Алдар нэрийн төлөөх хийрхэл ба “Төрийн хүн”

2007 оны 07 сарын 14-ний орой АНУ-ын нийслэл Вашингтон хотын орчим Монголчууд олноороо суурьшдаг Rosslyn-ы ”River Place”-н нэг байрны уулзалтын өрөөнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуайтай хийсэн Монголчуудын уулзалт даруухан болж өнгөрөв. Цөөхөн хүн цугласан хэдий ч уулзалт яриа элэгсэг дотно, чин сэтгэлээсээ , бас хөгжилтэй сэтгэлд дулаахан болов. Уулзалтын дундуур Лувшаншарав гуайн нэр цохон Монголын хөгжмийн ирээдүйн ”од’оор тодорхиолоод байсан хөгжмийн залуу зохиолч Сансаргэрэлтэх тэвдүүхэн орж ирээд, уулзалтын төгсгөлд их зохиолчтой очиж золгоход Лувсаншарав гуай өөрийн эрхгүй уулга алдаж үнсэх нь их урлагийн төлөө л сэтгэл нь чилж явдаг зүрхний нь хөг аялгуу эгшиглэв гэлтэй.

Mонгол нутгаас алдар нэртэй хүндэтгэлтэй хүн ирсэн сургаар л урьж залаад харь газар амьдарч буй хэдэн монголчуудтайгаа уулзуулж, сэтгэлийг нь дэвтээчих гээд л зохион байгуулаад л гүйдэг Д. Энхбөлдын өхөөрдөн ”хэнхэг” хэмээн нэрлэсэн Вашингтон орчмын Монголчуудын холбооны Ивээлт, Дэлгэрцөгт, Ганзориг, Саруул-Эрдэнэ нар л Д. Лувсаншарав гуайг хүндэтгэн үйлчилж бас ч юм юмыг нь зохицуулж, сэтгэлд н^ жаахан ч атугай урам, гэгээ хайрлах гэж мэрийнэ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуай АНУ-д ирж байхад Монгол төрийг АНУ-д төлөөлж багаа ЭСЯ ньмэдэж байгаа ч юмуу үгүй ч юмуу таг чиг.
Энэ бүхнийг харж зогсохдоо хэдий харь газар байгаа ч Монголын төрдөө гомдох сэтгэл төрнө.
Нэгэн зүйл: Жил бүр л Монгол улсын Ерөнхийлөгчийин зарлигаар хичнээн хүнд ”гавьяат”, ”ардын” цол олгож ”төрийн шагнал” олгоно.

Тэр ч байтугай бөхийн цол, морины уяачийн цол, харваачийн цолыг бас л Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Шагналыг дагалдсан сайн муу хэл яриа тасрахгүй. Албатай юм шиг жил бүр ямар нэгэн ой, баяр ёслолоор олгодог шагнал нь хавьтгайрсаар бараг л Монголын 4 хүний нэг нь ямар нэгэн цол гуншин хүртсээр энэхүү төрийн нэрээр олгодог шагналын нэр хүнд үнэхээр унаж гүйцжээ. Сүүлдээ бүр элэг доог болмоор ”тэр дуучин гавьяат цолыг 30 сая төгрөгөөр авч гэнээ” гэх яриа…
Даян аварга цол өгөөгүй учраас зодог тайллаа гэх гоморхол.. Энэ бүхэн юу болж байнаа. Салбарын шагнал бол бүр доромжлол мэт боллоо.
1970-аад оны үед аав минь ”Боловсролын тэргүүний ажилтан” цолыг сургуулиа ”Улсын тэргүүний сургууль”-ийн болзол хангуулсаныхаа дараа л хүртэж байсан бол өдгөө энэ цолыг хэт хавтгайруулснаас олон жил ажилласан багш нар жинтүүн дээрээ хадахын тулд гуйж авдаг болсон нь нууц биш.

