Айсуй буй шинэ он

Хөх тэнгэрээс бүжиглэнхэн бүжих цав цагаахан цасан ширхэгүүд мөнх ногоон гацуур дээр гоёмсог чимэг болон буухуйяа хүмүүний сэтгэлийн чанадад  нуугдан нуугдсан баяр хөөр, гайхалтай тансаг мөрөөдлийг хамтад нь урин бүжиглэх мэт.  Бөглөөгөө мулт түлхэн хөх тэнгэрт хөөсрөн хөөсөрч оргилох амтат дарс, болор жүнзинд эргэлдэн  хөгжилдөн бууж амсар юуг нь халин асгарах нь энэ л мөчийн дэврэн догдлох сэтгэлийг илчлэн бусдыг баярлуулах мэт. Хөнгөн хөгжмийн цоглог аялгуунд хослон эргэлдэх гоёмсог даашинзны хормой, гялалзан гялалзах шаахайн эргэлт улирч буй цагийн хэмнэлийг ирж буй цагийн хэмнэлтэй нь хамтад товшин баясах мэт.
Амьдрал хэмээх их далайн давалгааны нэгэн түрлэг эргээ цохилон эрчлэх мөчийг бид  тэсэн ядан хүлээнэ.  Алсад цайвалзах их далайн мандлыг харахуйяа хараа эс гүйцэвч, сэтгэлийн жолоо гагц тийш л тэмүүлнэ. Тэнд чухам юу байхыг бид эс төсөөлөвч, мөрөөдлийн минь хөлөг онгоц тэр л мандалд  цаг хугацааны урсгалыг сөрөн сөрж хөвнө.
Жил жилийн 12 сарын сүүлчийн энэ өдрүүдийг бид бүгдээрээ сэтгэл догдлон хүлээдэг. Нэгэн он улиран одож нэгэн шинэ он айсаж ирэх мөчийг нас нэмж ухаан тэлсэн сэтгэлээр, намба сууж  сэтгэл тогтсон төрхөөр, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлж сурсан туршлагаар угтана.  Гоёмсог чимэглэлээ дааж ядан сүрлэг залрах мөнх ногоон гацуур модыг тойрон бүжиглэхдээ хамгийн дотно, хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтад байхыг л хүсдэг. Гэгээн сайхан хүсэл мөрөөдлийг минь “бэлэг” болгон алсаас авчирч надад гардуулан өгөх өвлийн өвгөнийг харахдаа баярлан инээж, ирж буй оныг ямагт өөдрөг сайхан учрал, амжилтаар төсөөлнө. Гацуур модыг тойрон бүжих гайхалтай хөөрхөн цасан охидыг өхөөрдөхдөө араас минь нэхэн яваа залуу үеийг мэдрэн, тэднийг хайрлана. Яг л залуу сайхан нас шиг.

Энэ өдөр бүх хүмүүс гайхалтай сайхнаар гоёж, таних танихгүй хэнийг ч болов харан инээмсэглэж, чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэж, бэлэгтэй сайхан ерөөл хэлэлцэх нь “ид шидийн ертөнц” гэлтэй. Үлгэрийн ханхүү, эрхэмсэг гүнжүүд энэ өдөр бие биеэ харан дурлаж, бие биенээ хайрын харцаар харж, бие бие рүүгээ тэмүүлдэг. Үлгэрийн энэ ертөнцөд хэн ч мууг хийж, мууг хэлэлцэхийг хүсдэггүй. Хөөрч догдолсон сэтгэлдээ хэн нэгнийг уучилж, бас ойлгож, бас баярлаж талархсан сэтгэлээ түүнд илгээнэ. Оны сүүлчийн энэ өдөр хүн болгон сэтгэлээ ариусгаж, “ялзарч муудсан төмс”-үүдээ сэтгэлээсээ гарган хаяж, сэтгэлийн гүнд ивлэх сүүн сэтгэлээ бусдад  дээжилдэг юм. Тиймдээ ч оны сүүлчийн энэ өдөр ид шидэт үлгэрийн ертөнцөд, хамгийн хайрлам дотно сайхан хүмүүстэйгээ хамтад цэнгэж шинэ оноо угтдаг юм даа.

Энэ л сэтгэлээр бид шинэ оноо угтахдаа маргаашийн сайханд итгэдэг. Ирж буй шинэ он бидэнд эрүүл энхийг, гайхамшигт хүсэл мөрөөдлийн биелэлийг, амьдрал дахь төсөөлөөгүй хэрнээ дуу алдам сайхан учралуудыг, гэгээн сайхан хайрыг, өөрөө болон өрөөл бусдад сэтгэл ханамжтай амьдралыг авч ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Тийм ээ! Ирж буй 2012 он монголчууд бидэнд олон сайхан учралуудыг авчрах болтугай. Харь оронд ажиллаж алжаасан сэтгэлийг тань баярлуулах болтугай. Уулзалгүй удсан олон хайр, халамжийг учруулах болтугай.
2011 онд надтай хамтад байж, уулзаж учран чин сэтгэлээсээ ярилцаж ойлголцож байсан бүх л дотно анд нартаа, нэгэн зорилгот сэтгэлээр их үйлсийн төлөө хамтран зүтгэж эхэлсэн найз нартаа, миний бичсэн бичлэгүүдийг уншиж надад урам хайрлн дэмждэг бүх дэмжигч нартаа, бас намайг үзэн ядаж муу муухай бүхнээр “цоллон” хорслоо тайлагч зарим хүмүүстээ, миний төлөө сэтгэлээ чилээж байдаг хамгийн дотно хайртай хүмүүстээ, эх орондоо байгаа болон гадаадын олон оронд сурч, ажиллаж, амьдрач байгаа монголчууддаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, эрүүл энх байж, ихийг бүтээж, хайр халамжинд умбаж, аз жаргалаар бялхаж байхын бэлэгтэй ерөөлийг дэвшүүлье. Та нар минь дэндүү сайхан хүмүүс шүү.

Сүү шиг сэтгэл бэлэгдье
Сүлд шиг итгэл бэлэгдье
Гацуур шиг мөнхийг бэлэгдье
Чимэглэл шиг үзэсгэлэнг бэлэгдье
Өвгөн шиг насыг бэлэгдье
Өөдрөг мөрөөдлийг бэлэгдье
Та нартаа хайр бэлэглэе

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
АНУ Вашингтон ДС
2011-12-28

Share Your Thoughts