Америкийг зорин ирж яваа “Аяны шувуу”

…Буцах цагийн хуйсганасан бодол хүний сэтгэлийг чилээдэг. Буцаж алсын нутгийг зорих шувуудын зэллээ, ганганаа хүний сэтгэлийг гуниглуулдаг. Амьдрал тэр л хэмнэлд нэг л дүнсгэр бодлогoширч, хааяадаа санаа алддаг.
Монгол нутгийг минь зорин, алсаас ганганалдан ирж, зунжин цэнгээд намартаа буцан одох шувуудын хэд нь эргэж ирж, хэд нь эргэж үл ирдэгийг  бид тоолдоггүй, бас анзаардаггүй.  Шувуудын уянгалаг ганганаа, гайхамшигт хөг аялгуу үргэлжлэн үргэлжилж дуурсах авч, тэр дундах нэг л содон хөг эгшгийг бид хааяадаа анзаарч, заримдаа үгүйлдэг.

Эхлэл…

Aялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
Амраг минь чи минь
Дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл
Дуугаа дуулаач
…Айсуй цагийн бударган бодол хүний сэтгэлийг сэргээдэг. Алс холын нутгаас зорин ирж, ус нууранд цэнгэн ганганалдах шувуудын  ганганаа хүний сэтгэлийг уяраадаг. Амьдрал тэр л хэмнэлд аз жаргал, дуу хуур, хайр энхрийллээр бялхаж эхэлдэг.

…Буцах цагийн хуйсганасан бодол хүний сэтгэлийг чилээдэг. Буцаж алсын нутгийг зорих шувуудын зэллээ, ганганаа хүний сэтгэлийг гуниглуулдаг. Амьдрал тэр л хэмнэлд нэг л дүнсгэр бодлогoширч, хааяадаа санаа алддаг.
Монгол нутгийг минь зорин, алсаас ганганалдан ирж, зунжин цэнгээд намартаа буцан одох шувуудын хэд нь эргэж ирж, хэд нь эргэж үл ирдэгийг  бид тоолдоггүй, бас анзаардаггүй.  Шувуудын уянгалаг ганганаа, гайхамшигт хөг аялгуу үргэлжлэн үргэлжилж дуурсах авч, тэр дундах нэг л содон хөг эгшгийг бид хааяадаа анзаарч, заримдаа үгүйлдэг.
Тэр мөчид алсаас эргэж ирээгүй түүнийг эргэн санаж, сэтгэлд шингэж үлдсэн уянгат хөг аялгуунд нь уусан уярна. Шувуу болгон өөр өөрийн хөг эгшгээр дуулах авч, түүн дотроос илүү гайхамшигтай, илүү содон нэгнийг бид мартдаггүй, мартах ч аргагүй.
Тэр эргэж ирээгүй ч, түүний гайхамшигт аялгуу нь мөнх хөх тэнгэрт дуурссаар, шингэж үлдсээр… Энэ бол аугаа гайхамшигт авьяас билэг буюу.

240x200

ЗУНДУЙН ХАНГАЛ   /1948-1996/
Монголчууд бидний сэтгэл зүрхэнд шингэж үлдэн, үе цаг улирах тусам мартагдах бүү хэл, улам улмаар  уянгалан дуулагддаг дууны нэг нь 20-р зууны нэрт хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсаны зохиосон “Aяны шувуу” дуу. Хайртай эхнэртээ зориулан зохиосон энэ дууг нь сөөнгөдүү хэрнээ, өвөрмөц уянгалаг хоолойгоор дуулж олонд хүргэсэн дуучин Төмөр агсаны дуулснаар бид сэтгэлдээ шингээсэн.
З.Хангал агсаны дотны анд, үнэнч сайхан сэтгэлтэй, кино найруулагч “Aрдын жүжигчин”  Г.Жигжидсүрэнгийн, найзынхаа дурсгалд зориулан бүтээсэн 4 бичлэгийг бүх л шөнөжингөө үзэж, сонсож суухдаа нэг л гайхамшигтай ертөнцөөр аялах мэт сэтгэл ихэд сэргэлээ. 48 жил энэ хорвоод ирж үдлээд буцахдаа ямар ихээр хөдөлмөрлөж, ямар олон гайхамшигт аялгуунуудыг бидэнд үлдээснийг бид тэр болгон анзаардаггүй аж.

Хөгжмийн бүх төрлөөр тэр дундаа киноны 20 хөгжим, бүжгэн жүжгийн хэд хэдэн том бүтээл, драмын 10 орчим жүжгийн хөгжим, нийтийн 30 орчим дуу, дан хөгжмийн 30 орчим бүтээлүүдийг туурвиж амжсан гэхэд  үнэхээр бахархмаар. 1990 онд “Чавхдаст хөгжмийн дөрвөл”, “Хийл, найрал хөгжмийн концерт”, “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртжээ.
Өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн бүх “томчууд” нэгэн сэтгэлээр, түүнийг өвөрмөц авьяас билэг, онцгой мэдрэмжээрээ гайхуулан бишрүүлж байсныг хүлээн зөвшөөрч байлаа.  Н.Жанцанноров гуай “Түүний бүтээлүүд минийхээс өөр, гэхдээ бүх аялгуунууд нь яг л дуугарах ёстой газраа, яг л өөрийн хэмнэлээр эгшиглэдэг. Миний бүтээлүүдийг Ази талдаа их сонирхож, тоглодог байхад, Хангалын хөгжмийн Европ, Америк талдаа илүү сонирхож тоглодог” гэж өгүүлнэ билээ.
Түүний “Салхич шувуу” хөгжмийг сонсоход аялгуу хэмнэлээрээ өөрийнхөө тухай хүүрнэх мэт надад санагдсан.

