АНЖЕЛО ДЭВИСЭЭС “ОСКАР” ХҮРТЭЛ…

…Нилээд дээр үед дээ. Сумаас мал төллөлтийн үед хөдөө томилогдсон төлөөлөгч, нэгэн айлд бууж л дээ. Мал төллөлт ямар байгаа болон амьдрал тавлаг байгаа эсэхийг асуусан төлөөлөгчийн асуултын хариуд “Амьдрал ахуй яах вэ, Анжело Дэвис юу болж байна?” гэж, сониучирхсан малчин өвгөн гаансаа соронгоо суудлаа займчуулан дөхүүлж асуусан гэдэг. Тэр үед Америкийн империалистуудыг эсэргүүцсэн Анжело Дэвис хэмээх “цогт хувьсгалч”-ийн тухай сонин хэвлэл, ухуулга сурталчилгаанд тасралтгүй гаргаж олон нийтийн анхаарлыг хандуулж байсан үе. Системээрээ талцаад л социализм коммунизм, капитализм империализм гэж хуваагдан бие биенээ “үзэн ядах”, “буруушаах” их сэтгэлийн хөдөлгөөн толгой сэгсрэн харуусах, тагнай товшин халаглах үйлдлээр илэрдэг байсан үе. Намын дарга л хэлсэн бол гарцаагүй “ҮНЭН” гэж итгэдэг, тархиа угаалгасан бүхэл бүтэн үе ингэж л оршин тогтнож байв даа. Нөгөө талаасаа өөрийгөө төдийлэн хайхрахгүй хэрнээ, бусад олны төлөө “сэтгэл нь шаналдаг”, эсвэл “хэрэгт дурладаг” зангийн аль нь үл мэдэгдэх, бидний “хээгүй”, “гүндүүгүй” гэх тодотголтой араншингийн илрэл ажгуу.

Тэр л “хэрэгт дурлаач”-дын хожмын үр сад бид өдгөөгийн интернет хэмээх аугаа ертөнцөд “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдгийн үлгэр үзүүлсээр авай. Укрианы хэрэг явдалд бид “шүүмжлэлтэй” хандаж, Путин болон Обамагийн байр суурийг өөр өөрийнхөөрөө дүгнэн “тэгэх ёстой”, “ингэх учиртай” хэмээн шууд л дүгнэн буруутгана. “Тэнэг мангараар” нь нэрлэн зааж зааварчилна. Асуудал бол биднийхээр “маш амархан” атал, тэдний “тэнэгтээд” байгааг гайхан эгдүүцэж, шүүмжлэн халаглана. Саяхан болж өнгөрсөн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа Леонарда Де Каприод “Оскар” өгсөнгүйд, бид Леонардагаас илүү “шаналж” бухимдав. “Хөөрхий Леонарда! Амьдрал нь ингээд төгсч, амиа хорлохоос аргагүй байдалд орсон” мэт бид гашуудав. Тэр ч байтугай зарим нь Леонарда Де Каприод “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” цол олговол яасан юм бэ? хэмээн “маазрана”. Фейсбуук, твитерээр дүүрэн Леонардагийн уйлсан зургуудыг эвлүүлж, “ингэх гээд байсан юмаа” гэж тохуурхав. Эрүүл саруул сэтгэлгээгээр санаа бодлоо илэрхийлж байгаа цөөн хүнийг эс тооцвол бусад нь зүгээр л хийрхэл, тохуурхал. Бусдын сэтгэл зүйгээр тоглон, “марзганаж” байгаа үйлдэл.

Сүүлийн үед фейсбуук болон твитерээр үзэл бодлоо илэрхийлэгчид олон болсон. Гайхамшигтай ертөнц. Хүн болгон ичиж зовохгүйгээр өөрийнхөө тухай өгүүлж, сэтгэлд хуримтлагдсан олон бодол, эргэлзээгээ бусадтай хуваалцдаг болсон. Алив юм заавал хоёр талтай байдагчлан “сайн, муу”, “эрүүл сэтгэлгээ, солиорол”, “сэтгэл зовинол, ашиг завшаан хайгчид” холилдон байгаа. Ямар сайндаа “Фейсбуукийн зураг шигээ, фейсбуук дээр бичдэг шигээ байл даа” хэмээх хошин хэллэг дэлгэрэх вэ? Зарим нь их зальтай. Өөрийнхөө зургийг тавихгүй, өөрийнхөө нэрийг бичихгүй. Гэхдээ л би энэ ертөнцөд талархдаг юм аа. Зарим нь надад таалагддаг, зарим нь огт таалагддаггүй хэдий ч би энэ ертөнцөд маш олон найзууд, бас танилуудтай. Өөртөө хэрэг болох маш олон санааг би эндээс шүүж олдог. Нүүрийг нь жинхэнээр нь одоо болтол олж хараагүй ч, сэтгэлдээ хайрлаж хүндэлдэг маш олон хүмүүс энд бий.

“ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ БУХАЛ” БУЮУ ДАРААГИЙН ӨЧИЛ.

