БИД ЭХ ОРНОО ХАЙРЛАХГҮЙ БОЛ!!! “ Орон нутгийн хѳгжилд аялал жуулчлалын нѳлѳѳ” сэдэвт уулзалт сургалтын тэмдэглэл

*Монголд минь урин дулаан цаг ирж, байгаль дэлхий сэргэхээр хүмүүс эх орныхооо хамгийн сайхан байгальтай газруудаар аялцгаадаг. Ѳвѳг дээдсийн минь цус, хѳлс, ухаанаа шавхан байж үлдээсэн газар нутагт аялж үзэх, биширч бахдах сайхан байгальтай газар мундахгүй. Тэр болгонд бид “Монгол эх орон минь ямар сайхан байгальтай юм бэ?”, “Тэр магтаж бишрээд байдаг Швейцараас дутах юм ердѳѳ ч алга”, “Ийм уудам сайхан газар нутагтай оронд хүн болж мэндэлсэн бид ямар их азтай, аугаа хүвь тавилантай юм бэ?” хэмээн дуу алдацгаана. Сүүлийн жилүүдэд Монголд дэлгэрэн хѳгжих хандлагатай байгаа “Дотоодын Аялал Жуулчлал” ын хѳгжилд анхаарлаа хандуулах цаг болжээ. Машинаа асааж унаад дуртай газраа зугаалан цэнгэж байгаа бид ѳѳрсдѳѳ олон тѳвѳгтэй асуудлуудыг бий болгож байнаа.

 

1.   Бүрэн бус техниктэй холын замд гарч согтуугаар машин жолоодох, хѳдѳѳ замд хурд хэтрүүлэн давхиснаар авто осол олноор гарч амь насаа алдах эрсдэл бий болгож байна.

2.   Дуртай газраа хоноглох бүрдээ хоол цай хийж идэх гэж мод хугалан түлж, ус голыг бохирдуулж байна. Хэт хуурайшилтай нѳхцѳлд задгай гал түлж байгаад хяналтаасаа алдсанаас болж хичнээн га газар нутгийг ой, хээрийн түймэрт сүйтгүүлэв?

3.   Амралт зугаалга болгоноо “архидалт” гэж ойлгодогоос согтуугаар усанд унаж осолдох, агсан согтуу үйлдлээс болж хичнээн хүн бэртэж, хичнээн хүн хохирсон тоо гарах байх.

4.   Хонож зугаацсан газар болгондоо ил задгай бие зассанаар, үлдэгдэл хогоо хээв нэг хаяж одсоноор байгаль орчноо хичнээн ихээр бохирдуулж байгааг бүгд мэдэж байгаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс байгальд хаясан хогийг нь түүн цэвэрлэж, арчаа муутай, соёлгүй заваан хүмүүс дур зоргоороо бохирдуулаад байж болохгүй биз дээ?

5.   Бидний энэ замбараагүй аялал нь ухамсаргүй, бүдүүлэг байдлын гэрч болж, энэ үйлдэлд хяналт тавьж хариуцлага тооцдог газар үгүй болжээ. Аялал гэдэг чинь хүн болгон дур зоргоороо авирлах үйлдэл биш ээ.

 

*АНУ ын Виржина мужид албан ёсны үйл ажиллагаа явуулдаг “United Mongolia” АББ ѳнгѳрсѳн 5 сарын 9 нѳѳс 18 ны ѳдрүүдэд Вашингтон ДС, Лас -Вегас хотуудад “Орон нутгийн хѳгжилд Аялал Жуулчлалын нѳлѳѳ” сэдэвт уулзалт сургалтыг зохион байгууллаа. Энэ уулзалт сургалтад Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог, Говьсүмбэр аймгийн ИТХ ын дарга Г.Батзам, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мѳнхбат, СЭЗДС ийн Аялал жуулчлалын мэргэжлийн багш Г.Жаргалмаа нар ирж оролцсон юм. Бид энэ уулзалт сургалтаар дараах асуудлуудад анхаарал хандуулав.

