Баяр болгоныг учир утгатай тэмдэглэх сэн

…Хэдхэн хоногийн дараа Монголын ардын армийн өдөр болно. Одоо бол цэрэгт явсан яваагүй, бүх эрчүүдийн баяр болж хувирчээ. Саяхан “Мартын -8” гэж эмэгтэйчүүдийн баяр болж, эрчүүд маань хамт ажилладаг, бас сурдаг, эсвэл найзалдгаараа нийлж, бүсгүйчүүдээ дайлж, бэлэг сэлт өгцгөөсөн. Тэгэхэд ч “зад авцгаасан” л даа. Олон жил бүх нийтээр тэмдэглэж заншицгаасан энэ өдөр бүсгүйчүүд маань баярласандаа бүгд л ууцгааж, зарим нь хөөрхөн халамцаж, зарим нь бүр согтож, гэхдээ л сэтгэл дүүрэн бэлгээ тэврэн харьцгаана.
Энэ өдрөөс яг 10 хоногийн дараа бүсгүйчүүд маань “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ”  гэдэг хэллэгээр эрчүүдээ баярлуулна. Энэ тохиолдолд “тэд бидэнд яаж хандана, бид тэгж хариу барина”  гэдэг нууц дүрэм үйлчилдэг.

Тийм болохоор хаа хаанаа, хэн хэн нь бодолтой бэлтгэх. Харин энэ өдөр армид алба хаасан, эс хаасанаас хамаарахгүйгээр бүх эрчүүд ууцгааж, зарим нь халамцаж, зарим нь согтож, гэхдээ л сэтгэл дүүрэн бэлгээ тэврэн харьцгаана.
Баярын өдрүүдийн дараа, бүгд л ажил болон сургууль дээрээ баяр хэрхэн тэмдэглэсэн паянгаа ярилцаж, бие биеэ шоолон зарим нэгийгээ “баалан”  хөгжилдөнө. Хүн бүр дотроо баяртай. Хойтон жилийн баяраар илүү их сюрприз барих тухай битүүхэндээ бодоцгоох. Хойтон жилийн баяр хол байна даа, хол байна.
Гэхдээ өдрөөс өдөр, баяраас баяр ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдэхэд, энэ баярын өдөр ирсэн байна даа.
Монгол оронд минь цаг хугацаа, өөр юунаас ч үл хамааран ээлжлэх 4 улирал шиг, сонгууль хэрүүл, улстөр, бизнес, бас хаямралаас үл хамааран баярыын өдрүүд үргэлжилнэ.

… Баяр болох сайхаан. Баярын ач буянгаар шинэ гоёлын хувцас өмсөж, бусдад гайхуулах боломж олдоно. “Гэм хийсэн гэдэс, гэнэт олдсон хоол’ гэдэг шиг нэг их идэж ууцгаадаг.  “Яагаав ноднин нэг их идэж уугаагүй юу?”  гэсэн сайхан дурсамж үлдэнэ. Өнгөрсөн жилийн цагаан сараар Балдангийнх нэг их том ууц тавьж, идээгээ 9 үе өрсөн байсан. Балдан өөрөө үйтэнхүар дээл өмсөж, мөнгөн тоногтой өргөн арьсан бүс зүүж, эхнэр нь “Говь”-ийн ноолууран даавуун дээлээр гангарч бас арай нарийхан мөнгөн тоногтой арьсан бүс бүсэлсэн байсан. “Амьтан хүн муу хэлнэ”. “Энэ жил тэднийхээс л дутахгүй юм шүү ”  хэмээн барьцан шанална. Цагаан сараар ёс дагаж, бэлэгтэй сайхан үг хэлэцэхийн завсар, ах дүүс , анд нөхөд, айл амьтны эдэлж хэрэглэж, бас бэлэг сэлт, базааж зэхсэн бүхнийг сонжиж харьцуулан
дотор ухаандаа ирэх жилийн цагаан сарын бэлтгэлээ “базаах”. Өр зээл тавиад ч болсон бусдад муу хэлэгдэхгүйн тулд, бас бусдад гайхуулахын тулд нүсэр ихийг базаан өөрийгөө ч өрөөл бусдүг зовооно. Өргүй баян, өвчингүй эрүүл, хиргүй цэвэр,атгаг муу санаа, өс хонзонгүй орохыг бэлэгддэг энэ баяр маань, бэл бэнчин, өмсөх зүүхээр өрсөлдөн гайхуулах хийрхэл, солиорол болон хувираа юу даа.
