АРДЧИЛАЛ БУРУУТАЙ ЮУ?

Сүүлийн үед Монголын төрийн эрх барих үүрэгт оролцож байгаа эрхмүүдийн увайгүй хийгээд, эрээ цээргүй заваан үйлдлүүдээс шалтгаалж олон нийт тэднийг үзэн ядах боллоо. Олон нийт тэдэнд итгэл алдарч, тэднийг үзэн ядах хүртэл урт хугацаа нь, тэдний зүгээс олон нийтийг “тэнэг, мангуу”, “юу ч ойлгохгүй мунхаг” гэх хандлагаар үүрэгт ажлаа цалгардуулж, үүнийхээ төлөө хариуцлага огт хүлээхгүй байгаагийн балаг. Ийм байдал даамжрах тусам цөхөрч гомдсон иргэд “ардчилал гэдэг чинь шал дэмий нийгэм байна” гэж бодож, түүнээ илэрхийлэх болжээ. Энэ бол аюултай үзэгдэл. Монголын нийгмийн хөгжил зөвхөн уул уурхайгаас хамааралтай болсон, цөөн хүн амтай хэрнээ нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй ихэнх иргэд нь ядуу тарчиг амьдралтай байгаа, баялгийг бутээгч иргэдийн үнэ цэнэ нь өдрөөс өдөрт унаж байгаа төгрөгийн ханштайгаа адилхан хямд болсон, оюуны хөдөлмөр бүтээл үнэгүйдсэнээс нийгэм даяараа мөнгө, эрх мэдлийн боол болон хувирч байгаа үзэгдэлд АРДЧИЛАЛ буруутай юу? ардчиллын нэрээр улстөрийн тавцан дээр “тоглож” байгаа УЛСТӨРЧИД буруутай юу? гэдгийг бид ялгаж салгах цаг нь болжээ.

Бидний хүсч мөрөөдөж, анхнаас нь дэмжиж байж ялуулан байгуулсан АРДЧИЛАЛ бидэнд олон сайн зүйлсийг авчирч өгсөн. Бид их бага хэмжээтэй ч гэлээ өөрсдийн гэсэн хөрөнгө бас мөнгөтэй болцгоож, гадаадын аль ч оронд цагаачлах, сурах, ажиллах зорилгоор зорчиж, тэр хэрээрээ ардчилсан хийгээд хөгжингүй орнууд хууль дүрэм, хариуцлагын тогтолцоогоороо иргэдээ хэрхэн амьдруулж байгааг анзаарч, “шоронд орчих вий” хэмээн айж түгшихгүйгээр эрх баригчид, улстөрчдийг шоолж, харааж зүхэж чадаж байгаа. Олон олон залуус дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшин, дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд хөгжих гэж тэмүүлж эхэллээ. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хөгжил хийгээд иргэдийнхээ төлөө тавьж байгаа хариуцлага, халамжийн тогтолцоог Монгол орныхоо өнөөгийн байдалтай харьцуулж “Бид яагаад ийм байж болохгүй гэж?” хэмээх эргэлзээ тэдний сэтгэлийг зовоож байна. Тэд энэ бүхнийг өөрчлөхийг хүсч байгаа боловч Монголын өнөөгийн улстөрийн “хиртсэн” тогтолцоо, түүнд нь “бохирдсон” улстөрчид саад болж байна. Хэдийгээр энэ бүхнийг нарийвчлан судалж, баримт нотолгоогоор баталгаажуулан асуудлыг гаргаж тавих шаардлагатай боловч, миний хувьд боломж тохиохгүй болохоор олон жилийн ажиглалт, мэдээллийн сүлжээ хийгээд сэтгэлийн дотоод мэдрэмжээсээ улбаалан энэ бүхнийг бичиж, та нартай хуваалцаж байгаа юм.

