АНУ-ын нийслэл дэх монголчуудын наадам \бэсрэг тэмдэглэл\

_MG_7451

Суусрын гүйдэл салхи
шанхаар наадан сэвэлзэж
Суурь хөлгөн асрын
шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг
өдөржин тойрох морьдоос
Суран жолоо атгасан
өнгийн цэцэг ургаа юу
…Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд жилээс жилд оршин байгаа газар нутагтаа Монголын үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Орон орны тэнгэрт тэр өдөр мандах монголын далбаа, агаарт цуурайтах монгол дуу хуур, аялгуу эгшиг, тэр л хүрээнд цэцэгс мэт алаглах монгол гоёл, наадам наргиан бүхэн Монголын бахархал болон түгдэг. Энэ л наадмыг ажих ахул сумын наадам мэт өргөн дэлгэр.
АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын монголчууд уламжлал ёсоороо Арлингтоны Barcroft Park-д энэ 7 сарын 10-ны өдөр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн олон бэлэгдэл давхацсан /хэл ээдэрмээр/ ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Харь оронд ч гэлээ Монгол наадмын өнгө төрх, сүр жавхаа жилээс жилд өргөжин тэлсээр байгаа нь мэдрэгдэж байлаа.

Наадмын сониноос…
-Наадам болох газраа хүрээлэн буусан олон янзын хэлбэр хийцтэй сүүдрэвч дунд монгол гэр, монгол хээ угалз бүхий монгол асар барьсан нь их л содон харагдаж байлаа. Гэрийн модыг нь үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол тавилга бүхий энэ гэр Охойяа мужаас нүүж ирсэн аж. Гэрийн эзэн болох бахим биетэй монгол залуу, энэ гэрийг бараг 7 жилийн өмнө Монголын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж худалдан авсан гэнэ. Өнөөдөр гэрт байрлуулсан ширээ сандлаас гадна иж бүрэн тавилга, давхар бүрээстэй аж.
Монгол гэрийг ихэд сонирхон орж гарах наадамчдын нүдийг гэрт байрлуулсан Монголын түүхийн холбогдолтой фото зургийн үзэсгэлэн хужирлаж байв. Энэ сайхан фото үзэсгэлэн нь Вашингтон дахь Монгол-Соёлын төвийн өмч юм.

-Наадмын нээлтэнд Монгол үндэсний хувцсаараа гоёсон олон залуус тал талаас нь өргөж, наадмын  талбайг нар зөв тойруулан хүндэтгэл үзүүлсэн маш том хэмжээтэй Монголын Төрийн далбааг нэгэн цагт УИХ-ын гишүүн байж, өдгөө АНУ-д суралцаж байгаа Б.Эрдэнэбүрэн захиалж хийлгэн, Вашингтон орчмын Монголчуудын Холбоонд бэлэглэжээ. Энэ далбааг АНУ-д ажиллаж байгаа дизайнер Туяа урласан аж. Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 7 сарын 10 ны өдрийг Монголын Төрийн далбааны өдөр болгон хүндэтгэл үзүүлж байх болсонтой
холбоотойгоор бүтээгдсэн энэ том төрийн далбааны ижил нь Улаанбаатар хотод намирч буй.
Ямартай ч Вашингтоны Монголчуудын Холбоо Америктаа хамгийн том төрийн далбаатай болж, хийморь сүлдээ өргөж байх боломжтой боллоо.

-Энэ жилийн Вашингтоны наадмын үндсэн хандивлагч нь Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор Мобиком корпораци байлаа. Мобиком корпораци сүүлийн үед Монголын боловсролын салбрын шинэчлэл болон монгол залуусын оюуны чадамжийг дээшлүүлэхэд  нилээд анхааран дэмжиж байгаа аж. Лав л www.gogo.mn -ээр дамжуулан цахим номын худалдааг эрхэлж байгааг мэдэх юм. Сүүлийн үед Монголын төрийн, төрийн бус олон ч байгууллага болон аж ахуйн нэгжүүд гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах сонирхолтой болсон нь мэдрэгдэж байгаа. Энэ ч сайн эхлэл төдийгүй өнөөгийн Монголчуудын эв нэгдэл болон хамтын ажиллагаанд их л нэмэр болох буйз. Ямартай ч ирэх жилийн Вашингтоны наадам болон бусад олон ч үйл ажиллагаанд Монголын байгууллага болон аж ахуйн нэгжүүд дэмжиж, хамтран оролцох бол нэг их гайхан цочирдохгүй байж болох нээ.