Хойтон жилийн цагаан сар хол байна даа хол байна, хонон өнжин баярласаар нэг л мэдэхэд золгоно доо.
… Удахгүй сургуулиа төгсөх бидний
Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ?
5-сар гарав уу, үгүй юу дунд болон их дээд сургуулиуд төгсөгчдийн “хонхны баяр” эхэлдэг. Энд тэндгүй гоё ганган хувцаслаж, энгэртээ хонх болон тэмдэг зүүсэн залуус, бусдын анхаарал, атаархлыг хамтад нь татаж, урт урт автобуснуудад сууцгаан, ойр хавийн олон олон амралтын газрууд руу дуулалдан одоцгооно. Хэзээ хэний хэрхэн тогтоосон жишиг юм, хэн ч үл мэднэ.
Эрдэм боловсролтой болж, ирээдүйд өөрсдийг нь “харж хандаж магадгүй”  хэмээн найдах эцэг эхчүүд нь тэднийг “сүү өргөх” нь халаг үдэж гаргана. Хаашаа юунд, яах гэж, хэдэн хоног явж байгааг төдийлэн ухаарахгүй тэд, дотроо дургүй байсан хэдий ч мөнөөх л “олны жишиг” даган “ингэх учиртай юм байлгүй”  хэмээн гайхашран үлдэх.
Олны хөлөөс зайдуу тэр газруудад, миний эх орны ирээдүй үе маань хэрхэн согтуурч, дараа нь юу болж байгааг тэнгэрт байдаг бурхан, манаж хоносон сар л мэдэх байх даа. Их амьдралын гараандаа ирээдүй хойч үе маань, их олон баярыг хэрхэн тэмдэглэж, идэж уун наргихыг хамтад нь сурч төгсцгөөв дөө.
Монголчууд бид арай л туйлшрамтгай. Ямар нэгэн баяр гэхээр заавал архи ууж, өмссөн зүүснээрээ өрсөлдөж, зэрэг зиндаагаараа гайхуулах гэж маяглах болсон нь танд анзаарагдахгүй байна гэж үү. Ийм л бодлогогүй, бие биеэ даган дуурайсан үйлдлүүд маань, баяр бүрийн утга учирыг алдагдуулж, сэтгэлийн шаналал, зовлонгийн үндэс болж байна бус уу?
“Ядаж байхад яр”  гэгчээр Монгол улсын ерөнхийлэгчид маань баяр бүрийн өмнө ёс юм шиг баахан хүн цол, тэмдгээр шагнана. Анхны ерөнхийлэгч П.Очирбат “хээгүйхэн”  өгч байсан бол, удаах ерөнхийлэгч Н.Багабанди “бодлоготойхон” түгээж, одоогийн ерөнхийлэгч Н. Энхбаяр “тооцоотой”  тараах болж дээ. Шагнал бүрийн дараах угаалга, мялаалга, найр наадам замбараагаа алдлаа. Зөвхөн шагнал авсан хүмүүс ээлж дараагаар найрлах юм бол жилийн 360 хоног ч хүрэлцэхгүй янзтай. Шагналын үнэ цэнэ хөсөр унаж, шагнал дагалдсан, атаархал, хов, жив чанартай чанаргүй “гавьяат”-ын тухай хэлэлцүүлэг тасрахгүй нээ. Цөөхөн хэдэн монголчуудаа ингэтэл нь хөөргөж, бас талцуулах, найрлаж цэнгүүлэх ямар хэрэг байгаа юм бол манай төрийн тэргүүнүүдэд.