М.Горькийн “Салхич шувуун дуун” гэдэг зохиолоос сэдэвлэсэн гэж зарим хүмүүс дүгнэж байсан. Огцом нүргэлж, хааяадаа намуухан эгшиглэж, заримдаа баярлаж гиниглах мэт тэр аялгуу бидэнд, хүний амьдралын зовлон жаргал, баяр гунигийн тухай хүүрнэх мэт…Хүний сэтгэлээс эгшиглэж байгаа хөг аялгуу гэдэг ямархан гайхамшиг, ямархан их өгүүлэмжтэй болохыг тэндээс мэдэрч болмоор.
Түүнийг хүн болгон “яг л жинхэнэ монгол эр хүн” гэж дүгнэн дурсаж байсан. Илүү дутуу нялцгар зангүй, хэнд ч хэлэх гэснээ хэлчихдэг, найзуудаа хэрэгтэй цагт нь магтаж, хэрэгтэй цагт нь голж чаддаг байсан нь энэ дүгнэлтийн үндэс нь байх. Ийм уянгалаг гайхамшигт аялгуу эгшгийг бүтээж чадсан хүний сэтгэлийн орон зайд муу муухай зүйл байдаггүй гэдэгт би итгэдэг. Уйгагүй хөдөлмөр, өөрийнхөө бүтээлийн төлөөх сэтгэлийн шаналал, зовиурыг ч мэдэрч байна.

Хайртай эхнэр, амьдралын хань, бүх л зовлон жаргалынх нь цорын ганц гэрч Ягаанцэцэг нь архины тухай их л харамсангүй өгүүлж байсан. “Монголчууд бид сайн яваа нэгнээ уулзаж учрах болгондоо магтаалаар “булж”, архиар “даруулдаг” гэж…
Энэ үгэнд их харамсал, гуниг шингэсэн байлаа. Гэхдээ аугаа хүн ямагт аугаа хэвээрээ байж, аугаа хэвээрээ хүмүүсийн сэтгэлд үлддэг. Цаг хугацаа улирах тусам түүний бүтээлүүд л мөнхрөн үлддэг. Энэ бүтээлд нь тэр хүний баяр баясгалан, зовлон шаналал нь шингээстэй байдаг юм даа.
З.Хангал агсаны дүү З.Зундарь, хүү Х.Булган нар бүгдээрээ л Монголын хөгжмийн урлагийн ертөнцөд өөр өөрийн орон зайтай. Тэд алсын алсаас эргэж ирээгүй ч тэдний сэтгэлийн хөг эгшиг нь эгшиглэсээр…Тэр гайхамшигт хөг аялгуу, эгшиг нь өдгөө Монголоор ч зогсохгүй энэ дэлхийн олон оронд эгшиглэж байгаа. Бидний сайн мэддэг, аялах дуртай “Аяны шувуу”, “Салхич шувуу” болон олон олон гайхамшигт аялгуунуудыг дагуулсаар Америк орныг зорин айсуй.

Америкт болох тоглолт
Өдгөө Америкт ажиллаж амьдарч байгаа циркийн нэрт жүжигчин МУГЖ Ягаанцэцэг, өөрийн хань З.Хангал, хүү Х.Булган нарын дурсгалд зориулсан хүндэтгэлийн концерыг 11 сарын 28 наас 12 сарын 04 ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС, Чикаго хотуудад зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг дэмжиж кино найруулагч “Ардын жүжигчин” Г.Жигжидсүрэн, зохиолч яруу найрагч Ш.Гүрбазар, ач охин Булганы Сарнайцэцэг, Монголын рок рорын тэргүүн “Харанга” хамтлаг болон хэд хэдэн уран бүтээлчид Монголоос ирэх аж.
-Залуу үеийн уран бүтээлийн хэсэг
-Монгол кино ба уран бүтээл
-Дан хөгжмийн бүтээлүүд
-Драмын уран бүтээл
-Балет ба циркийн урлаг
-Рок ба гэр бүл
гэсэн 6 хэсгээс бүрдэх энэ хүндэтгэлийн тоглолтод балетийн нэрт бүжигчин МУГЖ Д.Алтанхуяг, яруу найрагч Б.Ичинхорлоо, дуурийн дуучин Э.Саран, Ж.Болормаа, төгөлдөр хуурч Б.Мөнхшүр, Ж.Хадбаатар жүжигчин Алтанбагана, Болдбаатар нар болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа бүжигчин, хөгжимчин олон уран бүтээлчид оролцоно.

Тоглолтыг АНУ-дахь Монголын ЭСЯ, Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо, Чикаго хотын Монголчуудын Холбоо зохион байгуулж, ерөнхий найруулагчаар Өлзийсайхан ажиллаж байна.
Ямартай ч эх нутгаасаа алсад ажиллаж амьдарч байгаа Америкийн монголчуудад монголын хөгжмийн урлагийн том төлөөлөгчдийн уран бүтээлийн бүрэн хэмжээний тоглолтыг үзэх завшаан тохиож буй. Бидэнтэй адил харь нутагт ажиллаж амьдарч байгаа Ягаанцэцэгийн сэтгэл, зүтгэл шингэсэн хөдөлмөр энэ боломжийг бидэнд олгож буй. Ийм боломж бидэнд олон тохиохгүй.
Та сэтгэл гарган морилон ирэх аваас, нэгэн үдэш сэтгэлийн цэнгэлийг эдлэн, оюуны гэгээн мэлмийг нээж, сонсох сонорын мялаан жаргах буйз.
Монголчууд бидний сэтгэл зүрх ямагт гайхамшигт аялгуу эгшгээр хөглөгдөж байх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-10-31

Share Your Thoughts