-Харин наадмын уламжлалт хандивлагчдаас гадна Вашингтон ДС-д байгуулагдсан сайн дурын сонирхлын нэгдлүүд дэмжиж хамтран ажилласан нь талархууштай үйлдэл байлаа. Вашингтон ДС-ийн монголчуудын тулгуур  бизнес болох “чулууныхан”-аас Гарваа, Намхай, Мэндээ, Наранбат, Чойжоо, Оргил, Бумбаяр нар болон сагсан бөмбөгийн ДС баг, Марилэндийн сагсчдын баг, волеиволын 5 багийн тамирчид наадмын үйл ажиллагааг дэмжин хандив өргөжээ. Мөн Цагаанаа эгч наадмын хүндэт ширээний идээ, заслыг бүрэн бэлтгэж хандивласан аж. “Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэдэгчлэн алив үйл ажиллагааг дэмжих дэмжлэг багаддаггүй аж. Түүнчлэн United Dental Corp Чинбат, Flover and Dollar store Оюунчимэг, Sara Katering, Poyalty Consalting Өнөрөө, Пяльжи Гямчо, Чингэлтү Боржигэд , Ariel Wyckoff Хандмаа нарын хандив дэмжлэгүүд ч энэ наадмыг илүү тухлаг сайхан болоход нэмэр болжээ.

_MG_7505

-Энэ жилийн наадамд шаардлага шахалтгүйгээр 32 залуу бөхчүүд зодоглолоо. Чикаго хотын наадмын үзүүр түрүүний бөхчүүд болох улсын начин Эрхэмбаяр, аймгийн заан Бат-Эрдэнэ нарыг цувуулан хаяж түрүүлсэн сумын заан Одбаярыг таних хүмүүс цөөхөн байв. Учир нь тэрээр Монголоос ирээд төдийлэн удаагүй байгаа бөгөөд Вашингтоны наадамд анх удаа барилдан түрүүлж, сумын цол дээрээ “Aрлингтоны” цол хүртэв бололтой. Харин үзүүрлэсэн аймгийн заан Бат-Эрдэнэ, Вашингтоныхны “олимпийн найдлага” болох Д.Сүлдбаярыг нилээд дээр өргөж гаргаад хаяхад нь харамссан хүн олон. Харин Одбаярыг түрүүлэхэд Вашингтоныхны баярлаж хөөрсөн сэтгэлд “сумын наадмаа гадны бөхөд алдалгүй, дошин дээрээ авч үлдсэн”-ий бахархал хамтдаа оршиж байсан байх. Монгол заншлаар түрүүлсэн бөхийн хөлснөөс адис авах хөдөлгөөн багагүй бужигнааны үндэс нь болж харагдав.
Дараагийн өдрүүдэд Монголд болсон үндэсний баяр наадмын их шөвөгт болон үзүүр түрүүнд хэн ч тааварлаагүй шинэхэн залуус гарч ирэн , наадамчин олонд сэтгэлийн их цэнгэлийг эдлүүлсэн нь Монголын шинэ үеийн залуус хүч чадал, нөр их зүтгэлээрээ тодрон гарч ирж байгаагийн баталгаа байв. Одбаяр ч тэдний нэгэн байж, магадгүй энэ эхлэлийг нь мэдрүүлсэн байж болох юм.
Энэ жилийн түрүү бөхийг Самми авто сервисийн эзэн Сандагаа 5 дахь жилдээ байллаа. Нууцыг задлахад энэ жилийн түрүү бөхийн бай нь 1000$ байсан гэсэн шүү. Үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхийн байг “Сакура” үйлчилгээний төв, Top Master Granite & Marble нар олгож AMEX Cargo өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг гардууллаа. Энэ нь бас л уламжлал болох юм гэсэн. Түрүүлдэггүй юм гэхэд аятай сайнаар, идэвхтэй нь аргагүй ноцолдоод байвал авч болох шагнал аж.

