Амлалт-ломбард-тусгаар тогтнол

Сүүлийн үед монголын улстөрд олны анхаарлыг татсан, бас ч марзан гэмээр үйлдлүүд гарах боллоо. Амлалт нэхэх ард түмний холбоо /АНАТХ/ гэдэг шинэ байгууллага, энэ үеийн УЙХ, ЗГ-аас сонгуулийн үеэр ард олны санал дэмжлэгийг авахын тулд амалсан 1.5 сая төргөгийн амлалтаа биелүүлэхийг шаардаж энэ 4 сарын 5 нд жагсаал цуглаан зохион байгууллаа. Хамгийн хачирхалтай нь, “Mонголын эдийн засаг хямраад хэцүү байгаа, энэ амлалтын мөнгийг өгөх боломжгүй” хэмээн учирлаж байсан эрх баригчид, энэ шаардлагын сургаар бүх асуудлыг “шийдэж” эхлэв. Түүгээр ч үл барам ” Энэ чинь тийм ч хэцүү асуудал биш шүү дээ. Та нар чинь тоглоом даадаггүй, шоглоом ойлгодоггүй сонин улсууд байна шүү”  гэхчилэн ярьж эхэллээ.

Хариуд нь АНАТХ-ынхон ” Та нар олон жил худал амалж, олон түмнийг хуурч мэхэлсээр ирсэн. Яг асуудал тавиад эхлэхээр ингээд марзаганаад байх юм. Бид та нарт итгэхгүй байна. Тэгэхээр ард олны санал асуулга явуулж байж яахаа шийднэ” гээд өлсгөлөн зарлаад хэвтчихэв.
Харин эрх баригчид ” Та нар тоглож байгаад уйлдаг, тонгойж байгаад юу яадаг хачин улсууд байна шүү. Одоо эвтэй сайхнаар ярилцаж, учраа ололцъё”  хэмээн учирлах авч тэд тоосонгүй. Эцэст нь өлсгөлөн зарлагсдыг хүчээр эмнэлэгт аваачиж хэвтүүлээд ” Бид тэднийг хүчирхийлээгүй. Харин ч ард олныхоо амь нас, эрүүл мэндийн төлөө л санаа зовсон хэрэг” гэж уяхан хүн ч уйлмаар, хатуу хүний ч хамрын самсаа шархирмаар байдлаар тайлбарлацгааж буй.
Яг үнэндээ энэ байдлаараа Монголын төр, эмх цэгцгүй замбараагүй, хариуцлагагүй арчаагүй, бодлгогүй марзан байдлаа л нотолж байна. Эрх баригчдын нэрийг нь барьж ишлэл татах дуртай, цаас шиг цагаахан гэнэн, цаадахаа мэдэхгүй мунхаг хэмээн төсөөлдөг ” ард түмэн”  энэ байдлыг тань арай өөрөөр харж, арай өөрөөр мэдэрч байгаа.

Амлалт- ломбард
Өнгөрсөн сонгуулиар засгийн эрх авч, УЙХ ЗГ-ыг байгуулсан МАХН, АН-ын эрх баригчид сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд, элдэв арга сүвэгчилж, олон тайлбар нотолгоо ярьж байна. Амлалтаа биелүүлэх эхний нотолгоо болгон, “Айвенхоу Майнз” компаниас 100 сая $ жилийн 3 %-ийн хүүтэй зээлж, ард иргэдэд 70 000 төгрөгийг ээлж дараагаар тараан “бужигнуулж”  байна даа.
-Төсөөлөх ахул: Идшинд хэрэглэх хонио муулж чадахгүйдээ айлын хүнийг гуйсан чинь, мөнөөх хүн нь хонийг нь төхөөрч өгчихөөд, өөрийн хувь болох өвчүү, дотор махан дээрээ нэмж, 2 мөчийг нь худалдан авахыг гэрийн эзэнд санал болгох лугаа адил. Монголын их баялгийг нээж, ашиглах эрхийг нь авч, энэ баялгийн нэрээр их мөнгө босгочихоод, мөнөөх мөнгөнөөсөө эзэн нь болсон Монголын төрд хүүтэй зээлж байгаа нь дээрх ишлэлээс ялгаа юун.
-УЙХ-ын гишүүн З.Алтай “Монгол орноо хөгжүүлье” нэртэй ТВ ярилцлагад оролцохдоо:

