Америкт тоглогдсон анхны монгол жүжиг

BiHenBe_0001

Хэд хоногийн өмнөөс тааралдсан хүн болгон, “наадмаар юу хийх гэж байнаа” гэсэн асуултад, “залуусын тоглох жүжгийн үзэж, тэднийг дэмжинээ” гэх хариулт ихэвчлэн сонсогдож байсан. Нэг үейиг бодвол АНУ-д байгаа монголчууд, шинээр ямар нэгэн зүйл хийх гэж байгаа хэн нэгнийг дэмжих хүсэлтэй болж байгаа нь ажиглагдах болсон. Хүмүүсийн амьдралын хэмнэлд, оюун санааны хөгжилд өөрчлөлт орж байгаагийн нэг илрэл гэлтэй.
Наадмын эхний өдөр буюу, 7 сарын 11-ний орой Виржина мужийн Арлингтоны Rosslyn spectrum театрт олон монголчууд, тэдний дотор Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Бэхбат, консул Г.Ганболд болон ЭСЯ ны ажилтнууд харагдаж байсан. АНУ-д бусдын хэлдгээр “хар ажил ” хийж, амьдралаа залгуулах гэж зүтгэж яваа хэрнээ, сэтгэл зүрхэндээ “Мэргэжлээрээ өвчилж”, “шаналж яваа” 5 залуу жүжигчид сэтгэл санаа гарган, зав чөлөөгөө ашиглан “Би хэн бэ?” нэртэй жүжиг бэлтгэн тоглолоо. Гадаадад, тэр тусмаа АНУ-д ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын ажил, амьдралд тохиолдож байгаа ээдрээтэй асуудлыг хөндсөн энэхүү жүжгийн зохиолыг жүжигчин Б.Болдбаатар, Б.Болормаа нар бичиж, жүжигчин Д.Алтанбагана найруулж, хөгжим, гэрэл эффэктийг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх зохиомжлон, тайз заслыг зураач Л.Амарсайхан бэлтгэжээ.
Яг үнэндээ мэргэжлийн жүжигчдийн гаргаж буй анхны драмын жүжиг, ажлынхаа зав чөлөөгөөр сэтгэл гарган бэлтгэсэн тэднийг дэмжих гэж бодож байснаас бус, жүжиг нь хүмүүсийн сэтгэл зүрхийг тэгтлээ хөндөж, нүд болон сэтгэлийн нулимсыг эгшээх юм гэж тэгтлээ төсөөлөөгүй байхаа.

Үнэхээр л харь газар, амьдралын эрхээр эцэж цуцатлаа хөдөлмөрлөж, амьдралын тулгуур баганаа босгох гэж өөрийгөө ч умарттал зүтгэх олон ч хүний сэтгэлийг сэм сэмхэн сэмрээх “би хэний төлөө юуны тулд ингэж амьдарна вэ?” гэдэг асуултад хэр хэмжээндээ хариулах гэж хичээжээ. Өөрийгөө умартан, хүний амьдралд эдлэх жаргал зовлонгоо ч огоорон, хэмжээт насаа хугаслан байж зүтгэх тэд, сайн муу олон үйлийн эцэст “Би хэн бэ?” гэж өөрөөсөө асуухад хүрдэг. Харь оронд хөдөлмөрлөж яваа олон монголчуудын дунд аль хэдийн орон зайгаа эзэлсэн хамтран амьдрагчийн тухай, ядарч алжааж хөдөлмөрлөх мөчид юу юунаас илүү хэрэгтэй хайр халамжийн тухай тэд өгүүлж байна. Хүмүүсийн сэтгэл санаанд шаналал болж нэвчсэн, олон эмзэг асуудлын тухай бусдад ойлгуулахыг хичээжээ. Тэд шүүмжилж, бурууг хэн нэгнээс хайхаас илүүтэй, бусдад ойлгуулахыг хичээсэн нь надад лав их таалагдлаа. “Мэргэжлийн юм гэдэг шал өөр юмаа” гэж бахархан өгүүлэх олон хүмүүсийг хараад, мэргэжилдээ үнэнч тэдний зориг, хичээл зүтгэл, авьяас чадварыг бахархах сэтгэл төрж байлаа. Гэхдээ ийм бүтээл хийнэ гэдэг, ямархан амаргүй болохыг ч төсөөлж байлаа.

АНУ-д тоглогдсон анхны монгол жүжиг гээд бодохоор, жүжигчин Батсүхийн Болормаа, Цэрэнбалжирын Оюунсүрэн, Доржпүрэвийн Алтанбагана, Лувсандоржийн Лхамсүрэн, Батчулууны Болдбаатар нартаа маш их баярлалаа. Жүжгийг сайн муу болсон гэж магтаж, муулахаас илүүтэй та нарын эр зориг, зүтгэл хөдөлмөрийг бахархаж байнаа. Энэ бол гадаадад ажиллаж, амьдарч байгаа олон монголчуудын эв нэгдэл, өөртөө итгэх итгэл, чадвар боломжийг харуулсандаа л олон олон хүмүүсийн талархалыг хүлээж байгаа. АНУ-д ажиллаж амьдарч байгаа бүр олон авьяаслаг залуус нэгдэж, үүнээс ч илүү гайхамшигтай бүтээл хийж, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх боломж байгааг та нар бас нотоллоо. Та нартаа маш их баярлалаа. Урлагийн тэнгэр та нарыг ивээж, ажил амьдрал тань өөдрөг сайхан байг ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-07-11