 

АНУ- ын аялал жуулчлалын хѳгжил болон стандартууд болох:

 

-Бие засах газруудыг хэрхэн шийдсэн

-Хог хаягдал болон хогийн савнуудыг хэрхэн шийдсэн

-Авто машинуудын зогсоолуудыг хэрхэн шийдсэн

-Аялагчдын тав тухыг бодолцон хоол хийж идэх газар болон ширээ сандлуудыг яаж хийсэн

-Aялал жуулчлалын газруудын менежмэнт ямар байгааг

-Aялал жуулчлалын санхүүжилт яаж шийдэгдэж, хэрхэн зарцуулдаг талаар

-Aялал жуулчлалаар байгаль орчин, амьтан ургамлыг хэрхэн хайрлаж хамгаалж байгааг

-Аялагчдын аюулгүй байдлыг яаж хангаж, аялагчдын соёлыг хэрхэн бий болгож байгааг

-Aялал жуулчлалын мэдээлэл хийгээд иргэд болон хүүхдүүдэд боловсрол мэдлэг яаж олгож байгааг

 

бодитоор үзүүлж ойлгуулангаа эдгээрээс Монголдоо шууд хэрэгжүүлж болох санаа, боломжуудыг хамтдаа эрж хайх зорилготой байв.

 

Бид уулзалт сургалтад оролцогсодтой хамтдаа Виржина мужийн “Shenandoah” Үндэсний Парк, “Safary” Амьтдын хүрээлэн, Аризона мужийн “Grand Canion” Үндэсний Парк, “Hoover dam” алдарт байгууламж, Невада мужийн “Red Rock” Аялалын газруудыг үзэж, Вашингтон ДС хотод “World Bank”, “U.S Department of the Interior”, Moнгол Улсаас АНУ д суугаа ЭСЯ дээр мэргэжилтнүүдийн илтгэл мэдээлэл, санал зѳвлѳлгѳѳг сонсож, Лас Вегас хотод “О” болон “Mistery” шоунуудыг сонирхон  энэ талаар мэдээлэл саналуудыг сонслоо. Сонирхож байгаа асуудлуудаа газар дээр нь очиж үзэн тѳсѳѳлѳл авсныхаа дараа мэргэжлийн хүмүүстэй санал мэдээлэл солилцож байсан нь энэ удаагийн уулзалт сургалтад бидний сонгосон арга хэлбэр байв. Энэ арга хэлбэр үр дүнгээ ѳгсѳн. 

 

Энэ уулзалт сургалтад оролцсон аймгууд ирэх онд Аймгууддаа “Дотоодын аялал жуулчлалын стандарт”-ыг бий болгон хяналт тавьж хэрэгжүүлэхээр тохиролцов.

 

1.   Аймгууд ИТХ аараа хэлэлцэн дотоодын болон гадаад аялагчдын аялж болох газруудыг тогтоон тэндээ кемпүүдийг стандартын дагуу байгуулна. Үүнд:

 

a.    Аялагчдын бие засах газрыг шийдэх

b.   Хогийн савнуудыг байрлуулан хог хаягдлын асуудлыг шийдэх

c.    Автомашинуудын зогсоолыг тогтоон тэмдэглэгээтэй болгон журамлах

d.   Аялагчдын майхантай хонох газруудыг бий болгож, тэндээ хоол цай хийж идэх боломжуудыг бүрдүүлэх

e.    Аялагчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч, хамгаалалт хийх

 

2.   Аймгууд” Аялал жуулчлалын бүс”-ээ тогтоон шийдсэнээр, Аялагчдад зориулсан мэдээллийн самбрууд босгож, сонгож ашиглаж болох гар утасны апплекейшнийг хамтдаа бүтээж, олон нийтийн хэрэгцээнд гаргах

 

3.   Аймгууд ѳѳрийн нутаг дэвсгэр дээрээ байгаа байгалын үзэсгэлэнт газруудад алсдаа “Үндэсний Парк” байгуулах зорилгоор судалгаа хийж тѳсѳл боловсруулан, хѳрѳнгѳ оруулагчдыг хамтдаа хайх

 

Энэхүү уулзалт сургалтад оролцсон 4 аймгууд болон уулзалт сургалтыг зохион байгуулсан “United Mongolia” АББ ын цаашдаа хамтран ажиллах зорилго чиглэл болон үндсэн зарчмууд ингэж бий боллоо. Зѳвхѳн эдгээр аймгуудаар хязгаарлалгүй бусад аймгуудтай ингэж хамтран ажиллах хүсэл болон боломж бидэнд байгаа.

