АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ЗҮЙЛ

Хүмүүс заримдаа яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр үедээ “Амьдрал гэдэг чинь шал утгагүй зүйл байна”, “Амьдрал шал новшийн байна”, “Амьдралаас уйдаж залхаж байна” гэхчилэн эгээ л бусдад туниж гомдож байгаа мэт аашлах. Өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн хувь заяа, элдэв асуудлаа өөрөө шийдэж байж учиртай зарим хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа мэтээр гомдоллох нь бий. Өөрийнх нь амьдралд хааяадаа тулгарах бэрхшээлтэй асуудлыг өөрөө шийдэж чадахгүй болохоороо бусдаас бурууг нь хайж, “илчилж олж” бусдад гомдон, бас хонзогнож явдаг хүмүүс бишгүй л бий.

АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ ЕРИЙН Л ОЙЛГОЛТ

Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо АЗ ЖАРГАЛ хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ “аз жаргал”-ыг ерөөнө. Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр.

-Зарим хүмүүс их мөнгөтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидний амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би л лав бодохгүй. Их мөнгөтэй болсон хэрнээ түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй.

-Зарим хүмүүс эрх мэдэлтэй “том дарга” байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь “хариуцлага” хэмээх том хилэнц буй. Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашигт таацуулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно. Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлдээ хүлэгдэн, зусардагсадаа мөнхийн юм шиг санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн яравгар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй.

-Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. “Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй. Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хичнээн хичээж үнсэлцэж, сугадалцаад ч аз жаргалтай мэт харагдахгүй.

-Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? гэж үү? Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл АЗ ЖАРГАЛ гэдэг бол СЭТГЭЛ ХАНАМЖ юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил тэр хүний хувь тавилан нь огт өөр өөр. Харин өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаардаг. Хэн нэгнээс, өрөөл бусдаас биш шүү дээ. Хэрвээ та өөрөө хичээж зүтгээд тэр хэмжээндээ хийж бүтээж, бий болгож байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадах аваас аз жаргал өөрөө тан дээр хүрч ирнэ. Түүнээс биш хүн болгон энэ дэлхийн хамгийн баян хүн болох гэж мөрөөдөөд, бүгдээрээ хаан эсвэл Ерөнхийлэгч болох гэж хүсээд, нөгөө бол зөвхөн мисс бүсгүйтэй гэрлээд олны газар гунхалзтал дагуулж бусдын харцыг “Соронз” мэт татаж явах гэж хичээгээд, “санасан болгоноо бүтээж, сарвайсан болгоноо авах” гэж зүтгээд байх ахул жаргал биш зовлон болж хувирдаг. Түүнийг л манай ухаант өвөг дээдсүүд “Даахгүй нохой булуу хураана” хэмээн зүйрлэсэн байдаг юм.

ЗОВЛОНГ ХҮМҮҮС БИД Л ӨӨРИЙН СЭТГЭЛДЭЭ БИЙ БОЛГОДОГ

Амьдралдаа арчаагүй байж бусдаас дорд орох тусмаа, өрөөл бусдыг “өөр шигээ байгаасай” гэж хүсэх тэнэг мунхаглалаас өөрийн зовлонгоо үүсгэдэг. Тэр зовлонгууд сэтгэлд таны хуралдах хэрээр таны царай аз жаргалгүй болж ямагт бухимдан цухалдаж, амьдралыг хар бараан өнгөөр харж эхэлнэ. Бас ядарч туйлддаг. Бид өөрсдийн сэтгэлдээ хураадаг зөндөө олон ЗОВЛОН бий.

-ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ:
“Шунал ихэдвэл шулам болно” гэдэг хэллэгээр өнөө цагт зөвхөн мөнгөний төлөө улайрч, юу ч хийхээс буцахгүй болсон олон танил хүмүүсийн царай нь шулам мэт харагдаж байгааг анзаарсан уу? Хүн эрдэм чадал, авьяас билэг, хичээл зүтгэлгүйгээр их мөнгө олох боломжгүй. Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох арга нь хулгай хийх, луйвардах, биеэ үнэлэх зам л байдаг. Өдгөө Монголд минь маш олон хүмүүс өөрийн шударга хөдөлмөрөөр бус биеэ үнэлж, бусдыг луйвардаж, улстөрийн эрх мэдлийг ашиглан олон нийтийн баялгийг хулгайлж, завшин баяжиж байгаа. Тийм хүмүүс гадна өнгөндөө мунхаглан баярхавч дотор сэтгэлдээ ямагт айдастай явдаг. “Бусдад баригдчих вий, бусдад мэдэгдчих вий” хэмээх сэтгэлийн их айдас тэднийг шөнө өдөргүй зовлонд автуулж байдаг. Завшиж олсон мөнгөө “бусдад алдахгүй юм сан” гэх зовлон нь тэднийг шөнө ч амар тайван унтуулахгүй. Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох хүсэл болгон нь хүмүүсийг хязгааргүй зовлонд унагасаар л байх болно.

