Архины ертөнц

Ойрын үеийн хамгийн том сенсаци “АРХИ” болон түүнтэй хийх “ТЭМЦЭЛ” болжээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр ердийн үед архинаас үүдэлтэй автын осол, хүчирхийлэл, осгож болон хөлдсөн, бусад олон олон гунигт тохиoлдлуудаар амь насаа алдагсaдыг “байдаг л зүйл” мэтээр хүлээн авдаг нийгмийн гажиг сэтгэхүйн нэгэн дор архины хордлогоос 14 хүн амь насаа алдсан үйлдэл цочоож, хүн бүр л “юу болоод өнгөрчихөв өө” гэж дуу алдацгаав.

Архидалт нь Монгол оронд үндэс угсаа, нас хүйс, боловсрол мэдлэг, албан тушаал, шашин шүтлэг харгалзахгүйгээр эрх тэгш үйлчилж буй цорын ганц үйлчилгээ. Социализмын үед ч ардчилалын үед ч төрөөс архитай тэмцэх “олон арга хэлбэрийг” ашиглан тэмцэх гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүйг нийтээр мэднэ, мэдээд ч зогсохгүй “гунигт хувь заяатайгаа эвлэрэхэд ” хүрч байгаа нь мөн л “Гунигт Түүх”. Үр дүнд хүрээгүй хуурай хууль болгоны төгсгөлд, “Монголын Хууль Гурав Хоног” гэдэг алдарт хэллэг, эзэн нь олддоггүй, үйлдэл нь ойлгогддоггүй “Буруутанг” орлон үлдэнэ. Одоо ч шинэ Засгын газар мөн л архитай тэмцэхээр “Зориг Шулуудав” бололтой.

Үр дүнд хүрдэггүй оролдлого бүрийн үндэс нь юунд байгааг бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа хирнээ “Мэдэн Будилцгаана”. Уг үндэсээ олоогүй “Хэлбэр Төдий Тэмцэл” хийх нь бүх л зүйлийг “Гацааж” орхидог.

  • Нэг дэх гацаа буюу “Баярын” хобби-той Монгол орон.

Монголд хамгийн түгээмэл үйл ажиллагаа нь “Баяр Тэмдэглэх” хамгийн ашигтай бизнес буюу борлуулалт нь “Согтууруулах Ундаа”. Ямар сайндаа жил бүрийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч “Гран При” хүртээд байдаг нь “АПУ” гээд бодохоор ард олон, төр засаг нь “Үнэлээд”, бас “Дэмжээд” байгаа бус уу?! Одоо захиралд нь “Гавьяат” цол өгч, үйлдвэрийг нь “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одон”-гоор шагнах л үлдээд байгаа бололтой.

