Бизнес болон хувирсан Монголын боловсролын үнэ цэнэ

Саяхан “Даяар монгол”  сайт дээр Б.Номинчимэд энэ асуудлыг хөндөж бичжээ. Өдгөө 3 сая хүрэхгүй хүн амтай Монгол оронд 170 шахам их дээд сургууль оршин тогтнож, 1 хүн амд ноогдох их дээд сургуулийн тоогоор дэлхийд тэргүүлэх шахаж буй гэнэ. Нэгэн цагт бичиг үсэг үл мэдэгчийн тоогоор дэлхийд тэргүүлж, ЮНЕСКО-гийн шагнал авч байсан бол, өнөөдөр хүн амдаа харьцуулсан дээд боловсролтны тоогоор дэлхийд аанай л тэргүүлж байгаа гэх.
Баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг энэ үзүүлэлтийн цаана, сайн муу олон үр дагавар оршиж буй. Энэ бүхнийг илчлэн дэлгэж, “хагарсан олгой” доторхи сайн муу зүйлээ цэвэрлэж авах цаг нэгэнт болжээ.

Нэг. “Диплом”  хэмээх баримтын төлөөх их хийрхэл
Ямар нэгэн их дээд сургууль төгссөнийг гэрчлэх учиртай “диплом”  хэмээх баримтат хавтасыг “боловсрол” гэж эндүүрээд байдаг үзэгдэл, “диплом” ыг шүтэх гаж тогтолцоо, энэ хийрхэлийг өгдөөгөөд байгаа юм даа.

…Социализмын үед, Монгол оронд шаардлагатай боловсон хүнчний хэрэгцээт судалгааг 5 жилээр гаргаж, их дээд сургуульд ямар мэргэжлээр хичнээн оюутан сургаж, төгссөн хойно нь хаана ажиллуулахыг хатуу мөрддөг байж. Тийм болоод, тухайн их дээд сургууль төгсөгчдөд ажлын байр нь бэлэн, сайн ажиллуулахын тулд тэдний цалин хангамж, ажиллаж амьдрах боломжийг ч бас анхаардаг байсан.
Тэд тухайн ажиллах газартаа тодорхой хариуцлага хүлээдэг байсан болохоор, “дарга” төрхтэй, амьдралын “баталгаатай” байснаараа бусдын сонирхлыг татаж байв. Энэ бол муу биш тогтолцоо байлаа.
Харин ардчилал ялснаас хойш энэ бүхэн задарч, “мөнгөтэй” л бол, хэн дуртай нь таалагдсан их дээд сургуулиа, “хүссэн” дүнтэйгээ төгсөх болж дээ. Дээд боловсролтой л бол “дарга” төрхтэй, амьдралын “баталгаатай” болдог гэсэн бодол, ухаарлаасаа салж амжаагүй нэг хэсэг нь, “диплом”  хэмээх баримтыг “боловсрол”  гэж эндүүрэн, мунгинасаар…
…Монголд ямар ч байгууллага, албан газар хэн нэгнийг ажилд авахдаа, боловсрол гэсэн үзүүлэлтийг таглуулж, ямар нэгэн их дээд сургуулийн диплом үзүүлэхийг шаардана. Мэдээж, боловсрол “дээд”,  мэргэжил “олон улсын эдийн засагч”, гэж бөглөөд аль нэгэн их сургуулийн диплом үзүүлэх сайхан л байлгүй яах вэ?
Харин энд хамгийн гол зүйл нь орхигдоно. Тэр хүнтэй ярилцаж, мэдлэг мэргэжлийн
түвшин, багаар ажиллах чадвар, тухайн ажлын байранд шаардагдах олон хэрэгтэй чанарууд байгаа эсэхийг шалгахгүй.
Анкет бөглөсөн хүн нь аятайхан хувцасласан, царай зүс, бие бялдар сайтай, бас нөгөө хэн гуайн захиж сануулсан хүн байх аваас авч л таараа. Төрийн албанд бол иймэрхүү хандлага голлоно. Тэнд гоё сайхан залуус хөлхөлдөж байвал таатай байхаас, ажлын хариуцлагын тухай бодолт ч үгүй. Учир нь дээрээсээ доороо хүртэл хариуцлага хүлээдэггүй, дээрээс өгсөн зүйлийг нь хийгээд юм уу дамжуулаад сурчихвал, мэдлэг, боловсрол, чадварын хэрэгцээ тэгтлээ үгүй.