УЛСТӨРӨӨР МӨНГӨ ОЛЦГООХ БОЛСОН

Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий улстөрийн албан тушаалыг ашиглан улстөрчид хувьдаа маш их мөнгө олж, хууль бусаар баяжиж эхэлснээс л энэ завхрал үүссэн юм. Нэг хэсэгтээ Монголд туслах гэсэн гадаадын байгууллагуудын тусламжийн мөнгөнөөс “тендер” нэрээр завшиж эхэлсэн бол, дараа нь Монголын газар нутаг, ашигт малтмалын нөөц бүхий газруудын “лиценз” нэрээр зарж, сүүлдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг “шантаажилж” хувь эзэмшин, одоо бол хийх гэж байгаа луйвруудаа хууль ёсоор баталгаажуулан ил цагаан “дээрэмдэх” боллоо. Хэдийгээр нотлогдохгүй байгаа боловч, ардчилал ялснаас хойш улстөрд тасралтгүй суусан эрхмүүдийн ил хөрөнгө, далд хувьцаануудыг шалгаж илрүүлэхэд нотлогдоно доо. Олон нийт энэ бүхнийг анзаарч байгаа хэрнээ хэн нэгэн шударга улстөрч “илрүүлэн гаргаж, шалгуулан цэвэрлэнэ” хэмээн найдах боловч тэр нь талаар болдог. Тэдний орж байгаа тогоо нь угаасаа бохир болохоор түүн рүү орсон хэн боловч, хөөтэй хутгалдаад бохирдож орхино. Монголын улстөрийн өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхгүй бол бид энэ хэвээрээ тэднийг харааж, зүхсээр, харин тэд улам улам баяжиж, өөрсдийн шударга бус үйлдүүдээ хууль ёсоор хамгаалан баталгаажуулсаар байх болно.

УЛСТӨРД ХУЙВАЛДААН БИЙ БОЛГОСОН

Ардчилал ялснаас хойшхи 25 жилд Монголын улстөрийн эрх мэдлийг МАХН, МАН, АН -ууд ээлжилж хариуцсаар ирлээ. Анхандаа “сөрөг хүчин” хэмээн бие биенийхээ ажилд саад болж байсан бол одоо тэд бүлэглэлийн эрх ашгийн төлөө өөр хоорондоо хуйвалдах болжээ. Улстөрийн шийдвэр гаргах, хууль батлах олон явц улстөрчдийн нууц уулзалтаар “танайх бидний энэ асуудлыг дэмжвэл, бид танай тийм асуудлыг шийдэхэд дэмжих болно” гэсэн харилцан ашигтай тохиролцоогоор явагдаж байна. Ийм тохиролцоонуудын уршгаар хууль тогтоох шийдвэрүүдийн олонхи нь улс орон, олон нийтийн эрх ашигт таатай бус, тухайн салбарт нөлөөлж байгаа улстөрч эрхмүүдийн ашиг сонирхолд таацан гарч байгааг бид анзаарч байгаа. Тэд телевиз болон олон нийтийн мэдээллийн өмнө “сөрөг хүчин” мэтээр ярьж аяглах боловч, цаад талдаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө хамтран хуйвалдаж, тохиролцож байна. Бид ийм жишээг маш олноор нь харж буй. Шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэж байгаа ЗГ болгон яамдуудын шадар сайдын орон тоог үгүйсгэж чадахгүй байгаагаас бид жишээлж болно. Энэ бол “хяналттайгаар бялуу хуваах” тохиролцооны энгийн жишээ. МАН, АН олон жил ЗГ-ыг хамтран байгуулахдаа энэ жишгийг бий болгосон юм.

УЛСТӨРИЙН НАМЧИРХСАН ТОГТОЛЦОО

Анх МАХН-ын дангаараа тогтолцоог шүүмжилж, эсэргүүцэж байж олон нийтийн дэмжлэг авч байсан тэд өнөөдөр Монголын улстөрд намчирхсан, намаас хамааралтай тогтолцоог нэгэнт бий болгожээ. Сонгуульд ялсан бол хэн ямар албан тушаал дээр очихыг намын удирдлагууд шийддэг болсноос үүдэн нам дагасан зусарчид, нам дагасан албан тушаалын горьдоочид, нам дагасан бизнесийн бүлэглэл бий болжээ. Бизнесменүүд намд хандивласан мөнгөнийхээ хэмжээгээр албан тушаалд томилогддог болсон нь улстөрийн албан тушаалын “арилжаа”-ны системийг бий болгож, албан тушаал дээр очсон бизнесменүүд намд хандивласан мөнгөө хэд дахин өсгөх, өөрийн зусардагчиддаа “угаадас” хаяж уяанаасаа алдуурахгүй байх тогтолцоог бий болгожээ. Намын удирдлагууд хэмжээгүй эрх мэдэлтэй “хаанчлал”-ыг бий болгосноос тэдний залуу үе энэ бохир тогтолцоо руу тэмүүлж байгаа. Намын ашиг тусаар олон жил улстөрд суусан “архагууд” олон нийтээс дэмжлэг авч чадахаа болихоороо “намын жагсаалт” аар улстөрд орох боломжоо хуульчилсан нь, намчирхсан улстөрийн тогтолцооны сонгодог жишээ. Улам улмаар ийм хүн сүргүүд өөрсдийгөө энэ нийгмийн “дээд давхрага” гэж харуулахыг хичээж, мөнхийн мөнхөд Монголын улстөрд үе залгамжлан оршихыг мөрөөдөж байна…

