Багш нар

…Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл , авьяас чадвар, мэдлэг, ур чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж байдаг. Багш нар янз бүр л дээ.
…Зарим нь энэ мөчид бүх сэтгэл зүрхээ, ухаан бодлоо, арга билгээ  шавь нартаа бүрэн зориулж байдаг. Тэд энэ үедээ заасан хичээлийг нь хэн ойлгож, хэн ойлгож чадахгүй үлдэх, энэ цагт цонхоор ширтэн, санаа алдах сурагчийн сэтгэл нь юунд шаналж, бодол нь хаа тэнүүчилж буйг ч мэдэрдэг. Яг энэ мөчид хэнийг нь магтаж, хэнийг нь зэмлэх, бас хэнийг нь шоолохоо сайн мэднэ.
Харин тэд энэ богино хоромд,  анги дүүрэн харагдах олон сурагчиддаа бүгдэд нь анхаарлаа хандуулж, бас тэдэнд тусалж амжихгүйдээ харамсдаг. 40 минутад 40 заримдаа түүнээс ч олон хүүхдэд хичээл зааж, бүгдийг мэдэрч амжих хэцүү. Гэхдээ л тэд аргаа олохыг хичээдэг. Хичээлийн дараа, заримдаа гэртээ заримыг нь аваачаад ч болов сургаж мэдрүүлэхийг бодно.

Харин үүнийхээ төлөө илүү цалин хөлс нэхдэггүй, шагнуулж, магтуулахыг бүр ч хүсдэггүй. Тэдэнд, сурч ойлгож, мэдэрч мэдсэнийхээ төлөө очтон гялалзаж, “онгирон ” инээх шавийнх нь нүд л, ямар ч зуйрган магтаалаас илүү урам өгнө. Заримдаа зэмлүүлж байвч, гомдсон бяцхан сэтгэл нь,  өөрийнх нь төлөө хийсэн үйл, хэлсэн хатуу үгийн илчинд амархан тайтгардаг шавь нараа чин сэтгэлээсээ өхөөрдөн хайрладаг.. Цаг ямагт урсах энэ л халуун сэтгэлийн илчинд багш шавь 2, бие биендээ ээнэгшин дасна.
Хэзээ хойно, хүүхэд насны цагаан цаас шиг сэтгэл дээр нь, чин сэтгэлээр бичсэн багшийн хөдөлмөр, зүтгэл нь шингэж үлдсэн байдаг. “Багш аа ” гэж хэлэх тэр л дөрвөн авианд ямархан их талархал, хүндлэл шингээстэй байдаг гээч. Өөрөө өөдрөг сайн явах цагт, энэ бүхний үндсийг сэтгэл оюунд нь соёолуулсан тэр л багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж, бас хайрлан хүндэлж байдаг.
Өнөөгийн монголын боловсролын салбарт, гайхамшигтай олон сайн багш нар бий. Тэд л энэ салбарын ололт амжилтыг, ачааны хүндийг үүрч явна.

…Зарим нь хичээлийн энэ цагт, бие нь ангид байвч бодол нь алсад тэнүүчилж байдаг. Хичээлээ амаараа зааж байвч, сэтгэл нь хүүхдэд хүрэхгүй. Хэлж, зааж буйг хэн ойлгож хэн ойлгохгүйг ерөнхийдөө багцаалавч, тэгтлээ шаналахгүй. Тэр багшийн нүдэнд, хүүхдүүдийн эцэг эхийн төрх харагдахаас, хүүхдийн нүд анзаарагдахгүй. Тийм болохоор хэнд ямар дүн тавьж, хэнд инээмсэглэж, хэнд хөмсгөө зангидахаа сайн мэднэ.
Хичээлийн тэр богино хором түүнд даанч удаан мэт, бас залхуутай. “Тэртээ тэргүй бүгдэд сайн сургаж чадахгүйгээс хойш, өөрийгөө зовоох хэрэг юун ” гэж сэтгэлдээ өөрийгөө зөвтгөнө. Харин хэнд сайн багш мэт, хэрхэн сайнаар харагдахаа сайн мэднэ. Харин хүүхдүүдийн зэвүүцэж, шоолж, дургүйцсэн харц, хандлагыг анзаарахгүй.

