БИД ЮМ ХИЙЖ СУРЧ БАЙНАА

…Бид юмыг маш сайн хийж сурч байнаа. Хэдэн талаас нь харж өөр өөрийнхөөрөө сайн муу янз янзаар тайлбарлан, өөр хоорондоо маргалдан мэтгэлцэж байвч энэ бол хөгжлийн эхлэл юм.
-МАН, АН аас салья гэж уриалан сонгуульд оролцохдоо МАН-ыг сонгож орхилоо. “Сонгууль будлиантай болсон”, “мөнгө тараасан”, “гадны зааварчилга, түлхээсээр хийгдлээ” гэхчилэн олон янзаар тайлбарлаж байгаа боловч маргаан гарч, зодоон болсонгүй. Хүмүүс дотор сэтгэлдээ сонголтын үр дүнг хүлээн зөвшөөрч чадаж байгаа нь хамгийн сайн соёл. Хэтэрхий онгиргон бардамнал, олон нийтийг үл хүндлэн басамжилсан харьцаа, хууль дүрэм журмыг үл тоосон үйлдэл, хоорондоо учраа олон нэгдэж чаддаггүй АН ялагдал хүлээж, элдэв өдөөн хатгалга сайн муу доромжлол бүхэнд хүлээцтэй тэвчээртэй хандаж, дотроо хагаралдавч түүнээ ил гарган бусдад дарамт болгодоггүй зангаргаараа МАН сонгуульд ялав. АН бүрэн эрхийнхээ хугацаанд маш олон сайн хөгжлийг эхлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргаж чадсан боловч ялагдал хүлээсэн нь ард олны “амар тайван” ажиллаж амьдрах хүслийн илэрхийлэл, тэдэнд өгч буй хатуу сануулга. Нөгөө талаасаа МАН энэ хугацаанд “муу ажиллаж” болохгүй хэм хэмжээг ард олон тогтоож өглөө. Мундаг байгаа биз? “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” мэргэн сургаалиудыг санаж явахад илүүдэхгүй болжээ.
-Нэг их олон тоогоор илэрхийлдэг түүхт ой бүхий Үндэсний Баяр Наадам сайхан болж өнгөрлөө. Монголчууд бидний үндэсний ухамсар, бахархал бага багаар боловч сэргэж буй нь наадмын нээлтээс анзаарагдаж байна шүү. Наадам элдэв будлиангүй сайхан болохоор хүн болгоны сэтгэл дотор баяр бахдал оргилоод байгаа нь мэдрэгдэж байна. Тавын даваанд уламжлал болсон “найраагаар” олон залуус “начин” болж, наймын даваанд улсын арслан Бүрэнтөгс, улсын өсөх идэр начин Пүрэвдагва нарын барилдааны  маргаан олон хүмүүсийн сэтгэлийг чилээж бухимдуулсан хэдий ч олон нийт тэсвэр тэвчээртэй бас хүлээцтэй байсан нь  том соёл. Бөхчүүд даруу төлөв, эр жудагтай байж, эрэмбэ цолоо дээдлэн сахиж байж олон нийтэд хүндлэгддэгийн жишээг Аварга Эрхэмбаяр, Санжаадамба нар нотлов доо. Харин олон жил хэрэлдэж маргалдсаар дөжирч, “ужгирч муудсан даавуу” шиг болсон Монгол Бөхийн Холбоо шинэчлэгдэх цаг нь болжээ гэдэг нь ч бас л нотлогдож байв. Жилдээ ганцхан болдог монгол наадам маань дэнж хотойлгон, дэлхийн улс орнуудад ч зэрэгцэн наадав. Вашингтон ДС-д болсон монгол наадамд очихдоо ч монголчууд маань наадамдаа ямар их ач холбогдол өгч, наадмаа хүндлэн сайхан наадаж сурч байгаа нь анзаарагдсан. Энэ чинь бас л хөгжил дэвшил, эв нэгдлийн эхний алхам.
-АСЕМ сайхан болж өнгөрлөө. АСЕМ-ыг тойрч бараг 2 жил шахуу дэгдсэн сайн муу бүх мэтгэлцээнд үйл ажиллагааны үр дүн нь хариулт өглөө. Алив арга хэмжээг жижиг гэлтгүй анхаарч сэтгэлээ шингээн зохион байгуулбал ямар сайхан харагдаж, ямар их урам бахдлыг авчирч болохыг бид нүд болон сэтгэлээрээ мэдэрлээ. Доог тохуу, сайн муугаар хэлэгдэн хараалгаж ерөөлгөдөг Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж АСЕМ-ыг зориглон санаачилж, сайн зохион байгуулсныхаа төлөө нэгэн дуугаар магтаал хүртэв. Бас энэ арга хэмжээг зохион байгуулсан багийнханд талархах ёстой.  Дэлхийн нэр хүндтэй 2 байгууллага, дэлхийн 51 орны Төрийн тэргүүнүүд оролцсон энэ арга хэмжээ дэлхийн хэмжээнд Монголыг, Монголын хөгжлийг сурталчлан таниулахад маш том үүргийг гүйцэтгэв. Нөгөө талаасаа Монголын тусгаар оршин хөгжих баталгааг дэлхийд тунхаглав. Монгол хүн бүр баярлан бахдав. Улаанбаатар нийслэл богино хугацаанд хөгжиж “нүүр тахлах” хэмжээнд очсон байгаа нь АН-ынхны гавьяа. Тэдэнд ч бас талархах учиртай. Өр тэглэсэн, буцалтгүй тусламж өгсөн гэж баярлахаасаа илүү “бид дэлхийн хэмжээнд хөгжиж чадах юм байна” гэсэн итгэл хамгийн үнэ цэнэтэй байлаа.
…Бид юмыг дэлхийн хэмжээнд хийж сурч байнаа. Их хөгжил рүү урагшилж байгаа нь анзаарагдаж байна. Бүх зүйлийг хар бараанаар харж шүүмжлэн, өөрийнх нь санаа бодлыг дэмжээгүй хүн бүрийг харааж зүхэн доромжилдог хүмүүс цөөн байгаа боловч, хийж бүтээж байгаа болгоныг өөдрөг сэтгэлээр харж, урам зориг баяр бахадлаар бусдын сэтгэлд гэрэл гэгээ сүлдэг хүмүүс олон байгаа нь сайхан хэрэг. Монголчууд бидний хөгжилд БОЛОВСРОЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ хоёр л тулгуур болно гэдгийг бид мартаж боломгүй. Хүн болгон өөрийгөө хөгжүүлэн боловсруулж, баялгийг бүтээн өөрсдийн амьдарлаа өөрсдөө авч явдаг болох тэр цагт бид дэлхийн хөгжилд тэргүүлж эхлэх болно. Монголчууд бид чинь мундаг шүү дээ. “ЭВТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН ХҮЧТЭЙ”. Удахгүй бас ОЛИМП болно. Сайхан байна шүү.

Share Your Thoughts