“Сая иргэдэд тараасан 70 000 төгрөгийг “Айвенхоу Майнз” компаниас жилийн 3 % хүүтэй зээлсэн юм шүү дээ. Гэтэл Сангийн сайд нь өрөөндөө хадсан 100 сая $ бичигтэй далбагар цаасаа хараад ” үүнийг музейд тавьчих юм сан” гээд сууж байна. Юу гэсэн үг вэ? Гэрийнхээ хамаг юмыг ломбардад тавьж мөнгө зээлчихээд, ломбардны бичгээ бурхныхаа авдар дээр залаад түүндээ мөргөөд байж болохгүй шүү дээ” гэж нилээд бухимдангүй өгүүлнэ билээ.
-УЙХ-ын гишүүн Бямбацогт нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ” Хэрэв амлалтаа биелүүлэх гээд 800 сая $ хүүтэй зээлэх юм бол жил жилийн хүүнээс нь бид маш их алдагдал хүлээх болно шүү дээ” гэж учирлаж байсан. Тэр энэ талаар багагүй тооцоог  дурдсан байлаа.
Хэдийгээр амлалтаа биелүүлэхийн тулд “Тавантолгойн орд”  газрыг зөв зохистой ашиглах боломжтой, амлалтын 1 сая төгрөгийн халамж, тэтгэмжийн хэлбрээр, 500 000 төгрөгийг бэлнээр олгох боломжтой гэж Засгийн газар учирлаж байгаа хэдий ч, өнөөдөр энэ амлалтыг биелүүлэхийн тулд байгалийн баялгаа барьцаалахаас өөр арга үгүй байгаа нь ойлгогдож байна. Энэ бол зээл, бас зээлийн хүү.

Гадагшаа тавьж байгаа өр зээл бүхэн, нэгэн цагт Монгол орны тусгаар тогтнолд аюул учруулдаг гэдгийг бид хараахан мартах болоогүй. Нэгэн цагт Оросын Холбооны Улсад тавьсан өр зээлээ ” өөрсдийн санаачлагаар ” төлж, үүнийхээ төлөө нус нулимстайгаа хутгалдан ” баярлаж”  байсан, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”  гэдэг хэлц үгтэй монголчууд, өнөөдөр өр тавиад ч болсон “баяжих”  хүсэлтэй болсон гэж үү? Тэгээд ч амлалтаа биелүүлнэ хэмээн арга заль бүхнийг сүвэгчилж байгаа МАХН. АН-ын удирдлагууд, амлалтаа биелүүлж чадахгүй 2 жил өнгөрүүлж байгаагаа санадаг болов уу?
Юу юунаас илүүтэй 2.7 сая хүн амтай. ийм их баялагтай, асар уудам газар нутагтай Монгол орныг хөгжүүлэхэд тэгтлээ их заль луйвар, худал амлалт заавал хэрэгтэй гэж үү? Ард иргэддээ бэлэн мөнгө амлах, тараахаас илүү их олон боломж, үнэт баялагууд байгааг олж харах билгийн нүд тэдэнд байдаггүй юм болов уу? Мөнгөнөөс илүү үнэтэй тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл байдаг гэдгийг тэд мэдэрдэггүй юм болов уу?

Амлалт-залилан
“Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Бурмаа саяхан ТВ ярилцлагад оролцохдоо
“Сонгуулийн 2005 оны шинэчилсэн хуульд улстөрийн намууд мөнгө амлах болон нэр дэвшигчид нь намын мөрийн хөтөлбөрөөс өөр зүйл сурталчлахыг хориглосон заалт бий. Гэтэл мөнгө амалж, сонгогчдын саналыг худалдан авч гарч ирсэн намууд, хууль зөрчсөн гэсэн үг”  гэж мэдэгдсэн.

