АМАРГҮЙ ЭХЛЭЛ…

ЭХЛЭЛ

Өнгөрсөн намар Чикагогоос Ө.Пүрэвсүрэн над руу утасдан “Америкийн монголчуудын утга зохиолын нийгэмлэг ” байгуулах тухайгаа ярьж, санал бодлоо солилцсон юм. Монгол хэлний сонсголонтой яруу эгшиг, яруу найргийн тансаг уран хэллэг, богино өгүүллэгийн үгсийн нандин хэлхээсийг амтархан уншиж, сонирхож сонсдог, түүнд дурлан шимтдэг олон монголчууд бий болжээ. Жил бүр уламжлал болгон Лос-Анжелосийн “монгол номын сан”-гаас зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам, Денверийн “Тулга” клубээс санаачилж гурван ч удаа өөр өөр хотуудад зохион байгуулагдсан “Америк дахь монголчуудын “Тулга” уран үгсийн чуулган” аажим аажмаар монголчуудыг “уруу татаж” буй. Энэ сайхан санаачлагууд дээр тулгуурлан “Америкийн монголчуудын утга зохиолын нийгэмлэг” байгуулах саналыг залуучууд гаргаж байгаа нь надад таалагдсан.

Энэ санаачлага нь дэмжлэгтэйгээ хамтад хардлагыг дагуулсан. “Хэсэг нөхдүүд нийлээд, олон нийтийн сонирхлыг татаж, дэмжлэгийг хүлээж байгаа “Утгын чимэг” наадам, “Уран үгсийн чуулган”-ы санаачлагыг авч, өөрсдийн нэр төр, амбицдаа ашиглах гэж байна”, “Зохиолчдын Эвлэл” өөрийн салбраа байгуулж, дээрх арга хэмжээнүүдийг өөрсдийн ажил болгож сурталчлах гэж байна”, “Магадгүй зарим нь алдар нэр, гавьяа шагнал авах боломж болгон үүнийг санаачилж байгаа байх” гэхчилэн элдэв хардлага, цуу яриа, талд өнхрөх хамхуул мэт хийсч байв. Надад ч бас иймэрхүү “хар төсөөлөл” байсныг нуух юу байхав. Алив зүйл хоёр талтай байдагчлан нөгөө талаас нь ажиж харах ахул хэрэгтэй санаачлага мэт. Сайхан сэтгэлийн санаачлага дээр нэгдэж болсон юм чинь, мэргэжлийн хүрээнд өргөтгөх нь зайлшгүй хэрэгтэй байв. Нэгэнт үүссэн арга хэмжээнүүд дээр бие биенээ дэмжих дэмжлэг нь ус, агаар мэт чухал. Аялгуу төгс монгол хэлний гайхамшигт илэрхийллийн төлөө монголчууд бид нэгдэж, бие биенээ дэмжиж, хамтрах нь юутай хэрэгтэй билээ.

Ө.Пүрэвсүрэн маань надаас гадна олон ч хүмүүстэй зөвлөлдсөн, учирласан, өөрийн санаагаа ойлгуулах гэж их ч хичээсэн. “Хүн хэлээрээ , мал хөлөөрөө” гэдэгчлэн тал талдаа л нэгдсэн ойлголтод хүрч байлаа. Тэд фейсбуук дээр групп нээж өөрсдийн санаа бодол, зорилгоо тодорхой бичиж,  байгууллагынхаа лого, бэлэгдлийг бүтээж, дүрмээ зохион хэлэлцүүлж амжсан. Л.Мөнхтөр анд маань аль хэзээний л санаа тавин байгууллагын лого бэлэгдлийг хэд хэдэн хувилбраар зурж хэлэлцүүлэв. Байгууллагын дүрэмд Д.Бишүүгарам, Д.Уранзул, Х.Тэргэл нарын санаа, туршлага нь шингээстэй байлаа. Ө.Пүрэвсүрэн маань Монголоос ирэх зочдын урилга болон визний асуудал дээр шаналаастай. Заримдаа “Галаа ах аа, өнгөрсөн намар таны “Уран үгсийн чуулган”-ыг зохион байгуулах гэж зовж байсан зовлонг тань дүү нь биеэрээ амсч байнаа” гэх. Гэхдээ л “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдэгчлэнгээр аажим аажимдаа ажил хэрэг нь бүтэж л байсан. Мэргэжлийн зохиолчид, яруу найрагчид, “дурын урансайханч” бичээчдийг бүгдийг нь л учирлаж урьсан юм билээ.