Тэр ч бүү хэл ”Боловсролын тэргүүний ажилтан” гэх мэт тэмдгүүдийг Зоос гоёлын зүйлийн дэлгүүрт худалдаалж байгааг ю гэж хэлэх вэ?
Социализмын үед бий болгосон энэ шагналын систем энэ цаг үед тохирохгүйгээр барахгүй хүмүүсийн хоорондын таагүй харьцаа, атаа жөтөө, барьцах, гоморхох зэрэг муу муухай үр дагавраас гадна төрийн нэр хүндийг унагасаар байхнээ.
Чухам энэ утга учиргүй цол хэргэм шагналаас болж ард түмэн тань хийрхэлд автаж төр, төрийн тэргүүн таны нэр хүнд унаж гүйцлээ. Үүнийг зоригтойгоор өөрчилж, хуульчилж, төр хишгээ жинхэнэ ёсоор хүртээх цаг болжээ.
Нэгэн зүйл: Монгол улсын ”гавьяат”, ”ардын”, ”хөдөлмөрийн баатар” цолуудыг хүчингүй болгож, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын төрд гавьяа байгуулсных нь төлөө ”Монгол төрийн …(хөгжмийн зохиолч, их зохиолч г.м) өргөмжлөл олгож, ”Чингис хааны” одон, ”Чингис хааны” алтан гэрэгэ гардуулж байя. Үүнийг хүртсэн гавьяатан Монгол төрийн ”хүн” болж төр ивээлдээ авна гэсэн үг. ”Төрийн хүн”-ий амьдрах орон сууц, унах машин, хамгаалалт г.м бүх асуудлыг төр хариуцаж, харин уг хүн зөвхөн бүтээлээ хийх боломжийг хангана гэсэн үг. Чингис хааны алтан гэрэгэ авсан учраас гадаад оронд зорчих, дипломат паспорт олгож, алба амины ямар ч ажлаар гадаадын аль ч оронд очсон тус улсад суугаа Монголын ЭСЯ хүлээн авч үйлчилдэг байх ёстой. Ингэж гэмээ нь төрийн хүндэтгэл, халамж, иргэндээ хүрч, иргэн нь төрийн төлөө авьяас билэг хөдөлмөрөө зориулна гэсэн үг. 2 тэрбүм хүнтэй Хятад орон 2 тэрбүм хүнээсээ сонгож авсан тамирчин урлагийн авьяастнаа төрийн ивээлд авч, Хятад улсын нэрийг дэлхийд гаргахын төлөө авьяас хөдөлмөрийг нь ашигладаг. 2 сая хүнтэй Монгол оронд үнэхээр авьяас чадвартай хүүхэд залуусаа төр нь сонгож ивээлдээ авч, Монгол орныхоо хөгжлийн төлөө бодлогоо чиглүүлэх цаг болсон бишүү.