-МУНХАГ ТАЧААЛ:
Бүсгүй хүний гоо сайхныг бахдан харахдаа “ямар сайхан бүсгүй вэ?” гэж бахдан бодохын оронд “үүнтэй нэг унтаж үзэх юм сан” гэж бодох дор зовлонгийн эхлэл ирнэ. Хүний дотоод сэтгэлийг мэдэрч хайрлахаас илүүтай адгууслаг хүсэл тачаалаа гүйцэлдүүлэх мунхаг хүсэл болгон нь гэр бүлийн болоод албан тушаалын, бас гудамжны хүчирхийллийг бий болгож байгаа. Хэн нэгэнд мөнгө өгөөд, хэн нэгнээс мөнгө аваад үйлдэж байгаа бэлгийн харьцаа болгон нь хүмүүст таашаал өгдөггүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч, бас шийдэж болдог гэж сэтгэдэг хүмүүст чин сэтгэлийн хайр гэж огт үгүй. Өөрийн сэтгэлгээгээ ингэж гаргуунд гаргасан хүмүүст хайраар сүлсэн сэтгэлийн таашаал хэзээ ч эргэж ирэхгүй. Дур хүслээ барьж дийлэхгүй мунхаг тачаал болгон нь хүмүүсийн сэтгэлийг ямагт зовлонд унагаж байдаг. Зовлон нь дуусахгүйгээр барахгүй ямагт үргэлжилсээр байх болно.

-УУР ХИЛЭН:
Гудамжинд түгжирч зогсоо машиныхаа цонхоор мянгантаа харааж хашгичаад ч түгжрэлээс гарахгүй. Чамаас хамаараагүй түгжрэл нь чиний уур бухимдлын ачаар арилахгүй. Нэгэнт машинаа хаяад явганаар явж зорьсон газраа хүрэхгүйгээс хойш санаа бодлоо тайвшруулж, дараа дараагийнхаа ажлыг зохицуулахаас өөр сонголт үгүй. Нударгаар, хүчирхийллээр, дарамтаар хэзээ ч асуудлыг сайнаар шийдэж байгаагүй. Амьдралд бидэнд учрах ийм жишээнүүд зөндөө. Заримдаа бусдаас хамааралтайгаас болоод шийдэгдэхээс хойшилж байгаа асуудлын төлөө хичнээн бухимдаад ч нэмэргүй, хүлээх хэрэгтэй болдог. Ямар нэгэн асуудлаас болж хоорондоо муудалцаж байгаа хоёр хүний хэн нэг нь хэзээ ч ялагч болдоггүй. Хэн чанга хашгирсан нь илүү зовж зүдэрнэ. Уур хилэн биеийг зовоох төдийгүй сэтгэлийн их зовлонг авч ирдэг. Заримдаа ингэж уурлаж бухимдсаныхаа төлөө дараа нь хичнээн харамсаад ч тэр болгоныг эргүүлж авахаас өнгөрсөн байдаг. Уур хилэн, уцаар бухимдал болгон хүмүүсийн сэтгэлд хуримтлагддаг зовлон шаналал. Хичнээн их бухимдах тусам чиний сэтгэлд хуримтлагдах зовлон төдийчинээн ихэснэ.

