БААСАН ГАРИГ

Ажлын 6 өдөртэй байж байгаад 5 өдөртэй болсон тэр үед нэг л итгэмгүй санагдаж билээ. Хагас нь бас бүтэн нь “сайн” өдөр ч амарч амжихгүй. Хувцсаа ваннд угаана, гэрийнхээ тоосыг арчина, ирэх 7 хоногт идэх боорцгоо чанана, урт дарааллын эцэст усанд орно, заримдаа амжиж үсээ засуулна. Алжааж ядартлаа хувийнхаа төлөө ажиллаад “даваа” гаригт ажил, хичээл, албандаа ирэхэд бараг л баярлах шахуу. Тэр үед чинь улс нийтээрээ дагаж мөрддөг журмын дагуу 7 хоногт нэг удаа усанд орж, орны цагаан хэрэглэлээ 7 хоногт нэг л удаа солих ёстой. Хумсаа 2 долоо хоногт нэг удаа авч, үсээ мөн тэр хугацаанд засуулна. Социалист аж төрөхүйн норм юм шүү дээ. Сурагчдын хүзүү хэр зэрэг хиртэй байгааг шалгахын тулд өмссөн формын хувцсанд нь цав цагаан даавуу хаддаг байв . Бөөс хуурсны шалгалтыг 7 хоногийн аль нэг өдөр “гэнэдүүлэн” хийнэ”. Бөөстэй гарсан хүүхдийг олны өмнө гаргаж “ичиглэдэг” байв. Хөөрхий тэр “ичигэвтэр” хүүхэд насан туршдаа л тэр хэвээрээ цоллуулсаар л дуусна. Тэр үед чинь “муу” л бол тэр чигээрээ “муу”, мурийх, эргэж харах зүйл огт үгүй.

Уг нь манайх ардчилсан улс болоод, 6 болон 7 дахь хоёр ч бүтэн сайн өдрийг хуульчлан батлахдаа “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,өөрийгөө болон өсч өндийж байгаа үр хүүхдээ аятай сайнаар хөгжүүлж хүмүүжүүлэхэд зориулна” гэж тооцоолсон юм билээ. Угаасаа хүүхдээ хүмүүжүүлэхдээ “аятайхан байгаарай” гээд зандарчихдаг, болохгүй бол толгойд нь биш маханд нь “ойлгуулах”-ын тулд ямар ч тайлбаргүйгээр балбаж орхидог уламжлалт заншилтай монголчууд бидэнд энэ зорилго нь сайхан завшаан болов. Чөлөөт цагаа “зөв”, “буруу”, боловсон ба боловсон биш өнгөрүүлэхийн тухайд харин хэн бугайгаар ч заалгахгүй, заалгаж үзээгүй бидний хувьд бол боломжит завшаан болсон. За тэгээд хагас нь “сайн өдөр” болж хувирсан баасан гаригийн дараа, бүтнээрээ “сайн” чилийсэн хоёр өдөр үлдэж байгаа болохоор “юугаа ч хийж, хуйхаа ч маажих” билээ. Өнөөдөр ууж, маргааш нь шараа тайлахдаа нэмж “халуураад”, нөгөөдөр нь бүтэн өдөр “ёолж” хэвтэхэд ч хангалттай өдрүүд байна. “Юугаараа баян, түүгээрээ гайхуулна” гэдэг шиг л юм болно доо. Үндсэн хуулинд заасанчлан “нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг,боловсрол мэдлэг” огт хамаарахгүйгээр наргиж цэнгэж болно, бидний монголчууд. Баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг.

Угаасаа өөрсдөө хийх ажил ч багатай, ухаарч сэхээрэх чөлөө ч багатай, ухамсар мэдлэг ч дорой манай улстөрчдийн баяр цэнгэлд дуртай, наргиж наадахдаа хөгжүүн цэнгүүнийг яана. Яаж ийгээд улс даяараа тэмдэглэж болох наргиан цэнгэлийг бодоод л олж орхино, авхаалжтай, бас овсгоотой. Мачийсаар байгаад л их эзэн Чингис хааны төрсөн өдрийг олоод тэмдэглэв, тэр нь ихэвчлэн амралтын өдрүүдтэй дүйцэх аж. Их эзэн Есусийн баяр, гэгээн Валентины баяр, Талархлын баяр, тэр ч байтугай “муу сүнсний өдөр”-ийг ч алгасалгүй тэмдэглэн наргина, тэр болгоноороо нийлж дарвина. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэдгээр бид ч баярын хувьд эрээ цээрээгээ алдаж орхиж. Заримдаа фейсбуук руу хандахаар “өнөөдөр тийм өдөр” гээд ямар нэгэн тэмдэглэл дурайж байх. Түүх судар тэгтлээ сонирхохгүй хэрнээ, тэмдэглэлт өдрүүдийг яаж ийгээд олоод мэдээлээд, бас хамтаараа тэмдэглэхийг уриалаад л байдаг бид “азтай” ч, “адтай” ч монголчууд. Тэр болгон нь баасан гаригтай яаж ийгээд дүйгээд байдаг нь бүр гайхмаар. Бодвол “тэнгэр заяат” бидэнд зориулсан хуанли гэлтэй.

