Амар олдсон мөнгө

…Казинод тоглж байгаа хүн, тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50$ нь, 100$ бүр 500$ болж өссөн ч “одоо боллоо” гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт, амар олдсон мөнгө нь, түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулж, 1000$, 5000$ л нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна. Буцаан алдаж эхлэх үедээ, “за яахав, энэ чинь зүгээр л олдож буй мөнгө шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулан аргадах.
Сэтгэлд нь одоо л их мөнгө олох хүсэл асч, нүдэнд нь шуналын гал бадамлах энэ мөчид, түүнийг хэн ч, юу ч үл зогсоож чадах. Эцэст нь анх тоглосон 50$ дээрээ, аз гийж олдсон 500$ нэмж алдаад, шархаа нөхөх гэж нэмж , 100$ алдсаны дараа л “юу болоод өнгөрчих вөө” гэж бодох дор, сэтгэлийн хяналт нь эргэж ирнэ.

Шартсан сэтгэлээ, шар айргаар даруулж, давчидсан амьсгал, даварч догдолсон хөөрлөө намдаах зуур, “за яахав, амар олдсон мөнгө шүү дээ” гэж өөрийгөө тайвшруулсан ч, далд сэтгэлийн угт нь бяцхан харамсал сүүмэлздэг. Хүн гэгч бодьгалийн, хөөрөл догдлол, шунал мөрөөдөл. хор шарын ийм л алдаан дээр казино хөгждөг юм даа.
Өдгөө АНУ-д, Солонгост, Монголд ажиллаж амьдарч байгаа олон монголчууд, “казино” гоор өвчилж, ажил амьдрал, цаг хугацаа, хүсэл мөрөөдөл, их мөнгөө алдаж байгаа тухай сонсогдож л байна. Зовж хөдөлмөрлөхгүйгээр их мөнгө олох хүсэл, олж алдаж буй тэр л хэмжээгээрээ, тэр л хүмүүсийн хүсэл мөрөөдлийг унтрааж, үнэ цэнийг нь алдагдуулж буй. Энэ тухай, зохиолч Д.Энхболд “Казиног номхотгосон түүх” номондоо мөн ч сайхан өгүүлсэн дээ. Казино, мөрийтэй тоглоом гэдэг, зарим хүнийг яг л архинд орсон хүн шиг л донтуулан, солиоруулдаг гэнэм.
Казино, мөрийтэй тоглоом гэхчилэн, нэгэн цаг дор, амар байдлаар олдож буй их мөнгө, шунал ассан нүдний тань өмнүүр, хүн хүний гар дамжин, тохуурхан даажигнан өнгөрөх бүрдээ, таны ямар их хүсэл мөрөөдөл, үнэ цэнийг тань авч оддогийг та анзаардаг уу? Давчхан энэ орон зайд, ядмагхан оюун санаанд тань ямархан их шунал, атаа хорсол, хор шар оволзуулж байдгийг та мэдэрдэг үү?
Амар олж, алдаж байгаа энэ мөнгө, таны хүсэл мөрөөдөл. үнэ цэнийг ч мөн адил авч оддог.
…Зах зээлийн гэж нэрлэгддэг энэ нийгэмд, хүн бүр өөрт буй боломж, чадал, чадвараараа мөнгө олж, амьдралаа авч явах учиртай. Зарим бүсгүйчүүд энэ боломжоо, эцэг эхээс заяасан бие, өнгө зүсээ гэж тооцон, үнэлж худалддаг болсоор удаж буй.
Хаа нэг газар хөлс хүчээ урсган зовж, хэдэн төгрөг олж байснаас, хэн нэгний хүсэл тачаалыг хангаж, нэгхэн хормын дотор их мөнгө олж байгаадаа тэд гайхуулан бардамнадаг байж магадгүй. Ганган чамин янжуур гартаа барьж, утааг нь цагираглуулан үлээж, хэн нэгэн эрхэмтэй шалиг, наалинхай үгс хэлэлцэж байхдаа, ярьж буй хүний яриаг бус, хэдхэн хормын дараа олж болох мөнгөө л тооцож, сэтгэлдээ мансуурна. Яг л энэ хандлагаараа, өөрт нь хандан, ухааруулах гэж хэлж буй хэн нэгний чин сэтгэлийн үгсийг, шоолон тохуурхан сонсох төдий өнгөрөөхдөө, энэ бие, өнгө зүсээ өнө мөнхийн юм шиг л санах.