Баярын хувьд үнэхээр баримжаагаа алдсан. “Социализмын материал техникийн бааз байгуулаад дуусчихсан” гэж эндүүрээд байгаа ч юм уу “Энэрэнгүй ардчилсан нийгэмд” ороод жаргаад байна гэж будлиад байгаа ч юм уу хүн бүр л ямар нэгэн баяр тэмдэглэх хобби-той. Христийн шашины “Христ мэндэлсэний өдөр”-ийг, Буддын шашины “Шинэ жилтэй” нь эмэгтэйчүүдийн баярыг (жилд 2 удаа), эрэгтэйчүүдийн баяртай нь, бас болоогүй “Гэгээн Валентины” өдөртэй нь, Майн болон Октябрийн баяраа ч мартаж чадахгүй, инээдмийн өдөр, сансарт ниссэн өдөр (Гагарин, Гүррагчаа хоёуланг нь), Улс Tунхагласан, Үндсэн Хуулийн, Aрдчилалын болон МАХН-ын өдрүүд гэхчлэн улс төрийн агуулгатай баярууд, тэгээд үндэсний хэмээх Цагаан сар, Наадам, үүн дээр салбаруудын өдөрүүд (багш нарын, эмч нарын бас сувилагчид нь ч тусдаа, ня-бо нарын, няналтынхны, татварынхны гээд явж өгнө) дахиад төрсөн өдрүүдээ нэмээд, хурим найр, нас барагсдын цагаалга бас нэмээд нэгэн тэмдэглэлт өдөр “Баасан Ахын Төрсөн Өдөр”-ийн баяр ( Баасан гариг бүрт) гээд бодохоор үнэхээр “Муурч Унамаар” бас яаж “Амьд Яваагаа” гайхахаар ч болж байгаа биз? Зөвхөн Улаанбаатарт 1 сая 300,000 орчим хүн “Төрсөн Өдөр”-өө тэмдэглэнэ гээд боддоо?! Төрсөн өдрийг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг бол яая гэхэв. Цэцэрлэгийн болон дунд сургууль, их дээд сургуулийнхан ангийн хамт олонтойгоо, алба хашиж буй хүмүүс ажлынхантайгаа, “Наран Туул” зах дээр арилжаа хийдэг хүмүүс ядаж л ойр орчны “лангууныхантайгаа” үгүйдээ л хамаатан садан найз нөхөдтэйгөө тэмдэглэж “бэлэг сэлт авч”, ерөөл сонсож “Идээний Дээж”-ийг амтлахгүй бол “Урт Наслахгүй” янзтай.

Төрсөн Өдөрт ирж бэлэг өгч, ерөөл айлдсан бүх хүний төрсөн өдөрт очиж Хариу барихгүй бол “найз нөхөдгүй”, “нарийндаа xатсан” цол авах нигууртай. Чухам энэхүү төрсөн өдөр болон анги хамт олоноороо тэмдэглэдэг баяр ёслолын ажиллагаа нь бидний үр хүүхэд, залуучуудыг жинхэнэ “Ялзралд” оруулж байна гэхэд хэлсдэхгүй.

Хүн баярлаж цэнгэлгүй л яахав. Жаахан утга учиртай, хүндэтгэлтэй, соёлтой тэмдэглэж сурвал бидэнд өөрсдөд минь хэрэгтэй биш гэж үү?!

  • Хоёрдох гацаа буюу “Архиар бие биенээ шахахаа боль”.

Ёс юм шиг бүх л баярыг заавал архи согтууруулах ундаатай тэмдэглэнэ. Чанартай чанаргүй, хортой, хоргүй, шилэнд буй согтууруулах ундаагаа ширээнийхээ хойморт “Бурхан Багш” шиг хүндэтгэлтэйгээр залчихаад “Идээний Дээж” гээд ӨХӨӨРДӨН нэрэлчихнэ. Эхэндээ ёс журамтай эхэлсэн Арга Хэмжээ дунд үедээ ирсэн зочдыг “aрхиар шахах” үйл ажиллагааныхаа явцад архины градусаар халж өрнөнө. “Үгүй ээ! Би ууж чаддаггүй юмаа, Би уумааргүй байна” гэж мянга учирлаад ч нэмэргүй. Чи хэн байхаас хамаарахгүй “Үндсэн Хуулийн” заалтын тэгш эрхийн дагуу, маш авьяаслаг, шаргуу “мэргэшсэн cөнч”-ийн ур чадвараар ууж л таарна. Огиж, гахаж цацан, нулимс шүлсэндээ хутгалдан байж архийг балгаснаар та найрын эзэнд “Хүндэтгэлтэй” хандаж байгаагаа илэрхийлнэ. Нэг л мэдэхэд таны эргэн тойронд байгаа хүмүүс ч, та ч өөрөө халж “бие болон санаа сэтгэл чинь тавирч” шахсан шахаагүй ууж, найрын зохион байгуулагчдын “сүр жавхлант”, “баярлаж бахадсан”, “улаа бутарсан царайг” талимааран ширтэнэ.

