлэн зарцуулагддаг. Энэ мөнгөний зарцуулалтаар дамжин “татвар”  нэрээр маш их мөнгө улсын төсөвт орж буй. Бага бус мөнгө авилгал хээл хахуул, баар цэнгээний газарт зарцуулагдаж байгаа.
Энэ мөнгөөр л иргэн Дамбаа, сайд Ламбаа гадаадад эмчлүүлж, иргэн Бадраа, сайд Баяраа нарын хүүхдүүд гадаадад суралцаж байгаа.
Өөрөө зовж олоогүй мөнгийг, өрөөл нэгэн хайрлан хямгаддаггүй гашуун үнэн бий.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа хөдөлмөрийн хөлс, сэтгэлийн үнэ цэнийг мэдэрдэггүй болохоороо эрх мэдэлтэнгүүд, энгийн нэгэн ч үр дүнгүй цацахдаа харамсдаггүй. Хэрэв бага ч атугай ойлгох мэдрэмж, хайрлан энэрэх сэтгэл, холч ухаан байдаг бол:

-Энэ мөнгөөр Монгол орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, орчин үеийн шаардлага хангасан хэд хэдэн эмнэлэг барьж болно
-Энэ мөнгөөр Монгол орондоо дэлхийн жишигт хүрсэн сургууль, мэргэжил олгох төвүүдийг байгуулж болно
-Энэ мөнгөөр эмч нараа, багш нараа мэргэжлийг дээшлүүж, чадаварыг нь сайжруулж, үр дүнтэй сайн ажиллах боломжийг олгож болно
-Энэ мөнгөөр даатгалын зөв тогтолцоогоо бүрдүүлж, баян ядуу, хөөрхөн муухайгаас хамаарахгүй адил тэгш үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж болно
Хэдхэн хоногийн өмнө Вашингтон ДС хотноо, өвөр монгол гаралтай Ажаа гэгээн өөрийн бичиж хэвлүүлсэн номоо сурталчилж, монголчуудтай уулзсан. Номоо борлуулсан мөнгөөрөө Улаанбаатар хотын яармагийн дэнжид “хавдар”-ын эмнэлэг байгуулахад нэмэрлэх гээд л алжаалыг умартан явна. Сэтгэл багадахгүй. Харин монголчууд бид өөрсдөө л сэтгэл, шаардлага дутаад байна уу даа.
Гэртээ байцгааж, гуанзандаа хооллодог болох сон
Гаднаас орж ирээд, буцаад Хятад, Орос, Солонгос, Япон, бусад олон орон руу урсах их мөнгөний урсгалыг Монголдоо тогтоон барьж шингээх нь төрийн бодлогын үндэс юм шүү дээ. Үүний тулд ядаж л өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эмнэлэг сургуулиудыг байгуулах, тэднийг дэлхийн жишигт ойртуулж ажиллах боломж байж л байгаа. Гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа сэтгэл, чадварт түшиглэж, тэдэнд боломж олгох аваас бүтэхгүй мөрөөдөл биш.

Төрийн бодлого нь зөв мэргэн байх аваас, улстөрчид нь “айлын эхнэр хөөрхөн, бас халамжтай ”  гээд гадагшаа гүйлдээд байхгүйгээр, байгаагаа арчилж сайжруулаад, эхнэр хүүхдүүдээ халамжлаад сэтгэл өег сайхан амьдарч болох шүү дээ. Гуанзаа тохижуулж, сайхан хоол хийгээд, олон ч үйлчлүүлэгчидтэй болж, арвин мөнгө олж, өөрөө ч сэтгэл өег, өөрийн гуанзандаа хооллож болох шүү дээ.
Бидэнд эрүүл сэтгэлгээ, өөрсдөдөө итгэх итгэл дутагдаж, элдэв буруу муу үзэгдэлтэй эвлэрч зохицох хандлага ихэд давамгайлах болжээ. Бас хариуцсан ажилдаа эзэн байж, хамаг олны төлөө гарах чин сэтгэл зүтгэл дутагдаад байх шиг. Харийг шүтэж, өөрсдийгөө голох, хамаг байдгаа барьж гадаадад  аваачиж өргөх нь их болж байна даа. Хариуд нь зээл тусламж гуйх, авсан зээлээ үр ашиггүй зарцуулах гээд…
Айлын эхнэр хөөрхөн ч өөрийн эхнэр илүү халамжтай. Бусдын хоол амттай ч өөрөө хийж идвэл илүү амттай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-03-13

Share Your Thoughts