Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

dcnaadam2009

Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.)

Монгол хүн бүр энэ л өдөр, өөрийн эрхгүй сэтгэл хөвсөлзөж, гэртээ ч тогтож сууж яахин чадна. АНУ-ын нийслэл Вашингтон ДС-ийн нэгээхэн талбайд, салхинаа монгол төрийн далбаа намирч, энд тэндгүй асар сүүдрэвч дэрвэлзэж, бас айраг ууж , хуушууранд дугаарлаж, 32 бөхийн барилдаан, нас насны “хурдан морьд” хэмээн нэрийдсэн бяцхан хүүхдүүд уралдаж, харин харвааны оронд, АНУ-д алдартай сагсан бөмбөгийн мэргэн оночоор наадан наргив бид…Яг л сумын наадам мэт. Хөгжлийн эрэмбэ дагасан алхаанд олон юм өөрчлөгджээ.
nominjin-turiin-suld-duu

Ёслол төгөлдөр нээлтээ хийсэн энэ наадмын хойморт, залуу дуучин Номинжин монгол төрийн дууллыг зүрхэн тушаа гараа тавин байж дуулав. Энэ л мөчид харь хол оронд алжааж ядран ажиллаж амьдрах олон монголчууд, сэтгэл зүрхэндээ эх нутгаа санагалзан байж даган түрэв. Алсын салхинд дэрвэлзэн хийсэх, алтан соёмбот далбаагаа харан харан, нүдэндээ нулимстай түрлэг өргөв тэд…
behbat-said

Харин сумын ёсорхуу даргын оронд, Монгол Улсаас АНУ-д төлөөлөн суугаа элчин сайд Б.Бэхбат энгийн хэрнээ, даруухан үг хэлж наадмыг нээв. Харин дараа нь Элчин сайд , энгийн иргэдийнхээ майхан сүүдрэвч бүрээр очиж, иргэддээ мэнд дэвшүүлэн, ерөөл айлтгах нь, тэртээ нэгэн цагт голын асар майхнаас алхам ч холдолгүй, хоолой засан, намжирдах даргаас тэс өөр санагдав.

Энэ наадмын ёслолыг, нэгэн цагт Монголын яруу найргийн ертөнцөд хаалгыг нь тогшилгүй, зүгээр л дэлгээд орж ирж асан, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо хөтөлж, чөлөөт бөхийн ертөнцөд , “цахиур хагалан” шуугиулж асан Сэргэлэн баатар бөхийн оноолт хийж, хэдэн бөхчүүдээ сөхөртөл захирч байхыг харахуйяа, бас ч бахархах сэтгэл төрнө. Монгол найр наадам, дуу хуургүйгээр тэнгэрт хэрхэн цалгилах билээ. Монголын урлагийн ертөнцөд од болон гийж байсан дуучин Саран, Амараа нарын “Учиртай гурван толгой” дуурийн хэсэг, Монгол сургуулийн бүжигчин сурагчдын үндэсний бүжиг, уран нугаралт, дуучин Жавхлангийн ориг дүр, дуучин Ганаагийн дуунууд Америкийн тэнгэрт монголын салхийг сэвэлзүүлэв.
uzuu-turuu

Ямар ч найраагүй 32 бөхийн барилдаанд, залуус хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж, Арлингтоны арслан цолтой, таримал бус төрмөл бөх Д. Сүлдбаяр, хамаг монголчуудын тааврыг будлилуулж, шинээр цоорон гарч ирсэн Зулхүү нар үзүүр түрүү булаалдан, арай туршлага заан Д. Сүлдбаяр түрүүллээ. Харин Зулхүүг дэмжиж асан нөхөд нь хар цагаан хэл ам хүрч магадгүй, энэ жилийн үзүүр болноо хэмээн урамшуулснаар наадам өндөрлөж авай.
Харин нас насны “морьдын уралдаанд” уяа сойлго нь таарсан олон хүүхдүүд уралдаж, айргийн таваар мялаалга хүртэх нь даанч өхөөрдөлтэй. Зарим “морьд” гараанаасаа аав ээж рүүгээ “хадуурч” бяцхан будилаан болсныг эс тооцвол, элдэв будлиан гарсангүй сайхан наадлаа.
Оноч мэргэн харвааны оронд , эдүгээ АНУ-ын сагсан бөмөбгийн ертөнцөд “цахиур хагалахаар” зэхэж буй, монгол залуусын сагсан бөмбөгийн тэмцээн, гайхамшигийг үзүүлэв. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын монголчуудын сагсан бөмбөгийн, Чикагод болсон тэмцээнд аваргалсан “Пирамид” багийн тамирчид, “Орлоо” багийнхантай “аварга”ын төлөөх өрсөлдөөнд хожиж ,залуу насны ид хаваа гайхуулав даа. Холын зайнаас шидсэн бөмбөг нь онч мэргэн байсан тэд, сурын харваанаас дутахгүй уухайн дор энэ тэмцээнийг өндөрлөлөө.
Харин энэ жилийн наадамд, нэгэн залуугийн найруулж эсгэсэн “айраг” их эрэлт хэрэгцээтэй байсан төдийгүй, амсаж үзсэн миний бие хүртэл ориг айраг хэмээн оношилж амжсан. Өмнөх жилүүдийг бодоход гадаад, хүмүүс олноор үзэгдэж байсан нь, нэг л содон. Ямартай ч Арлингтон дүүргийнхэн монгол наадмыг ихэд эрхэмлэн сонирхох болсны нэгэн илрэл гэлтэй.

Айргаа ууж. хуушуураа идэж, үзүүр түрүүний бөхөө үзэж, хурдан хүүхдүүдийнхээ тоосыг харж, онч мэргэн сагсны тэмцээнээ үзэж баяссан монголчууд, ойр орчмын талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа цэгцэлснээр энэ жилийн наадам өндөрлөв өө.

tamirchid
Гадаадад байгаа монголчуудынхаа энэ л баярыг тэмдэглэх гэж, хэрдээ сэтгэл оюунаа чилээн, хөдөлмөр зүтгэлээ зориулах ВашингтонДС орчмын монголчуудын холбооныхондоо их баярлалаа.

guilt
Хүүхдээ хөтөлж, сэтгэл дүүрэн баяртай одох монголчууд “дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн өгүүлэлдэнэ. Нээрээ ч жилээс жилд өргөжин тэлж, бас сонгодог хэлбэртээ орж буй “сумын наадам” шиг, Вашингтоны наадам маань ийнхүү өндөрлөвөө. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Ажил амьдралын олон нугачаанд алжааж түүртэж явсаар нэгэн өдөр наадамтайгаа золгоно доо.
Ай даа! Монгол сайхан наадам минуу зээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008-07-12

Зургийг авсан Лхажийдаа баярлалаа.

Share Your Thoughts