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА

Мөнгө, эрх мэдлийн энэ тогтолцоонд АВИЛГАЛ гол үүргийг гүйцэтгэдэг. Хэдийгээр тэд “авилгал бараг байхгүй дээ”, “Монгол улс авилгалын индексээрээ буурч байгаа” гэж сурталчлан, “Авилгалыг бууруулах” тухай олон арга хэмжээг зохион байгуулан жүжиглэх боловч авилгалын сүлжээ Монгол орныг “аалзны тор” мэт аль хэдийн бүрхсэн. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн авилгалын сүлжээ их бага хэмжээгээр таны ажил амьдралд нөлөөлж байгааг мэдсээр авч “үнэнийг зөвшөөрч” хэзээ ч чадахгүй. Бидний сэтгэл санааг тайвшруулах гэж, авилгалтай тэмцэх нэрээр байгуулсан АТГ нь бие даасан, улстөрчдөөс хараат бус байдлаар ажиллаж огт чадсангүй. Шөнийн одод шиг түгсэн авилгалыг, өдрийн цагт лаа бариад ч олж хардаггүй тэдний ажлыг гайхмаар. Хааяа том эрх мэдэлтнүүдийн захиалгаар зарим улстөрчдийг авилгалын хэргээр барьж саатуулах авч, нотолж хариуцлага тооцдоггүй нь бас л гайхалтай. Ийм үйлдлүүд нь “Чи бид адилхан шүү, чи аятайхан шиг байгаарай” гэсэн сүрдүүлэг маягаар бидэнд төсөөлөгддөг юм. Уг нь улстөрчдөөс хараат бус, нийгмийг бохир тогтолцооноос салган хариуцлага тооцох чиглэлээрээ ажиллаж чадах юм бол тэдэнд хийх ажил их бий. Харамсалтай нь тэд улстөрчдийн “нохойд барьдаг мод” маягийн загвар болчихсон мэт.

МЭДЭЭЛЛИЙН ХУДАЛДАГДСАН СҮЛЖЭЭ

“Дөрөв дэх засаглал” хэмээн нэрлэгддэг хэвлэл мэдээллүүдийн улстөрөөс хамааралгүй, олон нийтэд зөв бодит мэдээлэл өгөх үүрэг нь ардчиллын нэгэн үнэт зүйл нь юм шүү дээ. Өдгөө Монголын 3 сая орчим хүнд мэдээлэл түгээж байгаа 104 ТВ, 107 радио, 13 сонин, 89 кабелийн сувгийн олонхи нь улстөрчдийн хувийн эзэмшилд байдаг аж. 2014 онд ЗГ-аас эдгээрийн 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “Хамтран ажиллах” гэрээг байгуулснаар 390 сая төгрөг олгожээ. Улстөрчид болон эрх мэдэлтнүүд өөрсдийн тухай “сөрөг” мэдээллийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гаргуулахгүй байх тохиролцоогоор “Хаалтын гэрээ” байгуулдаг жишиг аль хэдийн тогтсон. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд болон сэтгүүлчид үүнийг “амь зуух арга” гэж тодорхойлж байгаа. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаад байгаа хэт “хар бараан” мэдээнүүдийг ажихад энэ бүхний цаана олон нийтийг бухимдал цухалдалтай байлгах гэсэн “турхиралт” юм шиг санагдах болсон. Мэдээж болж бүтэж байгаа сайн зүйлсүүд бидэнд зөндөө бий. Хэвлэл мэдээллээс олон нийт үнэн зөв бодит мэдээллүүдийг авч харьцуулан дүгнэлт хийх эрхтэй, тэд ч тийм үүрэгтэй.

…Ардчилал өнөөгийн дэлхий ертөнцөд хамгийн төгс төгөлдөр тогтолцоо биш хэдий ч арай дөнгүүр нь. Ардчиллыг би ШУДАРГА ЁС, ЭРХ ЧӨЛӨӨ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА гэж товчоор ойлгодог. Ардчилал хувь хүнд хуулийн дор, өөрийнхөөрөө ажиллаж амьдрах боломжийг олгодог гэж анзаардаг. Хувь хүн өөртөө зорилго тавиад түүнийхээ төлөө уйгагүй хичээн зүтгэхэд амжилтад хүрч, хүссэнээрээ сайхан амьдарч болно, харин залхуурч арчаагүйтэн хуулийг зөрчихөд хэн ч чамайг өрөвдөж, харж хандахгүй. Нэг бодлын шударга юм шиг хэрнээ харгис ч юм шиг. Харин монголчууд бид өөрсдийн мөн чанараа авч үлдээд ардчиллыг зүй зохисоор нь хөгжүүлж чадах юм бол боломж байгаа мэт.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ГЭЖ ҮҮ.

