Аяа, анд минь чи

Наран саран ээжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрлоо
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо
Аяа! Анд минь чи
хаалгыг минь тогшооч
…Хүмүүс энэ л амьдралын нугачаанд босож бүдэрч, сэтгэл нь баярлаж, шаналах үедээ чин сэтгэлийн найзаа үгүйлдэг. Өдөр өдрийн ээлжлэн ээлжлэх элдэв учралын эрээн бараан өнгөн дунд хааяадаа тэр л найзаа дурсдаг. Өвчин шаналал, үхэл хагацлын бараан сүүдэр дор нулимс чийглэсэн сэтгэлдээ хэзээ ч мартаж чаддаггүй найзаа л хүлээдэг.
Яг л цав цагаахан цаас шиг хиргүй тунгалагхан сэтгэлээр үерхэн тоглож, хамтдаа уйлж дуулж, муудалцан аргадаж, сайдалцан сайрхаж явсан тэр л үерхэл найзлал шиг сайхан нь хаа байх гэж?

Тоглоомноос болж муудалцахдаа “аавдаа чамайг хэлнэ дээ?” гэж тунирхан гүйж одовч, маргаашийн гэрэлт наран дор булингартсан сэтгэлээ арилган байж чамтай тоглох гэж очдог. Бишүүрхсэн сэтгэлдээ чамайг “гомдчихоогүй байгаа даа” гэж аргадсан сэтгэлээр гараас чинь атгахдаа сэтгэлдээ уучлал хүснэ. Болж л өгвөл өчигдрийн тунирхан гаргасан аашаа тоглоомдоо хожигдоод ч болов цайруулахыг хүснэ.
Хожиж байгаадаа урамшин хөөрсөн чиний царайг харах мөчдөө өөрөө ч бас л баясан, чамаар уучлуулж чадсандаа бас баярлуулж чадсандаа хэрдээ л додигор. Хамтдаа тоглож байгаа тэр л тоглоомноосоо чамайг бас өөрийгөө таньж авах. Юунд уурлаж, юунд гомдож, юунд баярлаж, юунд тайтгардагийг энд л мэдэрдэг болно. Заримдаа чамд гомдсондоо нулимсаа асгаруулан уйлавч, аадрын хүчит бороо асгараад өнгөрөх мөчид, үүлэн чөлөөний наран дунд өнгийн солонго татах шиг, хатсан нулимсын мөр даган сэтгэлд уучлалын солонго татах. Бага насны
солонго шиг өнгөлөг, гэгээлэг, хүсэл мөрөөдөл дүүрэн тэр л цаг мөчүүдэд бидэн хамтдаа энэ ертөнцийн өнгийг, үерхэл нөхөрлөлийн өмөг түшгийг, уйлж дуулдаг хорвоогийн хатуу зөөлнийг мэдэрч байсан.
Аяа! бага насны минь мартагдашгүй найз минь. Бидэн хоёрын сэтгэл өнөө хэр яг тэр цагийн өнгөөрөө. Хааяадаа чамайг санахдаа тэр л цагийн төрхөөр чинь төсөөлөх. Өөрөөр би чамайг мэдэрч, бас төсөөлж чадахгүй. Тэр л хэвээрээ байгаасай гэж хүүхэд насны хиргүй сэтгэлдээ хүснэм.

Мөнх бусын заяа тавиланд
Гунигийн бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг
Миний зүрхийг аргадан уянгална
Өдөр өдрөөр надаас холдох
Гэнэн цайлган насаа дурсана
Өтлөх тусмаа улам нялхарч
Сэтгэл гэдэг эмзэг боллоо
Аяа! Анд минь чи
хаалгыг минь тогшооч
…Өсөж яваа идэр насанд  яг л адилхан орчинд, яг л адилхан амьдрал дунд танилцсан найз нөхөд шиг дотно нь үгүй. Олдсон бүхнээ хамтдаа л хувааж, бодсон бүхнээ харамгүй ярьж, санасан бүхэн руугээ хамтдаа тэмүүлж байхдаа бид нэг л хүн шиг байдаг. Аав ээждээ ч хэлж байгаагүй нууцаа бие биендээ аминчлан шивнэж, амьдралын олон учрал дунд бие биенээ л сэтгэлээрээ өмгөөлж, алдаж онох бүрдээ гагц найзаа л зорин очдог сон.
Шаналсан сэтгэлийг нь зүрхээрээ аргадаж, урссан нулимсыг нь үгээрээ арчиж, уйтгар гунигийг нь тайтгарлаар үргээж байхдаа би “чиний сэтгэлийн өмөг түшиг” гэдгээ мэдэрнэ.  Энэ л өмөг түшиг минь маргаашийн өдөр надад эргэн ирнэ гэдэгт итгэнэ. Хааяадаа бие биенээ “явуулж” дүрсгүйтэж байхдаа барьц алдан ичингүйрсэн төрхийг чинь харах ямар хөгжилтэй гээч. Баярлаж хөөрсөндөө баясан догдлох хүүхэд мэт аашийг чинь  өхөөрдлийн сэтгэлээр хучиж, урмын үгээр тэтгэж байхдаа би ч бас  баярлаж байдаг.
Хааяадаа янз бүрийн асуудлаар муудалцавч, ямагт сэтгэлдээ эвлэрэх зай үлдээж, хэн нэг нь түрүүлж гэмшихийг хүлээх. Хэсэг хугацааны дараа эвлэрэхдээ сэтгэлдээ хурсан бүхнээ уудалж, юу ч үлдээгүй хойно тайвшрах. Хэн нэгнээр дамжсан хов үгэнд гомдохдоо хэзээ ирж учирлахыг сэтгэлдээ хүлээдэг. Хэсэг зуурын гомдол үүл мэт сарнихад сэтгэлд нар ургаж итгэл улам л батжина. Ганцаардсан гуниг дунд гагц чамайг л хүлээж чимээ анирлах. Хэлэх ярих гэсэн бүхнээ сэтгэлдээ хураан, өөртөө шивнэн байж чамайг хүлээнэ. Хамаг бүхнээ чамд ярин
байж сэтгэл онгойно. Хүлээсэн сэтгэлдээ чамайг харах ямар сайхан байдаг гээч. Яг л харанхуй сэтгэлд наран мандах мэт.
Энэ л амьдрал дунд чин сэтгэлийн найз нөхөд баярлах сэтгэлийн хэмжүүр, шаналах сэтгэлийн тулгуур болдог аж. Аж төрөхийн түмэн үйлээр алслан холдовч бие биенээ л санах жаргал. Хааяадаа уулзан учрахдаа санаж үгүйлсэн сэтгэлээ учирлалаар даруулан тайтгарна. Хэцүү бэрх цагт өмөг түшиг минь бий гэж сэтгэлдээ найзаараа бардамнана. Хэзээ нэгэн цагт хаалга тогшин орж ирэхийг нь сэтгэлдээ сэмхэн хүлээнэ.
Аяа! Сэтгэл зүрхний минь өмөг түшиг болсон найзтай байх гэдэг ямархан сайхан. Чиний өмнө миний гэрийн, бас зүрх сэтгэлийн минь хаалга ямагт нээлттэй байнам.

