Америкийн монголчуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн -Вашингтон ДС

Америкийн монголчуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн -Вашингтон ДС хотноо

…Хурдтай өнхөрч байгаа бөмбөгийг хөөж, хөөж гүйгээд гүйцэнгүүтээ өшиглөж орхидог, хөл бөмбөгийн  тэмцээн зүлэг ногоон талбайд боллоо. Зүлэг ногоон гэснээс тэр хиймэл зүлгэн дээр нь халуун үед суух юм бол түлэгдэж мэдэхээр юм билээ.  Америкийн монголчуудын дунд ихээр дэлгэрч, улам улмаар өргөжиж байгаа спорт нь хөл бөмбөг. Аргагүй шүү дээ, дэлхий нийтээрээ хөлбөмбөгийн спортод хорхойсч, хөөцөлдөж гүйсээр тортой хаалга руу бөмбөг оруулахыг хүлээж унтах нойр, идэх хоолоо умартдаг адил төстэй сонирхол, хобби хорхойтой хүмүүс хэдэн саяараа бий болжээ.

Өөрийн улсын Ерөнхийлэгчээ ч бараг танихгүй шахам мөртлөө, Дэвид Бэгкхимийг удам судраар  нь мэддэг танимгайрхан дотносож, өмнөөс нь инээж уйлдаг хэдэн сая хүмүүс бий. Энэ аугаа спорт дэлхийн хэдэн сая хүний сэтгэлийг догдлуулж, заримдаа солиоруулах шахаж байгаа нь бас гайхамшиг гэлтэй.
Америкийн монголчууд 2006 онд анх удаа Денверт “аварга шалгаруулах тэмцээнээ зохиож байсан бол өдгөө 8 дахь удаагийн тэмцээнээ АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо энэ 5 сарын 24-26 ны өдрүүдэд зохион  байгууллаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа энэ тэмцээн  2007 онд Чикагод, 2008 онд Вашингтон ДС-д, 2000 онд Денверт, 2010 онд Сан-Францискод, 2011 онд Чикагод, 2013 онд Лас-Вегаст тус тус зохион байгуулагдаж байсан аж. Мэдээж зүгээр л хөөцөлдөж бус, ур чадвараа гайхуулж, бусдын хорыг малтан байж хожсноор баг нь “ЦОМ” авч, тамирчид нь алт, мөнгө, хүрэл медаль энгэртээ зүүдэг  энэ тэмцээнүүдэд  Денверийнхэн 2006-2009 онуудад, Вашингтон ДС-ийн “Монгол морьд” 2007-2008 онуудад, Сан-Франциско 2010 онд, Чикаго 2011-2013 онуудад тус тус түрүүлжээ.
Анхны тэмцээнд 6 баг оролцож байсан бол Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан энэ жилийн тэмцээнд  Сиэтлийн “Харцагууд”, Сан-Францискогийн  “Хүлэг”, “Reiders”,  Денверийн “Алтан бөмбөг”,  Чикагогийн BOS, Нью-Жерсигийн  “Жангар”, “Жигүүр”, Нью-Иоркийн “Хар морин”,  Вашингтон ДС-ийн  “Монгол морьд”, “MNG Call”, Монголын “UB Za”, Мон Юнайтедийн ахмад болон залуусын 2 баг зэргээр нийтдээ 13 баг оролцлоо. Хөл бөмбгийн талбай дээр монгол, буриад, орос, халимаг хэлээр уухайлан хашгиралдах дуун, энэ тэмцээний өргөжин тэлсэн интернациональч шинжийг илтгэнэ.  