Яг үнэндээ сонгуульд ялахын тулд, дуудлага худалдаа мэт үнэ хаялцсан МАХН, АН-ын 1-1.5 сая төгрөгийн амлалт нь ямар судалгаа тооцоогүй, үндэслэлгүй хууран мэхлэлт байсныг тэд өнөөдөр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв тэдэнд үнэхээр бодит судалгаа боломж байсан юм бол яагаад амлалтаа биелүүлж чадахгүй 2 жил болж байгаа төдийгүй, өнөөдөр амлалтаа биелүүлэхийн тулд “ломбард”-ын аргыг сонгож байгаа юм бэ?
Хамгийн гол нь тэд, ард иргэддээ бэлэн мөнгө тараах нь, тэдний амьдралыг дээшлүүлэх  “баяжуулах” бус, инфляцыг хөөрөгдөж, хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж, ажилгүй залхуу, арчаагүй мунхаг болгоно гэдгийг ойлгохгүй байсан гэж үү? Тухайн үед тэдэнд ямар ч аргаар хамаагүй засгийн эрх авах нь чухал байснаас, арын уршигт муу үр дагаврын тухай бодож байсангүй. Бид хар Африкийнхан биш. Тэр тусмаа монголчуудад бэлэн мөнгө бус ажлын байр, өөрийн боломжоороо ажиллаж, авсан хөлсөөрөө эх орондоо эзэн хүн шиг тайван амьдрах нь хамгаас чухал. Тэд үүнийг мэдрэхгүй болтлоо “мангуурчээ”.
Харин өдгөө тэд бэлэн мөнгө тарааж эхэллээ.

-Тэд энэ мөнгийг хууль ёсоор заавал хүртэх ёстой хүмүүсийн судалгаа, бодит тоог ч гаргасангүй. Бас л баримжаагаар…Алив зүйлийг бодит судалгаа тооцоо, бэлтгэл сурталчилгаагүйгээр хийдэг нь тэдний ” гэм биш зан”. Ийм байдлаас л тэд мөнгө завших боломжоо бүрдүүлдэг. Тэд мөнгөө өвч чадахгүй болон авах боломжгүй хүмүүсийн өмнөөс хуурамч баримт бүрдүүлэн мөнгийг завшицгаадаг. Яг л сонгуульд санал луйварддаг аргаараа.
-Одоо тарааж байгаа 70 000 төгрөгийг бэлнээр авсан хүмүүсийн хэд нь амьдралдаа зарцуулж байгаа, хэд нь баар болон цэнгээний газар үрж байгааг тэд сонирхохгүй.
‘Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? хэнд ч хамаагүй”  хэдий ч, монгол хүний хөгжилд зарцуулагдах зориулалтаар тараагдаж байгаа энэ мөнгө, үр дүнгээ өгч байгаа эсэх нь харин тэдэнд хамаатай. Хэрэв ийн тараагдсан мөнгө хүмүүсийн амьдралд буруу муугаар нөлөөлөх ахул тэд ч бас хариуцлага хүлээх учиртай. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ”.

-Монгол орны баялгийг,  монгол оронд хүн болж төрсөн “хувь заяатанд”  олгох учиртай юм бол, өдгөө гадаадын олон оронд ажиллаж амьдрач байгаа монголчуудад ч бас олгогдох учиртай. Гэтэл өнөөдөр энэ талаар ямар нэгэн санаачлага болон дүрэм журам байхгүй байгаа нь мөнөөх залилангийн нэгэн боломжийг олгож байгаа хэрэг. Тэдэнд энэ мөнгийг олгохыг хүсэхгүй байгаа нь нэг талаас иргэдээ ялгаварлан гадуурхаж “Үндсэн хууль” зөрчиж байгаа, нөгөө талаас амлалтыг биелүүлсэн хэмээн “оромдож” байгаа хэрэг. Энэ чинь дэндүү шударга бус хэрэг.
Саяхан “жирийн нэгэн монгол иргэн” санаачлага гаргаж,  гадаадад байгаа монголчууд энэ 70 000 төгрөгөө гар дээрээ бэлнээр авахгүйгээр тодорхой санд хуримтлуулж, энэ мөнгөөрөө ямар нэгэн эмнэлэг, эсвэл Монгол орны хөгжилд хэрэгтэй байгууламжинд зарцуулахыг уриалжээ. Энэ бол эх оронч санаачлага. Хэрэв ажил хэрэгч, ухаантай төр засаг бол үүнийг уухайлан дэмжмээр.
Өдгөө гадаадад монгол орны хүн амын 10 %тай тэнцэх буюу 250 000-300 000 орчим монголчууд байгаа гэсэн албан бус тооцоо бий. Төрийн ивээлд байдаг малаа жил бүр тоолдог хэрнээ иргэдээ үнэн зөвөөр тоолж чаддаггүй өнөөгийн төр засгийн өнгөн дээр энэ бодит тоог гаргах амаргүй. Ямартай ч гадаадад байгаа монгол иргэдийнхээ тоог 70 000 төгрөгөөр үржүүлбэл нилээд их мөнгөний хэмжээ гарна.
Ийм мөнгөөр гаднаас гуйлга гуйлгүйгээр, өнөөдөр Монгол оронд маань маш их хэрэгтэй байгаа эмчилгээ оношлогооны орчин үеийн мундаг төв байгуулж болно. Түүгээр ч үл барам жил бүр ямар нэгэн ийм ашигтай байглууламж барьж болно. Дээр нь олгож болох 1.5 сая төгрөгийг нэмбэл…
Заавал залилан луйвар хийлгүйгээр, монгол хүний саруул ухаанаар, монгол орны хөгжилд хэрэгтэй олон сайн зүйлийг хийх боломж харагдаж байнаа.

