БИД ӨӨРСДӨӨ ТЭНЭГ…

Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох энэ удаагийн сонгуулийн сонголтод олон хүн эгдүүцэж байна. “Яагаад бидэнд өөрсдийн хүслээр сонголт хийх боломж өгөхгүй байна вэ?” хэмээн  бухимдаж байна. “Энэ нэр дэвшигчдээс хэнийг нь ч сонгохыг хүсэхгүй байна” хэмээн уурлацгаана. Сошиал орон зайгаар шагайх ахул бөөн хэрүүл маргаан талцал. Улстөрчдийн зусардалт, хөлсний бичээчдийн далдаганал, мэдээллийн хэрэгслэлүүдийн “захиалгат” тал засалт дотроос үнэнийг хайх нь “Өвсөн дотор унагасан зүүг хайн” тэмтрэх мэт. Тэгээд л уулзах бүрдээ “үнэн”ийг хайн цэцэрхэж, маргалдан мэтгэлцэнэ. Бурууг өөрсдөөсөө биш бусдаас хайдаг бид тэнэг араншингаараа “Ниргэсэн хойно нь хашгирцгаана”, бас зарим нь “Ноёны өмнөөс би унгасан больё” хэмээн шивнэнэ. Зүгээр л хошин жүжиг. Бидний арчаагүй төрх. Тэдний давралт.

Нэр дэвшигчдийг “тэнэг” хэмээн харааж байвч, бид өөрсдөө “тэнэг”. Яагаад гээч?

-Бид мэдээд “шоолоод” байсан хэрнээ сонгууль болгонд санал өгөхдөө ирээдүйгээ хэзээ ч харж байсангүй, “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” хэмээн сонголт хийж байв. Арчаагүй  “новшийн” нэр дэвшигчийн өгсөн архины бас талхны мөнгөний төлөө бид тэр л новшид санал өгөхдөө бусад нь “эрүүл” сэтгэх байх гэж найдсан. Харамсалтай нь бид бүгдээрээ л адилхан “новширцгоосон”. Дараа нь мянгантаа харамсан гаславч “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах” хэрэггүй л байв даа.

-Улстөрд орж эрх мэдэлдээ сагсуурсан тэднийг дотроо шоолох aвч, хэзээ ч хариуцлага тооцохыг шаардаж байсангүй. Зүгээр л инээлдээд л байсан. Тэд бидний гэм хоргүй инээдийг овжиноор ашиглан улам улмаар алиалах болов. Тэдний алиалал нь олон нийтийн дунд сайнаар бас муугаар ч болов “танигдах”, бас анхаарлыг татах жүжиглэл байсныг бид өөрсдөө ухаараа ч үгүй, ойлгоо ч үгүй. “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” хэмээн бид тэр тэнэгүүдийг дахин дахин сонгоод л байсан нь, “Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болж байгааг ухаараа ч үгүй.

-Нэг улстөрчийг нийтээрээ үзэн яддаг байснаа, матрын нулимс унаган “худлыг зөвтгөх” тайлбар дор хуулиран найган өрөвдөцгөөнө. Түүний өгсөн мөнгөөр “өлсөн” тэмцэж, түүний захиалгаар өрсөлдөгч рүү нь архиран хашгирцгаана. Мөн чанарыг нь олж харахгүй мөртлөө мөнгө өгсөн түүнийг үхэн хатан хамгаална, бас хашгиран үсдэлцгээнэ. Бид хэн нэгний муу зорилгын золиос, муйхар мунхаглалын түлхээс болж буйгаа анзаарах ч үгүй, ойлгох ч үгүй. Итгэл үнэмшил ч үгүй, өөрийн мөн чанар ч үгүй энэ байдал, бид өөрсдөө “Нохойд барьдаг мод” болтлоо дорд үзэгдэхийн шалтгаан болж буй.

-Эрх мэдэлд хүрсэн улстөрчид чиний амьдарч буй орон нутгийг чамаас “тэнэг” хамаатнаараа удирдуулахад дотроо дургүй байсан хэдий ч гаднаа зусардан байж зөвшөөрсөн. Зүгээр л зусардсан зусардалдаа бид дасч тэр мунхагийг өөрсдөөсөө илүү гэдгийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Зусардлаас зусардлын хооронд амьдарч, дургүйцсэн сэтгэлээ ам амандаа шивнэхээс хэтрээгүй бид тэдний “Далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гарч” амьдрах хэвшилдээ сэм сэмхэндээ нэг нэгнийгээ “муулж” сэнтий горилон урваж шарвах боллоо. Эцэст нь бид хөгжил ч үгүй, дэвшил ч үгүй, “өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөх” бэртэгчид болон хувирцгаав.