-АТААРХАЛ:
Өөрөөс нь илүү мундаг сайн яваа дотно нэгний тухай сонсохдоо “За даа тэр ч багадаа олиггүй хүүхэд байсан юм даа” гэж хэлж байгаа нь зовлонгийн эхлэл. Өнөө цагийн хөгжил дэвшлийг өнгөрсөн цагийн муу дурсамжиндаа “хүлж” байхдаа л хүмүүс сэтгэлдээ атаархлын зовлонг бий болгодог. Өөрөө хичээхгүй атлаа өрөөл бусдын хичээж зүтгээд бий болгосон амжилтыг нулимж, бусдад муулж суухдаа, элдэв өө шалтгийг нь олж хов жив хутгаж байхдаа л хүмүүс хүн чанараа алдаж эхэлнэ. Хэн нэгний өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг харахдаа “Яанаа, би ийм болох сон” гэж хорсохдоо өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг зовоож эхэлдэг цөөн бус хүмүүс ч бий. Ханилж байгаа ханиа “урагшгүй муу” гаар нь дуудна, үр хүүхдүүдийнхээ “арчаагүй дорой” г сануулна, найз нөхдийнхөө “хүн чанаргүй, итгэлгүй” г гайхна. Атаархлаас үүдэлтэй зовлон зөвхөн өөртөө биш өрөөл бусдад давхар зовлон авчирдагт л хамаг гай нь байгаа юм. Тийм зовлон олон хүмүүсийг хамарч тэднийг бухимдуулан ядраадаг.

-ХОРСОЛ ХОНЗОН:
Хүмүүсийн харилцаанд элдэв асуудлууд учирдаг. Алба болон амины асуудлаас болж өөр хоорондоо муудалцах тохиолдол зөндөө. Муудалцахдаа бие биенээ давж гарах гэсэндээ хашгирч байгаа хорон муу үгс нөгөөгийнхөө сэтгэлийг шархлуулдаг. Ихэвчлэн “чи муу … тийм ш дээ” гэсэн тодотгол нь нэгэн цагт бие биедээ итгэж ярьсан яриа байх нь олонтой. Хэрүүл маргаанд хэзээ ч ялагч байдаггүй, учирлаж ярьсан ярианд л ойлголцол байдаг. Уурандаа хашгирч хэлсэн үгэндээ ойлголцохоосоо илүүтэй хонзон санаж явах хүмүүс цөөнгүй. “За яахав, чиний сайн явахыг чинь үзнээ” хэмээн хонзогоносон хорсол сэтгэлийн их зовлонг авчирдаг. Тэр хүнийхээ үйлдэл алхаа гишгээ бүрийг мөрдөж, алдаа гаргахыг нь отон хүлээнэ. Алдсан алдаагаар нь тавлан доромжилно.Таньдаг дотно найз нөхдөд нь элдвээр муучилж ярина. Дотно байсан хүнээсээ мууг нь олж илрүүлэх гэсэн зовлон нь эргээд өөрийг нь мунхаг мэт харагдуулж байгааг ч анзаарахгүй. Ийм зовлон хүний сэтгэлийн багтаамж нь бага байх тусмаа олон жил үргэлжилдэг.Ийм хорсол хонзон хичнээн олон жил сэтгэлд нь орших тусам, тэр хүн өөрөө төдийчинээн зовлонг сэтгэлдээ хураасаар байх болно.

-ИТГЭЛ АЛДАХ:
Маш олон хүмүүсийн харилцаа итгэл дээр тогтдог. Хамгийн дотно найз нь хамаг зовлонгоо тоочиж ирээд зээлж авсан мөнгөө буцааж өгөхгүй удах дор зовлон эхэлнэ. Амалсан хугацаандаа авчраад өгчих болов уу? гэсэн итгэл цаг хугацааны урсгалд бүдгэрэх тусам хайрлаж итгэж байсан итгэлийн орон зайг зовлон эзэлдэг. Эцэст нь өөрөө түүнээс мөнгө зээлсэн юм шиг арчаагүй байдалд орох үед нь “Чи яасан сүртэй юм бэ? өгч л таараа шүү дээ” гэж ширэв татах дор сэтгэлийн нандин холбоос нь ор мөргүй тасарч, итгэлийн гал бөхдөг. “Дахиад хүнд мөнгө зээлэх юм уу, туслахгүй юм шүү” гэх хорсолтой бодол сэтгэлд зовлон болон хургана. Хайр, нөхөрлөл, ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанд ийм жишээ зөндөө.” Дахиад хэзээ ч уухгүй дээ” гэж амалчихаад маргааш нь согтуу ирэх дор амьдрал нь зовлон болон хувирч, бусдад ч итгэх итгэлээ алдаж гээнэ. Тэр болгон нь бусдад итгэхгүй байх, туслахгүй байхын зовлонд учруулж ганцаардмал, дорой болгох нь бий. Амьдралыг зовлон болгон хувиргадаг нийтлэг тохиолдол нь итгэл алдалт юм. Итгэлээ алдсан хүний нуруу нь бөхийж, нүднийх нь гал бүүдгэрэх дор зовлон нуруун дээр нь дарсан юм шиг харагдах.

