” АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ТУЛГА” УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН-3″ АРГА ХЭМЖЭЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ.

2011 онд АНУ-ын төв хэсэгт орших Денвер хотод эхэлж байсан “Америк дахь монголчуудын “ТУЛГА” уран үгсийн чуулган”, 2012 онд Чикаго хотноо үргэлжилж 2013 онд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болох гэж байна. Энэ арга хэмжээ нь ямар нэгэн байгууллага болон холбоо нэгдлийн санаачлага биш, уранзохиол, яруу найрагт дуртай хүмүүсийн сайн дурын үндсэн дээр санаачлан зохион байгуулдаг арга хэмжээ. Монголд минь жил бүр зохион байгуулагддаг “Болор цом” яруу найргийн наадмаас огт өөр, яруу найраг, богино өгүүллэгүүдийг уран сайхнаар уншиж олон нийтэд хүргэдэг цэнгэл.
Уран яруу уншигчид нь ямар нэгэн алдар цол, гавьяа шагналын төлөө бус, нэгэн үдшийг яруу сайхан үгсийн хэмнэлт айзам дор олон монголчуудтайгаа хамтдаа өнгөрөөж, сэтгэлийн их цэнгэлийг эдлэх гэж оролцдог. Тэр л үдэш олон олон монголчууд эх орон, хайр сэтгэл, бахархал омгорхол, харуусал гуниг, итгэл үнэмшлээ мэдрэх гэж зорьж очдог.

Амьсгаа даран чив чимээгүй сонсох уран яруу үгсийн хэлхээс, тэдний эх орноо санасан сэтгэлийг нь учирлан аргаддаг. Сэм сэмхэн санаа алдах, хааяадаа аньсага чийглэх нүдээ хурууныхаа өндгөөр арчих, заримдаа зүрхний чанад дахь омогшлоо цээж түрэн байж мэдрэх, баярлан талархаж уухайлах, цээжнээсээ нэгэнтээ урт амьсгаа авч тайтгарах мөчүүд бидний “монгол хүн” гэдгээ мэдэрч онгирох үе байдаг. Сайхан даа, сайхан. Аадар шиг асгарах борооны дараах чийг үнэртсэн мэдрэмж, тэнгэрт нумарсан солонгыг харан баясах, тэр гэхийн аргагүй бахдал.
Нэг: Зохион байгуулалтын талаар
1.Гурав дахь удаагаа Вашингтон ДС хотноо зохион байгуулагдах “Америк дахь монголчуудын “ТУЛГА” уран үгсийн чуулган-3″ энэ 8 сарын 3-4 ны өдрүүдэд болно.
Үндсэн арга хэмжээ нь 8 сарын 3 ны оройн 6 цагаас Росслины HOLIDAY INN зочид буудалд болох юм. Хаяг нь:
Holiday Inn Rosslin at Key Bridge
1900 North Fort Myer Dr
Arlington VA 22209 Direct line 703 807 2000
Энэ оройн арга хэмжээнд Денвер, Сан-Франциско, Лос-Анжелос, Сиэтл, Чикаго, Вашингтон ДС хотуудаас 20 орчим уран уншигчид ирж яруу найраг, богино өгүүллэгүүдээс уншина. Уран уншлагын наадам 3 даваатай явагдах бөгөөд сүүлийн даваанд шалгарч уншсан уран уншигчдийг байр эзлүүлэн шагнаж урамшуулах юм. Мөн энэ оройн арга хэмжээнд Монголоос уригдан ирж оролцож байгаа зохиолчид, яруу найрагчид өөрсдийн бүтээлээсээ толилуулна.
2. 8 сарын 4 ний орой Монголоос ирсэн болон Америкт ажиллаж амьдрангаа өөрийн бүтээлээ туурвиж байгаа зохиолчид, яруу найрагчид уншигчидтай уулзах “Уран бүтээлийн цэнгүүн” болно. Энэ арга хэмжээг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДС-ийн “Монгол Соёлын Төв”, Денверийн “Тулга” клуб, Лос-Анжелосийн “Монгол номын сан” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээ болох газрыг одоогоор товлоогүй байгаа бөгөөд 7 сардаа багтаан бүтэн хөтөлбрөөр зарлагдах болно.