Амлалт-хардлага
Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлагыг заавал дагуулж байдаг. Анхнаасаа худал амалж, гарч ирсэн хойноо амлалтаа биелүүлэхгүй, улс орны эрх ашгаас хувийн эрх ашгаа илүүд үзэж, хууль бус аргаар, шударга бус замаар олны нүдэн дээр эрээ цээргүй “баяжиж” байгаа хүмүүсийг харахдаа олон нийтийн итгэл алдарч, бухимдан цухалдаж, хардан харааж зүхэж байна. Үүний уршгаар шинээр гарч ирж буй хөдөлгөөн, үйлдлийг дэмжихээсээ илүүтэй “Хэн үүний цаана байгаа бол? Энэ хүн өөртөө ямар ашиг олж авахаар тооцоолж байгаа бол?” гэж хардацгаана. Ард олны итгэлийг унтрааж, байнгын хардлага бухимдал дунд амьдруулж, талцуулан муудалцуулахаас илүү хүнд гэм бий гэж үү?

Өдгөө болж буй олон үйл явдлууд ч бас л хардлага дагуулсаар.
-Оюу толгойн гэрээг гадныханд ашигтай байдлаар хийж, батлуулсаныхаа төлөө УЙХ, ЗГ-ын зарим гишүүд “Айвенхоу Майнз” компаниас их хэмжээний авилгал авсан байж магадгүй.
-Ерөнхий сайд асан С.Баяр энэ гэрээг хүчлэн батлуулсаныхаа төлөө “Айвенхоу Майнз” компаниас их хэмжээний мөнгө авч, түүгээрээ АНУ-д зугаацаж, бас эмчлүүлж байгаа байх.
-АНАТХ-ны ард экс ерөнхийлэгч Н.Энхбаяр, экс ерөнхий сайд М.Энхсайхан нар байгаа байх. Тийм болоод эдний үйл ажиллагааг ТВ-9, “Зууны мэдээ ” сонин их сурталчилж байгаа хэрэг. Бас Батцогт нь ҮШН-ын нарийн бичгийн дарга гэсэн, Тэгэхээр үнэн болж таарна.
Батлагдаж нотлогдохгүй бас эргэлзээ төрүүлсэн ийм хардлагууд олон нийтийн дунд “тэнүүчилж” байна. Яг ийм хардлагууд нь төр засгийг ч, АНАТХ-г ч дэмжиж чадахгүй байдалд олон нийтийг оруулж, хүчийг сулруулан, эрчийг саармагжуулсаар. Бас талцуулсаар.

Нийтлэлч, их эмч Б.Болдсайханы саяхан бичсэнчлэн “алив өөрчлөлт, хувьсал бүхэн маш сайн бэлтгэгдэж, үйлдэл бүр нь юунаас эхэлж юунд хүрэх нь маш тодорхой байж л олон нийтийн дэмжлэг авдаг”  гэсэн санаатай би ч бас санал нийлж байна.