Бид ер нь энэ байдлаа бодитой анзаарч, олон зүйлийг өөрчлөх гээд үзвэл яасан юм бэ? Монголчууд аа!
Нэгэн зүйл. Нийтийн жишиг
 Өөрт тань хүсэл, боломж байхгүй байхад, бусдын жишгийг дагаж, баяр болгоныг нүсэр тэмдэглэх ямар хэрэг байнаа. Хүн бүр өөрийн хүсэл боломжоороо амьдрах эрхтэйн адил, баяр бүрийг ч өөрийн хүсэл боломжоороо тэмдэглэх эрхтэй.  Үүний төлөө хэн ч хэнийгээ дарамтлах эрх үгүй. Бэлэгдлийн цагаан сараараа “өргүй’ орж байвал үхрийн өвчүү чанаж, цагаан идээгээрээ тавгаа засаж, үндэсний дээл хувцсаа цэвэрхэн өмсөж, өтөл хөгшид, хүүхэд багачуудаа л баярлуулж, өөрөө сэтгэлдээ өөдрөг сайхан байвал, “амьтан хүний муу хэлэх”  ч яамай байнаа. Баяр гэдэг баян ядуугаа шалгаруулах өрсөлдөөн бишээ.  Тэр ч бүү хэл хүсвэл зарим баярыг тэмдэглэхгүй байж болно шүү дээ. Тэглээ гээд ялд унаж, шоронд орохгүй нь лавтай.
Нэгэн зүйл: Баяр баярын утга учир
Манай оронд нийтээр тэмдэглэдэг, Үндэсний хэмээх “цагаан сар”, “улсын наадам”,
эх үрсийг хүндлэн дээдлэх 3-сарын 8 ны, 6-сарын 1 ний өдрүүд, эрдмийн хэмээх хичээл хэлэх болон сургууль төгсөх баярууд байдаг. Үндэсний баяртаа “ёс заншлаа” дээдэлж, эх үрсийн баяртаа тэднийгээ хүндэтгэн  энэрч, эрдмийн баяраар сурч мэдэхийн ерөөл бэлэгдэж, ёс төртэй, дэг жаягтай тэмдэглэж болох шүү дээ. Бусад баярууд бол мэдээж салбруудын  болон хүндэтгэж ёсолсон агуулгатай байдаг. Тэгээд бодохоор баяр бүрээр бүх нийтээрээ эр эмгүй, хөгшин залуугүй сархадад хөлчүүрч, хэн нэгнээсээ үнэ цэнэтэй бэлэг горьдон бачуурч байх хэрэг юун. Төрсөн өдөр болон гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг баяруудаа хүртэл ахан дүүс, анд нүхдийн хэмжээнд ярилцаж тохироод соёлтой тэмдэглэж болно доо.
Нэгэн зүйл:Архидалт
Баяр бүрийг заавал архидаж тэмдэглэн, тасарч унан, нус нулимс, бөөлжсөндөө хутгалдан таашаал авдаг муухай зуршлаасаа салбал яасан юм бэ? Баяр бүрийн сайхан утга учирыг архинаас үүдэлтэй, хэрүүл маргаан, хэрэг зөрчил гутаан, олон хүний сэтгэлийг хиртээн жигшээж байгааг бүгд л мэдэж байгаа. Энэ үзэгдэл Монгол орны хувьд үндэсний эмгэнэл болж байгаа. Уух нэг нь хэрэглээгээ багасгаж, хүн бүр соёлтой хэрэглэж эхэлбэл нааштай нэгэн алхам. Заавал засгийн газрын тогтоол хүлээлгүйгээр, өнөөдрөөс хүн бүр өөрөөсөө хичээгээд эхэлбэл аяндаа л цэгцрэх болно. Энэ олон жил, архитай, архичидтай хийсэн төрийн тэмцэл үр дүнд хүрээгүй нь “эзэн хичээвэл заяа хичээнэ”  гэдэг ганцхан хууль үлдэж байгаагийн нотолгоо.
