АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ТУЛГА” УРАН ҮГСИЙН 5 ДАХЬ НААДАМ ДЕНВЕР ХОТНОО

…Денвер бол Америкийн төв хэсгийн уулархаг бүсэд оршдог залуухан хот. Энэ хотод Монголчуудын бэлэгдэл “Тулга” хөшөө сүндэрлэж байдаг нь зураач М.Цогтсайханы санаачилсан бүтээл. Денвер хот нь Улаанбаатар хоттой “эгч дүүс” хот болсон болохоор Монгол Америкийн харилцаанд бага боловч нөлөөлөл болж байдаг. Америк дахь монголчуудын төвлөрөл анхандаа энэ хотод өргөжиж байсан боловч бичиг баримтгүй хүмүүст “халгаатай” хууль батлагдсаны улмаас олон ч монгол иргэд бусад хотууд руу “дүрвэж”, хууль ёсоор амьдарч байгаа цөөн монголчууд “буурь сахиж” үлдсэн юм билээ. 5 жилийн тэртээх намар энэ хотод уран уншлагын анхны наадам зохион байгуулагдаж байсан нь санаачлагч Х.Лхамжав, түүний сэтгэл нэгт андуудын хамтын зүтгэлийн эхлэл. Яруу найраг, богино өгүүллэгийг уран яруу унших энэхүү наадам нь харь оронд эх нутгаа санагалзан сүүгаа олон ч монголчуудын сэтгэлийн тэртээд бүдэгхэн эгшиглэж байсан аялгууг хөглөж орхисон хэрэг. Монголын их яруу, найраг үргэлжилсэн үгийн уран уншлага эндээс эх авч, тулганд асаасан гал мэт монголчууд олноор суурьшсан Денвер, Чикаго, Вашингтон ДС, Лос-Анжелес хотуудад бадамласан юм. Монголд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Утгын чимэг” наадмуудыг нэгтгэсэн маягаар жилдээ ганц удаа зохион байгуулагддаг энэ арга хэмжээ Америк дахь монголчуудын сайн мэддэг, бас сонирхдог наадам болсоор 5 жилийг үджээ.

Уран үгсийн наадам

Америк дахь монголчуудын “Тулга” уран үгсийн 5 дахь наадам анхны галаа асаасан Денвер хотдоо өнгөрсөн 5 сарын 22-24 ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ наадамд 16 уран уншигч оролцож, яруу найраг, үргэлжилсэн үгсийн дээжисээс уншиж өрсөлдөв. Энэ наадмыг МУГЖ уран уншигч Жагдаг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Саруулдалай, Эмүжин нар шүүсэн юм.

1-р даваанд:

  1. С.Сугар \Чикаго\ Р.Чойном “Монгол бүсгүй”
  2. Б.Энхдулам \Чикаго\ Б.Лхагвасүрэн “Үр могой”
  3. Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Ш.Гүрбазар “Хоршоо Дэрэм”
  4. Ч.Нарангэрэл \Сиэтл\ Д.Пүрэвдорж ” Хөх даалимбан тэрлэг”
  5. Ц.Нарангэрэл \Денвер\ Ц.Чимэддорж “Майга”
  6. Б.Баярмаа \Денвер\ Р.Чойном “Зүүд”
  7. Д.Болормаа \Денвер\ О.Дашбалбар “Залуус дүү нартаа өргөх шүлэг”
  8. С.Мөнх-Оюун \Денвер\ И.Цэрэнжамц “Эргэлт”
  9. Ч.Өнөрцэцэг \Денвер\ Д.Нямсүрэн “Амитаба”
  10. Б.Амгаланбаяр \Денвер\ Б.Кана “Би гомддоггүй юм”
  11. Энхбүрэн \Денвер\ Б.Ренчин “Монгол хэл”
  12. С.Хандмаа \Чикаго\ Б.Баттөр “Үзэсгэлэн гоо”
  13. П.Энхээ \Денвер\ Г.Мөнхцэцэг “Ээждээ”
  14. Ц.Энхболд \Денвер\ Б. Лхагвасүрэн “Аниргүй”
  15. Б.Баттулга \Денвер\ М.Билэгсайхан “Гэгээн Монгол”
  16. Б. Намуунбайгаль \Денвер\ Б.Энхтуяа “Охин үрээ хайрла”

