БИ ЗУРААЧ БОЛНО (Чикагогийн монгол хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн Монголд)

“Харах яруу найраг” болсон уран зүргийг зурж байгаа хүний дотоод сэтгэлд нь ямагт гайхамшигтай аялгуу эгшиглэж байдаг. Өөрөөс нь өөр хэн ч сонсож чадахгүй тэр л аялгуу эгшиг нь зураачийн гарын хөдөлгөөнийг дагаж цаасан дээр бууна. Тэгж бүтсэн бүтээлийг хүн болгон өөр өөрийнхөөрөө л ойлгож, хүлээж авдаг. Харин зураачийн сэтгэл дотор эгшиглэж байсан тэр л гайхамшигт аялгууг хүн болгон мэдэрч чадахгүй ч, тэр аялгуу нь мөнхийн мөнхөд эгшиглэсээр л байх аж. Энэ бол уран зураг. Алдарт Леонарда да Винчи, Рафаэль, Микеланджело, Ван Гог, Дали нарын уран бүтээлүүд өнөө ч гайхамшигтай хэвээрээ байдгийн учир нь, тэдний дотоод сэтгэлийн аялгуу одоо хүртэл энэ ертөнц даяар эгшиглэсээр байгаад л оршиж байгаа.

Хүүхэд болгон зураг зурах дуртай. Тэд өөрсдөө мэдэрч эхэлж байгаа, энэ ертөнцийн түмэн гайхамшигийг л мэдрэмжээрээ дүрслэн буулгаж байгаа нь тэр. Хүүхэд болгон өөр өөрсдийн ертөнцтэй, тийм болохоор зурж байгаа зургууд нь өөр өөр. “Миний ажиж байгаагаар монгол хүүхдүүд их мэдрэмжтэй, бас тод өнгөөр зурдаг. Магадгүй цусанд нь байдаг ч байж болох юм” гэж Б.Лхамдадирмаа надад хуучилсан юм.

Чикаго хотын “Монгол мэдлэг” сургуулийн зургийн багшаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Лхамдадирмаа ДУДуС-ийг 1992 онд хийсвэр уран зургийн чиглэлээр, СУИС-ийн уран зургийн сургуулийг 1996 онд сонгодог уран зургийн чиглэлээр суралцаж төгсгөн, 1997 онд “зураач, урлаг судлал”-ын чиглэлээр магистр хамгаалсан аж. 2003 онд АНУ-д ирсэн тэрээр 2011 онд “Монгол мэдлэг” сургууль байгуулагдсан цагаас нь АНУ-д төрж, өсч байгаа монгол хүүхдүүдэд зургийн хичээл зааж, тэднийг давтагдашгүй гайхамшигт ертөнцөд нь хөтөч болж яваа аж.

-Б.Лхамдадирмаа: Би оюутнуудад л хичээл зааж байснаас биш, ийм бага насны хүүхдүүдэд хичээл зааж байгаагүй л дээ. Эдэнд хичээл зааж эхэлснээс хойш сэтгэлд минь шал өөр мэдрэмж бий болсон. Эхний жилдээ хүүхдүүдээр жижиг зохиомжууд зуруулж байсан бол, дараагийн жилдээ натюрморт зуруулж, энэ жилээс бүтээл болгон өргөжүүлэхийг хичээж байна. Энэ 3 жилд хичээл зааж байгаа хүүхдүүдийнхээ сэтгэлгээний өөрчлөлтийг л харьцуулан ажиглаж байна. Тэд миний нүдэн дээр илт өөрчлөгдөж байгаа шүү. Тэвчээртэй байх, аливаа зүйлийг эхлүүлэх, эхлүүлснээ дуусгаж сурах хэвшилд хүүхдүүдийг уран зураг л сургадаг. Бас эмх цэгцтэй байхад, бие биедээ тусалж, хайрлаж энэрч байх хэвшилд ч сургана. Бусад хүүхдүүдтэй харьцуулахад шавь нар маань дуу цөөтэй юм шиг мөртлөө өөрийн бүтээлдээ бүх анхаарлаа хандуулдаг болж байна. Энэ чинь бага биш дэвшил. Олон олон уран бүтээл хийх тусмаа хүүхдүүдийн “нүд нь нээгдэж”, алив зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг болж байна. Би их баяртай байгаа.

