БАГАДДАГГҮЙ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ

АНУ-ын Невада мужид орших Лас-Вегас бол дэлхийд алдартай шоуны төв. “Азаа сорих” боломжтой маш олон казинонуудаас гадна дэлхийн хэмжээнд нэрд гарсан олон шоунууд энд тоглогддог. Аз таарч хожсон жаахан мөнгөө, улам улам ихээр өсгөх шуналдаа хөтлүүлэн, хожсон дээрээ нэмж хармаанд байгаа хэдийгээ алдаад “за яахав, аз хүү байвал ёоз хүү” гэж сэтгэлдээ өөрийгөө аргадан гардаг энэхүү хотод цөөхөн монголчууд ажиллаж амьдардаг. Тэдний ихэнх нь нэрд гарсан шоунуудад оролцдог уран бүтээлчид.

Энэ 2 сарын 23 ны үдэш Лас-Вегасын захдуу орших худалдааны төв Baobab Stage- Town Sguare -д Ажаа гэгээний санаачлан Монголд бариулж байгаа “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг”-т хандив өргөх тоглолт боллоо. Ийм тоглолт хийх саналаа Канадын “Нарны цирк”-ийн “О” шоуны нугараачид удирдлагын багтаа танилцуулахад тэд дэмжиж, бас тэдэнтэй хамтад шоунд оролцдог олон уран бүтээлчид тоглолтод оролцон дэмжихээ илэрхийлсэн гэдэг. Харин өдрийн 2 цагаас хүүхдүүдэд зориулсан Childrens Martial Art s Show- г “КА” шоуны У.Алтанзул гэр бүлээрээ хамтран зохион байгуулсан юм билээ. Энэ шоунд У.Алтанзулын гэр бүлээрээ хамтран ажиллуулдаг Art martial сургуулийн сурагчид болон “КА” шоуны жүжигчид оролцон тогложээ.

…300 хүний суудалтай бэсрэг театрт морин хуурын уянгалаг эгшиг дор монгол үндэсний хувцастай 4 бүсгүй гарч ирснээр энэ шоу эхэлсэн. Нэрт хөтлөгч Antonio Drja шоу үзүүлбрүүдийг хөтөлж Luis Valenzuela, Masaki Suga, Karl Sanft, Lily Arce & Braden Mgnell, Daria Shemiakina & Bill May, Sashaa Gorshokov нарын дуу бүжиг, циркийн үзүүлбрүүд Jozef Tokar, Jay Genilla, Kaniala Charles, Julian Genilla нарын бөмбрийн хэмнэл бидэнд шоу урлагийн гайхамшигийг мэдрүүлж байв. Морин хуурч Б.Төрхүү \Лос-Анжелосоос ирж оролцсон\, бүжигчин Л.Баясгалан, монгол үндэсний хувцасны загвар үзүүлсэн Т.Оюунцэцэг, Б.Мөнхзаяа, Г.Саруул, Б.Баярцэцэг, тэнцвэрийн нугараач Э.Лхагва-Очир, нугараач бүсгүйчүүд Б.Одмаа, Б.Анна, Д.Нарангуа нар ч Монголын урлагийн мундаг чадварыг үзэгчдэд толилуулсан. Лас-Вегас хотноо тоглогддог олон олон гайхамшигт шуонуудын хэсгүүдээс нэг дор, нэгэн үдэш сонирхох боломж энэ байлаа. Энэ шоу үзүүлбэрт оролцон тоглосон жүжигчид, танхимд үзэж сонирхохоор ирсэн үзэгчид хамтдаа хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдийн эмчилгээнд сэтгэлээрээ хандив өгч байгаа хүмүүс.