2-р даваанд:

  1. Б.Амгаланбаяр \Денвер\ Г.Жамьян “Цасангаа”
  2. Б.Баярмаа \Денвер\ “Эцэг хүү хоёрын яриа”
  3. Б.Энхдуламн \Чикаго\ Х.Тэргэл “Ногоон карт”
  4. Ч.Нарангэрэл \Сиэтл\ Ө.Пүрэвсүрэн “Хөмсгөө шивүүлсэн ээжий”
  5. Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Д.Намсрай “Жамухын өчил\
  6. Б.Намуунбайгаль \Денвер\ Дариймаа “Шар хондын намаржаа”
  7. С.Сугар \Чикаго\ Д.Энхболд “Цавтай чулуу”
  8. Ц.Нарангэрэл \Денвер\ Ц.Доржготов “Хуруун чинээ лаа”
  9. С.Мөнх-Оюун \Денвер\ “Хойд эх”

Шүүгчдийн дүн гарахад Ч.Нарангэрэл \Сиэтл\ Ц.Нарангэрэл \Денвер\ нарын оноо тэнцэж тэдний нэмэлт уншилтаар тэргүүн байрны эзэд тодорлоо.

  • 1-р байр Ч.Нарангэрэл \Сиэтл\
  • 2-р байр Ц.Нарангэрэл \Денвер\
  • 3-р байр Б.Амгаланбаяр \Денвер\
  • 4-р байр Б.Намуунбайгаль \Денвер\
  • 5-р байр С.Мөнх-Оюун \Денвер\ нар тус тус эзэлж
  • Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Денверийн “Тулга” клубын нэрэмжит тусгай шагнал
  • Б.Энхдулам \Чикаго\ Лос-Анжелесийн “Монгол номын сан”-гийн тусгай шагналаар шагнагдлаа.

Энэ таван жилд яруу найраг, утга зохиол сонирхдог олон хүмүүсийн нөхөрлөл бий болсон. Хот хотуудаас зорьж ирэн оролцдог олон уран уншигчид дотносон нөхөрлөж, тэдний араас шинэ залуус гарч ирж байгаа. Чухам энд л энэ арга хэмжээний үнэ цэнэ оршдог юм даа. Жил жилийн энэ наадмын өмнө эгээ л монгол наадамчид шиг энэ жил “хэн өнгөтэй байгаа”, “хэн хурдлан давхиж” болох тухай таамаглан хууч хөөрдөг. Заримдаа айрагт давхиж байгаа “битүү” морьдыг сонжиж хөөрөлдөх нь бий. “Түрүү” “бай” гэхээсээ, ийм хүмүүс энд учран бие биенээ баярлан тэврэцгээж, найргийн сайханд хамтдаа баясаж, уянга яруу тансаг хэллэгт нь уярч, сэмхэндээ санаа алдан нулимсаа арчиж, цээжний тэртээд санасан сэтгэлээ дэвтээж, эх хэлнийхээ найргийн дэвжээг энэ нутагт засан нааддаг юм. Жилийн эргэх 365 хоногт энэ өдрүүдийг сэтгэлээ чилээн хүлээдэг хүмүүс олон. Зүгээр л алжааж ядарсан, ганцаардаж гунисан, санаж шаналсан, бухимдаж багтарсан сэтгэлээ энэ дэвжээндээ асгаж тайтгардаг хүмүүс бишгүй бий. Энд л энэ наадмын суран аргамжаа чивчирч байдаг юм.