Денверт болсон анхны тэмцээнд цэл залуухан, эмнэг хангал моьд шиг тоос татуулан талбай дээр гүйлдэж байсан анхдагчуудад, өдгөө бага зэрэг амьсгаатай ч “хуучин бууны хугархай” гэдгээ харуулах боломжийг олгохын тулд, энэ жилийн тэмцээнд 35 хүртэлх насныхныгаа “насанд хүрэгчид” хэмээн  “өхөөрдөж”, 35 -аас дээш насныхныгаа “ахмад” хэмээн “хүндэлж” , хоёр насны ангиллаар зохион байгуулжээ.
Вашингтон ДС хотноо жил жилийн өдийд шатам халуун байдаг ч, энэ өдрүүдэд цаг агаар салхитай боловч сэрүүхэн байсан нь тамирчдад завшаан боллоо. Олон баг оролцож байгаа болохоор зохион байгуулагчид нь Виржина мужийн Александр орчимд хөл бөмбгийн 3 талбайд зэрэг явуулав. Эхний 2 өдрийн тоглолт нь  3 талбайд шөнийн цагаар явагдсан болохоор тамирчдын  хөл, бөмбөгний өнхрөлттэй зэрэгцэн их л хурдан, тортой хаалга руу цохих нь их л оновчтой байсан гэдэг. Салхитай зэрэгцэн хурдан өнхрөх бөмбөг тортой хаалга руу орох болгонд харамсан халаглах, баярлан дуу алдах нь зэрэгцэн, шөнийн тэнгэрийг цочоож байлаа.  Тэмцээний 2 дахь өдөр ёслол төгөлдөр хийсэн нээлтэн дээр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Алтангэрэл баяр хүргэж үг хэлэнгээ, Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн “Илгээлт”-ийг уншиж гардуулав. Дуучин С.Амарбүрэн, Ж.Болормаа нар “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг дуулж, тэр л дуулал эгшиг дор Монгол Улсын Төрийн далбаа салхины аясаар намирч байх нь, энэ оронд монголчуудын ид хавыг гайхуулах мэт.
Тэмцээний сүүлийн өдөр шигшээ тоглолтууд нь өдрийн цагаар өөр талбай дээр болсон. Өдрийн халуун салхинд болсон энэ тоглолтууд урд өдрүүдийнх шиг “цоглог” болоогүй нь, нэг талаар наранд нозоорсных, нөгөө талаар олон тоглолтод ядарсаных байсан биз. Энэ өдрүүдэд шувтаргын тоглолтууд нь ихэвчлэн тэнцээгээр, торгуулийн цохилтоор шийдвэрлэгдэж байсан нь олон ч тамирчдад “тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг хэллэгийг сануулсан биз.  Хожлыг шийдвэрлэх торгуулийн цохилтод өөрийгөө хэт цэнэснээс алдах мөч болгон, тамирчдын бүтэн жилийн хөдөлмөрийг талаар болгож байгаа нь харамсмаар санагадж байсан шүү. Гэхдээ нэг нь хожиж баярлан, нөгөө нь хожигдон харамсдаг их спортын хатуу зарчмаар,
Насанд хүрэгчдийн  ангилалд:  1. Чикагогийн BOS
                                                           2. Нью-Жерсигийн “Жангар”
                                                           3. Вашингтон ДС-ийн  “Монгол морьд”

