Баян хүнийг балаг тойрохгүй

…”Тамирын голын мөсийг долоох шахаж олсон жаахан хөрөнгө”-ндөө эзэн нь байж, Тунгалаг Тамирын хөндийд аархаж нэг, аргадаж нэг амьдарч явсан Итгэлт баяны тухай манай нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай сэтгэлийн мухраас арилашгүй сайхнаар өгүүлэн бичсэн.  Баян, ядуугийн ялгааг арилгаж, бүх нийтээрээ “хамтралжсан” нийгэмд өсөж амьдарсан бид, өмнөх нийгмийн баян хүний тухай “Тунгалаг Тамир” романы Итгэлт баянаар л төсөөлж асан.  Хэдийгээр “үзэл суртал”-ын хатуу хяналт дор байсан ч  Ч.Лодойдамба гуай баян хүний “мөн чанар”-ын талаар
эвлэгхэн дүрсэлж чадсан болохоор, энэ дүр бидний сэтгэлд арай л ойр үлдэж чадсан юм болов уу.
Бусдаас илүү мал хөрөнгөтэй байсан хүмүүсийг албадах маягаар “нийгэмчилж”, “нэгдэлжүүлж” байсан тухай нилээд сүүл хэрийн дүрслэл нь “Хорин сайхан шараа хоёрхон хулганад идүүлж” орхиод “За яахав ээ, иймхэн юманд хотойх баян биш ээ” хэмээн аагирхаж суусан Жамц баян. Харин мөнөөх “үзэл суртал”-ын “хүчит залуур”-аар, ажилч хичээнгүй, бас “гүйлгээ ухаантай” Жамц баян, “Хүргэн хүү”гийнхээ ажилсаг хөдөлмөрийн “үр шим” -ээр “хамтын хөдөлмөр”-ийн давуу чанарыг “бахдан биширч” байгаагаар бидний “цагаан сар” болгоноор үзэж амждаг “Хүргэн хүү”
нэртэй Монголын уран сайхны кино төгсдөг сөн.
Хэдийгээр “социалист реалист” хэмээх тодотголтой “үзэл суртал”-ын хүлээсэнд байсан ч тэр үеийн Монголын урлаг, утга зохиолд “баячууд” нь өв залгамжилж ирсэн өөрийн гэсэн “хөрөнгөтэй”, “ажилсаг”, “гүйлгээ ухаантай”, зарц нартаа “анхаарал тавьдаг” байсан нь мэдрэгдээд байдаг сан. “Даравч дардайж, булавч бултайна” гэдгийг үлгэр байх л даа. Харин тэд Монголын газар шороо,  эх болсон нутаг, байгаль орчноо ямагт хайрлан аргадаж байсан нь илүүтэй мэдрэгддэг юм. Харийнхантай үржилт малынхаа ашиг шимийг наймаалцаж байснаас бус, газар
шороогоо наймаалцаж байгаагүй юм билээ. Хаа нэгтээ “шунал”-ын бузар, омгийн “мунхаг”-аар буруу мууг үйлдэж байсан ч “Их цааз”, тэнгэр хангайдаа “нүгэл” ээ наминчилж, “үйлээ үүрч” чаддаг байсан гэдэг.
Чухам тийм болохоор л өдгөө бид ийм их баялагтай газар нутаг, уужуу ухаан урсах “цус” аар сэлбэсэн “тусгаар тогтнол”, бахархал омогшилоор дүүргэсэн “эрх чөлөө”-г өвлөж авсан юм шүү дээ.
“Цээж өвчтэй” шинэ үеийн баячууд
…Учраа олохгүй бужигналдаж асан ардчиллын “тоос” намжихуйяа Монгол оронд минь ямар олон баячууд бий болж, багтааж ядсан их “хөрөнгөндөө”  сагаж ядан хөөрөлхөхийг, харж  ядан “гайхацгаана”. Хаанаас хэрхэн яаж баяжсаныг “ойлгож” үл чадна.