-МУНХАГЛАЛ:
Сүүлийн үед ном унших хүмүүс цөөрчээ. Тэр байтугай “ном унших дургүй” гэдгээ олон нийтийн өмнө бахархалтай мэдэгдэх хүмүүс ч бишгүй бий болж. Хүн эрдэм мэдлэгээс эрч хүч, ухаарал авдаг. Харин эрдэм мэдлэгийг бас ухаарлыг номноос авдаг. Эрдэм мэдлэггүй хүмүүс олшрох хэрээр энгийн хүмүүсийн хувьд мунхаглалыг тэвчих зовлон учирдаг. Мэдлэг чадвараар биш мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэдгийг, заавал авьяасаар биш хөөцөлдлөгөөр “од” болж болдог гэдгийг, хичээл зүтгэлээр бус арга залиар баяжиж болдог гэдгийг мунхагчууд бидэнд тулгаж байна. Эрээ цээрээгээ алдсан, бүдүүлэг мунхаг хүмүүсийн дэргэд байх гэдэг зовлон. Хүн мунхаг байх тусмаа бусдад баярхаж гайхуулах, өөрийгөө магтан дөвийлгэх нь ихэсдэг. Огт ичдэггүй хүмүүсийн өмнөөс ичих гэдэг зовлон. Юм мэддэгүйгээсээ ичдэг хүн байхад, юм мэддэггүйгээрээ гайхуулдаг хүмүүс олон болох нь зовлон. Заримдаа ийм байдлын өмнөөс юу чхийж чадахгүй байх гэдэг л хамгийн хэцүү зовлон. Энэ зовлонд л монголчууд бид нийтээрээ орох гээд байна даа. Жаахан эрүүл ухаанаар эргэцүүлэхгүй бол?

*АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ЮМ ШҮҮ ДЭЭ
Казакстаны нэгэн найруулагчийн бүтээсэн кинонд “Хүн болгоны толгой дээр нэг аяга байдаг юм. Хүн муу зүйл хийх тоолонд тэр аяганд дусал дуслаар хор орж байдаг. Тэр аяга дүүрэх цагт хүний амьдрал төгсдөг юм даа” гэж хэлсэн байсан. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Заавал бусадтай адилхан байх албагүй. Бидэнд нийтлэг адил зүйл байгаа нь:

-Бид хүн болж төрснийхээ хувьд эсрэг хүйстэндээ дурлаж, хамтдаа гэр бүл болж, өөрсдийн удам болох үр хүүхдээ төрүүлж, сайнаар өсгөж хүмүүжүүлэх үүрэг юм.
-Бид нэгэнт өөрсдийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд ямар нэгэн хөдөлмөр хийж, түүний хөлс болох мөнгөөр хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг.
-Бидний амьдралд сайн муу элдэв зүйлс тохиолдоно. Таны өмнө тулгарсан тэр асуудлаа буруу ч бай, зөв ч бай шийдвэр гарган шийдэж, уг шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө л үүрч байх тавилан.

Тэгэхээр, ХҮН ӨӨРИЙН ДУРТАЙ АЖЛАА ХИЙЖ, ТЭР АЖЛЫНХАА ХӨЛСӨӨР АМЬДРАЛАА АВЧ ЯВЖ, АЖЛАА ТАРААД ГЭР РҮҮ ГЭЭ ЯАРАН ЯВДАГ болоход л АЗ ЖАРГАЛ мэдрэгддэг. Заавал өөрөөсөө хэтийдсэн зүйлээ олох гэж, хийх гэж зовж шаналж яана. Амьдралд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, шаналж, зовж байж олж авсан бүхэн амттай төдийгүй бахархал болон үлддэг. Сайтар бодож тунгааж, хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх аваас амьдрал чамд “дэндүү сайхан” санагдах болно. Өнөөдрийн танд байгаа бүхэн маргааш илүү сайхан болно гэдэг итгэл хүмүүсийг урагш хөтөлж явдаг. Бас өөртөө итгэлтэй болгодог. Тийм болохоор л дэлхий 365 хоногт тэнхлэгээ эргэх дор нэг нас нэмж, шинэ жилээ тэмдэглэдэг юм даа. Нэгэн эргэлтэд “өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай” хэмээн сануулдаг юм. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ. Тэр тусмаа өөрийнхөөрөө амьдрах гэдэг бүр ч сайхан. Яг л өвлийн хүйтэн орчинд сэнгэнэх цэвэр агаар шиг.

Share Your Thoughts