Алаг хорвоогийн зовлон жаргалыг
Дуртай дургүй ч амсаж явна
Алдрай насны нөхөдтэйгээ
Санасны зоргоор учрахгүй л юм даа
Учрал хагацлын дуутай орчлонд
Хүүхэд насаа мартана гэж үү
Уйлавч дуулавч хамтдаа өссөн
Багын найзаа мартана гэж үү
Аяа! Анд минь чи
хаалгыг минь тогшооч
…Сайхан муухай ээлжилж, сайн муу холилдсон энэ л орчлонд хэн ч гэсэн чин сэтгэлийн найзаа хүлээдэг. Хундага дарсны гашуун амтанд хүлээсэн сэтгэлээ даруулан байж хуучилна. Найз минь чи л намайг ойлгодог болохоор надад ичиж зовох юу ч үгүй. Халамцсан сэтгэлдээ нулимс унаган байж чамайг тэврэх мөчид, хүүхэд насны цав цагаахан сэтгэлийн өнгө намайг бүлээцүүлдэг. Тэр тайвшрал дунд бид яг л хэвээрээ байгаагаа мэдэрдэг. Тэртээх он жилүүдийн солонго шиг өнгүүд чиний миний сэтгэлийг сүлэх дор бид одоо хэр нь бие биедээ өмөг түшиг
гэдгээ санан уярна.
Өнөө цагт чи мөнгөтэй, эрх мэдэлтэй болсон байсан ч тэр хамаагүй. Тэр цагт бидэн 2 ав адилхан л байсан сэтгэл хэвээрээ. Бусад шиг чиний энэ бүхэнд зусардаж атаархахгүй ч, сэтгэлийн тань чанадад хүн чанар хэвээрээ гэдэгт итгэдэг. Тэр л үед бид хамтдаа тоглож бас уйлж дуулж явсан цаг мөчүүдийг хэн ч сэтгэлээсээ арчиж чадахгүй. Чи бусдын өмнө өөр хүн байж болох ч миний сэтгэлд найз минь хэвээрээ.
Өнөө цагт чи ядарч, зүдэрч яваа ч би чамайг яг л хүүхэд цагийнх шигээ тэвэрнэм. Үсэнд тань суусан буурал сор, үрчлээтэж ядарсан царай тань надад дотно хэвээрээ. Тэр л цагийн дотно дурсамжаа сэргээн хуучлах бүрд чиний царай гэрэлтэн нүдэнд тань баяр гийхийг би харнам. Сэтгэл минь аажим аамжаар уярч чамд чин сэтгэлээсээ туслахыг би хүснэ. Тэр тус минь мөнгөнөөс үнэтэй дотно сэтгэл, гэгээн дурсамж, өмөг түшиг болсон итгэл. Бидний бие биенээ гэсэн энэ сэтгэлийг хэн ч юу ч хиртүүлж чадна гэж үү?
Ирээд л буцдаг энэ хорвоогийн олон гэгээлэг учралын нэг нь чин сэтгэлийн найзлал нөхөрлөл.
Аавдаа, ээждээ, бас хайртай хүндээ хэлээгүй олон ч нууц бидний дунд байдаг. Амьдралд хөлөө олох гэж тэнцэж ядан явах он жилүүдийн мартагдашгүй сайхан дурсамжууд бидний дунд л байдаг. Эргэх хорвоогийн хэн ч үл анзаарам олон холбоосон дунд бид л бие биенээ түшиж явсан. Насан өтөл болсон хойноо ч энэ бүхнийг мартаж чадна гэж үү? Чин сэтгэлийн найз нөхөд гэдэг энэ л насны хамгийн гэгээлэг дурсамж, бас итгэлтэй өмөг түшиг байдаг аж.

Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-08-03

Share Your Thoughts