АРГА НЬ ОЛДДОГГҮЙ БҮСГҮЙ ААШ

Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн “юу болоод өнгөрөв өө” гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа “сүртэй юм бэ?” хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.

Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.

Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо “дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй” гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л  орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.

Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.

Share Your Thoughts