Алдарт Анжело Дэвисийн төлөө санаа зовинож байсан өвөгсийн үр удам, өнөөгийн “Оскар” т шаналж байгаа бидний хувьд санаа тавьж эргэцүүлж болох олон асуудлууд байнаа. “Амьдрал яах вэ?” биш л дээ. Бидний сэтгэлгээ ихэд өөрчлөгдөж байгаа ч, өөрсөд дээр нь тулгарч байгаа олон асуудлуудад бид яаж ийгээд л “тойрч” өнгөрнө, хулчийдаг юм уу, яадаг юм. Харин дэлхийн хэмжээний асуудлууд дээр бол чөлөөтэй “шулганаж”, чөлөөтэй “жиргэнэ”. Ямар ингэлээ гээд Путин, Обама хоёр уурлаж бухимдсандаа, ирээд баривчилж чадах биш. Яс юман дээр тэд “уншаа ч уу? үгүй ч үү?”. Одоо хараагаад байгаа ардчилал бидэнд ийм боломжийг олгосон юм. Хуучнаараа байсан бол “сэлэм хялс, толгой бөндгөс” шүү дээ. Харин бид энэ эрх чөлөөндөө “бялуураад”л, бусдын “хавчигдмал зовлонг” ойлгохгүй л байгаа юм даа. Тэгээд л худлаагаасаа “цэцэрхээд” л. Гунигаа тайлж байгаа юм болов уу? даа, бусдад өширхөж.
Бидэнд олон асуудлууд байнаа. Улаанбаатарын хорт утаа хэдэн жилийн дараа хичнээн “хорт хавдар”тай хүмүүсийг бий болгохыг, ураны ашиглалтын аюул хэзээ нэгэн цагт биднийг бүгдийг нь “булшилж” болохыг, урдаас оруулж ирж байгаа хяналтгүй хүнс өчнөөн олон хүнийг “үргүй” болгож болохыг, өнөөдөр цахим ертөнцөд “нүцгэлж” байгаа гоо охидууд хэдэн жилийн дараа хичнээн ихээр ДОХ импортлохыг, ажил мэдэхгүй залхуу залуусын оронд оруулж байгаа хятадууд хэдэн жилийн дараа цэргээ оруулж болохыг, мөнгөний төлөө шунасан улстөрчид мөрийнд нь эх орноо тавиад харьд гэр бүлээрээ зугатаж одохыг бид ярихгүй байна. Анжело Дэвисээс “Оскар” хүртэл мунхарч цэцэрхсэн олон түмэн минь өрөөндөө угаартаж суугаад л, харь ертөнцийн тухай цэцэрхэж сууна. Яг үнэндээ бид хулчгар хэрнээ, хоосон цэцэрхэгчид. Яс юман дээр бусдын угаадас долоодог “гөлөгнүүд”.

Анд минь чи компьютерийнхээ араас холдоод эргэн тойрноо нэг хар даа. Олигархиуд чамайг дайрчих шахан машинаар давхина. Тэдний хүүхдүүд чамайг бааранд заамдаад “чи хэрээ мэдэж бай, гөлөг минь” хэмээн дарамтална. Чи эх орондоо “эзэн” гэж бодох мөртлөө “дэн дун”, төрийнхэнд өгөх мөнгөгүй бол чи ердөө л “угаадас долоогч”. Тэгээд л хувь заяатайгаа эвлэрч хэн нэгний хөлийг “долооно”. Тэгсэн мөртлөө компьютерийн цаанаас хорслоо “тайлна”. Бусдыг харааж, зүхэж “кайф” авна. Улаанбаатарын хот төлөвлөлтийг” будаа” болгосон М.Энхболд, тухайн үедээ хотын менежер болоод дараа нь сайд болсон Бадамжунай нарын хөлийг үнсэн байж зусардана. Эднийг зайлуулаагүй цагт “Төр цэвэршихгүй” гэж би нэгэнтээ л бичиж байсан. Өнөөдөр тэр л хэвээрээ. Ардчиллыг дэмждэг юм шиг хэрнээ зусардагч олон “новш” нуудад дургүй. Тэмцэж байсан цагтаа “хэн байсан”-аа мартсан тэнэг тэднийг одоо аргадах гэж үү? Хүний мөн чанар гэдэг хэзээ ч гудайдаггүй. Өөрсдөө биднийг “хуурч чадаж байна” гэж бодовч, цаг хугацаа чиний хэрхэн “новш”, эсвэл “хүн” байсныг нь батлах л биз.

Хүмүүс ээ! Жаахан эргэцүүлж бодьё. Бидний өмнөх олон асуултууд “Төрөөс асуултын хариу” нэхэж байгаа. “Та нар бидний сайн сайхны төлөө юу хийж чадаж байгаа вэ?” гэж. Анжело Девис, өнөөгийн “Оскар” биш. Зүгээр л бид Монгол орондоо “айж түгшихгүйгээр тайван амьдарч болох уу?” гэж, ” Төрийн тань хүнд сурталтангуудад авилгал өгөхгүйгээр өөрийн мэдлэг чадвараараа Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулж болох уу?” гэж Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас асууя. Хэрэв “тийм боломжгүй” аваас та нарыг зайлуулах л болно. Харин оронд нь лав л Н.Энхбаяр биш шүү. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд, “Та өөрөө л өөрчлөлтийг эхлүүлнэ”. Ядаж л хогийн саванд хогоо хийхээс, авилгал нэхсэн хэн нэгний өөдөөс гар утсаараа бичлэг хийчихээд “нулимаад” гарахаас, интернетийн их орон зайгаас зөв шударга хүмүүсийг олж нөхөрлөн санал бодлоо хуваалцахаас, монголчууд бид зөв сайн үйлсийн төлөө эвлэлдэн нэгдэхээс л эхэлнэ. Үгүй гэж үү?

Share Your Thoughts