Яг эндээс л Монголын боловсролын тогтолцоог үнэгүйдүүлж, дипломын төлөөх хийрхэлийг дэгдээж буй. Танд тэгж санагдахгүй байна уу?
…Харин хувийн компани, байгуулалгуудад байдал арай дээр. Ядаж будмал гоёмсог бус, ажил хэрэгч хүн байвал өөрт нь хэрэгтэй гэдгээ тэд сайн мэднэ. Тийм болохоор энэ тал дээр арай л хариуцлагатай хандана даа.

Яг үнэндээ Монголд “аз таарч”  сайн газар ажилд ороод, тэр газрынхаа хатуу шаардлага дор “үзээгүйгээ үзэж, үхэр цам харайж”  байгаад ч болов сайн суралцаж, хөгжиж байгаа олон залуус бий. Тэднийг үгүйсгэх аргагүй ээ. Их дээд сургуульд сайн суралцсан хэрнээ ажил дээр бүр ч их зүйл сурч, дадлагажих хэрэгтэй болдог. Үүний адилаар амьдрал дээр ч бас сайн суралцаж өөрийгөө хөгжүүлдэг олон залуус бий.
Их дээд сургууль төгсөөгүй атлаа, монголын хууль тогтоох УЙХ-д сонгогдож, шийдвэр гаргах ЗГ-ын сайдаар ажиллаж буй хүмүүс, монголын боловсролын үнэ цэнэ болон монголын бас нэг “гайхамшиг” болж буй.
Монголын их дээд сургууль төгсөгчдийн чанар муу байгаа тухай, тэд сурах ёстой зүйлээ сурч дадлагажаагүй байгаа тухай, өөрийн ирээдүй болон хүсэл мөрөөдлийн ямар ч тэмүүлэлгүй байгаа тухай олонтой шүүмжлэн яригддаг.
Аргагүй шүү дээ! Тэд дипломтой л болохыг хүссэнээс, боловсролтой болохыг  хүсээгүй юм.
…Нэгэн үе тоо бодохгүй “амар” гэж сэтгүүлч, хуульч, түүхч, орчуулагч мэргэжлээр, тоо бодож чаддаг нь эдийн засагч, ня-бо, программист, менежэр мэргэжлээр их суралцав даа. Одоо ч монголоор дүүрэн, “олон улсын”  хэмээх тодотголтой, олон төрлийн дээд мэргэжилтэй, худалдагч, гоо-сайханч, харуул, бие хамгаалагч, үйлчлэгч, бас “биеэ үнэлэгчид”  бий болж дээ. Гэсэн атлаа үйлчилгээний наад захын соёл үгүй.
-Нөгөө хэн гуайн охин их сургууль төгссөн гэнэ. Мөн лут аа.
-Хн, чамайг бодвол их сургууль төгссөн дипломтой, боловсролтой хүн шүү.
-Надтай хамт ажиллаж байсан нөхөр Удирдлагын Хөгжлийн Академид сурч байгаа гэнэ. Би түүнээс дутаад байх юу байна. Иэрэх жил хөөцөлдөж байгаад тэнд орж, диплом олж авнаа
Монголын боловсролын үнэ цэнийг илтгэсэн иймэрхүү яриа хаа сайгүй сонсдох.
Нэгэн үе олон залуус их дээд сургуульд суралцаж байгааг сонсоод “За яахав дээ, ядаж л үзэж сонссон нь их байх юм даа. Үүний муу гэж юу байхав”  хэмээн бодож, сэтгэлдээ “өмөөрч ” л байсан. Одоо бол арай өөр зүйл бодогдож байна.
Дээд сургуулийн дипломтой атлаа, үйлчлүүлэгчтэйгээ ч аятайхан харилцаж чадахгүй худалдагчаар яах ч билээ. Үр дүн муутай, дипломын төлөөх энэ хийрхэл, Монголын боловсролын үнэ цэнийг унагааж, бусад амжилттай сайн суралцаж, чанартай боловсрол эзэмшсэн залууст “шаврын хаалт”  болж байна.  Нөгөө “би 90-ээд оны гавьяат, харин тэр бол 2008 оны гавьяат”  гэдэг яриархуу юм болох гээд байна даа.