Одоо байгаагаас хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай, Жанцанноров, яруу найрагч, зохиолч Д. Пүрэвдөрж, Б.Лхагвасүрэн нарт төр хишгээ хайрлавал араас нь авьяас билгээ чилээж яваа олон авьяастанд урам, бас амьдрал уран бүтээлийн чиг баримжаа болох бизээ. Ямар ч гэсэн энэ 4 хүнийг дипломат паспорт өвөртлөөд тамхины наймаа хийнэ гэж би л лав итгэхгүй. Лувсаншарав гуай Сансаргэрэлтэх дуурийн театруудад хэрэглэдэг зөөврийн, угсардаг төхөөрөмжийг хэрэглэвэл шинэ театр барихаас 100 дахин хямд тусах тухай ярилцахыг сонсоод эдний зүрх сэтгэлд зөвхөн хөгжим л эгшиглэхээс бус ямар ч наймаа, бизнесийн сэтгэлгээ байдаггүйг мэдэрсэн. Лувсаншарав гуайн уулзалтанд ач юмуу зээ нь бололтой залуу хос сонирхогчийн камераар бичлэг хийж харагдсан.
Японы сумо-гийн их аваргууд цүнхийг нь бариад явдаг үйлчлэгч нар олонтой байдаг юм гэсэн. ”Төрийн хүн”-д үйлчлэгч хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Цүнхийг нь бариад бүх уулзалт, санал сэтгэгдлийг нь бичиж тэмдэглээд, видео бичлэг, фото зургийг нь авч баримтжуулаад явдаг бол хожим хойно гэр музей байгуулах гэж айл амьтнаас, ах дүүгээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй хувцас малгай, сандал ширээ цуглуулж явахгүй амар гэж бодогдлоо.
Нэгэн зүйл: Төрийн энэ шагналаас бусдыг нь хуучнаа байгаа бол Засгийн газар, Ям, агентлаг эсвэл академи ч юмуу лгож болно шүү дээ. Гавьяат цолтонтой дүйцэх шагнал, 100 сая төгрөг, салбарын тэргүүнтэй дүйцэх шагнал 50 сая төгрөг дагалдаж байвал, бас хөөрхөн халамж ноогдож байвал нилээд бодитой болно шүү дээ.

Урлаг, спортынхны хувьд бол өөрсдийн акадэми маягийн байгууллага шалгаруулж, өвөрмөгц байдлаар цол шагналаа өгдөг бөйвал илү шударга, хэл ам багатай болно. Лав л кино урлагийн ”Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Буш очиж, ”АНУ-ын гавьяат жүжигчин” цол гардуулахыг хүн төрөлхтөн үзсэнгүй. Харин 1024 бөх барилдсан өнгөрсөн жилийн наадамд гарьд Сумьяабазар түрүүлэхэд хуучин ”арслан цол” олгож байсан журмаа өөрчилж ард түмний хүсэлтээр ”аварга”цол олгож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг бид үзсэн. Үүний барьцаа болгож, ноднин гоморхож ”зодог тайлсан” далай аварга А.Сүхбатад энэ жилийн наадмын өмнөхөн ”даян аварга” цол нөхөж өгч байх жишээтэй. Энэ тоглоом уу шоглоом уу? Бөхийн цолонд хүртэлх энэ шог үзэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч хутгалдаж байх ямар хэрэг байнаа. УЙХ хуулийг нь батлаад өгчихөд цолыг нь Бөхийн холбоо ч юмыы байгууллага нь олгочихож болно биз дээ. Сумогийн их аварга цолыг Эзэн хааны нэрийн өмнөөс гардуулж хүндэтгэл үзүүлдэг. Бид алийн болгон үндэсний юм гэж хуучинтайгаа ингэтлээ зууралдах юм бэ? Энэ байдлаар бид ”гавьяат”, ”тэргүүний” тэмдэг зүүсэн ядруухан амьдралтай авьяастангуудтай, цолны найраа хийж хувийн бизнесээ хөгжүүлсэн бөхчүүдтэй, шинэ зуунд ард түмнээ талцуулж муудалцуулж хийрхүүлсээр хөгжих гэж үү. Энэ шог үзэгдлүүдийг зогсоох, зөв чиглэлд оруулах цаг болжээ.
Та үнэхээр авьяастай, ард олондоо хайрлагдан хүндлэгддэг, тэгээд ухаалаг хөдөлмөрч болбусдаас сайхан амьдрах эрхтэй. Энэ эрхийг тань Монголын төр баталгаажуулах ёстой.
Лувсаншарав гуай таныг дараагийн удаад АНУ-д ирэхэд тань онгоцны буудалд Монголын ЭСЯ, туслахын хамтаар тосч авч тусгай буудалд байрлуулж, буудалд тань Вашингтон дахь Монголчуудын Холбооны ”хэнхэгүүд” тсэтсэг бариж очи золгох болтугай. Монгол Төрийн Сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах