БАЯН БА ЯДУУ \”Амьдрал их энгийн цуврал-08\

…Амьдрал их энгийн. Хүмүүс бид өөрсдийн амьдралын хэв шинжээ баян ба ядуу хэмээн хуваадаг. “Ядуу” байхаас айх айдас нь “баян” байх хүсэл рүү хатгана. Хүн болгон баян байхыг хүсэх авч яг юуг баян, юуг ядуу гэж үнэлээд байгаагаа өөрсдөө ойлгодоггүй. Хэмжээлшгүй эд баялаг хураагаад түүнийгээ аваад явж чадахгүйдээ сүнс нь хоргодоод амь тавьж чадахгүй тарчлах мөч, өөрийн оюун санаан дахь баялагаа бусдад түгээж тэр л ач буяны гэрэлд бусдын хайр халамж дор амь хураах агшнууд ялгаатай. Амьд ахуйдаа ойлгоогүй ухаарлаа үхэхийн өмнөхөн ойлгож тарчилдагт бидний амьдралын тохуурхал орших буйз.
Ихэнх хүмүүс эд материалын цуглуулгаа баялаг гэж үзэн, өөрийн хэр хэмжээнээсээ хэр ихийг хэтрүүлэн цуглуулснаараа өрсөлдөн “тэргүүн баян”, “хэмжээлшгүй баян” гэхчилэн бие биедээ зусардаж долигонох авч сэтгэлийн гүндээ ямагт атаархал хорслыг агуулж явна. Их мөнгө олж тэр хэрээрээ зөвхөн өөртөө эд баялаг цуглуулаад л байна, цуглуулаад л байна, тэр хэрээрээ уураг тархи нь ядуураад байгааг ерөөсөө анзаардаггүй. Эд баялгийг ухамсар зорилготойгоор бус бусдад гайхуулах хязгааргүй шуналаар цуглуулаад байгаа хүний уураг тархи нь яг тэр хэмжээтэйгээ урвуу байдлаар ядуураад байдаг юм. Эд баялаг цуглуулдаггүй хүн болгон ядуу байдаггүй. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун аж төрж, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдралдаа сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс зөндөө бий. Өөрийн арчаагүйдээ үгээгүй ядуу амьдарч, үүийхээ бурууг бусдаас олж харан тэднийг үзэн ядаж амьдардаг хүмүүс ч цөөнгүй бий. Өрөөл бусад хүмүүс тэднийг ядуу гэж нэрлэдэгт тэд дасч, тийм байх хувь заяатайгаа эвлэрэн гутранги боловч амьдарцгаана.
Хүмүүс баялгийг яаж бүтээдэг гээч! Таны амьдралд амаргүй хэцүү зүйл тохиолдоно. Та түүнийг давж гарвал танд өмнөхөөс дахин илүү боломж харагдана. Дахиад л хэцүү бэрх саад тохиолдоно. Тэсч зүтгээд давж гарвал түүнээс ч илүү боломжууд мэдрэгдэнэ. Дахиад л бүр ч амаргүй бэрхшээл тохиолдоно. Хичээж зүтгээд давж гарвал бүр илүү боломжуудыг харах болно. Яг л үелээд өндөрссөн уулс шиг. Нэг уулын оройд гарахад дараагийн уулын орой харагддаг. Уулс болгоны оройд мацаж гарах тусам амьсгаа тань задарч бүр алс холын барааг харж уужирна. Давсан даваа болгон танд туршлага болж, илүү амар хялбраар улам дээшээ мацна, өндөрт байхын жаргалыг мэдэрч, бэлд буй бусдын дээрээс өөртөө итгэлтэй омог бардмаар харж чадах болно. Амьдралдаа тохиолдсон саадны өмнө сөгдөөд унах ахул та хэзээ ч дээшээ зүтгэж чадахгүй бэлдээ насаа элээнэ. Хэзээ ч хүрч чадахгүй тэр оргил руу харан санаа алдахаас хэтрэхгүй. Эхний саадыг давсан хэдий ч дараа дараагийн саадны өмнө сөхрөх ахул дээшээ мацахаа больж тэрхэн өндөрлөгтөө үлдэх болно. Тэртээ оргилд биш ч гэлээ бас бэлд нь биш.  Хэн ч булааж чадахгүй, хэн ч хулгайлж чадахгүй баялгийг өөртөө ухамсартайгаар бүтээж баян болохын нууц нь ердөө л энэ. Их өндөрт зүтгэж гарчихаад өөрийн тань араас мацаж яваа бусдад тусалж, татаж болно. Тэр хүмүүс тантай хамтдаа байх тусам та нар хамтдаа аз жаргалтай байж чадна.
Амьдрал их энгийн. “Азтай” юм шиг бусдад санагдах бэртэгчин, тэнэг баячууд энэ амьдралдаа мөнгөний боол болон бүх насаараа айдас дор амьдардаг юм. Тэдэнд атаархах хэрэггүй дээ. Үйлийн үр нь тэдний хувь заяаг хөтөлж яваа. Харин дотоод сэтгэлдээ баялгийг бүтээж чадсан хүмүүс айх айдасгүй амар амгалан амьдарч чаддаг. Тэдэнд өнөөдөр мөнгөгүй болох цаг тохиолдовч маргааш хүссэн мөнгөө олж чаддаг. Учир нь тэдний баялаг оюун ухаан дотроо байгаа. Хүмүүсийн үхэн хатан шүтээд, заримдаа мөргөж сөгдөөд байгаа мөнгө гэгч хүмүүсийн амьдралд тодорхой хэмжээгээр эрх чөлөөг олгодог нь үнэн л дээ. Гэхдээ мөнгөний боол, эсвэл эзэн нь байх гэдэг өөр хэнээс ч бус зөвхөн танаас л хамаарах болно. Учир нь мөнгө гэдэг цаас, харин та хүн гэдэгт л хамаг учир байгаа юм. Авсандаа аваад орж чадахгүйгээс хойш шуналаар цуглуулсан их хөрөнгөөр яах ч билээ. Ардаа үлдэж буй хүмүүстээ үлдээж чадсан оюуны баялаг, ухаарал л бусдад буян болох буйз. Жаргал зовлонгийн дэнсэн дээр эд хөрөнгө, оюун ухаан савлаж байдаг.

Share Your Thoughts