АМНЫ ЗОРГООР ЧАЛЧИХУЙ

Ам алдвал барьж болдоггүй
Агт алдвал барьж болдог (ардын зүйр цэцэн үг)

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар”  \ГИХАЭГ\ -ын дарга Б.Пүрэвдорж гэгч эрхэм, ТВ-ээр ярилцлага өгөхдөө “Монгол эх орноо хүнд хэцүү цагт хаяж яваад, аятай сайхан цагт буцаж ирж байгаа “амиа бодсон” монголчуудыг хэрхэн “чангалах” тухай” ам халж, сэтгэл нь хөөрсөндөө хэлж орхисон нь гадаадад ажиллаж амьдарч байгаа олон олон монголчуудын дургүйцлийг төрүүлж, бухимдлыг дэвэргэж орхив. Угаасаа хүнд сурталтай төрийн албаны дарга хүн “улам ихээр хүнд суртал гарганаа” хэмээн хээв нэг ярьж суухад хүмүүс айж цочирдон, гайхаж ширвээтэлгүй яах вэ? За тэгээд “хэрэг мандаж”, асуудал үүссэн хойно Б.Пүрэвдорж дарга нь “хэл хальтарсан” маягтай юм бувтнаад, хүчээр шахуу уучлал гуйж, асуудлыг намжаав. Сайнаар бодвоос “андуурчихсан” бололтой юм даг уу даа.

Хүмүүсийн сэтгэлийн чанадад байгаа “эмзэг” асуудлыг сэтгэлийн хөөрлөөр, амны зоргоор чалчих нь хичнээн муу уршиг дагуулж болох жишээ нь саяын тохиолдол. Хошин шогийн “хошин шог” Бооёо хэмээх “алдартан”, гадаадад хошин шогийн тоглолтоор явж ирээд,  “гадаадад байгаа монголчууд эх орондоо “ясаа тавих” гэж ирэх хэрэггүй дээ” гэж ярьсан, Монголын төрийн хариуцлагатай, тэр тусмаа гадаадад байгаа монголчуудтай хамаарах албан тушаал хашиж байгаа Б.Пүрэвдорж “албан ёсоор” ингэж мэдэгдэх хоёрын хооронд их зөрүү бий. Аль алинд нь байгаа адил төстэй чанар нь телевизийн камерын өмнө, аманд нь микрофон барихаар сэтгэл нь уургач морь шиг хөөрөөд, “амаа мэдэлгүй хадуурдаг” араншинд байгаа байх л даа. Нөгөө талаасаа өөрийн мэддэг ажил үйлсийн талаар биш, “яавал олон нийтэд таалагдчих вэ?” гэсэн хөгжүүн хөөрүү дадлаас ч болдог байж мэдэх. Сэтгэлдээ бодогдсон зүйлээ тархиндаа эргэцүүлж амжилгүй амаараа шууд “тургидаг” хүмүүсийг, “амны зоргоор чалчив” хэмээн өвөг дээдэс минь буруушаадаг байж.

Ийм зүйлийг сэтгэлдээ “эргэцүүлж”, олон талаас нь бодож, сайн муу үр дагаврыг нь харьцуулж байж амаараа ярьдаг байх нь төрийн албан хаагчдын хэмжүүр. Олон нийтийн өмнө тэд, төрийг төлөөлж, бодлогыг \өөрсдийнх нь учирладгаар\ тодорхойлдог болохоор санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргах эрхгүй. Хэрэв тэд буруу зөрүү зүйл ярьж, олон нийтийг бухимдуулсан болоод сэтгэл санааны “хохирол” учруулсан бол уучлал гуйгаад, албан тушаалаасаа огцрох ёстой. Олон улсад ийм жишиг байдаг, бид тоодоггүй болохоос. Харин мөнөөх Б.Пүрэвдорж гэдэг даргыг бүр том дарга нь “загнаад”, даргадаа загнуулсан болохоор л олон нийтээс уучлал гуйсан юм даг уу даа. “Дарга загнасан” гэснээс, манай том дарга нар төрийн албан тушаалтнаа буруу зүйл хийж, алдаа гаргаваас “загнадаг” болохоос, хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулдаггүй нь гайхалтай.

Яагаав социализмын үед байсан “тушаалаар сануулав”, “хатуу донгодов” гэдэгтэй дүйцэх маягийн арга хэмжээ юм уу даа. “Сануулах” нь ч яахав “дахиад тэгж болохгүй шүү, сайхан мэдээрэй” гэдэгтэй дүйцэх байх. Харин тэр “хатуу донгодов” гэдгийг ойлгодоггүй байж билээ. “Хаа нэгтээгээс тахиа авч ирээд чихэн дээр нь донгодуулах юм уу?” гэсэн марзандуу ойлголт төрөх авч яг тэгж шийтгүүлж байхыг үзэлгүй, цаасан дээр бичсэнийг л олон удаа уншсан авай. “Даргадаа загнуулах”, “тушаалаар сануулах”, “хатуу донгодох” мэтийн арга хэмжээнүүд нь тухайн албан тушаалтныг ажлаас нь халалгүй, хэвээр үлдээх нэгэн буянтай “шийтгэл” аж. Өнөө үеийн “даргадаа загнуулах” шийтгэл болон арга хэмжээ нь, манай ардчилсан төрийн үед олон албан хаагчдад ач тусаа өгч, буян болж буй. Албан тушаалдаа хэвээр үлдэж байгаа дарга нарын хувьд “уучлал гуйх” гэдэг, “яршиг л байна”. “Баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэдэгчлэн мулзан толгойд нь байгаа эсэргүү бодол, эсэргүү чигээрээ л үлдэнэ шүү дээ. Ямар “төрөл арилжих ” биш.