Найрын дараа та харьж, огиж бөөлжсөнөөсөө бяцхан ичингүйрэвч, “бүгд л адилхан байсан шүү дээ” гэдэг бодлоор өөрийгөө аргадан тайтгаруулна. Хэд хэдэн арга хэмжээний дараа, та дажгүй ууж “найрын гурван дугараа”-тай “Ориг Монгол Хүн” болохоо мэдэрч эхэлнэ. Ингээд зогсчихдог бол яая гэхэв. Манай олон чадварлаг, мэргэшсэн “сөнч” ийн нөр их зүтгэлийн үр шимээр олон олон сайхан эрчүүд, эмэгтэйчүүд өнөөг хүртэл “Амьдарлаа, Ажлаа, Аз Жаргал”-тайгаа УУСААР л байна.

Та ууж чаддаг байж болно. Харин та бусдыг БҮҮ шах. Ялангуяа эмэгтэйчүүдийг “холын бодол, тавиу тооцоотойгоор” бүү шах.

Tаны баярыг хуваалцахаар ирсэн гийчидээ та “согтууруулах ундаа уух гэж ирсэн” гэж бүү эндүүр. Тэр хүн таны баярыг хуваалцахдаа ундаа, жүүс, цэвэр ус ууж байгаад ч болов танд цоо эрүүл, чин сэтгэлээсээ сайхан үг хэлж болно шүү дээ! Заавал согтож байж, таны хацрыг зусар зулгуй үгтэйгээ хамт шүлсдэж байх ёстой гэж үү?!

  • Гуравдах гацаа буюу “Согтуучуудыг БҮҮ Өрөвд”.

Монголчууд нийтээрээ ууцгаадаг болохоор согтуу хүний ЗОВЛОНГ ойлгож өрөвддөг. Тэр ч бүү хэл ” Согтуу хүн сохор ухаантай” гэж өхөөрдөн эрхлүүлнэ. Ууж байгаа нөгөө хүн нь ч архинаас гарч чадахгүй байгаа буруугаа өөрөөсөө бус бусдаас хайна. Амьдралаа авч явж чадахгүй байж “Хань ижлээ зовоож байна” ажлаа хийж чадахгүй байж “намайг дарамталж байна”, хүнтэй нөхөрлөж чадахгүй байж “би ганцаардсан зовлонт амьтан”, өөрийгөө авч явж чадахгүй байж “амьдрал утгагүй байна” гэж агсамнан уйлж тунина. Өөрийнхөө төлөө амьдрах ёстой энэ хорвоод ХҮН болж төрчихөөд “бусдын төлөө зовж амьдарч яваа юм шиг” л гомдоллон гуншиганаж аав ээжээ, амраг хань, үр хүүхэд, найз нөхөд, хамтрагчаа зовооно. Тэднийг зөнгөөр нь орхи! Бүү Өрөвд! Тэнэг хүн жаргал даадаггүйн дээр хүн өрөвдөх тусам тэд даварцгаана! Тэднийг өрөвдөж, ухааруулж, тусалсанаар ҮР ДҮНД хүрсэн хүмүүс олон бий билүү?!

Харин ч тэдний балгаар сүйдсэн амь, цөхөрсөн сэтгэл, зэрэмдлэгдсэн амьдрал, алдарсан итгэл, хүлээлт, хайрыг хэн бидэнд төлж өгөх вэ?!

Та ч гэсэн энэ ертөнцөд жаргалтай, эс гэхэд ТАЙВАН амьдрах эрхтэй биз дээ?!

Харин төр хуулиараа, хуулийг хэрэгжүүлэгч байгууллагаараа тэдэнд “Төрийн Төмөр Нүүр”-ийг үзүүлэх цаг болсон! Ингэж гэмээ нь бид хойч үеэ аврахгүй бол тэд хэн болох вэ?! Бид ч яахав дүүрч гэж бодоход Миний хүүхдүүд хожим хойно архичин хүний дарамтан дор, согтуу нийгмийн дотор айн чичирч, бас зэрэмдэг амьдрахыг би л лав хүсэхгүй байна. Та ч бас хүсэхгүй байх.