2014 оны 11 сарын 21 ний орой Чикагод  “Америкийн монголчуудын утга зохиолын нийгэмлэг” байгуулах анхны уулзалтыг хэдий цөөхүүлээ байсан ч хийв.  Ө.Пүрэвсүрэн \Чикаго\, Х.Тэргэл  \Чикаго\, Д.Бишүүгарам \Чикаго\, Д.Дашмөнх \Оакланд\, Х.Лхамжав \Денвер\, Г.Галбадрах \Вашингтон ДС\ нар ирсэн. Л.Мөнхтөр \Лос-Анжелос\ хотоосоо машинаар гарч, Н.Билгүүн \Миссури\ мотоциклээр гарч замдаа яваа болохоор тэднийг ирж оролцсонд тооцож болохоор. Ирж санаа бодлоо солилцох хүсэлтэй олон ч уран бүтээлчид, Америк оронд “амьдралаа залгуулах” учир шалтгааны улмаас боломж нь тохиосонгүй. Ирсэн хүмүүс чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсан. Их замын эхэн дээр “сайн муугаа” ч ярилцаж, сэтгэлээ онгойлгон, итгэлээ тээдэг нь монголчуудын зан. “Монголчуудын эв нэгдэл”-ийн төлөөх зовинол биднийг нэгтгэж байсан.

Удтал ярилцсаны эцэст:

“Америк дахь монголчуудын Утга зохиолын нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлд

1. Дашдоржийн Дашмөнх  \Оакланд\  зохиолч
2. Хайнзансамбуугийн Лхамжав  \Денвер\  “Тулга” клубийн санаачлагч, яруу найрагч
3. Өлзийбатын Пүрэвсүрэн \Чикаго\ яруу найрагч, сэтгүүлч
4. Хулганайн Тэргэл  \Чикаго\ яруу найрагч
5. Бэгзсүрэнгийн Ган-Энхбаяр  \Лос-Анжелос\  “Монгол номын сан” гийн санаачлагч нарыг сонгов

Удирдах зөвлөлийн даргаар Х.Лхамжав, нийгэмлэгийн тэргүүнээр Ө.Пүрэвсүрэнг тус тус сонгож баталлаа.

“ЯРУУ ҮДЭШ”

Шинээр байгуулагдсан “Америк дахь монголчуудын Утга зохиолын нийгэмлэг” хэмээх шинэ өргөөний хойморт  “Монгол Улсын Төрийн соёрхолт”, “Ардын уран зохиолч” “Соёлын Гавьяат Зүтгэлтэн” Б.Лхагвасүрэн, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Д.Нацагдоржийн шагналт” зохиолч, судлаач Ц.Буянзаяа, “Д.Нацагдоржийн шагналт”, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх, “МЗЭ-ийн шагналт” яруу найрагч Р.Эмүжин, “МЗЭ-ийн шагналт” хүүхдийн зохиолч, МҮОНТв-ийн редактор Б.Нацагдорж,  Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “МЗЭ-ийн шагналт” яруу найрагч Л.Эрдэнэбат, “МЗЭ-ийн шагналт” яруу найрагч М.Саруулдалай нар залран, ертөнцийн чихнээ сонсголонтой аялгуут сайхан монгол найргаар үзэгчдийн сонор, мэлмийг мялаав. МЗЭ-ийн УЗ-ийн дарга Ц.Буянзаяа, МЗЭ-ийн 22 дахь салбар алс холын Америк оронд байгуулагдаж байгаад баяр хүргээд алд цэнхэр хадган дээр “Америк дахь монголчуудын Утга зохиолын нийгэмлэг”-ийн тамгыг Х.Лхамжав, Ө.Пүрэвсүрэн нарт гардуулан өглөө.

Дуу хуур, шүлэг найргаар хөглөгдсөн энэ үдэш, яруухан сайхан байлаа.  “Өнжүүлийн хөх чулуу” Б.Лхагвасүрэн гуай, “Бурханд зөвлөлгөө өгдөг” Б.Галсансүх, гоо үзэсгэлэн нь эрхэмсэг донжтойгоо зохицсон Р.Эмүжин, албархуу хэрнээ эгэл Ц.Буянзаяа, үргэлжилсэн үгийн “сийлбэрч”, “Паанан” Д.Энхболд, “Чөтгөрийн гүнж” Х.Тэргэл, хүүхэд шиг цагаахан сэтгэлтэй, үргэлж залуугаараа Б.Нацагдорж, яруу найрагч Л.Эрдэнэбат, М.Саруулдалай нартай хамтад нэгэн үдшийг цэнгэж өнгөрөөх боломж тэр болгон тохиох бил үү. 11 сарын 22 ны нэгэн үдэш Чикаго хотноо ингэж тохиосон нь Монголын их утга зохиолд элэгтэй, сэтгэлдээ ямагт үгсийн сайхныг хэлхэж явдаг хүмүүсийн ач тус. Харь нутагт ажилдаа чилсэн сэтгэлийг үгсийн яруу тансагаар аргадав тэд, элгэн саднаа санаж бэтгэрсэн сэтгэлийг үгэнд шингээсэн ухаанаар сүлэв тэд, эх орондоо тэмүүлсэн зүрхийг элдэв хачиргүйгээр учирлан урив тэд. Номын худалдаа, зохиолчидтай хамтад авахуулсан дурсгалын зураг, зэрэгцэж суугаад сэтгэлийн үгээ хэлэх мөч, баярлаж бахадсан сэтгэлээр өргөсөн хундага дарс бүхэн яруу үдшийн “хачир” нь байв.