“Тулга” клубийн 5 жилийн ой

Энэ сайхан найргийн наадмыг анхлан санаачилсан Денверийн “Тулга” клубын 5 жилийн ой энэ өдрүүдэд тохиов. Маргааш өглөөнөөс нь эхэлсэн Денвер хоттой танилцах аялал, шар айрагны үйлдвэр дэх амталгаа, уулан дээрх монгол хорхог, зуун граммаар даруулсан дуу хуур, инээд наргиан бүхэн энэ арга хэмжээний уламжлалт үргэлжлэл. Албархуу дипломат бус, албан бус дотно харилцаа энд бэхэждэг. Өчигдөр цагт баригдаад амжаагүй, өнөөдөр сэтгэлд нь багтаж ядан байгаа найргаа энд л урсгана. Чин сэтгэлийн инээд наргиан, “Хүүш чимээгүй бай л даа, энд хүн үг хэлэх гэж байна” хэмээх дуудлага дор монголчууд бидний халгиж цалгисан сэтгэлийн давалгаа үерлэнэ. Хүн болгон бие биедээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх гэж бие биенээ тэвэрнэ. Хөөрч баярласан сэтгэл хүний нутгийн өндөр уулнаас жирэлзэн мяралзаж, хад чулуун дундуур давалгаалж урсана. Өндрөөс хөөсөрч агсамнан урсана, хөлд торох юуг ч хамаагүй хамаж урсана. Харин бэлдээ буугаад намуухан урсана. Их найраг, их онгод ингэж л урсдаг байх.

Орой нь Монголоос ирсэн найрагчид Саруулдалай, Эмүжин, Галсансүх, Америкт аж төрж байгаа Ө.Пүрэвсүрэн, Дашмөнх, Х.Лхамжав, эмч Өлзийбаяр нар уран бүтээлээсээ толилууллаа. Их авьяас онгодод хил хязгаар үгүй ажээ. Саруулдалайн намбалагхан найраг, Эмүжингийн эрхэмсэгхэн хэрнээ бардам шүлгүүд, Галсансүхийн этгээд хэрнээ хэгжүүхэн бадгууд энэ оройн зочдын сонорыг мялааж сэтгэлийг хөглөв. Энэ наадмын дараа удаагийн ээлжийг Сиэтлийн Х.Ширчин анд минь хүлээж авсан. Лос-Анжелесийн найзуудын маань үүсгэсэн “Даян” хамтлаг яруу тансаг найраг дээр уянга аялгууг хөг нэмэн эгшиглүүллээ. Сайхан байсан шүү. Яруу найраг, дуу хуур, бүжиг үгүйгээр монголчууд бид хэрхэн цэнгэх билээ. Денверийнхэн “Тулга” хэмээн бэлэгшээн нэрлэсэн клубийнхэн энэ наадам дээрээ өөрсдийн авьяас чадвар бүхнээ л үзүүлсэн. 5 жил гэдэг бага биш хугацаа. Санаачлага болгон ажил хэрэг болж үр нөлөөгөө үзүүлэх амаргүй ч, үүнийг чин сэтгэлийн хичээл зүтгэл л амжилтад хүргэдэг. Бид олон зүйл дээр үүнийг анзаарч мэдэрдэг л дээ. Тэдний хүн болгоныг баярлуулж, ая тухтай байлгах гэж хүсч, хичээж байгаа бүхэн чинь надад лав сайхан мэдрэмж төрүүлсэн. Та нартаа их баярлалаа.

… Денвер өндөр уулсын нутаг. Би энд ирэх болгондоо уул руу гарах гэж тэмүүлдэг. Яагаад ч юм бэ? Монголыг минь санагдуулаад байдаг юм. Нэг их цастай өдөр найз минь намайг дагуулаад энэ уулсын өндөрлөг руу аваачсан сан. Машинаасаа буугаад нэг их өндөрлөг дээрээс “чанга хашгир” гэж билээ. Чадлаараа хашгирсан миний дуу уулнаас уул руу дамжин цуурайтаж, тэртээ хол руу уусан ууссаар холдсон. Тэр цуурай Алтай, Хангай, Хэнтийн их уулс дунд хүрч цуурайтаад байх шиг л надад санагдсан. Магадгүй тийм болоод энэ хотоос Монголын их яруу найраг, үргэлжилсэн үгсийн наадам эхлэх байсан байх. Бас Тулга хөшөөг ч энд сүндэрлүүлсэн байх. Тулганд бадарсан найраг, уянгын их гал Монголд минь мэдрэгдэж байгаа. Монголын минь их амар амгаланд чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь мөнхийн мөнхөд дуурссаар байх болноо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

tulga2015-1

tulga2015-2

tulga2015-3

tulga2015-4

tulga2015-5

Share Your Thoughts