Нэгэн зүйл: Үргүй зардал
Улс орон маань тогтож тэнцрэхгүй, ард иргэдийн маань амьдрал ядуу хэцүү байгаа.
Амьдрахын эрхээр гадаадад ажил хийж ядарч, зовж олсон мөнгөөр нь монгол оронд баяр тэмдэглэж байна хэмээн цацаад байвал яах билээ. Амьдралаа сайжруулах гэж нэг нь зүтгэж байхад, авсан мөнгөө нөгөө нь наргиж үрээд байвал даан ч шударга бус хэрэг.  Өнгөрсөн жил, монголчууд бид цагаан сарын 3 өдөрт 3 сая орчин $ зарцуулдаг гэсэн тооцоо харж байсан.  Түүнчлэн дунд болон их дээд сургууль төгсөж байгаа нэг сурагч болон оюутан “хонхны баяр”-таа дунджаар 200-500$ зарцуулдаг гэсэн тооцоо харагдаж байсан.  Энэ бага мөнгө гэж үү? Бусад олон баяр тэмдэглэж байгаа тооцоог оруулахгүйгээр энэ тооцоог анзаараад нэг үзээрэй.
Энэ мөнгөнүүд хаашаа орж байна вэ? Ингэтлээ мөнгийг үргүй цацах баян бил үү? бид.
Нэгэн зүйл: Бидний ирээдүй
Монголчууд бид олон олон баярыг хүүхдүүдийнхээ дэргэд ууж наргиж, олон ангит “жүжиг” тоглон тэмдэглэдэг. Тэд бидний амьдралаас, ирээдүйн амьдралынхаа арга ухаан, хүсэл мөрөөдлөө олж авна. Одооноос та бидний үр хүүхдүүд ангийн сурагчдын төрсөн өдөр болон, багш нартаа бэлэг авч өгөх олон баярыг тэмдэглэж сурцгааж байна.  Бид үр хүүхдүүдээ юунд сургаад байгаагаа анзаарч харах цаг болжээ. Нэг л өдөр таны хайртай хүүхэд чинь шал согтуу, орж ирэн орилоод эхэлбэл яах билээ. Та энэ тухай бодож үзсэн үү?
Баяр болох сайхан. Баяраар гэр бүлээрээ, эсвэл найз нөхөдтэйгээ цэвэрхэн зассан ширээний ард сууцгааж, уянгалаг сайхан хөгжим сонсоцгоож, бүжиглэж, бас хөгжилтэй яриа дэлгэн суух сайхан. Эсвэл үзэсгэлэнт сайхан байгальтай газар, үгүй бол цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ тоглон зугаацаж, орой нь кино юм уу сайхан үзвэр үзээд, гэр рүүгээ яарамгүйхэн алхах сайхан. Заримдаа аав ээж. ах дүүсээрээ цуглаад хамтдаа хөгжилдөж, ахуй амьдралаа ярилцан, хүүхдүүдээ бужигнан тоглохыг харан, өөрсдөө хөзөр ч юм уу даалуу тоглон хааяа булхайцан шуугилдах сайхан. Бас хамгийн дотно найзтайгаа нэгэн сайхан зоогийн газар, пиво шимж, хөгжмийн аянд уярч суугаад, хүмүүс хэрхэн хайрлаж дурлалцаж, хөгжилдөж цэнгэхийг харах сайхан. Энэ хорвоод сайхан юм зөндөө.
Хамгийн гол нь энэ өдөр элдвийн сэтгэлийн дарамтгүй, өөрийн хүссэнээрээ л байх хамгийн сайхан. Алийн болгон баяр болох гэж байна, “яаж бэлтгэнэ дээ”  гэж шаналан, баярлаж байна хэмээн учиргүй ууж идэн, согтуурч, баярын дараа “шартсан сэтгэл”, “шатсан мөнгөндөө”  харамсан шаналж суух билээ.
Хүн хүний төлөө бус өөрийнхөө төлөө баярладаг юм даа.
Баяр сайхан. Харин утга учиртай тэмдэглэж сурцгаах сан даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-03-17

Share Your Thoughts