Гэрэлт ирээдүй болох  коммунизмд  хүрэхийн тулд социализмын материал техникийн баазыг байгуулж байв бид. Тэгшитгэн хуваарилах зарчмаар дэлгүүрт ирсэн дээлийн торго, “45-ын гутал”-аар адил гоёцгоож, ажилдаа амжилт гаргасны төлөө “баярын бичиг”-ийг дагалдаж ирсэн “халуун сав” аар илүүрхэж, ёолк хэмээх шинэ жилийн баяраар л алим мандириныг амталдаг байв бид. Хувьдаа хайрлаж хямгадах, арвижуулах хөрөнгөгүй болохоор, улс нийгмийн өмч хөрөнгийг “нүдний цөцгий” мэт хайрлан хямгадахыг  “бага балчраасаа” л лоозогнон уншиж, хүмүүжиж
байв бид.
Анхны “ардчилалын тоос” -он дунд, эзэнгүй болсон “социализмын материал техникийн бааз”-ыг хэсэг бүлэг хүмүүс нь “хулгайлан завшиж”, “хувьцаа” нэртэй хөх, ягаан өнгийн тасалбруудыг учраа олохгүй байсан иргэдээс учрыг нь сайн мэдэж байсан эрхтэн дархтнууд “хямдхан завшиж”, Улаанбаатар хотын газар нутгийг “хувьчлал” нэрийн дор удирдах зальтангууд нь “худалдан завшиж” ийм олон баячууд бий болжээ. Удаах “уул уурхайн тоос” -он дунд мөнгөтэй нь баялагтай газар нутгийг “лиценз” нэрээр “ашиглан завшиж”, мөнгөгүй зарим нь гадныханд
зуучлан “унагаж завшиж”, эрх мэдэлтнүүд нь гадаадын хөрөнгө оруулалт нэрээр “хуйвалдан завшиж” илүү олон баячууд бий болжээ. Эдэн дунд хүрз барьж газар ухсан нь хэд бол? “Гахай” үүрч лангуунд зогссон нь хэд бол? Хөлсөө дуслуулж тоосго өрсөн нь хэд бол? Хүйтэн шөнө адуу манаж хоносон нь хэд бол?
Харин өдгөө цагт тэд Монгол орны баялгийг өдөр шөнийн 24 цагт зуу, зуун автомашинд тонн, тонноор нь ачин гадагшаа зөөж байна. Өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, түмэн олны өмч болсон их баялгийг яаран сандран харийнханд худалдаж байна. ТӨР, ЗАСАГ, НАМ нэрээр эвлэлдэн, хууль дүрэм журмаар халхавчлан, худал хуурамч амлалтаар баялгийн эздийг мэхлэн байж Монгол орны газар нутгийг сүйдлэн, баялгийг завшиж байна. 2,7 сая хүний тэгш хүртэх учиртай баялгийг 20, 200 –хан гэр бүлүүд хамтран, хэрэлдэн байж цөлмөж байна.  Монгол оронд шинэ үеийн
“цээж өвчит” баячууд ингэж л төрж байна. Залгамжлах өвгүй хэрнээ өмнөх нийгмийн бий болгосон баялгийг тэд л зальт аргаар өөрийн болгоцгоосон. Харин одоо Монголын газар нутгийг, их баялгийн хамтаар гадныхантай үгсэн завшиж, баяжиж байна. Үүнийгээ тэд “бизнесийн ухаан” гэж тайлбарлаж байна. Энэ ариун явдал гэж үү? Ийм эрх тэдэнд бий гэж үү? Үүнийг харсаар суугаад бид дасах гэж үү?
“Хүн болгон адилгүй” гэдгээр хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, нойроо хугаслан шаналж, аргаа олох гэж ухаанаа хөвчилж байж амжилтад хүрч “баяжсан” нь бишгүй бий. Гэхдээ үүнээс илүүтэйгээр “завшиж” баяжсан нь даанч олон. Шударгаар  хөдөлмөрлөж, хичээж зүтгэж, зовж шаналж бус, улаан цайм завшиж баяжиж байгаа нь олон байгаа болохоор л нийгэм “хиртэж” хүмүүс “бухимдаад” байгаа хэрэг. Нийгэмд бүхэлдээ “завшиж баяжих” боломж нь нээлттэй болж орхивол  хүмүүс  эргэлзэж, шударга байхаас илүүтэй “олны жишиг”-ийг дагахыг хүснэ. Тэдний нүдний
өмнө танил нэг нь өөрийгөө зовоохгүйгээр, шударга бусаар “баяжиж” байхыг харахдаа зэвүүцэж, эсэргүүцэхийн оронд түүний “үлгэр жишээ”- г дуурайхыг оролддог. Тэр нь хичнээн бохир заваан үйлдэл байсан ч өнөөдрийн олох “бохир мөнгө”, бусдын нүдний өмнө үүгээрээ гайхуулахыг хүсэх “тэнэг мунхаглал” тэдний сэтгэлийн “таашаал” болж хувирна. Аажим аажимдаа үүндээ дасч хэдий олон хүмүүс энэ замыг сонгох тусам Улаанбаатарын утаанаас ч илүүгээр бидний сэтгэл бохирдож “угаартана”. Энэ л Монголын нийгэмд шударга бусаар завшин баяжиж
байгаа нөхдүүдийн учруулж буй асар том гай.
Хүн өөрөө хөдөлмөрлөж, зовж шаналж, зүтгэж байж олсон мөнгөө хэзээ ч хамаа намаагүй үрж, цацаж чаддаггүй. Учир нь тэд энэ мөнгийг олох гэж урсгасан хөлс, шаналсан сэтгэлийнхээ үнэ цэнийг дэндүү ихээр мэддэг. Харин өөрөө зовж зүдрэлгүйгээр олсон мөнгөө хамаа намаагүй үрж цацаж байхдаа зарим хүн харамсдаггүй. Учир нь тэд мөнгийг зүгээр л олдож байдаг цаас гэж боддог. Гэсэн атлаа түүнийг бүр ихээр олох хүсэл шуналаасаа огтхон ч татгалздаггүй. Тэд бусдад тус болох сэтгэлгүй атлаа, бусдад гайхуулахын тулд 500 сая төгрөгөөр хурдан
морь худалдан авч, 500 мянган ам доллараар автомашинаа тоноглуулж, сая, тэрбум төгрөгөөр бэл бэнчингээ дурдан баярхана. Өнөөгийн Монголд шуурга мэт дэгдээд байгаа үнэтэй машин, тансаг хаус, 9911…. дугаарын утас, брендийн хувцас, мисс амраг, хурдан морь, бэл бэнчингээр ялгаварлан гадуурхах их хийрхлийг тэд л өгдөөгөөд байгаа юм шүү дээ. Үүнийх нь төлөө бусад хүмүүс өөрт нь долигонон зусардаж, хүссэн болгоныг нь биелүүлэх болно гэж сэтгэлдээ “согтуурхана”. Бүхнийг мөнгөөр, зөвхөн мөнгөөр л худалдаж авч болно хэмээн “аархана”.”Шударга ёс, хүн чанар гэж юу юм бэ? Мөнгөгүй л бол энэ чинь хов хоосон зүйл” хэмээн агсамнан “цэцэрхэнэ”. Монголын шинэ үеийн цээж баячууд, ард олны сэтгэл зүйд “хар бараан” мөрөөдлөөр “хөзөр тоглоцгоож” байна. Харамсалтай нь олон олон залуус тэдэн шиг бие амар баяжиж, сэтгэл амар зугаацахыг мөрөөдөж, бас тэдэнд атаархаж байгаа.

Тэдний юунд нь атаархах юм бэ?

Энэ ертөнцөд хүмүүс өөрөө уйлж нүцгэн ирээд,  бусдыг уйлуулан байж нүцгэн буцдаг. Харвасан сум лугаа өнгөрөх цаг хугацааны орчилд хүмүүний хэрэгцээ гэгч даанч өчүүхэн. Нэгэнтээ Далай лам “Хүмүүс их мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиослоод, зовж олсон мөнгөөрөө эргээд эрүүл мэндээ худалдаж авах юм” хэмээн харамсан айлдсан гэдэг. Эрүүл мэнд, их мөнгө гэдэг хяслантай атлаа тохуутай зохицол.Хүмүүс бид аз жаргалаа мөнгөөр хэмжиж, их мөнгөтэй байхыгаа аз жаргал хэмээн бодох дор мөн чанараа алдаж эхэлдэг. Мөнгөөр хомс байхдаа ч сэтгэлдээ баяр хөөртэй байсан мөчүүдээ их мөнгөтэй болсон хойноо ч тэгтлээ дурсдаггүй. Аз жаргал бол одоо байгаа боломжиндоо сэтгэл хангалуун байх тэр мөч гэдгийг бид их хожуу ухаардаг. Өвдөж зовох мөчдөө, өрөөл бусдад үнэлэгдэхгүй ганцаардах мөчдөө, чин сэтгэлийн халуун дотно үгийг хэн нэгнээс сонсохоо больсон үедээ л анзаарч эхэлдэг. Энэ хорвоод өвчин зовлон, үхэл хагацал гэдэг хэнийг ч баян ядуугаар нь ялгадаггүй.  Баян хүнийг ч балаг тойрдоггүй.
Хэрвээ өөрийгөө хянаж зогсоож чадахгүй л бол хүний шуналд хязгаар үгүй. Хүн их мөнгөтэй болж түүгээрээ “бүх л зүйлийг худалдаж авч болно” гэж бодож, бусдад тэгж  хандах цагаас л бусдын нүдний өмнө өөрөө “ мөнгө” болон харагдаж эхэлдэг. Хайртай эхнэр чинь чамайг үнсэхдээ хэрэгцээт мөнгөө авах гэж л үнсэж, энхрий үрс чинь шаардлагатай мөнгөө салгах гэж “тандаа хайртай шүү” гэж шивнэж, дотно найз чинь мөнгийг тань ашиглах гэж л “чи бол энэ ертөнцийн хамгийн мундаг найз” гэж худал магтаж, ажлынхан тань арай илүү цалин авах
гэж зусардан сугадаж, аав ээж тань “ах дүүгээ харж ханддаг сайн хүү” хэмээн өргөмжилж байхад чи маадгар байдаг. Харин нэгэн цагт чамд хатуу ч гэлээ үнэн үг хэлж, ядрах цагт чин сэтгэлээсээ духан дээр тань үнэрлэж, хоолны ширээний ард хөгжилдөн инээлдэж, холоос буцаж ирэхэд тань санасан сэтгэлдээ дуу алдан хүзүүнээс зүүгдэж байсан бүхэн өдөр өдрөөр холдож буйг чи анзаарахгүй.
Хууль бусаар олсон бүхнээ нууж хямгадах гэж зовно. Нууцгай амрагласан бүсгүйгээ энхэрээсээ нуух гэж тэвдэнэ. Нэгэн цагт хэн нэгэн “хорлочих вий” гэж айдаст автана. Завшсан бүхэн нэгэн цагт илэрч  “шоронд орох вий” гэж шанална. “Завгүй их ажилтай байна” гэж хэлж, хонон өнжин архидаж, хөгжилдөж цэнгэчихээд дараа нь үүнийгээ цайруулах гэж аргаа барна. Өөрөө бусдыг мэхэлдэг болохоор өрөөл бусдад хэзээ ч итгэж чадахгүй “хардаж” өөрийгөө зовооно. Шударга бус юм гэдэг хэзээд шударга бус л байдаг. Тэгэхээр тэдний юунд нь
атаархах хэрэг вэ? “Хэрэг хуучирдаггүй” болохоор хэзээ нэгэн цагт тэд шүүгдэх л болно, Монголын баялгийг завшсаныхаа төлөө. Тэр цагт өнөөдөр үнэтэй байсан бүхэн нь маргааш огт үнэгүй болно. Тавилан гэдэг тэр.
Төөрөлдсөн  болон хөгжсөн залуус
Өнөөгийн Монголын залуус энэ нийгэмдээ өөрийгөө зовоохгүйгээр баяжиж болох 2  боломжийг олж харж байна. УЛС ТӨР, УУЛ УУРХАЙ.  Улстөрд орсон хүмүүс уул уурхайн баялгийг хуваарилах эрх мэдлийг ашиглан, хууль бус аргаар өөрсдөө баяжиж байгаа болохоор. Тэд мэдлэгтэй ухаантай байх албагүй. Харин хэн нэгэн луйварчинд зусардаж үйлчилж чаддаг байхад л хангалттай. “Барын сүүл болж явахад батганы толгойг цохиж унагааж болно” гэж тэд боддог болж. Тийм болохоор тэд ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд л хүрэхийг хичээж байгаа. МАН, АН-ын
дэргэдэх Залуучуудын олон байгууллага болон Монголын Оюутны Холбоо нэртэй байгууллагуудад ч ийм мөрөөдөлтэй залуус олон байгаа. Түүнээс цаашлаад тэд  аймаг, хот , сум, багийн ЗДТГ-т ямар нэгэн алба хаших зорилготой. Тэд ийм албан тушаалд ажиллахдаа өөрийн “ар тал” хэн нэгний заавар зөвлөмжөөр л ажилладаг болохоор тэгтлээ боловсрох ч хэрэггүй.
Хууль бусаар баяжигсад болон хуучин архаг улстөрчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өөрсдийн хүүхдүүдээ “сойж” байна. “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдэгчлэн тэд Монголын нийгэм дэхь “бараан боломж”-ийг алдахыг хүсэхгүй байгаа. Тэд өөрсдийн хүүхдүүддээ албан тушаал, эрх мэдлийг өвлүүлэхийг хүсэцгээж байна.  “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдгээр амар аргаар баяжигсадын үр хүүхдүүд нь шударгаар хөдөлмөрлж байгаа бусдын зовлон жаргал, үнэ цэнийг ойлгож чадна гэж үү? Сэтгэл үгүй бол мэдлэг хэрэг болно
гэж үгүй.
Монгол оронд ялсан ардчиллын буянаар маш олон монголчууд даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцтэй өөр өөрийн хэмжээгээр танилцаж байна. Маш олон монгол залуус гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж явна. Бас олон залуус өөртөө зорилго тавин хичээж зүтгэж, сайн суралцаж байна.  Тэдний өмнө дэлхий ертөнц улам улмаар нээлттэй болж буй. Монгол залуусын оюуны өндөр чадамж, уйгагүй хичээл зүтгэлийн ачаар тэд дэлхийн хэмжээнд сэтгэж, ажиллаж, амжилт гаргаж эхэлж байна. Энэ л Монголын
ирээдүй. Ид залуу насандаа өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэн хөдөлмөрлөж, зовж шаналж байгаад ч болов амжилтад хүрч чадвал энэ нь залуус та нарын баялаг болон хувирдаг. Энэ баялгийнхаа ачаар та насан туршдаа өөрийнхөө хүссэнээр сэтгэл хангалуун амьдарч чадах болно.  Үүнийг танаас хэн ч салгаж авч чадахгүй. Тэр үедээ чи жинхэнээрээ “цээж” биш “толгой” баян болж чадна. Бас дуртай ажлаа хийж, түүнийхээ үр шимээр хүссэнээрээ амьдарч байхдаа аз жаргалыг жинхэнээр нь мэдрэх болно.
Залуус минь. Улстөр болон  уул уурхай чиний ирээдүй биш ээ. Яг одооноос эхлэх чиний өөрийн тань хөгжил л чиний ирээдүй юм. Найз нөхөд чинь баардаж наргиж байхад чи ганцаараа хичээлээ хийж суусныхаа төлөө хожим чи зөндөө л баардах боломжтой болно. Яг одоо уншаад ойлгохгүй байгаа зүйлээ өөрийгөө албадаж байгаад ч болов ойлгож чадвал, чи энэ амьдралд тохиолдох олон хэцүү зүйлийг давж сурах болно. Өөрийгөө ялна гэдэг бэрхшээл саад болгоныг сөрж гарах эхлэл.  Чи энэчлэнгээр өөрийгөө ялж, бас хөгжүүлж чадвал нэгэн цагт улсаа
хөгжүүлэхэд нэмэр болж чадна. Эд баялаг гэдэг өчүүхэн зүйл. Эрдэм мэдлэг гэдэг аугаа хэрнээ чиний л баялаг.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2012-05-10

Share Your Thoughts