 

*Уулзалт сургалтад оролцогчидоо Лас Вегас хотоос Монгол руу үдсэнийхээ дараа бид АНУ ын дэлхийд алдартай Үндэсний Паркууд болох “Death Valley”, “Yosimite”,  “Mountan Shasta”, “Crater Lake”, “Grand Teton”, “Yellowstone”, “Grazy Horse”, “Mount Rushmore”, “Niagara Falls” зэрэг газруудаар багаараа аялан богино хэмжээний ТВ нэвтрүүлгүүд бэлтгэж, фотоо зургууд авсан юм. Бидэнд 3 зорилго байлаа.

 

1.   Эдгээр “Үндэсний Парк” уудын бүтэц үйл ажиллагаа болон аялагчдын соёлын талаар Монголын үзэгчдэд үзүүлж ойлгуулахыг хичээж байгаа. Монголчууд бидэнд дутагдаад байгаа эх орноо хайрлан бахархах санааг аялах соёлтой хамтад нь дэлгэрүүлэх хэрэгтэй байнаа

2.   Монголоос АНУ г зорьж ирэх аялагчид болон АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудын АНУ ын зүүн баруун эрэг болон тѳвийн бүсүүдэд аялж амарч болох газруудын судалгааг хийж Чикаго хотын ИТ компанитай хамтран гар утсанд суулгах мэдээллийн апплекейшнийг бүтээх

3.   Ѳвгѳдийн минь бүтээсэн түүх нь “Дэлхийн Бренд” болсон Монгол оронд минь, уул уурхай бус “Аялал Жуулчлалын салбар” хѳгжлийн тулгуур болох цаг ирж байна гэдгийг монголчууд бид хамтдаа ойлгож ухаараасай хэмээн бид чин сэтгэлээсээ хүсч байгаа юм аа. “Мѳнгѳ олох”- ын тулд бус, хүмүүсийг баярлуулан бахдуулахын тѳлѳѳ Монголдоо аялал жуулчлалыг хѳгжүүлэх цаг болжээ.

 

…Найр наадам хавтгайрдаг зуны дэлгэр цаг айсаж, хүн болгоны сэтгэл хѳвсѳлзѳж байгааг мэдэрч байнаа. Наадмын маргааш хаашаа аялахаа товлон, амраг садан найз нѳхдѳѳрѳѳ бэлтгэл юугаа базааж байгааг тань мэдэж байнаа. Энэ л сайхан улиралд айраг цагаанд халамцаж, таана амтагдсан махандаа бялуурч, хоё гараа алдлан цээж дүүрэн  “Монгол” гэж дэлхийгээр нэг хашгирах хүслийг тань ойлгож байнаа. Тийм ээ! та бидний “Ѳлгий” болсон энэ сайхан орныг та биднээс ѳѳр хэн ч хайрлаж хамгаалахгүй шүү дээ.  Маргах аргагүй үнэн, татгалзах аргагүй шалтгаан энэ.

 

Эх орноо хайрлах сэтгэл, аялж яваа газраа хогоо үлдээхгүй байхаас эхэлдэг юм шүү дээ. Эх орноо хайрлах сэтгэл, хаа хамаагүй газар бие засахгүй байхаас эхэлдэг юм шүү дээ. Эх орноо хайрлах сэтгэл, нялх моддыг хугалж, голын ус руу бохир урсгахгүй байхаас эхэлдэг юм шүү дээ. Эх орноо хайрлах сэтгэл, чи ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ хайрлах хайраас эхэлдэг юм шүү дээ.

ЭНЭ НУТАГТ ТА БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ҮРГЭЛЖЛЭН, ҮЕ ДАМЖИН АМЬДРАХ БОЛНО.

Share Your Thoughts