…3 жилийн хугацаанд бараг 200 шахам хүүхдэд хичээл зааж байснаас цөхрөлтгүй хичээл, уйгагүй зүтгэл, уран зурагт дурлах хүслээрээ шавь нь болж үлдсэн 40 орчим хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ Монголдоо гаргах гэж байна. 4 сарын 25 ны өдрийн 16 цагт Улаанбаатар хотноо нээлтээ хийх үзэсгэлэн нь “Салхит өнгө” нэртэй аж. Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Ану маркетинг” компаны эзэд болох найз бүсгүйчүүдтэйгээ ярилцаж зөвлөлдөн шийдвэр гаргаж, дор бүрнээ хичээж зүтгэсний хүчинд “Нээрээ тийм үзэсгэлэн гаргачихвал ямар гоё байх бол?” хэмээн мөрөөдөж байсан мөрөөдлөө тэд ажил хэрэг болгох гэж байна. Монгол дахь “Арт Хаус” энэхүү үзэсгэлэнг ивээн тэтгэж монголдоо төрч өсөөгүй хүүхүүдэд уран бүтээлээрээ монголдоо айлчлах томоохон боломжийг гаргаж өгч байгаа юм байна. Энэ бол Америкт төрж, өсч байгаа монгол хүүхдүүдийн Монголдоо гаргаж байгаа анхны уран бүтээлийн үзэсгэлэн. Зарим нь Монгол орныг огт үзээгүй хэрнээ сэтгэлдээ төсөөлж байгаа төсөөллөө л буулгасан байх. Харьд төрж өсч байгаа монгол хүүхдүүдийн сэтгэлгээний өвөрмөц ертөнц, тэдний дотоод сэтгэлийн мэдрэмж, аялгуу эгшиг, сэтгэлд нь бадамлаж байгаа хүсэл мөрөөдлийг энэ үзэсгэлэнгээс олж мэдрэх боломж Улаанбаатарт суугаа олон хүмүүст олдож байна.

-Б.Лхамдадирмаа: Шавь нарын минь маш олон бүтээлүүд бий. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэндээ 40 хүүхдүүдийн тус бүр нижгээд бүтээлүүдийг л явууллаа. Болдог бол бүгдийг нь дэлгэж үзүүлэх юм сан гэж бодовч, бидэнд олдож байгаа боломж нь энэ болохоор чамлах аргагүй. Аав ээж, ах эгч, өвөө эмээ нар нь энэ хүүхдүүдийн уран бүтээлээр тэдний дотоод сэтгэлтэй уулзаж учраг л дээ. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүддээ миний шавь нар маш их хичээж, маш их бодож, маш их хөдөлмөрлөсөн, миний ажиглалтаар. Бас монгол хүүхдүүдийн их авьяас, чадвар, мэдрэмжийг бусад олон монголчууддаа үзүүлье гэж бид зорьсон юм. Хүүхдүүд маань надад их хайртай, яг тэдэн шиг би ч тэдэнд маш их хайртай. Тэгэхээр миний хувьд үүнээс илүү үнэтэй зүйл үгүй. Зураг сонирхож зурж байсан хүүхдүүд, зураг зааж байсан багшаа хэзээ ч мартдаггүй юм. Насан туршдаа л “багш аа” гэж дуудаж, дурсдаг. Тэгэхээр энэ чинь их сайхан буянтай, тэгсэн мөртлөө их өвөрмөц үйл юм шүү дээ. Хэдийгээр шавь нар минь гараараа зурж байгаа боловч, дотоод сэтгэлд нь ямар сайхан чанарууд төлөвшиж байгааг төсөөлөхөд ч сайхан. Зургаар нь мэдэрч болноо.