Яг л цагаан цаас шиг хүүхдийн гэнэн сэтгэл , харин үүнийг сайн мэдэрдэг гэдгийг тэрээр харин мэдэхгүй. Шавийнхаа сэтгэл оюуны талархлыг мэдэрдэггүй тэрээр, харин бэлэг авахаас татгалздаггүй. Хэн нэгэнд зусардаж, бас арга залийг хослуулан байж алдар нэр, шагналыг авч чаддаг. Хэзээ хойно сайн яваа шавиа хоосон магтаж, хариуд нь “гар харна “.
Хүүхдийг сургаж, ухааруулж, хөгжүүлсэний төлөөх чин сэтгэлийн талархлаас, хананд хадах хивс, хуруунд зүүх бөгж, дугтуйнд хийсэн мөнгийг илүүд үзнэ. Багшийн ажил гэдэг авьяас, хүүхдийн төлөөх чин сэтгэл, бас оюун ухааны гайхамшигт хөдөлмөр гэдгийг харин тэд хэзээ ч ойлгохгүй. Шавийнхаа сэтгэлийн гүнээс  “багш аа ” гэж уулга алдах авиаг сонсохгүй.
Өнөөгийн монголын боловсролын салбарт өдөр хоног өнгөрөөсөн, сэтгэл бас авьяас чадваргүй олон багш нар бий. Тэд өнөөдөр энэ салбарын нэр хүндийг унагааж, олон муу зуршил, хэлбэрдэлтийг бий болгож байгаа.

Багш нарт боломж олгохсон
Сайн ч муу ч багш нар Монголын боловсролын салбрын хөдөлгөгч хүч нь. Машинаар бол мотор нь. Тэд хэрхэн өөрчлөгдөхөөс, тэд хэрхэн хөгжихөөс, тэд хэрхэн хичээхээс Монголын боловсролын салбрын шинэчлэл хамаарна. Түүнээс энэ салбарыг улстөрчид удирдсанаас, бодлого боловсруулж, ном болгон хэвлүүлэхээс, бас төсөл зохиож туршсанаар гэнэт бүх зүйл өөрчлөгдөхгүй.
Өнөөдрийн монголын боловсролын тогтолцоо нь өөрөө багш нарыг хүлж, тэдний урмыг хугалж, бас дарамталж байна.
Өдөржингөө цаасан дээр төлөвлөгөө бичиж, өрөөл бусдад шалгуулахын тулд үзүүлэн хийж, ажил шалгуулахын тулд ангиа цэвэрлэж суугаа тэдэнд өөрийгөө хөгжүүлэх цаг хэзээ гарах вэ? Мэдээлэл хөгжсөн энэ эринд, багшийн хөдөлмөрийн бэлэг тэмдэг болсон самбар, шохойг хэзээ халах вэ?Арван жил будал нялсан ширээн дээр шахцалдан, анги дүүрэн өөдөөс ширтэх сурагчидаа хэзээ цөөлөх вэ?

1. Сонгох боломж
Өөрийн заадаг хичээлийнхээ агуулга арга зүйгээ өөрөө сонгох боломж олгоё. Заавал нэг загвараар биш, өөртөө тохируулж, өөрөө сонгож авсан арга зүйгээрээ хичээлээ заах, үүний тулд өөрийн хүсэл боломжоороо бэлтгэх боломжийг нь олгоё.
Хардаж шалгахаасаа илүүтэй, тогтоосон СТ хэрхэн хэргэжиж байгааг улс хянаж, түүнээс хол илүү, бас хэрэгтэй олон зүйлд хүүхдийг хөгжүүлж, сургах боломжийг нь олгоё.

2. Хөгжих боломж
Албадлагаар бус ухамсраараа өөрөө хөгжих боломжийг нь олгоё.
Тэд өнөөдрийн боловсролын тогтолцооны бодит байдал, болхи тогтолцоог хэнээс ч илүү мэдэж байгаа. Багш өөрөө хоцрогдохгүйн тулд ямар мэдээлэл яаж авч, юуг нэмж сурахаа сайн мэдэж байгаа. Багш өөрөө сонгож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь олгоё. Багшийн СТ тогтоож, тэр шаардлагаа л барьж чадвал, авьяас чадваргүй, сэтгэл зүтгэлгүй хүмүүс өөрсдөө л эндээс явцгаана. Харин чин сэтгэлээсээ сургаж чаддаг хүмүүс үлдэх болно. Харин тэднийг дэмжих хэрэгтэй.