Лас-Вегас хотноо цөөхөн монголчууд ажиллаж, амьдардаг ч энэ арга хэмжээг хүн болгон сэтгэлээрээ дэмжиж, өөр өөрийн чадах боломжоороо хичээн зүтгэжээ. Тоглолтын өмнө шоу болох танхимын бестюльд “О” шоуны нугараач Т.Төрчимэгийн өөрийн гараар урласан хайчилбар зургууд, Т.Энхээгийн урласан чимэглэлийн зургууд, зарим уран бүтээлчдийн уран зүраг болон фото зургуудыг үзэгчдэд танилцуулан дуудлага худалдаагаар худалдав. Боломжийн үнээр дуудаж, зарагдсан энэ бүтээлүүдийг худалдсан орлого нь мөн л энэ арга хэмжээний хандив болох аж. Энэ арга хэмжээний зарын дагуу Лос-Анжелос, Сиэтл хотуудаас монголчууд зорьж ирэн оролцсон нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны эхлэл. Бусад хотуудаас ирж оролцохоор ярилцаж байсан олон монголчууд ажлын болон унааны боломжоос шалтгаалан ирж оролцож амжаагүй хэдий ч, тэдний сэтгэлийн дэмжлэгт талархаж байна. Нөгөө талаас энэ арга хэмжээний үндсэн зар оройтож гарсан нь тэдний боломжинд таагүй нөлөөлсөн байх.
Шоу арга хэмжээг зохион байгуулагчид дээрх тоглолтуудын орлого болон санаачлан цуглуулсан нийтдээ 7000 орчим ам долларын хандивыг бие төлөөлөгч гарган АНУ-ын Блүүмингтон хотноо аж төрж, “Цусны хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг”-ийг санаачлан Улаанбаатар хотноо бариулж байгаа Ажаа гэгээнд хүргэж өгөх аж. Ажаа гэгээний энэ санаачлагыг дэмжин АНУ-ын олон хотуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд өнгөрсөн жил хандив цуглуулан өргөсөн нь, хүүхдийн төлөөх буяны үйлсэд “Далайд дусал нэмэр” болсон буйз. Ийм олон арга хэмжээг дэмжиж хэд хэдэн хотуудад өөрийн биеэр очиж хандив өргөж байсан, энэ удаад надаар дамжуулан 1000 ам долларын хандивыг өгүүлсэн Вашингтон ДС хотноо бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг “Piramid Granite” компаны эзэн М.Дэлгэрцогт, Хуягаа нартаа талархаж байна. Та нар сайн үйлсийн төлөө олон хүмүүст үлгэр жишээ болж байгаа шүү. Мөн Солонгос улсаас надад хандаж захидал бичиж, хандив өргөхийг хүссэн Тогоо Оюун танд ч бас талархал илэрхийлье.

Харь оронд зав чөлөө багатай ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж байгаа монголчуудын сэтгэл зүрхэнд Монгол орны хөгжил болон ирээдүй үе минь болсон хүүхэд залуусын эрүүл мэнд, хөгжил боловсролын төлөөх зовинол оршиж байдаг. Улаанбаатарын утаа, агаарын болон хүнсний, байгаль орчны бохирдол, хүнсний хяналтгүй баталгаагүй хэрэглээ, баялгийн шударга бус хуваарилалтаас шалтгаалсан ядуурал, түүнээс улбаалсан бухимдлаас үүдэлтэй “ХОРТ ХАВДАР”-ын өвчлөл жилээс жилд ихэсч, улмаар залуужиж байгаа нь монгол хүн бүрийн сэтгэлийг зовоож, түгшүүрийг төрүүлж буй. Хорт хавдраар өвдөж зовсондоо бусдаас тусламж хүсч байгаа хүн болгонд туслах боломжгүй хэдий ч, “хорт хавдар” өвчнийг эмчилэхэд зориулсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний арга зүй, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бүхий эмнэлгийг байгуулбал олон олон хүмүүст хэрэг болох буйз. Энэ их үйлсэд сэтгэлийн тус багадахгүй.

Өөрсдийн цаг завгүй их ажил, уран бүтээлийнхээ хажуугаар “Хорт хавдраар өвчилсөн Монголын хүүхдүүдэд туслах” сэтгэл гаргаж, хандивын арга хэмжээг зохион байгуулсан Лас-Вегас хотод ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч монголчууддаа болон энэ арга хэмжээг дэмжин ирж оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье. АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг UMON TV-ийн Б.Уранчимэг маань энэ арга хэмжээг очиж сурвалжилсан. UMON TV-ийн мэдээллээр та бүхэн дэлгэрэнгүй сурвалжлагыг үзэх боломжтой. “САЙН ҮЙЛС БОЛГОН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

13

Share Your Thoughts