Жаргаж цэнгэж, наргиж наадаж явах үедээ ямархан их боломж, хүсэл мөрөөдөл, үнэ цэнээ алдаж буйгаа ухаардаггүй. Өнгө мөнгөнд хүлэгдэж, өөрийн сайн сайхнаа, маргаашийн гэрэл гэгээгээ алдаж буйгаа мэдэрдэггүй.
Цагийн эрхээр өрөөл бусдад гологдож, үнэ цэнээ алдаж эхлэхдээ, амар олдож байсан тэр мөнгө, ямархан их үнэ цэнэ, сэтгэлийг нь худалдаж байсныг анзаардаг. Тэр үедээ л, эргэж олдохгүй болсон хайр халамж, дотно сэтгэлийн энхрийхэн атлаа чин сэтгэлийн үгсийг, гундаж цөхөрсөн царайгаа гуниглан тольдож суухдаа үгүйлдэг юм даа. Амар олдсон энэ л мөнгө, таны өнгө зүс, гоо сайхныг, хүсэл мөрөөдөл, боломж, үнэ цэнэтэй чинь хамтад нь авч оддог аж.
…Өөрөө хөдөлмөрлөж, өөрийгөө зовоохгүйгээр өрөөл бусдын хөдөлмөр бүтээл. мөнгийг хулгайлан амьдрагсад цөөнгүй бий. Хэн нэгний халаас, цүнх хээ нэгтэйгээс хулгайлан авсан мөнгөөрөө, хоногийн хоол, түр зуурын цэнгэл олж ававч, нөгөөдөр нь мөн л хоосон хэвээр… Өөрөө зовж, хөдөлмөрлөхийг хүсэхгүй хэрнээ, өрөөл бусдын хөдөлмөрийн хөлс, үр шимийг хулгайлж байхдаа, ямархан их итгэл сэтгэлийг хулгайлж байгаагаа анзаардаггүй. Арчаагүй дорой тэд, энэ л үйлдэлдээ өөрөө баясч, өрөөл бусдад гайхуулавч, дотор сэтгэлдээ хиртэж, энэ хирэндээ айдас, мөнхийн түгшүүр шингээж явдагаа бас мэдрэхгүй.
Үүн лугаа адил, заль мэх, луйвар, хууль бус аргаар баяжигсад, хүн чанар, нинжин сэтгэлээ адилхан л хулгайлж байдаг. Өнөө тэд “чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн бардамнавч, цаг хугацаа нэгэн хоромд бүхнийг шүүж, маргааш юу болон хөрвөхийг төсөөлөхгүй.

Тэд зовж бус, зальдаж олсон мөнгөөрөө гоо бүсгүйчүүдийг худалдан авч, казинод тоглож үрж байхдаа огтхон ч харамсдаггүй. Хааяадаа “эх оронч” дүр эсгэн, хаа нэгтээ суварга босгож, харшиж ядарсан нэгэнд хэдэн зоос чулуудахдаа, сэтгэл нь харин дэвтдэггүй. Өөрийнх нь амьдрал утгаа алдаж, өрөөл бусдад гайхуулан бардамнаж явахдаа, өргөн олонд тус болох их үйлс, үлгэрлэн дагуулах их боломж, өөрийн нэр төр, үнэ цэнээ алдаж буйгаа ухаарахгүй. Хулгайлж луйвардаж, амар олдсон их мөнгө нь, тэр хүний хүн чанар, итгэл сэтгэл, үнэ цэнийг нь хамтад нь авч оддог аж.
Амар аргаар их мөнгө олж буй нэгэн, мөнгийг үрэн таран цацахдаа огтхон ч харамсдаггүй юм. Аргагүй шүү дээ! Хүний хөдөлмөрийг үнэлж байдаг тэр л мөнгөний нэгж дээр дуссан, хөлс хүч, сэтгэл зүтгэлийг мэддэггүй юм тэд…Өөрөө хөдөлмөрлөж зовохгүй атлаа, өрөөл бусдын зовж олсон мөнгийг үрж, тарааж суухдаа харамсдаггүй олон хүмүүс бий болж дээ. Яг л паразит шиг…
Харин тэд ийм мөнгийг, өөрийн сэтгэл зүрхний хорслыг илэрхийлэн хайр гамгүй цацахдаа, ямархан их хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, чин сэтгэлийн аз жаргалаа хамтад нь цацаж буйгаа анзаарахгүй.