3. Монголоос ирсэн зочид болон бусад хотуудаас энэ арга хэмжээг зорин ирж оролцож байгаа зочиддоо АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот орчимтой танилцуулах аялал зохион байгуулагдана. Энэ аялал нь 8 сарын 4 ний өглөө 10 цагаас товлогдож байгаа юм. Энэхүү аялалыг Чикаго хотноо үйл ажиллагаа явуулдаг “Ану маркетинг” компани зохион байгуулах юм. Бусад хотуудаас Вашингтон ДС хотыг зорин ирж байгаа аялагчид info@anucare.com цахим шуудангийн хаягаар болон 773 814 1257 дугаарын утсаар тэдэнтэй холбогдож, захиалгаа болон аялалын маршрутаа тохиролцох боломжтой. Тэд аялалын захиалгаа үндэслэн, аялалын маршрутаа 7 сардаа багтаан олон нийтэд зарлана. Харин Монголоос ирсэн зохиолчид, яруу найрагчдыг 8 сарын 5 ны өдрөөс нэг хоног далайд аялуулан амраах аялалыг зохион байгуулагчид хариуцах юм.
4. Бусад хотуудаас ирж оролцох оролцогчид болон үзэгчдэд зориулан уг арга хэмжээ болох зочид буудалд 20 өрөөг урьдчилан захиалсан байгаа. Энэ талаар мэдээлэл болон захиалгын талаар бидэнтэй хамтран ажиллаж байгаа “Монгол Америкийн Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны тэргүүн Х.Оюунгэрэлтэй oyungerelk@yahoo.com цахим шуудангийн хаягаар болон 703 862 7308 утсаар холбогдох боломжтой.
Хоёр. Монголоос ирэх зочид
Жил болгоны энэ арга хэмжээнд Монголоос зохиолчид, яруу найрагчид ирж оролцон өөрсдийн бүтээлээ толилуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээнд Монголоос
1. Яруу найргийн төрлөөр:
-Бавуугийн Лхагвасүрэн “Төрийн соёрхолт”, “Ардын уран зохиолч” яруу найрагч
-Арлааны Эрдэнэ-Очир “Болор цом”-ын эзэн, яруу найрагч
-Сайнжаргалын Начин “Болор цом”-ын “шилдэг залуу найрагч”-ийн шагналт, яруу найрагч
-Эрдэнэбалын Ирэхбаяр сэтгүүлч, яруу найрагч
-Даваасүрэнгийн Чинзориг зохиолч, яруу найрагч
2. Богино өгүүллэгийн төрлөөр:
-Долгорын Цэнджав ” МЗЭ-ийн шагналт” зохиолч
-Дашлхүмбийн Галбаатар “МУГ Багш” утга зохиол судлаач, шүүмжлэгч
-Түмэнбаярын Бум-Эрдэнэ зохиолч
-Цэрэнпунцагийн Цэнгэл зохиолч, орчуулагч
3.Уран уншлага, урлагийн төрлөөр:
-Жамьяндоржийн Бямбаа “МУСГЗ” нэвтрүүлэгч
-Гомбо Равдан “МУСГЗ” нэвтрүүлэгч
-У.Далантай “МУГЖ” дуучин
Энэ хүмүүстэй урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу урилга явуулж байгаа бөгөөд, визний асуудал шийдэгдсэний дараа албан ёсоор зарлагдах юм.
Гурав. Оролцогчид болон үндсэн зарчмын талаар
Вашингтон ДС хотноо зохион байгуулагдаж байгаа энэ жилийн арга хэмжээг, өмнөх жилүүдийн зохион байгуулалтаас илүү сайжруулсан байдлаар зохион байгуулахыг хичээж байгаа.