Баасан гаригийн орой баар цэнгээний газрууд дүүрэн, дүүрэн, баярлаж бахадсан олны царай улаарч ягаарч харагдах нь тэргэл сартай шөнийн усны толионд туяарах дүрс мэт, тачигнатал инээд алдах хөлчүү бүсгүйн дуу тэртээх ууланд улих чонын улиан мэт содон, халамцуудаа хөлчүүрэн талимаарах залуугийн нүд, алс газар төөрч будилсандаа тэвдэх гөрөөсний харц мэт сониучхан, хахирган хэрнээ чихний хэнгэрэг дэлдэх хөгжмийн чарлаан галзуурсандаа үсээ үгтээх хэн нэгний араншин мэт. Дэлхийг онож ядан гуйвах хөлнүүд, бэлхүүсний орчимд хүрч ядах гарын салганасан тэмтчээн, холдож ойртох харааны алслалд, хөөрхөн ч юм шиг муухай ч юм шиг бүрэлзэх дүрсүүд. Нэг л амьдрах юм шиг тэчьяадсан араншин, маргаашийн өдөр үгүй юм шиг тэвдэх уухичаан, тэр чигээрээ дуусах юм шиг тачаадсан амьсгал. Ундуй сундуй хөглөрсөн ор хөнжил, хаа саагүй хөглөрөх дотуур хувцаснууд, хагарсан хундага, асгарсан архи, дэвсгэр дээр нүүгэлтэх өнгөт уснууд, хэнийг ч юм тэмтчих салгалсан гар, хурхиран яраглах чимээ, тачигнатал хавирах шүдний хавираан, ойртохын аргагүй эхүүн нялуун үнэр. Энэ бол баасан гаригийн нийтлэг төрх, монголчууд бидний дассан сэтгэлгээ. “Байж л байдаг”, “байх л ёстой зүйл” мэт хүмүүний авир.

Аливаа зугаа цэнгэл хэрээс хэтрэхээрээ л утга учраа алдаж орхидог. Буцлахдаа савнаасаа хальсан нь хоол биш, хог, бас угаадас болдогтой адил. Хэм хэмжээндээ байгаа бүхэн ямар яруухан тунгалаг, бас дөлгөөн байдаг билээ. Бид бие биенээ яасан их уруу татна билээ. Эрдэм мэдлэг, их ухаан руу биш, зугаа цэнгэл рүү. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг дээ. Бидний үр ач, хойч үе маань аль хэдийн “Баасан ах, Баасан эгчийн төрсөн өдөр” гэдэг хэллэгт дасч орхижээ. Тэд анхнаасаа биднээс жаахан эмээдэг байсан бол, одоо ил цагаан хаалгаа савж орхиод, баасан гаригийн орой зугаа цэнгэл рүү хээв нэг одох болж. Уурлаж бухимдсандаа, яаж ч чадахгүйдээ хорссон та ч бас хаалгаа чанга гэгч хааж, хэн нэгэн найзтайгаа хамтад уушийн газар хатуу ундаа залгилангаа гомдлоо тоочно. “Одоогийн энэ хүүхдүүд хүнээ байх нээ” гэж үглэнгээ, хүнээрээ байгаа өөрийн төрхөө толинд хяламхийн ажна. Халамцсандаа үрчийсэн нүүр, шартсандаа унжсан зовхи, уусандаа улаанаар эргэлдэх харц, унжиж цэлхийсэн гүзээгээ харангаа санаа алдах. Бид ч нээрээ хүнээ байж байна даа.

Даваа гаригийн өглөө бүгдээрээ хэвийн амьдралдаа орно. Ичингүйрсэн сэтгэлээ барьцаагаар даруулж “за бүгдээрээ л адилхан байсан шүү дээ” гэж цайруулна. Харин пүрэв гаригийн оройноос дахиад л сэтгэл нь дэрвэлзэх. “Маргааш баасан гариг шүү дээ” гэж бодохуйяа хэн нэгнийг үгүйлнэ, бас утасдмаар санагдах. 7 хоногт үргэлжлэх ажлын 5 хүрэхгүй өдөр, дутуу дулим, догдолж хөвсөлзсөн сэтгэлтэйгээ нийлээд амралтын 3 орчим өдөр. Монгол орон минь “хөгжлийн оргилд хүрчихсэн мэт” наргин цэнгэх энэ л өдрүүд, бидний сэтгэл бахархлыг хиртээж, итгэл бардамналыг мөхөөж, оюун санааг минь мансууруулсаар л байна. “Согтуу хүн сохоор ухаантай” гэдэгчлэн хааяадаа “улс орныхоо төлөө” хундага дарс бүхэн, биднийг хөгжил рүү бус, мөхөл рүү минь хөтөлж байна бус уу? Аяа жил жилд, сар сард, долоо хоног бүр тасралтгүй урсах баасан гариг минь дээ. Чи хэзээ ч үл зогсоно, харин бид хэзээ ухаарч зогсох юм бол?

Share Your Thoughts