Төгсгөл.

Тэмцлийг архитай, архичинтай нь олон янзаар хийж үзсэн манай төр одоо нэгийг бодох биз. Архийг нь хориглоод, спиртийн үйлдвэрүүдэд хяналт тавиад энэ бүхнийг хийж чадна гэж үү?! Архичдыг нь “Шоронд хийж”, “Шонд дүүжлээд” үүнийг шийдэж чадна гэж үү?! Үгүй ээ!Архины болоод архичдын зовлонгоос залхсан Монголчууд ӨӨРСДӨӨСӨӨ л эхлэх ёстой.

1. Ядаж л баяр бүрийг заавал тэмдэглэдэгээ болиод, нэг хэсгийг нь ч болтугай өөр хэлбэрээр тэмдэглээд сурчихвал зүгээр. Ядаж л тэмдэглэх баярынхаа утга учир бэлэгдлийг нь бодолцоод, өнөө үед сонгох хичнээн олон хэлбэр бидэнд байж л байна.

2. Та уудаг байж болно. Ядаж хэмжээгээ тааруулаад хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Заавал тасартлаа уух албагүй шүү дээ! Таныг хэн ч албадаагүй байхад та өөртөө өөрөө л тохируулах болoмжтой.

3. Бусдыг уриалж, шахаж БҮҮ уулга. Ялангуяа эмэгтэйчүүдийг. Тэд чинь Монгол угсааг тээж яваа ЭХ хүмүүс. Цэвэр ариун байг л дээ. Та пиво ууж байхад найз чинь жүүс юмуу цэвэр ус ууж болно шүү дээ. Заавал мансуурах албатай биш!

4. Архи уудаг нэгэндээ үнэхээр л тусалж чадахгүй бол та өөрөө ХОЛД. Тэднийг ганцаардуул! Эрхлүүлээд, аяыг нь дагаад байвал тэд юу ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй! Тэд зовж зүдэрч байж ойлгохгүй л бол бүх насаараа ойлгохгүй!

5. Өөрийн хамгийн дотно хүмүүстэйгээ илэн далангүй ярилц! Ойлгоц! Бас тохиролц! Таны хамаатан садан, найз нөхөд чинь архины хэрэглээгээ багасгаад бие биеэ хүндэтгэж байвал ядаж л таны эргэн тойронд “Эрүүл cаруул oрчин” бүрдэх эхлэл тавигдана. Энэ их энгийн юм шиг мөртлөө мaш чухал. Энэхүү хүрээлэл чинь та бидний үр хүүхдийн амьдрах орчин гэдгийг л бодолцох хэрэгтэй шүү дээ!

Нуулгүй хэлхэд би ч бас хааяа уудаг. Ууж байхад аятайхан санагддаг хэдий ч дараах сэтгэлийн шаналал нь бүр илүү байдаг юм даа. Тэгээд ч бид дээр дооргүй залхацгааж байгаа нь л үнэн.

Төр засаг нь “Хортой Архи, Хүнсний Аюулгүй” байдалтайгаа тэмцэг. Харин бид өөртэйгөө болоод өөрсөдтэйгөө л тэмцэх цаг иржээ. Би ч гэсэн гадаадад зовж зовж эх орондоо очоод хортой архины балгаар нөгөө ертөнцөд “Морилчихмооргүй” л байна шүү! Ядаж хүүхдүүд минь өсөцгөөж байна.

“Хүн бүр дор бүрнээ хичээвэл бүтэхгүй, болохгүй зүйл гэж огт үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”

Та биднийг cэтгэлийн тэнхээ ивээг.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1/17/2008

Share Your Thoughts