Алдаа

…Хүүгийн зүрх хүчтэй цохилно. “Одоо яанаа, аав ээж хоёрт юу гэж хэлнээ. Баларсаан”  гэж сэтгэлдээ ч амандаа ч үглэнэ. Санамсар болгоомжгүйгээр, гүйж явахдаа тавиур дээрээс татаад унагаж хагалж орхисон цэцгийн савны хэлтэрхийг яаран сандран түүж байхдаа ийн үгэлж, гараа шилэнд зүсч, цус гарч байгааг ч үл анзаарах. “Яах гэж хүчтэй гүйж байхдаа тавиурыг мөрөгчих вөө, аяархан өнгөрч болох л байсан шүү дээ”  гэж сэтгэлдээ харамсан гэмшивч, бүх зүйл нэгэнт болоод өнгөрснийг, буцааж наах аргагүй ваарны хэлтэрхийнүүд нотолно. “Аав ээж хоёр ирээд уурлаж, намайг загнана, зодож ч магадгүй”  хэмээн айж түгших сэтгэлдээ, орчин тойрныг анзаарах сөхөөгүй. Саяхан л гэрэлтэй, хөгжилтэй байсан орчлон харанхуйлж, түрүүхэн сонсогдож байсан элдэв хөг аялгуу хахир ч болох шиг. Сэтгэл зүрхийг нь гагцхүү айдас эзэмдэж, алдсан энэ л алдаандаа шаналах хүүгийн сэтгэлд бүх зүйл дуусах шиг санагдаж, түгшинэ.
Хийсэн өчүүхэн алдааныхаа төлөө гэмшсэн, айсан харцаар харж, амьсгаа нь дээрдэн, зүрх нь хүчтэй цохилон, “одоо л ирээд цохиод авах байх даа” хэмээн айн бүлтэгнэн орох байх газраа олж ядан тэвдэх хүүхдээ тэр болгон анзаардаг бил үү? бид. Айж тэвдэх хүүхдээ ч анзаарах сөгөөгүй, хагарсан ваарны хэлтэрхий рүү, харамсаж гашуудсан төрхөөр ухасхийж, хайр найргүй үглэнэ.

-Хайран ваар! Чи чинь яасан хайхрамжгүй амьтан бэ? Энэ чинь их үнэтэй шүү дээ, Одоо дахиад олдохгүй ээ. Юманд болгоомжтой гэж би чамд байнга хэлдэг биз дээ гэж зогсоо чөлөөгүй үглэн, бачимдсан уурандаа цохиод ч авч магадгүй.
Энэ л үедээ хүүхдийнхээ гэмшсэн нүдийг ч олж харахгүй, хүүхэд ваар хоёрын аль нь үнэтэй билээ гэдгээ ч эргэцүүлэх ухаангүй. Энэ л уур уцаараараа хүүхдийнхээ сэтгэлийг хагарсан ваарны хэлтэрхий шиг хэмхчиж буйгаа ч бид анзаарахгүй.
Бидний ийм араншин, алдаанд хандах ийм хайхрамжгүй хандлага, хүүхдээ аймхай дорой, арчаагүй хулчгэр. өөртөө итгэлгүй, бусдыг ч хайрлан энэрэх сэтгэлгүй болгож болох юм гэдгийг бид төсөөлдөггүй.
-Өө миний хүү болгоомжтой байхгүй дээ. Гараа шилэнд зүсчихээгүй биз. За яахав, ваар дахиад олдоноо. Харин миний хүүд энэ чинь том сургамж. алив юманд болгоомжтой хандаж байгаарай, хүү минь гэж хэлэхэд л хүүхдийн харанхуйлсан сэтгэлд шууд л гэрэл гэгээ цацарч, аав ээжээ илүү хайрлаж, “дахиад л ийм алдаа гаргахгүй юм шүү”  гэж чин сэтгэлээсээ өөртөө амална.
Алдсан алдаандаа шаналан гэмших хэн нэгний харанхуйлсан сэтгэлд итгэл уучлалаар хандан гэрэлтүүлэх, эс бөгөөс харааж зүхэж, улам харлуулах энэ өчүүхэн зааг, ямхын төдий зөрөөтэй байдаг ажээ.