Тийм ээ! Диплом гэдэг бол уг хүний, тухайн их дээд сургуульд ямар судлагдахуун хэрхэн судалсныг л илэрхийлж буй баримт бичиг. Түүнээс хуучин үейинх шиг “дарга” болох тодорхойлолт, амьдралын баталгаат “хуудас”  биш.
Монголд дипломтой л бол мэдлэг чадвар, хүсэл эрмэлзлэлийг нь харгалзахгүйгээр “ажилд авдаг”  энэ гаж тогтолцоо л дипломын төлөөх хийрхэлийг дэгдээх үндэс нь болж байна. Тогтолцооны энэ гажуудал дээр, нэг хэсэг нь их дээд сургуулиудыг олноор нь байгуулж, “ашгийн бус”  боловсролын байгууллагыг “ашгийн төлөө ” бизнесийн байгууллага болгон хувиргаж, ард иргэдийн сэтгэхүй, хүсэл мөрөөдлөөр тоглож байна даа.

Хоёр: Дээд боловсрол-ашигтай бизнес
Хэрэв дээд боловсрол бизнесийн хувьд ашиггүй юм бол, 170 их дээд сургууль яагаад байгуулагдаа вэ? Хуулиндаа “ашгийн бус”  гэсэн заалттай, түүгээрээ дамжуулан багагүй хөнгөлөлт эдэлдэг боловсролоор, маш олон УЙХын болон ЗГ-ын гишүүд болон “агсан”ууд, БСШУЯ ны эрх мэдэлтнүүд бизнес хийн баяжиж байгаа нь нууц биш. Энэ тухай www.olloo.mn сайт дээр тодорхой баримтууд тавигдсан байсныг санаж байна.
БСШУЯ ны хариуцлагатай эрхмүүд, БМХГ-ын түшмэдүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, энэ олон сургуулиудыг байгуулах зөвшөөрөл өгсөн байгаа. Хэрэв энэ бүхнийг үгүйсгэвэл, олгосон лицензээ, үүсгэн байгуулагч эзэдтэй нь хамтад зарлаад орхи л доо.
Энэ эрхмүүд монголын хүүхэд залуусын ирээдүйн сайн сайхны төлөө бус, өөрийн хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө, боловсролоор бизнес хийн баяжиж, хөрөнгө завшиж, мөнгө угааж байна.
-Хэн нэгэн эрх мэдэлтэн сургууль байгуулах нэрээр, хичээлийн байрны зориулалтаар олон барилга байгууламжийг хямд үнээр хувьчлан авсан, эсвэл байрлал сайтай газар шинээр барилга бариулсан байгаа. Сургуулиа дампууруулахад л барилга байгууламж нь тухайн хүний хөрөнгө болон үлдэнэ. Муугүй бизнес байгаа биз?
-Жил бүрийн намар их дээд сургуулйуд, оюутнуудаасаа “Төлбөр”  нэрээр хураан авч буй асар их бэлэн мөнгүүд, бизнесийн эргэлтэд орж, “угаагдан”  гарч буй. Энэ бэлнээр хураан авч буй мөнгөнд тавих хяналт бий гэж үү?
“Улсын” гэх тодотголтой их дээд сургуулиуд хүртэл, элсэлтээс гадна “хандивын”  нэртэй анги нээж, үндсэн төлбөр дээрээ “нэмэлт хандив” буюу “авилгал”  авч байна.
Жил жилийн намар оюутнууд арвин ургацын аянд морддог байсан бол, өдгөө их дээд сургуулиуд арвин мөнгө хураах аяныг өрнүүлэх болж дээ.
-Оюутнуудын дотуур байрны төлбөр, шалгалт, бас шалгалтын төлбөр, багш нарын шахааны номны үнэ гээд байнга бэлэн мөнгө эргэлдэж, эзэддээ арвин их “ашиг” өгч байдаг газар бол их дээд сургуулиуд. Хураан авч буй энэ их мөнгөнөөсөө сургалтын хэрэглэгдэхүүн, оюутны дотуур байранд зарцуулж байгаа нь даан ч үгүй.