-Хэмжээ хязгааргүй зусардалдаа бид автаж согтуу хөлчүү эрх мэдэлтнүүдийг “эрүүл” байна хэмээн өмөөрч, шалдан нүцгэн түүнийг “гоё хувцастай” байна хэмээн алга ташиж, тэнэглэлийнх нь өмнө өвдөг сөгдөн мөргөж, мунхаглал бүхнийг нь “удирдагч” хэмээн зөвтгөж, зусардалдаа нүүрээ түлж, долигонолдоо бөгсөө түлхэж хичнээн он цагийг элээв бид. Бид тэднийг муу зуршилд дасгажээ. Тэд биднийг дандаа л ийм байх юм шиг сэтгэх болж, бас биднийг тохуурхан шоолж байна. Тэд баталж буй хуулиуддаа биднийг “чангалж”, өөрсдийгөө “зөөллөж” байна. Хариуд нь бид гаслахаас хэтрэхгүй. Тэд өдөр хоногоор даварч, бид өдөр хоногоор цөхөрсөөр. Тэд хуулийг гууль болгон тохуурхаж, хэн нэгний өмнөөс товчлуур даран батлахад бид халаглахаас өөр юу ч хийж чаддаггүй.

-Тэд бидэнд мөнгө “үнэртүүлэн” гаслуулж, өөрсдөө болохоор хэмжээ хязгааргүй цацалж байна. Улстөрд орж бизнес хийж олсон мөнгөөрөө улстөр хийж бидний “хаан” болохыг мөрөөдөж, угаадас ахиухан хүртэх хүсэлдээ бид өөр хоорондоо “яс горьдсон нохой” шиг архиралдах болов. Зөндөө олон “яс горьдсон ноход” тэднийг манаж, ойртсон бүхэн рүү архиран довтолж буй. Бид бүгдээрээ мөнгө хүчтэй гэдгийг зөвшөөрч, үнэт зүйлсээ үнэ цэнэгүйгээр хайр найргүй худалдацгаах болжээ. Тэд бидний үнэ цэнэтэй бүх зүйлсийг хямдхан худалдан авч, гадаад бусад руу үнэ хүргэн зарж байна. Тэд чамайг, бас намайг, дээр нь бидний эх орныг ч худалдахаас санаа нь зовохгүй болжээ.” Бирдийн нүдэнд шалбааг ч далай” болон харагддаг гэнэ билээ.

…ХЭРВЭЭ БИД ЭХ ОРОНГҮЙ БОЛЧИХВОЛ? гэж нэгэн цагт бодож байсан уу? Хэрвээ бид эх оронгүй болчихвол, харь орны боол болж хэн дуртай нь чамайг “цагаач” гэж нэрлэн дур зоргоороо хараан дээрэлхэх болно. Чи хичнээн сайхан үйл бүтээвч чамайг хэн ч үнэлэхгүйгээр барахгүй, чиний бүтээлийг хэн дуртай нь өөрийн болгон ашиглах болно. Хэрвээ бид эх оронгүй болчихвол хээр талаар дур зоргоороо давхиж чадахгүй, цагдаа чамайг зогсоон “зөвшөөрөл” шаардан дарамтлах болно. Хайртай ханьтайгаа  гэр дотроо л үнсэлцэхээс бус гадуур хөтлөлцөж алхах ч эрхгүй болно. Хэрвээ бид эх оронгүй болчихвол чиний цуглуулсан мөнгө “үнс” болж, чиний хөдөлмөр зүтгэл боолын хэмжээнд үнэлэгдэх болно. Хүсэл мөрөөдлөө сэтгэл дотроо нууж, бусдын дээрэнгүй харцнаас дальдчиж бас нуугдаж амьдрах болно. Хэрвээ бид эх оронгүй болчихвол дэлхийн энэтэй аугаа өвөг дээдэс минь булшин дотроо уйлж хөрвөөх болно. Тэнгэр заяа биднийг тэртээд орхиж, тэргэл саран нулимсаа нууж биднээс холдох болно.

Яг одоо л монголчууд бид эргэцүүлж ухаарах цаг нь болжээ. Орших эс орших нь гагц биднээс л хамаарна, чи ухаарагтун. Чи хаан шиг амьдрах заяа, харц шиг гуйлгачлах тавилан гагц биднээс л шалтгаална, чи бодогтун. Эх орондоо эзэн нь байх, эс бөгөөс цагаач нь байх гэдэг гагц биднээс л хамаарна, чи сэхээрэгтүн. Чи эрх чөлөөтэй дур зоргоороо байх, эсвэл бусдын дарамт дор шаналж амьдрах нь чамаас л шалтгаална, чи эргэцүүлэгтүн. БУЦААД ОЧИХ ЭХ ОРОН ГЭДЭГ ЯМАРХАН ӨМӨГ ТҮШИГ, НӨМӨР НӨӨЛӨГ, БАРДАМНАЛ БАЙДГИЙГ БИД МАРТАЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

Share Your Thoughts