Амлалт-хариуцлага
Ард олны бухимдал ихэсч, саарал ордны гадаах температур  халж байгаа мэдэрсэн эрх баригчидын зарим нь, бага ч гэсэн зөв мэдээлэл, бодит байдлыг олон нийтэд мэдрүүлэх гэж оролдох болсон нь бага ч атугай дэвшил юм уу даа.     Саяхан “Дуусдаггүй яриа” ТВ нэвтрүүлэгээр УЙХ-ын зарим гишүүд, Оюу толгойн гэрээг батлахад оролцсон ЗГ-ын зарим гишүүдтэй яриа, мэтгэлцээн өрнүүллээ. Тэдний ярианаас, ойлгомжгүй байсан зарим асуудлыг дэлгэрүүлэн дүгнэвэл:
-Оюу толгойн үндсэн нөөц нь 4.5 сая тн зэс, 2 сая тн алт. Үүнээс сорчлохгүй хэрнээ ашигтай нөхцлөөр 31.1 сая тн зэс, 810 тн алтыг ашиглах боломжтой. Уурхайг 2009 оноос 4.7 жилийн дараа ашиглалтад оруулж, 4 жилийн дотор буюу одоогоос 8.7 жилийн дараа зардлаа нөхнө гэж тооцжээ. Хөрөнгө оруулалтын зардал нь анх 2.7 тэрбүм $ гэж тооцогдож байсан боловч, одоогоор 5.7 тэрбүм $ болж өссөн бололтой.

Уурхайг ашиглах эрхийг “Айвенхоу Майнз” компанид 30 жилээр, 20 20 жилээр сунгах нөхцөлтэйгээр нийтдээ 70 жил ашиглуулах боломжийг олгож байгаа. Уурхайн эзэмшлийн Монголын талын 34%, 30 жилийн дараа буюу “Айвенхоу Майнз” компани зардлаа нөхөөд 22 жил ашигтай ажилласны дараа 50 % -д хүрэх боломжтой.  Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа л Монголын төр энэ уурхайд бодит хяналт тавих эрхтэй болно гэсэн үг. Харин энэ хугацаанд Монголын төр татварын бодлогоор 66% хүртэлх ашиг авч чадна гэж нотолж байна билээ.
Нэвтрүүлэгт оролцогсод 30 жилийн дараах Монголын эзэмшлийн 50 % болон хяналтын талаар нилээд санал зөрж маргалдацгаасан. Өөр хоорондоо цэц булаалдан мэдлэгтэй, мэдрэмжгүйдээ хүрсэн энэ маргаанаас тэдний хариуцлагагүй байдал л мэдрэгдэж байлаа. Улс орны, нийт монголчуудын хувь заяанд хамаатай хэмээн тэдний нотлоод байгаа ийм чухал гэрээ 4сарын 6 нд хүчин төгөлдөр болон мөрдөгдөж эхэлсний дараа ийн маргалдацгааж байгаа нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв”  гэдгийн үлгэрийг санагдуулж байв. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт тэд хэр ач холбогдол өгч, ажил хэрэгч хандаж байв гэдэг нь энэ мэтгэлцээнээр харагдаж л байлаа.

Буруу зөв аливаа шийдвэр, үүний төлөөх сайн муу үр дагаврын төлөө, хэн нэгэн заавал хариуцлага хүлээж байх учиртай. Эс тэгвээс хариуцлагагүй, замбараагүй байдлын улмаас олон нийт илүүтэй хохирч бухимддаг. Өнөөдөр монгол оронд хууль эрх зүй нь байгаа атлаа түүнийг хэрэгжүүлэхгүй, хайхрахгүй байгаа тухай олон хүмүүс жишээ татан өгүүлдэг. Хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоо л хүмүүсийн хууль бус үйлдэл, ичгүүр сонжуургүй авирлах боломжийг олгож байгаа хэрэг.

Яг энэчлэнгээр өнөөдөр монгол оронд маань ард иргэдийг бухимдуулаад байгаа сонгуулийн худал амлалт, амлалтаа биелүүлэх нэрийн дор хүмүүсийн сэтгэл зүй, амьдралд муугаар нөлөөж болзошгүй мунхаг үйлдлийнхээ төлөө МАХН. АН өнөө эс гэхэд хэзээ нэгэн цагт заавал хариуцлага хүлээх болно. Бүр заавал шүү.
Дүгнэлт
Өнөөдөр Монголын төрд эмх замбараагүй, хариуцлагагүй, бодлогогүй байдал хэт хавтгайрчээ. Бид яг л үерийн шар ус шиг, бохир хог хаягдалтайгаа хамт урсаж байна. Бид айдас, хулчгар байдлаа давж, үнэний төлөө, хүний төлөө гэсэн хариуцлагатай төрийн төлөө, өөрсдийн зөв итгэл үнэмшилийн төлөө, Монгол орны сайхан хөгжлийн төлөө, монгол хүний саруул ухааны төлөө нэгдэх цаг болжээ.Хэдий болтол бид энэ бохир заваан, хог хаягдал дунд урсах юм бэ?