Монголын  оюутнууд шиг, умгар жижиг өрөөнд “хуаран маяг”- ийн давхар ортой, үүднээсээ эхлээд л хараал зүхэл, хэрүүл маргаан цуурайтсан, муу ус нь халгисан бие засах газартай, хоногийн хоолоо алдахгүйн тулд “хавх зүүх” ээс наахнуур ШБОС -той амьдардаг газар хаана байдаг юм бол? Гэсэн атлаа 2 хүн суух зориулалттай өрөөнд 4-5 аар нь чихэж, үүнийхээ төлөө дор хаяж 1000$ бэлнээр хураан авч байгаа тэдэнд “хүн чанар”  байна гэж итгэхэд хэцүү.
-“Ашгийн бус”  хэмээх тодотголтой энэхүү их дээд сургуулиуд, хууль ба хууль бусаар олж буй орлогоосоо улсын төсөвт төлж буй татвар хэд бол? Үүнийг ил гаргаж олон нийтэд гаргаж, мэдээлэх цаг болсон. Тэд татварын маш олон хөнгөлөлт эдэлж байгаа. Чухам энд л эдгээр “эзэд”ийн мөнгө угаах боломж оршиж байгаа.
“Нүглийн нүдийг гурилаар хуурав”  гэдэгчлэн улстөрийг хүртэл “бизнес” болгон хувиргасан эрхмүүд, өөртөө ашиггүй шахам, өргөн түмэндээ буян болох гэж сургууль байгуулсан гэж тайлбарлавал би л лав үнэмшихгүй.
Чанаргүй, хариуцлагагүй, хөгждөггүй энэ олон сургуулиуд “Монголын боловсролын салбар”ыг бизнес болгон хувирган баяжиж идэн, ашиглаж завшин байгаагийн тод жишээ. Үгүй гэж үү?

Гурав: Интернет мэдээлэлгүй, их дээд сургуулиудын хөгжил
Энэ тухай АНУ-д суралцаж байгаа 2 ч оюутан надад хуучилсан юм. Энд сурч байгаа сургуулийнхаа хүсэлтийн дагуу, монголд суралцаж төгссөн сургуулиасаа тодорхойлолт материал авах гэж сар шахуу болсон тухай, сургуулийнхаа вэб хуудас руу орж мэдээлэл авах гэсэн чинь хэдэн жилийн өмнөх мэдээллээс өөр юу ч үгүй байсан тухай, эцэст нь уг тодорхойлолтыг арай ядан хийж өгсөн “эгч”, “АНУ-д байж хорголоо толсон амьтан”  хэмээн түүнд зэвүүрхсэн тухай тэдний яриа, өнөөгийн манай их дээд сургуулиудын өрөвдөм, арчаагүй төрхийг илтгэж байв.
Хэрэв итгэхгүй бол та яг одоо монголын их дээд сургуулиудын вэб хуудас руу ороод үзээрэй.
…Цахим мэдээллин аугаа энэ эрин үед, өөрийн вэб хуудасгүй, байгаа нь мэдээллээ шинэчлэдэггүй их дээд сургуулиудын хөгжлийн тухай, чанарын тухай ярихад ч хэцүү.
“Загасчийн морь усгүй” гэдэгчлэн цахим мэдээлэлгүй, интернет танхимгүй, уншлагын газар үгүй, судалгааны лабораторигүй, дадлагын баазгүй их дээд сургуулиуд оршиж байна гэхэд үнэхээр төсөөлөх аргагүй.  Ингэж оромдож болохгүй шүү дээ.
…Их дээд сургуулийн багш нарын чанарын талаар олонтой яригддаг. Нөгөө хурааж авсан их мөнгөнөөсөө “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” цалин өгч, хөгжих дэвших боломжийг нь хүнд сурталтай удирдлагууд нь хааж, хүсэл мөрөөдөл юуг нь хэцүү бэрх нөхцлөөр унтрааж байхад, “дургүй лам нар хэрхэн сахил хүртэх билээ”.
“Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив”  гэдэгчлэн, их дээд сургуулийн багш нар “Мастер”-аас дээш мэргэжлийн зэрэг, гуншинтай байх болсон нь, “мастерт суралцах”, “доктор хамгаалах”,  академич болох”  бүх боломжийг “бизнес”  болгон хувиргаж орхив. Нээрээ л ажих ахул, их дээд сургуулийн багш нар ихэд залуужиж, ихэвчлэн сурч байсан сургуулиасаа тодрох болсон нь бас л баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг санагдах.