Ахмад насны ангилалд:  1. Сан-Францискогийн  “Хүлэг”
                                              2. Вашингтон ДС-ийн MNG Call
                                              3. Мон Юнайтед
тус тус байр эзэлж шагнагдлаа.  Уламжлалт тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлсэн Чикагогийн BOS  баг энэ тэмцээний “цом”-ыг үүрд хадгалахаар болжээ.
Тэмцээнд залуус хүч түрэн орж ирж байгаа нь ажиглагдаж байв. Тэдний хурд болон тоглолтын ур чадвар их өндөр байгаа тухай Монголоос ирж оролцсон багийнхан магтан ярьж байсан. Тэмцээн болгоны дараагаар шилдгүүдээ шалгаруулж нэрлэдэг уламжлалаар:
-Шилдэг тоглогч   Ю. Төрмөнх \Чикаго BOS\
-Шилдэг довтлогч  Б.Улсболд   \Чикаго  BOS\
-Шилдэг залуу тоглогч  Б.Билэгтхүү  \Мон Юнайтед\
-Шилдэг хамгаалагч  Б.Бямбаа  \Вашингтон ДС  “Монгол морьд”\
-Шилдэг хаалгач  А.Мошкин  \Нью-Жерси  “Жангар”\

нар тодорч шагнагдав. Мөн Монголын Үндэсний Олимпийн Хорооны одонгоор Д.Өлзийхутаг \Вашингтон ДС\, Америкийн Монголчуудын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлэгчийн шагналаар Х.Амарсанаа \Вашингтон ДС\ нарыг шагнаж урамшуулжээ.
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн уламжлалт тэмцээн ийнхүү өндөрлөв. 2014 оны 9 дэх удаагийн тэмцээн Нью-Жерсид болно. Америкийн монголчуудын дунд зохиогддог олон спортын арга хэмжээнүүд  дундаас  “хөл бөмбөгийнхөн”  өөрсдийн Холбоогоо албан ёсоор байгуулан, АНУ-д хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг болсоор удаж буй. Тийм болохоор тэдний зохион байгуулж буй тэмцээнүүд жилээс жилд чансаа болон оролцох багуудын тоо, зохион байгуулалтаараа улам ч  чанаржиж байгаа. Тэмцээнүүдэд албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн шүүгчдээр шүүлгэх болсон нь талбай дээр гардаг элдэв маргаан, гомдол гаргахгүй байх нөхцөл болж байна. Энэ нь бас л нэг дэвшил, тамирчдын сэтгэл зүйд сайнаар нөлөөлөх нэгэн боломж. Залуучууд ур чадвараараа их өсч байгаа нь алсдаа энэ оронд монгол залуусын нэгэн хүчтэй баг бүрдэх эхлэл болох биз.
Би хэдийгээр хөл бөмбөгийн “улаан фен” биш боловч , амьдарч буй хотод минь болж байгаа болохоор хэрдээ хэрэг болгон энэ тэмцээнийг сонирхсон юм. Спорт бол спорт, тэмцээн бол тэмцээн. Ерөнхийдээ тэмцээн сайхан болсон.  Харин тэмцээнийг зохион байгуулж байгаа Вашингтон ДС-ийн зарим тамирчид талбай дээр орилж хашгирах, бусдыг харааж зүхэх, сэтгэл хөдлөлдөө барьж байгаа юмсаа чулуудах,  үзэгчдийг зандрах, өөр хоорондоо хэрэлдэх зэргээр авирлаж байгаа нь тийм ч таатай санагдаагүй. Хожигдохдоо бусдыг хүндлэхгүй уурлаж, бусад тамирчид тэдэн дээр ирж “гар барьж” байгаа нь тийм ч сайхан харагдаагүй.Спортын уралдаан тэмцээн дээр тамирчдаас илрэх хор шар,  санаатай ч санамсаргүй ч гаргаж байгаа бүдүүлэг авир, хоорондоо огт адилгүй үзэгдэл.  Спортод “лидерүүд” гэж байхаас “атаманууд” гэж байдаггүй. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн ийм таагүй үйлдэлд дургүйцсэн үзэгчид, тухайн хүнийг хэзээ ч нэрээр нь нэрлэдэггүй, “Вашингтон ДС-ийнхэн бүдүүлэг байлаа” гэж л ярьдаг. Ганц нэг хүний бүдүүлэг авир тэнд амьдарч ажиллаж байгаа бүх л хүмүүст хамаатай. Учир нь бид хамтдаа амьдарч байгаа хотоороо л нэрлэгддэг уламжлалтай. Гэхдээ мэдээж энэ бүхэн өөрчлөгдөн сайжрах буйз.
Америкийн монголчуудын хөл бөмбөгийнхөн “мундаг юмаа” гэж надад бодогдсон. Тэр холоос бүгдээрээ нийлээд, өөрсдөө зардлаа гаргаад ирж тэмцээнд оролцдог. Талбай дээр хор шар нь хөдөлсөндөө маргалдаж байвч, дараа инээлдээд л тэврэлдэж явдаг. Их спорт хүмүүсийг нөхөрлүүлж, эвлэлдүүлж байна. Тэр тусмаа харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг.  Мэдээж тэмцээн зохион байгуулна гэдэг амаргүй болохоор алдаж онох зүйл багагүй байвч “Хийх хүнд арга нь олдоно” гэдгээр улам улмаар төгөлдөржин сайжирч байна. Энэ хэрээр бидний ирээдүй болсон залуу үеийнхэн тэднээс суралцаж байгаа. Тэдний өмнө энэ талбайгаас илүүтэй дэлхийн хэмжээний дэвжээ харагдаж байгаа. Тэгэхээр ахмад үеийнхэн маань ч энэ л хичээл зүтгэлээрээ тэдэнд тус, бас хөтөч болж байна.
…Их хурдтай өнхөрч байгаа бөмбөгийг хөөж хөөж гүйсээр, гүйцэнгүүтээ их хол өшиглөж орхидог хөл бөмбөгийн тэмцээн өндөрлөв. Тэр бөмбөгийг олуулаа эвлэлдэж байгаад тортой хаалга руу оруулахад их хурд, их ч авхаалж, ихч ур чадвар хэрэгтэй юм билээ. Хөлөөрөө бөмбөгийг “хааш нь яаж өшиглөх вэ?” гэдэгт толгой их үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Хөлөөрөө бөмбөгөө өшиглөж гүйхдээ нүдээ эргэлдүүлж, толгойгоо “ажиллуулдаг” тамирчдад амжилт хүсье. Та нар монголчуудын их эв нэгдлийг эхлүүлж яваа шүү.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-05-31

Share Your Thoughts