Монгол хүн бүр өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй байна. “Би Монгол эх орондоо хайртай” гэж цээжээ дэлдэн, олон хүмүүсийг харахаараа заавал уйлах гэж жүжиглэхийн оронд хүн болгон өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийж байх хэрэгтэй байна. Хогоо газар хаяхаа больчих, бие бие рүүгээ харааж нус цэрээ хаяхаа больчих, замын хөдөлгөөөнд бие биенийхээ урдуур дайрч, тэгж чадсанаа “баатарлаг үйлс” мэт бахдан онгирохоо больчих, ядаж л бие бие рүүгээ инээмсэглэж “баярлалаа” гэж хэлээд сурчих, архиа уухаа багасгачих, хийх ажлаа чин сэтгэлээсээ чанартай хийгээд сурчих, хичнээн хэцүү байлаа ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, байхгүй зүйлээ шударга зүтгэлээрээ бий болгохыг хичээ, бусдад атаархаж түүнийг хорлохсон гэсэн тэчьяадлаа тэсчих, үнэхээр сайн үйлсийн төлөө сэтгэлээ чилээж, зүтгэлээ зориулж яваа бусдыг дэмжье, хамгийн гол нь сайхан ирээдүйдээ итгэлтэй бай. Энэ бүхэнд бидний уурлаж хараагаад байгаа ЗГ-ын оролцоо хэрэггүй. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” байлаа ч ядаж оролдоод үзэхэд хэцүү биш, бас та юу ч алдахгүй, юугаар ч хохирохгүй.

Залуус зөндөө сайхан үйлсийг эхлүүлж, төр засгаас шаардалгүйгээр өөрсдийн хийж чадах зүйлсээ хийж эхэлж байна. Тэд сайн үйлс, сайхан санаачлагын төлөө нэгдэж байна. Энэ бүхэн өнөөгийн монголын нийгэмд шинэ давалгаа болж, эвлэлдэн нэгдэхийн эхлэл болж буй. Сая 4 настай охиныг харамсалтайгаар амиа алдахад Сүхбаатарын талбай дээр 15 000 хүн цуглаж лаа асаан чив чимээгүй эмгэнэл илэрхийллээ. Хэн ч микрофон шүүрч аван олны өмнө өөрийгөө рекламдсангүй. Энэ бага зүйл биш ээ. Бидний сэтгэл дэх гэрэл гэгээг бидэнд тэр охины үхэл бидэнд мэдрүүллээ. Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр алтан медаль авахад Монголын ард түмэн баярлаж бахадсандаа улстөрийн олон муу үйлдлийг уучилж, бие биенээ чин сэтгэлээсээ тэвэрч баярлаж байсан. Бид тийм л ард түмэн. Хэдийгээр илэрхийж чадахгүй байгаа авч монгол хүн болгон сэтгэлдээ өөрсдийн мөн чанараа мэдэрдэг. Тийм болоод ч 1990 оны ардчилсан хувьсгал зөвхөн Монголд цус урсгалгүйгээр тайван замаар ялсан юм шүү дээ. Одоо ч бид тэгж өөрчилж чадна.

Монголчууд бидний өнөөгийн бухимдалтай байдалд АРДЧИЛАЛ БУРУУГҮЙ, харин ардчилалын мөн чанарыг өөрсдийн эрх ашигтай таацуулан гажуудуулсан УЛСТӨРЧИД БУРУУТАЙ. Бухимдал, үзэн ядалтын улмаас бослого хийгээд цус урсгахыг уриалаад байгаа үзэгдэлтэй санал нийлэхгүй байна. Бидний төрийн эрхийг барилцах эрх, үүрэг нь болсон 2016 оны сонгуульд “намын жагсаалт” -аар орох улстөрчдийг эсэргүүцэх хэрэгтэй байна, 25 жилийн дотор 8 дээш жилийн хугацаанд улстөрд оролцсон нэг ч хүний төлөө санал өгмөөргүй байна. Ардчиллын төлөө бид алив асуудалд хуулийн хүрээнд тэмцэж сурах хэрэгтэй байна. Өнөөдөр хууль ёсыг зөрчиж, хуулийг олон нийтийн эсрэг зэвсэг болгон ашиглаж байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээж, цээрлэл амсах л болно. Харин тэдний эсрэг бид нэгдэх хэрэгтэй. Шинэ залуу үеийг бид дэмжих хэрэгтэй байна. Улстөрд намаар биш, багаар өөрийн тодорхой хөтөлбөртэй оролцох цаг үе ирж байна. Бас хариуцлага тооцох цаг үе ирж байна.

Share Your Thoughts