Насаараа ном шагайн судалж, нээлт хийн нотолдог байсан, зузаан линз бүхий буурал эрдэмтэд “моод”ноос гарсан  гээд бодоход, тэдний толгой дахь аугаа мэдлэг, туршлага нь “моод” ноос гарамгүй юм.
…Нэгэнтээ www.zaluu.com сайт дээр  байсан “курсийн болон дипломын ажил тодорхой хөлсөөр бичиж өгнө ” гэсэн зар, энэ төрлийн бизнес ихэд дэлгэрэн хөгжсөнийг илтгэнэ. Лавтай бус ч “доктор”-ын зэрэг хамгаалах сэдвийг чамгүй үнээр бичиж өгдөг тухай мэдээлэл сонсогдож байсан. Тэгээд ч зогсохгүй насаараа эрдмийн оргил өөд мацаад, хэн боловч амар олж байгаагүй “академич”  цолыг хэн дуртай нь олгож, хэрэглэх болж дээ. Миний нэг танил 4-р ангийн боловсролтой нэгэн, өнөөдөр “зурхай судалалын академич”  гэдэг цолтой, зурагтаар гарч байхыг харсан сан.
Мөнгөөр хийгдэж буй “мастер”, “доктор”, “академич”  зэрэг цолнуудаа нэг цэгцлэхгүй бол, мөдхөн “Нарантуул”  зах дээр “академич”  цолтой наймаачин тодорч, бусдын доог болох бий дээ. Алив зүйлд хэм хэмжээ гэж байдаг. Алийн болгон ингэж “алиалах”  билээ бид.
…Өнөөдөр монголдоо нилээд хөгжиж, өргөжиж буй компани, байгууллагууд ажилд авах зарандаа “3 дагч өндөр хөгжилтэй оронд “мастераас”  дээш зэрэгтэй суралцаж төгссөн” гэдэг шалгуурыг оруулж, өндөр цалин, ахуйн сайн нөхцлийг амлах боллоо.
Шуудхан хэлэхэд, тэд энэ зараараа монголын их дээд сургууль төгсөгчдийг “голж”  байгаагаа илэрхийлж байна.  Энэ бол зүй ёсны шаардлага. Чанаргүй сургалт, дипломын  төлөөх хийрхэлийг эсэргүүцэж байгаагийн илрэхийлэл.
Эндээс л бүх зүйл эхэлнээ. Одоо л бид ухаарч, олон зүйлийг өөрчлөх цаг болж байна.  Харин яаж?

Дөрөв: Шударга өрсөлдөөн
Өнөөгийн нөхцөлд бүх зүйлээ бодитоор харж, шударга өрсөлдөөнийг нэг гараанаас эхлүүлье. Үүний тулд:
1.Монголд байгаа 170 орчим их дээд сургуулиудын талаархи бүх мэдээллийг олон нийтэд дэлгэн харуулах хэрэгтэй.
-Уг сургуулийн жинхэнэ эзэд, удирдлага
-Орон байр, сургалт явуулах боломж нөхцөл
-Хэдэн жил үйл ажиллагаа явуулж, хичнээн оюутан ямар мэргэжлээр
сургаж төгсгөсөн
-Төгсөгчдөөс хэдэн % нь ямар ажлын байртай болсон
-Оршин тогтнох хугацаандаа төбөрөө хэрхэн тогтоож, түүнийгээ хэрхэн
зарцуулсан
-Боловсон хүчний чадамж
2. Бүх их дээд сургуулиудад аудитийн шалгалт оруулж, хөрөнгө мөнгөний зарцуулалт,
татвар төлөтийн тайланг гаргаж, олон нийтэд мэдээлэх
3.Сургуулиудыг тухай бүрд нь зөвшөөрөл өгч байсан болон магадлан итгэмжилж байсан баримтууд, уг шийдвэрийг гаргаж байсан хариуцагчийн нэр, хаягтай нь олон нийтэд мэдээлэх
4.Ийм мэдээллүүд дээр түшиглэн бүх сургуулиудад хугацаа заан, вэб хуудастай болон бүх мэдээллээ байршуулах боломжийг олгоё. Уг мэдээлэлд цаашид хөгжих чиг хандлага, хэтийн төлвөө тодорхойлон байршуулах нь энгийн иргэдийн зүгээс ч залуусын зүгээс ч сонголт хийх боломж нь болох юм.