_MG_7394

-Гадаадад байгаа монголчууд нас насны хурдан морины уралдаанаа хүүхдүүдээрээ орлуулдаг болсоор энэ нь жишиг болж буй. Хэдийгээр УИХ-ын болон ЗГ-ын гишүүд, улстөрчид бизнесменүүд шиг өөрийнхөө нэр дээр бусдаар морио уюулан, алдар хүндийг нь өөрсдөө хүртдэг муу зуршилгүй ч, хүүхдүүдээ жилээс жилд “хурдлуулан” гаршиж, улмаар туршлагажиж байгаа эцэг эхчүүд олон бий. Хүүхэд нь төдийлэн хурдлахгүй ч ядаж л “баян ходоод” болгож, боломжийн бай шагналаар хүүхдээ баярлуулахыг хүсэхгүй хэн байх ч билээ.
Харин энэ жилийн хурдан хүлгүүдийн нэр усыг авч амжаагүйдээ хүлцэл өчье. Ямартай ч нас хүйсээр ялган уралдуулсан хүүхдүүдийн уралдаан, жил жилийн наадмын хамгийн үзүүштэй уралдаан болдог. Ер нь уралдсан хүүхдүүдийн авхаалж самбаа, уяж сойсон эцэг эхчүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Арлингтоны ……….. уяач” цол олгох талаар Монголчуудын Холбоо бодож байгаа байхаа.
Мөн зарим хотууд “Эрийн 3 наадам”-ыг иж бүрнээр нь орлуулахын тулд сурын харвааны оронд шагайн харвааг оруулах болсон гайхамшигтай туршлагаас манай залуус суралцан, санаа авах биз дээ.

-Наадмын нээлтийн ёслол болон хүндэтгэлийн ажиллагаа сайхан болсон. Бөөгийн бүжиг, цамын болон хүүхэлдэйн бүжиг, монгол үндэсний бүжиг, лимбэ, морин хуурын болон Америк хөөмийчийн хөөмийн эгшиг энэ өдрийн Вашингтоны тэнгэрт монгол аялгуугаар дуурсаж байв. Америкт байгуулагдсан “Хөх тэнгэр “хамтлаг, Монголын “Люмино” хамтлагийн мэндчилгээ болон дуучин Жавхлангийн Америк дахь “копи” Ганаа нарын дуулсан дуу ч олны сэтгэлийг хөвсөлзүүллээ.
Дуучин Ж.Болормаагийн дуулсан “Монголын Төрийн дуулал” олон ч хүний сэтгэл зүрхэнд Монгол эх орны дуудлага болон эгшиглэв.

-Америкийн монголчууд жилээс жилд үндэсний баяр наадмаа ихэд хүндлэн монгол дээл хувцсаараа гоёх болсон нь зүлэг ногоон дээр алаглан найгах үзэмжит цэцэгсийн хүрээлэн мэт. Хэдийгээр америкт төрж өсч байгаа ч энэ л өдөр монгол хувцсаараа гоёж, монгол наадмын ногоон дэвсэг дээр өөрийн тааваар эрхлэн жаргах бяцxан хүүхдүүд хамгаас хөөрхөн бас өхөөрдөм байлаа. Монголын эртний ноёд, хатадын тэр ч бүү хэл бөхийн бүрэн өмсгөлөөр гангарсан хүүхдүүд энэ л өдөр монголоороо гоёж, монголоороо наадаж байх нь юутай сайхан.
Бүтэн жил догдлон хүлээдэг энэ л өдөр гадаадад байгаа монголчууд минь , монголдоо байгаа юм шиг л тухлагхан нааддаг болжээ. Айрагтай хуушууртай, чанасан махтай, нийслэл саладтай, аагтай цай бас боорцогтой монгол наадам сайхан боллоо.