1.Бид ямар ч зүйлийг тооцоо судалгаагүйгээр, үндсэлэлгүйгээр, баримжаагаар хийдгээ болих цаг болжээ. Намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа, Ерөнхийлэгч олон нийтэд хэлэх үгээ бэлтгэхдээ заавал бодит тооцоо судалгаан дээр үндэслэж байх учиртай.  Ямар нэгэн зүйлийг төр засгаас шаардахдаа, буруу алхамыг нотлохдоо ч, хэн нэгний үйлдлийг буруутгахдаа ч заавал баримт нотолгоо судалгаан дээр үндсэлэж байх хэрэгтэй байна. Эс тэгвээс хэн нэгний сэтгэл хөдлөлөөр ярьж байдаг зүйлээс ялгаа юун.
2. Буруу ч зөв ч хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө заавал хариуцлага тооцдог тогтолцоо байх хэрэгтэй байна. Амлалт өгсөн намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн хэлсэн үг, шийдвэр болон гэрээнд гарын үсэг зурсан хүний нэр болон огноо бүгд баримтаар байж л байгаа. Энэ бүхэн биелэгдэхгүй, эсвэл буруу, худал хуурмаг нь нотлогдох аваас үүнийхээ төлөө заавал хариуцлага хүлээж байх учиртай.
Эс тэгвээс хүн болгон юу дуртайгаа ярьж, хүссэнээ хийцгээж, улам улмаар эмх замбараагаа алдаж, итгэл үнэмшилээ алдахад хүрнэ шүү дээ.
3. Өдгөө “хэрүүлийн алим” болоод байгаа бэлэн мөнгөний амлалт, үүний хэрэгжилтийг эргэн харах цаг болжээ. Энэ амлалтыг хэрэгжүүлэх боломжгүй, боломж гаргаад хэрэгжүүлэх аваас үүдэн гарах буруу муу хор уршигийн талаар бид хөндөн ярилцахгүй байгаа.

Өнөөдөр Монголчууд бидэнд, гар дээрээ авч үрэх бэлэн мөнгөнөөс, шударга ёс, хариуцлагын тогтолцоо, өндөр хөгжилтэй сургууль, эмнэлэг, бодит үйлчилгээтэй татвар, даатгалын тогтолцоо нэн тэргүүнд хэрэгтэй байна.
Монголчууд бид өнөөдөр өгсөн талхыг идэж дуусгаад, маргаашийн талхыг хүлээх бус, өөрсдөө талхаа барьж сураад, мөнхөд цатгалан байхыг л хүсэцгээж байна.
Өдгөө АНАТХ-ынхонтой адил, энэ бүхний эхлэлийг тавьсан, үүний төлөө хариуцлага хүлээдэггүй, энэ төрийн эрх баригчдад итгэхгүй байна. Харин тэднээс амлалтын 1.5 сая төгрөгийг нэхэх бус, тэднээс Монголын төрийг цэвэрлэж, тэдэнд хариуцлага тооцохыг би хүсч байна. Өөрөө хэлбэл “ОЛИГАРХИУДААС МОНГОЛЫН ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХҮСЧ БАЙНА.” Тэд бүгдээрээ бус , тэдэн дунд ч эрүүл саруул сэтгэлгээ байгаа гэдэгт би итгэж байна.
Харин энэ бүхнийг хэрхэн хийхийг монгол хүний саруул ухаан, биднийг хүчтэй болгодог эв нэгдэл л илүү мэдэх хэрэг.
Монгол орны тусгаар тогтнол, хөгжлийн төлөө үүнийг заавал хийх учиртай. Үүнд хамаагүй монгол хүн байж болно гэж үү?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-04-19

Share Your Thoughts