Алдаа бол аймшигтай зүйл биш
 Монголчууд бид ажил амьдралдаа алдаа гаргасан нэгнээ шоолон тохуурхах, ичгүүрлэн дарамтлах нь олонтаа. Бидний өөр хоорондоо хов болгон, хэн нэгнийг муулан ярих шалтаг нь тэр хүний алдаа байдаг.
Энэ ертөнцөд бүх зүйл эсрэг тэсрэгээрээ хослон байдагт тэнцвэр нь оршдог гэлтэй.
Сайн муу, сайхан муухай, оноо алдаа, жаргал зовлон гээд.  Хүн бүр энэ амьдралд их бага хэмжээгээр алддаг. Харин оноо алдааны аль нь их байна вэ ? гэдэгт л жаргал зовлонгийн хэмжээс байдаг аж. Их алдааныхаа төлөө зарим нэг нь насан туршдаа шаналaн зовж явахад, бага алдаанаасаа нөгөө нэг нь ухаарч хатуужин, улам хэрсүүжиж явдаг гэнэм.
Алдаа хийчихээд, түүндээ шаналж суугаа нэгэнд, энэ хорвоогийн бүх л зүйл хар бараан өнгөөр сүлэгдэж, гарах гарцгүй, мухардах шиг, хорвоо ертөнц  даан ч давчхан, газар даанч хатуу юм шиг л санагддаг. “Тэр үед би жаахан ухаарах минь яалаа” гэдэг харамсал өр зүрхийг нь базлан хэмлэнэ. Тэр үедээ л бусдаас сонссон урам дэмжлэгийн, тайтгаруулж тайвшруулсан үг хэллэг, сэтгэлд нь гэрэл гэгээ болон
сүлэгдэж, итгэл найдвар нь сэргэж, алдаж буй бүхнээ эргүүлж олж авах шиг л болно.
Харин эрхэлж, зөрүүдлэхийн зааг дээр “яадаг юм бэ? би хаашдаа өнгөрсөн хүн”  гэсэн хайш яайшхан бодол насан туршдаа засаж залруулах аргагүй алдаанд хүргэх нь бас бий. Уг хүний алдаа нь улс нийгэм болон олон нийтэд ноцтой хохирол учруулсан бол хуулийн дагуу асуудал шийдэгддэг. Энд хүн нөлөөлж чадах боломжгүй болно гэсэн үг.
Харин ямар ч хүн ажил, амьдралдаа санаатай ба санамсар болгоомжгүйгээс алдаа гаргах нь зөндөө л байдаг. Үүнийх нь төлөө тэр хүнийг байнга дарамтлан гутааж, хов жив болгон, олон нийтэд зарлан гутаагаад байх нь харин зохисгүй үзэгдэл. “Өмдгүй байж, өвдөг цоорхойг шоолов”, “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав”  гэж өнө эртнээс монголчууд ийм үзэгдлийг жишээлэн сургаж байв.
Хүн болгон алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй энэ хорвоод хэн нэгний гаргасан алдаа гэдэг туйлын аймшигтай, гутамшигтай зүйл хараахан биш ээ. Тиим болохоор хэзээд бие биенийхээ гаргасан алдаанд ухаалаг хүлээцтэй хандаж, уучилж, сайхан сэтгэлээр хандаж, итгэж урам өгч байх нь энэ цаг дор их хэрэгтэй байна даа.