-Өөрсдийн зав чөлөөгүй нөр их ажил хөдөлмөрийнхөө хажуугаар, америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудаа сайхан наадуулж цэнгүүлэх гэж хичээл зүтгэл гаргаж, сайн муу нэрийг хослуулан дуулавч шантрах нь үгүй Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооныхонд гүн талархал илэрхийлье. Тэд энэ жилийн наадамд зориулан “монгол наадам” энгэрийн тэмдэг хийлгэсэн байсан. Өвөрмөц шийдэлтэй энэ тэмдэгийн загварыг вэбдизайнер Г.Дариа урласан юм билээ. Бид бага гэлгүй бие биенээ дэмжин, чадах зүйлээрээ ч бие биедээ тусалж байхын муу гэж
үгүй. Ядахнаа л наадам дуусгаад ойр орчмын хог хаягдлаа саванд хийгээд гарахад л тус дэм болох сон.

Төгсгөл
…Энэ л насанд үзэж өнгөрүүлсэн олон ч наадам дундаас сумын наадам л мартагдахын аргагүйгээр сэтгэлд хоногшин үлджээ. Зүлэг ногоон дээр Монголын төрийн далбаатай хамтад  хормой нь дэрвэлзэн хийсэх асар майхнууд тэр л өдөр тэнгэрээс буусан үлгэрийн ертөнц мэт.
Хаяаг нь шуусан монгол гэрийн хаалгаар оочирлон байж худалдан авсан хуушуурын амт, амттан амттаны дээд л байж. Хөхүүрээс хулаар аягалан залгилах айрагны амт, ундаа ундааны дээж байж. Агентын худалдаанаас аав ээжийн өгсөн мөнгөөр худалдаж авсан амттан, хүсэл хүслийн оргил нь байж.
Хажуугаар тургилах морьдын чимээ, халамцуухан хэрнээ агсам морин дээр дүүхэлзэн аархах монгол эр, хараа булаан нүд хужирлах гоёлоо өмссөн бүсгүйчүүд энэ л өдрийн жавхаа.
Өдөржин цуурайтах хэрнээ алжааж цуцахгүй цагаан хоолой, бөхийн өмсгөлтэй хүдэр чийрэг залуус, тэднийг даган хөөрөлхөх бяцxан хүүхдүүд наадмын өдрийн хийморь. Шандас сорих холд цуцаа нь үгүй хурдан хүлгүүд, барианы газарт бусдыг цочоон анирлах гийнгоо, баярласан сэтгэлийн гүнээс нудэнд хурах нулимс энэ л өдрийн  уярал.
Барилдаж байгаа бөхчүүд нь ч, уралдаж байгаа хүлгүүд, унасан хүүхдүүд ч, харваж байгаа харваачид, уухайлан дэмжих хүмүс ч цөмөөрөө манай сумынх болохоор бүгд л танина. Наадмын тэр өдрүүдэд тэдэн шиг хүндтэй, тэдэн шиг мундаг, тэдэн шиг сайхан хүмүүс хаа ч үгүй. Битүүхэндээ наадмын түрүүгээ гадны хэн нэгэнд алдчихгүй гэж хөөрхөн “жалгархана”. Tүрүүгээ нутагтаа аваад үлдчихсэн тэр л хүн, тэр жилдээ нутаг усны хүндлэлийг дааж явах. Тэр жилийн наадмын сонин сайхан, жилдээ яригдах хууч ярианы сэдэв.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дор бүрнээ хийж байгаа монгол наадам яг л сумын наадам шиг. Аяа монгол сайхан наадам мину зээ. Жил жилийн хийморь лундааг тань тэгшилж байг. Дараа жилийн наадам хол байна даа хол байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-16

Share Your Thoughts