“Төрөл арилжихгүй”  гэснээс, мунгинуу дарга нар олон байнаа. “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг” О.Магнай гэдэг дарга, “таксины үнийг 1000 төгрөг болгох тухай” шийдвэр гаргачихаад, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарангуутаа “за за, ер нь больё, дэмий юм байна” гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгуулийн өмнө “Байгаль орчныг хамгаалах” чиглэлээр ажиллаж байгаа ТББ-тай уулзахдаа “Манай нам, Засгийн эрхийг барьж байгаа үед Монголд уран ашиглах, АЦС барих тухай ямар ч асуудал байхгүй. Үүний тулд л та нартай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа юм” гэж мэдэгдэж байсан бичлэг нь интернет дээр тавигдсан байсан. Гэтэл одоо ЗГ маань Францын “Арева” компанитай уран ашиглах гэрээнд гарын үсэг зурж, Монголд АЦС барих асуудлыг судалж, хэлэлцэж явна. Нэгэн цагт “Иргэний хөдөлгөөн” байгуулж, “Амлалт нэхэх ард түмний уриа” цуурайтуулж байсан эрхмүүд өөрсдөө эрх мэдэлд хүрчихээд “өмд гутлын хэрүүл” маягийн яриа яриад л явж байх. Жил болгон дарга нар минь Улаанбаатарын утаанд “угаартахдаа”, “харж л байгаарай дараа жил гэхэд утаа багассан байх вий” гэнэ.  Жилээс жилд утаа багасгахад зарцуулж буй мөнгөний дүн нь нэмэгдээд байхад утаа нь багасдаггүй, сонин үзэгдэл. Өдгөө уламжлал шахуу болод байгаа “Гиннесийн ном”ондоо бүртгүүлэхэд ч гэмгүй л болж байх шиг.

За тэгээд иймэрхүү жишээ зөндөө л байгаа. Харин хэн ч хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрохгүй.  Яагаав Оросын “Матрёшка” гээд тоглоом байдаг даа. Томынх нь дотор нөгөө нь орж, түүнээс жижиг нь дараагийнхаа дотор нь орох маягаар олуулаа нэг томдоо багтаж байдаг хөөрхөн модон хүүхэлдэйнүүд. Түүн шиг нэг том даргын хамаатан нь томдуу зэргийн дарга, түүний хамаатан нь дунд зэргийн дарга, түүний хамаатан нь дундаас доош зэргийн дарга, түүний хамаатны хамаатна нь бага зэргийн дарга, бүр холын хамаатан нь дарганцар гээд явчихаар, хариуцлага алдсан хэнийгээ халж, “хуйхаа маажих” билээ. Бүгдээрээ хөөрхөн “хүүхэлдэйнүүд”. “Танилын нүүр халуун, хамаатных нь бүр шатам халуун” болохоор  сурснаараа дуудаж загнахаас өөрөөр яах ч билээ.  Хариуцлага хүлээдэггүй дарга нарыг харсаар бид дасал болж дээ. Нэг даргыг харахаар “Яагаав нөгөө хэн гуайн юу шүү дээ?” эсвэл, “Чи санаж байна уу? энэ чинь нөгөө юуны дарга байж байгаад буугаад дараа нь юуны дарга болж байсан, харин одоо бүр “томорсон” байна шүү дээ” үгүй бол, “Энэ ч угаасаа дээрээ том татаатай, заяанаасаа дарга байхаар заяасан луйварчин юм шүү дээ” гэцгээнэ. Бүгд л таньдаг царай, заримдаа зүүдэнд ч ормоор.

Манай Ц.Элбэгдорж дарга маань саяхан бүх дарга нараа суулгаж байгаад сайн “загнав” даа. Тэгэхдээ энэ бүхнийг үнэнээр нь дурдсан юм шүү. Хэдийгээр загнаж байгаа ч “том дарга” хэлж байгаа болохоор хэрдээ хөгжилдөж, алга ташицгааж л байна билээ. Заримынх нь царай хачин болж байсан ч “сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн “хариуцлага хүлээдэг болтол хаа ч байсан, зай ч байна, лай ч байна” гэсэн хэгжүүхэн харцаар харна. Тэр зай, лай хоёрын дундуур амны зоргоор чалчих албан тушаалтнууд цөөрөхгүй л болов уу? Уг нь манай Ц.Элбэгдорж дарга “Том төр” , “Ухаалаг төр” гэж мунгинуулж байхаар, “ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ТӨР” болно гэж ойлгомжтой хэлээд, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг шууд хариуцлага хүлээлгэж ажлаас нь халж, шийтгэж  эхэлбэл юутай сайн. Гэхдээ улсаас хулгайлж завшсан мөнгө болон хөрөнгийг нь хураахгүй бол, наадуул чинь нэг л мэдэхэд “мөнгөөр зодоод” толгой дээр тань гарчихсан байх вий дээ. Б.Пүрэвдорж дарга дотроо нэг л юм бодож суугаа даа. Юу бодож суугааг нь та бид бүү хэл, хөгжмийн зохиолч Балхжав ч “таашгүй”.

Share Your Thoughts