   Хүн яагаад алдаа гаргадаг вэ?
-Алмайрал. Хүн анх машин барьж сурч байхдаа их хичээж, хянуур болгоомжтой байдаг ба энэ үедээ алдаа гаргах нь бага. Харин сайн сурсан үедээ хайнга хэнэггүй байдлын улмаас аваар хийх нь элбэг. Алив зүйлийг би сайн хийж чадаж байна хэмээн бардамнаж, анхаарал болгоомж алдсанаас алдаа гаргах нь илүү түгээмэл.
Тийм болоод монголчууд, алив ажлыг хийхдээ байнга анхааралтай байж “Долоо хэмжиж нэг огтол”  хэмээн сургадаг байж дээ.
-Аагирхал. Зарим хүн ажил, амьдрал нь дээшилж, баяжиж, эрх мэдэл ихтэй болох үедээ өөртөө хэтийдсэн үнэлгээ өгч бусдад гайхуулан бардамнаж эхлэхдээ алдаа гаргадаг. “Би бусдаас мундаг, бас илүү”  гэдэг бодол нь бусдаас үнэн үг сонсоход саад болж, бусдаас хэрэгтэй зүйлээ олж харах нүдийг таглаж орхидог. Ийм үедээ хууль зө рчиж, ёс суртахуунаа алдаж, олон муу үйлийг хийх нь олон олон алдаа гаргахын үндэс нь болдог ажээ. Тийм болоод монголчууд “Бардам ам шалдан гуя”  гэж эгдүүцлээ илэрхийлдэг байж дээ.
-Архи. Архийг хүмүүс янз бүрийн шалтгаанаар ууцгаадаг. Сэтгэлийн тэнхээгүй доройдоо, сэхүүн хөөргөн зантайдаа, зугаацан наргиж, зовлон жаргалаа тоочиж гэхчилэн. Архи гэдэг цаг ямагт олон муу зүйлийг араасаа дагуулж байдаг. Хэрүүл маргаан, нус нулимс, хэрэг зөрчил, гомдол гутрал гээд. Архинд толгойгоо мэдүүлсэн хүний алдаа гаргах магадлал нь “эмээллэсэн морь” лугаа адил. Олон олон алдаа, эргүүлж болшгүй гэмшлийн үндэс нь ихэвчлэн архи байдаг ажээ. Тийм болоод монголчууд “Сархад савнаасаа бусдыг дийлдэг”  хэмээн сануулж сургаж ирж дээ.
Санамсаргүй алдаа гаргах олон тохиолдол байдаг хэдий ч санаатай алдаа гаргах шалтаг нь алмайрал, аагирхал, архи гурав байдаг ажээ.
Алдаа бол ухаарал бас боломж юм
-Хүн алдаа гаргах нь тийм ч муу зүйл бас биш ээ. Алдаа гаргасан хүн,  алдаагаа ойлгож гэмшихдээ олон зүйлийг эргэцүүлэн бодно. “Би өөрөөр яаж болох байж вэ?”, “Би яагаад энэ бүхнийг хийчих вэ?”, “Одоо яаж үүнийг засч залруулж болох вэ?”  гэхчилэн олон асуултуудыг өөртөө тавьж хариу олдог. Тиймдээ ч хүн алдаанаасаа ухаарал, сургамж авч сэтгэлийн хат суудаг гэнэ. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм”  гэж монголчууд сургадаг.
-Алдаа заримдаа өмнөхөөсөө сайн үр дүнд хүргэх нь бий. Гаргасан алдааныхаа төлөө сайн муу үр дагаварыг эдэлж явахдаа, өөр илүү сайн боломжийг олж харан сайн сайханд хүрч байгаа хүмүүс зөндөө тааралддаг. Алдаа заримдаа алив зүйлийг арай өөр өнцгөөс харах, өөр илүү боломжийг эрж хайхад хүргэдэг тал бий. Компани нь дампуурсан нэгэн, өөр сайн зах зээл олж, илүү сайн бизнес хийн амжилтанд хүрсэн тохиолдлыг би мэдэх юм. Өөрийн дарамттай амьдралаас болж гэр бүлээсээ салаад илүү сайн нэгэнтэй учран сайхан амьдарч яваа нэгэн бас байх. “Сохорсон биш завшив”  гэдэг ёгт хэллэг ийм утгыг бас агуулах аж.
-Хүн гаргасан алдааныхаа сайн муу үр дагаварыг өөрөө л үүрч явах учиртай. Хүн алдаанд хүргэж болох шийдвэрээ өөрөө л гаргадаг. Өөр нэгэн чиний өмнөөс шийдвэр гаргадаггүй болохоор буруугаа хэн нэгнээс хайж, хэн нэгэнд учиргүй гомдоод байх хэрэг бүр үгүй. Өөрийн гаргасан алдааны чинь төлөө, эцэг эх тань шаналан зовж байхад “ингэх ёстой” мэт аяглан, өрөөл бусдыг буруутган муулж, өөрийгөө өмөөрөн эрхлэнэ гэдэг үнэндээ  арчаагүй явдал. Өнөө цагт ийм залуус олширч буй нь “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу”  гэдгийн үлгэр болж буй.
Төгсгөл
Социализмын үед алдаа гаргасан нэгнийг нийтээр шоолон гадуурхаж, энэ алдааных нь төлөө бүх насаар нь дарамталж, элдэв нэр хоч, давсалж баяжуулсан түүхээр гутаан доромжилдог байсан үе нэгэнт өнгөрчээ. Гэсэн хэдий ч өдгөө бид хэн нэгний алдааг хов жив, элдэв хачраар чимэглэн  бусдад зарлан, элдвээр гутаахыг оролдох үзэгдэл тэгтлээ буурахгүй байгааг “өнгөрсөн нийгмийн үлдэгдэл’  гэж үзэхээс өөр арга бас үгүй.
Санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргасан хүн болгон муу, алдсан алдаа болгон гутамшиг биш ээ. Ухаарч, засаж залруулж, бусдад сануулан сэрэмжлүүлж байдагт алдааны ид шид нь оршдог аж. Харин ч бид бие биедээ найрсаг хандаж, алдсан алдааныхаа төлөө сэтгэлээ чилээж яваа нэгэндээ урам, итгэл өгч, уучилж, бас ухаарахад нь тусалж байх цаг иржээ. Хүн бүр дор бүрнээ хичээвэл болохгүй бүтэхгүй зүйл үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрч болохыг гагцхүү бидний чин зориг мэднэ. Та бүхэн сэтгэлийн амар амгаланг эдлэг ээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-04-10.

Share Your Thoughts