Зовж олсон мөнгө
Хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байж. олсон мөнгөө гартаа барьж байхдаа ямар их аз жаргалтай байдаг гээч. Энэ мөнгөн дээр дуссан хөлс хүч, сэтгэл оюунаа мэдрэх бүрдээ, өөрөөрөө бахархаж, өөртөө итгэх итгэл нь илүү мэдрэгддэг.
“Би ч мундаг байна шүү” гэдэг үгийг, энэ мөнгийг гартаа атгаж байх мөчдөө, чин сэтгэлээсээ баяртайгаар хэлдэг. Энэ мөнгөөр өөрийн хүссэн зүйлээ худалдаж авч байхдаа, хайртай хань, алаг үрс, аав ээжээ баярлуулж байхдаа л жинхэнэ сэтгэл хангалуун байж чаддаг. Жинхэнээрээ шүү!

…Хими цэвэрэлэгээний газар, яг л халуун ууранд байгаа мэт орчинд, цэвэрлэж индүүдэж, эвхэж өлгөж ажиллахдаа, хичнээн амаргүй байвч, хүмүүсийн цэвэр цэмцгэр хувцасыг харахдаа баярлана.
…Хоолны газар борви бохисхийлгүй хөдөлж, угааж арчиж, зөөж үйлчилж, шал угааж цэвэрлэж байхдаа хичнээн ядарч байвч, хоол идээд гарч буй хүмүүсйин, сэтгэл хангалуун, цадаж ханасан царайг харахдаа сэтгэл нь ханана.
…Чулууны үйлдвэрт хөрөөдөж, хуурайдаж, өнгөлж, угсарсны дараа хийж бүтээсэн бүтээлдээ сэтгэл нь ханана. Гэрийн эздийн баярлаж хөөрч, бахдаж дуу алдахыг харахдаа, өөрөөрөө бахархана.
…Өдөржингөө “хонгор азарга” эрүү шүүлтийн адил, дөрвөн мөчиндөө нумарч шал шахахдаа, ядарч эцэж байвч, цэлгэр уудам тэр л тасалгаа, өөрийнх нь хөдөлмөрийн үрээр хичнээн гоёмсог, тансаг болсныг харахдаа, өөрийн эрхгүй гайхан биширнэ.
…Үгэлж дуулж, зовж шаналж байж сургасан шавь нь, хожим нэр алдартай, гайхам бүтээгч нэгэн болоход, баярлаж бахадсан сэтгэлдээ дуу алдан үнсэхдээ, дотор сэтгэлдээ “тэр үед гомдоож байсан болов уу” хэмээн битүүхэн шаналдаг.
Хүн өөрийн чадал боломжоороо, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байж олсон мөнгө гэдэг, тэр хүний үнэ цэнийн илрэл, баяр бахадлын хэмжүүр байдаг аж. Бас хүсэл тэмүүлэлийнх нь хөшүүрэг, урам зоригийнх нь тулаас байдаг аж.
Өөрийн хөдөлмөр зүтгэлийн хөлсөөр худалдаж авч буй бүхэн даанч үнэтэй, бас бардам. Ичиж зовох зүйл огт үгүй. Тэр мөнгөний нэгж болгон нь үнэтэй. Тэр нэгэн нэгж дээр дуссан хөдөлмөр зүтгэл, сэтгэл бүхэн нь дэндүү үнэтэй. Тийм болохоор тэд мөнгөний үнэ цэнэ, бас өөрийн үнэ цэнийг дэндүү сайн мэдэрдэг.

Төгсгөл
Мөнгийг олох амархан, бас амаргүй ч түүнийг тогтоон барина гэдэг их ухааны хэмжүүр аж. Монголд ардчилсан хувьсгал ялж, бүх өөрчлөлтийн эхлэлийг тавьж байсан 1990 оны тэртээд олон ч хүн баяжиж, олон ч хүн ядуурсан. Цаг цагийн шалгуураар, тэр нэгэн цагт амар аргаар баяжсан нэгэн өдгөө цагт хоосорч, хүнд хэцүү цагт хөдөлмөрлөж зүтгэж байсан нэгэн баяжсан нь ч бий.
Амар аргаар, хичээл зүтгэлээр олсон мөнгө бүхэн үнэтэй. Харин мөнгийг захирч, тогтоон барьж арвижуулах гэдэг амаргүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдан авч, өөрийн хэрэгцээгээ хангаж буй энэ цаг дор, хэн бүхнээс ихээхэн ухаан, тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаардах болж дээ.
Харин мөнгөөр худалдаж авч болдоггүй олон зүйл байдаг аж. Энэ бол чин сэтгэлийн хайр халамж, хүн чанар, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэвчээр, ухаан юм.
Зовж олсон бүхэн нэгэн цагт жаргал больюу
Амар олдсон бүхэн нэгэн цагт зовлон больюу
Мэргэн таны ухаан мэдтүгэй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-07-17

Share Your Thoughts