Америк оронд ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг зорих зохиолын болон рок дуучид, хошин шогийн хамтлаг жүжигчдээс гадна Монголын нэртэй зохиолчид, яруу найрагчид зочлон ирэх болсон нь их завшаан. Тэр болгонд Монголын их утга зохиол, яруу найраг дуурсаж байдаг юм. Хичнээн цаг сонсож суувч уйдах нь үгүй монгол найраг, хичнээн ихээр залгилавч согтох нь үгүй монгол сэтгэл, хичнээн ихээр догдловч цалгих нь үгүй монгол зүрх. Биднийг “монгол” хэмээн бусдаас ялгаж, “монгол” хэмээн огшоож, “монгол” хэмээн дархалж байдаг утга зохиол, яруу найраггүйгээр бид хэн болох билээ. Их цэнгүүний маргаашийн өдөр Чикаго хотноо үйл ажиллагаагаа эрхэлдэг “Ану маркетинг” компаны Т.Сэргэлэнцэцэг “Ёстой гоё, Чика гоё” нэртэй зохиолчидтой хамтдаа аялах аялалыг зохион байгуулсан. Америк оронд “монгол бренд” -ийг бий болгохоор зорьж байгаа “Ану маркетинг” компани, “Ёстой гоё” аялалыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, хүмүүсийн сэтгэлд ойртуулж байгаа нь амжилтын эхлэл.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

“Америк дахь монголчуудын Утга зохиолын нийгэмлэг” байгуулахаар зориг гарган, сэтгэл шулуудаж, их хичээл зүтгэл гаргасан Ө.Пүрэвсүрэн болон түүний итгэл нэгт багт баярлалаа. Мэдээж амаргүй байсан ч тэд ачааны хүндийг үүрч гарсан. Алив зүйлийг санаачлах амархан ч, хийж гүйцэтгэн ажил хэрэг болгох амаргүй. Сэтгэл хиртээх элдэв яриа, урам хугалах муу үгс бишгүй л гардаг. Нэгэнт холын жинд ачаагаа татаж амжсанаас хойш, аян замд учрах элдэв саад бэрхийг тоож яана. “Жингийн цуваа явж л байдаг, жингэрийн ноход хуцалдаж л байдаг”. Алс холын аянд цээж гэдгэр, толгой дээгүүр явдаг нь монгол зан. Тэртээд сүүмэлзэх холын уулс, жигд алхаатай жингийн цуваанд гүйцэгдэн, ард нь үлдэж хоцордог. Түүн лугаа алдаа оноо, амжилт гутралын аль алинд нь адил байваас эцэж цуцах нь бага.

Монголчууд бидний эв нэгдэл, тэр тусмаа харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудын нэгэн эвлэлдэл Монголын утга зохиолын тулгыг тойрч байгаа нь юутай сайн. Эх болсон монгол хэл минь монголчууд бидний дархлаа. Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь чин зоригт өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн мартаж болшгүй соёл. Энэ их соёлыг хойч үедээ өвлүүлж үлдээх нь өнөөгийн монголчууд бидний үүрэг. Чухам үүний төлөө л алс холын Америк оронд “Утгын чимэг” наадам, “Уран үгсийн чуулган” өчнөөн олон сайхан сэтгэлийн гал дээр зохиогдож байдаг юм шүү дээ. Үдшийн бүрийгээс үүрийн гялбаа тохиотол монгол өгүүллэг, яруу найргаа сонсож сэтгэлийн чанадад шүүрс алдан, сүү ивэлгэн суудаг юм шүү дээ. Ажлаа зохицуулан байж, зардлаа гарган байж нэгэн үдэш сэтгэлийн цэнгэлийг эдэлдэг юм.

“Амжилт хүсье” гэдэг бол албархуу хэллэг. Аливаа сайн санаачлагыг дэмжинэ гэдэг бага зүйлээс л эхэлдэг. Сэтгэлээ чилээн шаналган байж зохион байгуулж байгаа арга хэмжээнд нь мөнгөө төлөөд л оролцоход  л дэмжлэг болно. Өөрт тань таалагдаж, сайхан сэтгэл төрүүлсэн бол “чамд их баярлалаа, сайхан байсан шүү” гээд хэлчихэд л хүмүүс баярлаж, дараагийн удаад улам л хичээдэг. Ажлаа барж ядан явахад нь “би чамд юугаар тус болж чадах вэ?” гэж асуухад л бүх ажил нь бүтчихсэн юм шиг л сэргэдэг. Хэдийгээр зохиолч биш, яруу найрагч биш, сэтгүүлч биш ч бичсэн элдэв бичвэрүүдийг минь үнэлж, надад итгэж, надад хандсан та нарт их баярлалаа. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэгчлэн өөрийн чадах зүйлээрээ та нарын сайн санаачлагыг дэмжинээ. Монголын их утга зохиолын ачааг тэгнэн, холыг зорихоор хөдөлж буй та нарын ачаа тань татлага сайтай, хөсөг тань алхаа жигд байг ээ.

Share Your Thoughts