5.Боловсролын талаархи хэрэгждэггүй хууль тогтоомжоо ч шинэчилж, тавих хяналт, хүлээх хариуцлагаа ч тодорхой болгон, олон нийтэд бүх зүйл нээлттэй, ойлгомжтой болгох шаардлага гарч байнаа. Алийн болгон баримжаагаар, сургаар суралцах билээ. БСШУЯ-ныхан сургалтын төлбөртэй хэрүүл хийж байхын оронд, эдгээр сургуулиуд орших, эс орших нөхцлийг нь шударгаар бүрдүүлээд өгчих. Гэхдээ монгол орны ирээдүйн  төлөө шүү.
6.Ийм нөхцөлд, сургуулиуд орших эс оршихоо өөрсдөө шийдэж, хэн нь бизнес хийн баяжих гэж, хэн нь хөгжлийн төлөө зүтгэж явсан нь ялгараад л гараад ирнэ. Тэгэхэд л эрхэм ерөнхийлэгч Ц.Элбэгдөрж танд “шударга ёсны төлөө ” хариуцлага тооцох боломж тань бүрдэнэ. Зөвхөн үүний төлөө таныг сонгосон гэдгээ дахиад сануулчихья.
7.Ийм нөхцөлд, Монголын их дээд сургуулиуд шударгаар оршин тогтнож, өөр хоорондоо төдийгүй, дэлхийн хэмжээнд өрсөлдөхийг хичээж эхлэх болно. Тэгшитгэсэн тогтмол цалин, хүмүүсийн өрсөлдөөнийг хааж, хүсэл санаачилгыг мохоож байсантай адил, тэгшитгэсэн төлбөр энэ олон сургуулиудын өрсөлдөөн, хөгжилд саад болж байна. Хэн нэгний “бизнес”  болсон чанаргүй хувийн сургууль, өчнөөн олон жил оршин тогтнож, үр дүнтэй ажиллаж ирсэн МУЙС-тай яагаад адил төлбөртэй байх гэж? Энэ чинь шударга ёс гэж үү?
Чанаргүй бараа хямд, чанартай бараа үнэтэй байдаг шударга өрсөлдөөний хуулиар, чанартай сайн сургуулиуд төлбөрөө өндөр тогтоож, өөрсдийгөө ч сургуулиа ч сайнаар хөгжүүлэхийг бодог л дээ. Алийн болгон “чөдөртэй морь’ мэт дэвхцэх билээ.
8.Яг энэ асуудал дээр “ядуу хүний хүүхэд”, “боломжгүй айлын авьяастай хүүхэд яах юм бэ?” гэж асуух гэж байгааг чинь гадарлаж байна. Үнэхээр сурахыг хүссэн хүүхэд заавал аргаа олдог. Сурах хүсэл эрмэлзлэлээсээ нняцахгүй байна гэдэг хожим амжилтад хүрэхийн баталгаа. Ийм тохиолдолд тэдэнд туслах олон тэтгэлэг, арга хэмжээ, хөтөлбөр гарч ирэх болно.
Бид мөнгөгүй, ядуу гэдгээрээ хичнээн жил эрхэллээ. Монголын хөдөө аймгийн дунд сургууль төгсөөд, өөртөө зорилго тавьж, үүнийхээ төлөө цуцалтгүй зүтгэж, аргаа олж, АНУ-д их сургууль төгсөн, одоо нилээд нэр хүнд бүхий байгуулалгад ажиллаж байгаа жишээ бий. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно”  гэдэг үг бий.
Их дээд сургуулиуд үнэхээр чанартай л бол өндөр төлбөртэй байхаас өөр арга үгүй.
Тэдэнд үнэ-чанар, чанар-үнийн төлөө тэмцэх боломжийг нь олгоё.