…Тэдний одоо гаргах гэж байгаа үзэсгэлэнгийн тухай сонсоод л би тэдэнтэй холбогдсон. Би өөрөө зураг шугам зургийн багшийн мэргэжилтэй хүний хувьд. Надад үнэхээр сайхан санагдсан шүү. Т.Сэргэлэнцэцэг, Б.Лхамдадирмаа хоёртой утсаар ярьж, тэдний мэдээллүүдийг авч үзээд “энэ тухай заавал бичиж, олон хүмүүст энэ тухай дуулгах хэрэгтэй юм” гэж бодсон. Энэ удаад тэднийг дэмжих миний дэмжлэг энэ болох байх. Олон олон сайн зураачид бий. Харьд өсч өндийж байгаа монгол хүүхдүүдийг хөгжүүлэх гэж ингэж хичээж зүтгэнэ гэдэг амаргүй. Монголд үзэсгэлэн гаргах гэж байгаа гэдэг яриаг сонсоод учраа мэдэх, мэдэхгүй шавь нар нь бүгдээрээ л баярлаж байгаа гэсэн. Сэтгэлд нь нэгэн оч гялсхийж, “монгол хүүхэд” гэдгээрээ битүүхэндээ онгирч, “улам илүү сайхан зураг зурах юм шүү” гэж бодож байгаа байх. Үзэсгэлэнг нь үзэж байгаа хүмүүс “Монгол хүүхдүүд хаа ч байсан арай л өөр мэдрэмжтэй юм аа, цусанд нь байдаг байх шүү” хэмээн магтаг л дээ, яадаг юм. Магтаал болгон нь хүүхдүүдэд сайны ерөөл болон очиг.

-Б.Лхамдадирмаа: Хүүхдүүд минь ихэнх нь “зураач болноо” гэдэг юм. Эдэн дотор үнэхээр мундаг авьяас мэдрэмжтэй, магадгүй алсдаа мундаг зураач болж магадгүй хэд хэдэн хүүхэд бий. Гэхдээ авьяас, мэдрэмж нь байх юм бол өнөө цагт зураг, дүрслэхийн чиглэлээр маш олон салбар мэргэжлүүд бий болж байна. Заавал зураач болох албагүй ч хүүхдүүдийн дотоод сэтгэлгээ нь задран хөгжиж, уйгагүй,тэвчээртэй, алив ажлын гүйцэтгэлийг сайн хийдэг байхад л болно шүү дээ. Би ч дандаа эдэнд багшлаад байж амжихгүй л дээ. Өөрийн уран бүтээл, ажил амьдралын олон асуудлууд өмнө минь байна. 3 жилд хийж амжсан “бүтээлүүд” ээ монголчууддаа нэг үзүүлээд шавь нараараа бахархаж, онгироод үзье гэж бодож байна даа. Би их баяртай байгаа. Бас намайг дэмжиж тусалж байгаа найз нартаа ч маш их баярлаж байна.

…Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Монгол руугаа мөнгө шилжүүлж, олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг илгээдэг. Энэ удаад АНУ-д өсч өндийж байгаа монгол хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн очиж байна. Сайхан хэрэг шүү. Ач зээгээ үнэрлэж амжихгүй байгаа өвөө эмээ нь, алс газраас уулзаж амжихгүй байгаа аав ээж нь, зургийг нь харж танимхайрхдаг ах эгч нар нь энэ үзэсгэлэнгээс тэдний дотоод сэтгэлд эгшиглэж байгаа яруу сайхныг нь мэдрээсэй. Ширхэг зураас, зурвас өнгө болгон нь тэдний сэтгэлийн өгүүлэмж. Бас монгол хүүхдийн авьяаслаг мэдрэмж. Та энэ мэдээллийг уншиж байгаа бол аль болох олон хүмүүст хүргээрэй. Боломж гаргаад очиж үзэхийг хичээгээрэй. Монгол авьяас, монгол мэдрэмж, монгол мөрөөдөл “гүйгүүл морь” шиг нутагтаа очиж байна. Хайр өхөөрдлөөр, бардамнал бахархлаар бялхаж байг.

Share Your Thoughts