1. Энэ арга хэмжээнд уран уншигчаар оролцох хүмүүсийн бүртгэлийг 7 сарын 5 хүртэлgala_mn@yahoo.com цахим хаягаар хүлээж авч байна. Үндсэндээ бүртгэлийг 7 сарын 5 наар тасалбар болгоно гэсэн үг. Оролцох хүмүүс -өөрийн овог нэр, -оршин суугаа хот, -эхний даваанд унших бүтээлийн нэр болон зохиогчийн нэр зэргийг ирүүлэх юм. Үзэгчдийн хүндлэх үүднээс эхний даваанд унших бүтээлүүдийг давхардуулахгүйн тулд бүртгэлийг хийж байгаа хэрэг. Бүртгүүлсэн дарааллаараа давуу эрх эдлэх учраас, унших бүтээл давхардах тохиолдолд дараагийн бүртгүүлэгч нь унших бүтээлээ солих юм.
2.Энэ жилийн арга хэмжээнд унших сэдэв болон зохиолыг хязгаарлахгүй. Уншигчид эхний даваанд өөрийн сонголтоо маш сайн уншиж, олон нийтэд сайнаар хүргэх боломжийг олгож байгаа. Тэгэхээр эхний даваанд уншигч яруу найраг болон богино өгүүллэгийн алиныг нь ч сонгож унших боломжтой. Харин
2-ын даваанд шалгарсан уншигчид “богино өгүүллэг”
3-ын даваанд шалгарсан уншигчид “яруу найраг” унших болно.
Гэхдээ мөн л сэдэв болон сонголтын хувьд ямар нэгэн хязгаарлалт үгүй.
3. Энэ арга хэмжээний шүүгчид нь Монголоос ирсэн зочдоос сонгогдох ба уншигчид сугалаа сонгосон дарааллаараа, өөрийн нэрээр биш, дугаараар шүүгчдэд үнэлэгдэх юм. Шүүгчдийн дүн гарсны дараа уг хүний танилцуулга явагдана. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг шүүгчид онцлон танихгүй байх талаар анхаарал тавьж байгаа юм.
Бидний тавьж буй гол санаа бол, уран уншигчдийн дунд болж буй уралдаан “шударга” байхаас гадна, оролцогчид болон үзэгчдэд аль болохоор сэтгэлийн их таашаал эдлүүлэх зорилго юм. Тийм ч учраас энэхүү урьдчилан мэдээллийг та нарт хүргэж байна.
Дөрөв. Хамтран зохион байгуулагчид болон, ивээн тэтгэгчид
Вашингтон ДС хотноо зохион байгуулагдах энэ арга хэмжээг
-Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
-“Монгол Америкийн Эмэгтэйчүүдийн Холбоо”
-Вашингтон дахь “Монгол Соёлын Төв”
-“Вашингтон орчмын Монголчуудын Холбоо”
-“Ану маркетинг” компани \Чикаго\ хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөн Денверийн “Тулга клуб”, Лос-Анжелосийн “монгол номын сан”, Сан-Франциско, Сиэтл, Чикаго хотууд дахь утга зохиол, яруу найрагт дуртай олон анд нөхөд минь дэмжин оролцож байгаа юм.
Аливаа арга хэмжээг санаачлан зохион байгуулах гэдэг амаргүй. Ийм арга хэмжээг зохион байгуулахад арга хэмжээ болох газрын түрээс, хоол ундаа, зочид буудал, унааны зардал, бас бус хэвлэлийн зардал гээд мундахгүй. Мэдээж бидний маш сайнаар зохион байгуулах гэж хичээж байгаа энэ арга хэмжээг минь чин сэтгэлээсээ дэмжиж, ивээн тэтгэгчээр оролцох аваас бид баяртай байх болно. Ивээн тэтгэж, дэмжиж байгаа байгууллага, компани, хувь хүмүүсийг бид энэ арга хэмжээнийхээ үеэр талархан сурталчлах болно. Бид ганц нэгээрээ бус бие биенээ дэмжиж хамтран зохион байгуулсан үйл хэрэг болгон маш амжилттай болдог. Жилээс жилд, сараас сард, өдрөөс өдөрт бид бусдын сайн сайхны төлөө санаачилж байгаа санаачлага болгоныг талархан дэмжих болсон. Энэ бас л нэг дэвшил.
Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай. Та гэр бүл найз нөхдийнхөө хамтаар энэ арга хэмжээг зорин ирж, сэтгэлийн их цэнгэлийг эдлээрэй. Лав л та харамсахгүй. Сэтгэл өөдрөг явахад үйлс бүхэн бүтдэг.

Share Your Thoughts