Тав: Төгсгөлийн оронд
Олон жил бид, их дээд сургуулийн төлбөр, чанар, төгсөгчдийн ажилгүйдэлийн талаар ярьж, шүүмжилж, маргалдлаа. Харсаар мэдэрсээр атлаа дипломын төлөө хийхсээр л байна. Яг үнэндээ дээр дурдсан гажуудлыг бий болгож байгаа эзэд нь та бид өөрсдөө шүү дээ.
-Жилийн 6500$, 1000$, 800$ -ын төлбөртэй, гадаад эзэнтэй дунд сургуулиудын талаар бид ингэтлээ шуугихгүй л байгаа . Гэтэл 1000$ хүрэхгүй төлбөртэй Монголын их дээд сургуулиудаа адлаад яах вэ? Харин бид чанарын талаар ярих цаг болсон. Монголд чанартай боловсролыг хүсч, түүнийг дэмжиж буйн эхлэл нь тэдгээр дунд сургуулиудад хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд биш гэж үү? Энд ч бас олон боломж байгаа нь мэдрэгдэж байгаа.
Сургуулиа хөгжүүлж, сургалтын чанараа сайжруулж, дэлхийн түвшинд ойртуулахыг хүсч, боломжийг хайж байгаа олон сургуулиуд байгаа. Тэднийгээ дэмжье л дээ.
-Сурах хүсэл, сонирхол, бас чадваргүй атлаа, бусдад үзүүлэн гайхуулах гэж, анкет бөглөхөд хэрэглэх гэж дипломын хойноос хөөцөлдөхөө больё. Хайран мөнгө, хайран ч цаг хугацаа.
Таны зовж, хөдөлмөрлөж байж олсон мөнгө тань, оюутан нэртэй баардаж, шоудаж, наргиж цэнгэж цагийг өнгөрөөж буй хүүхдүүдэд үр ашиггүй зарцуулагдаж байна. Та үүнийг анзаарахгүй байна гэж үү?
Хэрэв та мөнгөө ийм дэмий, үр ашиггүй зүйлд зарцуулахаас татгалзаж эхэлбэл, энэ олон чанаргүй сургуулиуд аяндаа л алга болно. Яг үнэндээ та бид л тэднийг тэжээж, бас давраагаад байгаа юм шүү дээ.
-Дэлгүүрт худалдагч хийх, аль нэгэн саунд үйлчлэгч хийх, эсвэл түүхий эдийн борлуулагч хийж амьдралаа авч явахын төлөө заавал их дээд сургууль төгсөх шаардлага үгүй. Бусдыг дуурайж барьцан, дипломтой болох гэж цаг хугацаа дэмий үрэхийн оронд ямар нэгэн ажлыг хэнд ч гологдохгүй хийж сурах нь танд үнэхээр ашигтай.
Үүний тулд мэргэжлийн олон сургалтууд байгуулах хэрэгтэй байна. Төр засгийн бодлого үүнд чиглэгдэх учиртай. Харин энэ тухай ярихаар хуучин ТМС гэдэг ойлголтоо дурсаад байдаг сэтгэлгээнээс салмаар.Өнөөгийн чанаргүй их дээд сургуулиудаас ч илүү чанартай мэргэжлийн сургалтууд байж болох шүү дээ.
-Хаа хаанаа тэгшитгэсэн ийм бодлоосоо ангижирч, боловсролоо зөвөөр ялган салгая. Үнэхээр оюун ухааны чадвар сайтай, авьяастай, цаашид өндөр түвшинд хөгжих боломжтой залуус нь чанартай их дээд сургуульдаа амжилттай суралцаж, үлдсэн зарим нь амьдралд хэрэгтэй мэргэжил эзэмшиж, ажил амьдралаа зөв сайнаар авч яван, нийтээрээ зөв сайнаар төлөвшиж, Монгол орноо хамтдаа хөгжүүлж болно. Монголчууд бид бүгдээрээ дээд боловсролтой болох албагүй ээ.
Харин зөв сайнаар төлөвшсөн иргэн нь байх албатай. Энэ нь төр засгийн зөв бодлого, ухаантай дэмжлэгээс ихээхэн шалтгаална.
БСШУЯ-ны сайд Отгонбаяр та, хийх ёстой ажлаа хий л дээ.
Монгол орныг зөв төлөвшсөн, ухаантай, чанартай, мэдлэгтэй монгол хүн л хөгжүүлнэ.

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭГ!

Харнууд өвгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-09-14