3. Ажиллах боломж
Багш нарыг аятай таатай, үр дүнтэй ажиллах боломжийг нь олгоё.
Нэг багшид ноогдох сурагчийн тоог нь цөөлж, самбар, шохойн дээр нь цахим төхөөрөмж нэмж, олсон мэдлэгээ дадлагажуулан бататгах, амьдралд хэрэгжүүлэх боломжийг нь олгох орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Өөртөө байгаа боломжоо ашиглах, өргөн олны дэмжлэг авах , бас өөрсдөө хийж бүтээх,өргөн олон боломж тэдэнд байгаа. Харин хардлага дарамт, бэлэнчлэх сэтгэлгээг халах цаг болж байнаа.
Өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа болон монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд , боловсролын салбрын сайн муу талыг мэдэх болсон. Боломжийг нь олгох аваас шинэчлэгдэн өөрчлөгдөж, дэлхийн жишигт хүрэх боломж  бүрэн бий. Хэрэв багш нартаа итгэж, тэдэнд боломж олгож чаддагсан бол, тэдний чин сэтгэлийн үг, хүсэл мөрөөдлийг сонсож чаддагсан бол, боловсролын салбрыг зайлшгүй өөрчлөн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг бол…

Монголын багш нарын баяр
Жил бүрийн 2 -р сарын эхний 7 хоногийн “ням ” гаригт монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэдэг. Хүүхдүүд энэ өдөр багшдаа бэлэг өгөхийг хүсдэг. Зарим нь чин сэтгэлээсээ, зарим нь бусдыг дуурайж,  зарим нь ёсыг бодож бэлэг өгдөг байх.  Гэхдээ л үнэтэй биш  энэ бэлэгт, чин сэтгэлийн талархал шингэсэн байдаг.
…Намайг хөдөө сумын сургуульд багшилж байхад, хүүхдүүд багш нарын баяраар бэлэг их өгдөг байж. Гол төлөв ном, ил захидал, бас цаасаар хийсэн “цэцэг ” хүртэл өгнө. Миний зааж байсан хичээлд тааруухан сурч байсан хүү нэг удаа надад ном бэлэглэсэн юм. Хэрдээ л хичээнгүйлэн бэлтгэсэн бололтой номон дээр “Хайрт багшдаа дурсгав ” гэж бичсэн үг…
Энэ өдөр, сургууль бүхэн хөл хөдөлгөөнтэй, инээд баясал дүүрэн, уур уцааргүй, муу дүнгүй өнждөг. “Багш аа! Танд баярын мэнд хүргэе, баярлалаа ” гэж, ардаа нуусан бяцхан бэлгээ ичингүйрэн байж өгөх агшинд, зэмлүүлж бас муу дүн авч, заримдаа гомдож, бас баярлаж байсан бүхэн нь мартагддаг. Жилд ганцхан энэ өдөр л “эрдэм ” хэмээх их ухааны далайд, нэг нь сургаж, нөгөө нь сурч явсан багш шавийн барилдлагааны нотолгоо, их баяр тохиодог.

Энэ өдөр, багшилж байгаад тэтгэвэртээ гарсан, сургууль төгсөөд өдгөө ажил хөдөлмөр хийж яваа олон монголчууд дурсамжаа сэргээдэг. “Хөөрхий багш минь хаана яажшуухан яваа бол доо ” гэх хүндлэл талархал шингэсэн дурсамж, мэндчилгээ хүлээж аваад “муу шавь минь овоо доо ” гэж өхөөрдөн хайрлах дурсамжууд сүлэлдэн сүлэлдэж,  бие биеэ хайрлах, хүндлэх, бахархах сэтгэлийн давалгаа болон цалгилдаг.
Удахгүй болох монголын багш нарын баярын мэндийг багш нартаа болон бүх сурагчиддаа хүргэе. Бас энэ өдрийг сэтгэл догдлон хүлээж байгаа, харь газар ажиллаж амьдарч байгаа олон “багш ” нартаа ч баяр хүргэе.
Анх надад санал тавьж, өөрсдийн хичээл зүтгэлээр “гэр бүл бэлгийн хүмүүжил ” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, одоо туршилтын журмаар сургуульдаа зааж, туршиж байгаа Дорноговь аймгийн 3-р сургуулийн Г.Тунгалагтуяа захиралтай хамт олонд маш их талархаж, амжилт хүсч байгаагаа илэрхийлье.
Эрдэм ухаан дэлгэртүгэй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-02-03

Share Your Thoughts