БОЛОВСРОЛЫН “БРЕНД”

Цуврал ярилцлага-14
Зургаанжингийн Энхмөнх

Г.Галбадрах -Өөрийгөө товч танилцуулаач.
З.Энхмөнх -Намайг Зургаанжингийн Энхмөнх гэдэг. Улаанбаатар хотод төрсөн.

Г.Галбадрах -Хаана ямар сургуулиудад суралцаж төгссөн бэ?
З.Энхмөнх -Улаанбаатар хотын лаборатори 1-р сургуульд 6 настайдаа элсэж, 5-р ангиасаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцаад төгссөн. 10-р ангиа төгсөөд 2002 онд Их Британи Улсын Дэлхийн Нэгдсэн Коллежид 2 жил суралцлаа. Дэлхийн Нэгдсэн Коллеж нь АНУ, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Их Британи гэх мэтийн 13 оронд байдаг. Энд дэлхийн олон орноос шалгарсан сурагчид  хоорондоо танилцан нөхөрлөж, хамтдаа суралцдаг юм.
Дэлхийн Нэгдсэн Коллежоо төгсөөд АНУ-ын Массачусетсийн Технологийн Их Сургуульд компьютерийн инженерийн чиглэлээр 4 жил суралцав. 2010 оноос АНУ-ын Станфордын Их Сургуульд боловсрол судлалын магистрт суралцаж байна.  Энэ жил Дэлхийн Нэгдсэн Коллеж /UWC/-ийн 50 жилийн, Америкийн Массачусетсийн Технологийн Их Сургууль /МИТ/-ийн 150 жилийн, Станфордын Их сургуулийн 120 жилийн ой тохиож байгаа.
Г.Галбадрах -Монголын боловсролын салбрын талаарх бодлыг тань сонирхвол?
З.Энхмөнх -Монгол Улс залуучуудаа олон улсын жишигт нийцсэн өндөр боловсролтой, дэлхийн хаана ч өрсөлдөх чадвартай болгох тал дээр анхаарч, Засгийн Газар энэ талаар нилээд  зөв алхмуудыг хийж байгаад баяртай байгаа.  Улс орны хөгжлийн гол хөшүүрэг нь чанартай шилдэг боловсрол болохоор хүүхэд залуусыг сайн боловсролтой болгох нь хамгаас чухал юм.
Г.Галбадрах -Монголын боловсролын салбарт ямар хувь нэмэр оруулж байна даа?
З.Энхмөнх -2007 онд MIT-эд суралцаж байхдаа Харвардын ИС-ийн доктор Янтай хамтран “Хүүхэд бүрт компьютер”  хөтөлбөрийг санаачлан Өмнөгөвь, Хөвсгөл аймгуудаар явж сургалт явуулсан. Бидний санаачилсан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн Газар дэмжиж 10 000 компьютерийг хот хөдөөгийн зарим сургуулиудын сурагчдад үнэгүй тараалаа. Станфордын Их Сургуульд сурч байхдаа “Сургууль бүрт электроникийн лаборатори” гэсэн хөтөлбөр санаачлан монголд хэрэгжүүлэхээр бодож байгаа. Энэ талаар сургуулийнхаа профессоруудтай зөвлөлдөж ярилцаж байна. Станфордын ИС-ийн энэ лабораторийг одоо Орос Улсад байгуулж, Станфордын ИС-ийн баг гараад саяхан Орос руу явлаа. Би одоо Станфордын ИС-ийн электроникийн энэ лабораторид ажиллаж байна.
Г.Галбадрах -Гэр бүлээ танилцуулаач.
З.Энхмөнх -Миний аав ээж хоёр 30 гаруй жил боловсролын салбарт ажиллаж байгаа. Миний ээж Буяндэлгэр 1-р сургуулийн тооны ангийг төгсөөд МУИС-ийн физикийн ангийг төгссөн. Аав минь ч бас МУИС-ийн физикийн ангийг төгссөн болохоор тэд хамтдаа математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны хувийн сургуулийг байгуулж, одоо хүртэл амжилттай ажиллаж байгаа.
zurag2
Г.Галбадрах -“Сант” сургуулийнхаа талаар ярьж өгнө үү?
З.Энхмөнх -“Сант” байгуулагдсанаасаа хойшхи 15 жилийн хугацаанд 100 гаруй эрдэмтэн багш, ажиллагсад 1000 шахам сурагчидтай Монголын хамгийн олон сурагчидтай хувийн сургууль болжээ. Багш сурагчид нь Монгол улс болон олон улсын олимпиад уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, төгсөгчид нь дэлхийн шилдэг их дээд сургуулиуд /MIT, Stanford, Brown, Duke, University of Virjina, University of Tokio, Humboldt University/-ад шалгаран суралцаж, анхны төгсөгчид нь сургуулиа амжилттай төгсөөд эх орныхоо бүх салбарт үр дүнтэй ажиллаж байгаад би их баяртай байдаг.
Зун бүр Харвард, MIT, Станфордын ИС-иудын оюутнууд манай сургууль дээр ирж SAT, IBT, TOFEL болон , сургууль төгссөн сурагчдад GMAT, GRE-ийн сургалтуудыг явуулж байгаа. Манай сургууль Дэлхийн Ахлах Сургуулиудын Холбоонд гишүүнээр элссэнээр дэлхийн шилдэг ахлах сургуулиудтай хамтран ажилладаг.  Энэ Холбооны зөвлөлдөх хурал жил бүр болдог уламжлалтай бөгөөд энэ жилийнх нь Өмнөд Африкт болно.
Саяхан Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Сант” сургууль хамтран Станфордын ИС-ийн симфони оркестрийн удирдаач Jindon-г Монголд урьж, “Хунт нуур” бүжгэн жүжгийг ивээн тэтгэж тоглуулан олсон орлогоо гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд сэтгэлийн дэм болгон илгээлээ. “Сант” сургууль нь цаашдаа улс орон бүхний боловсролын “Бренд”-ийг илүүтэй сонирхож байгаа төдийгүй монголдоо ч боловсролын “Бренд” болохыг зорьж байна.
Г.Галбадрах -Уулзаж ярилцсанд баярлалаа. Зорьсон зорилго тань биелэх болтугай.
З.Энхмөнх -Танд ч бас баярлалаа. Бүх монголчууддаа сайн байхныг хүсье.
Станфордын ИС-ийн оюутан, “Сант” сургуулийн багш З.Энхмөнхтэй уулзаад салж явахад хавар цагийн хүсэн хүлээсэн бороо шиврэх мэт сэтгэл нэг л сайхан. Монгол залуус Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллаж байгаа нь бүр ч бахархмаар. Тэдний нэг нь З.Энхмөнх байлаа. Монголын анхны хувийн “Сант” сургуулийг зориглон байгуулж, холын холыг харж, хүүгээ үүний төлөө бэлтгэж байгаа эцэг эхийнх нь холч ухаан бишир мүү. Монголын боловсролын  салбрын шинэчлэлд олон олон гэрэл гэгээ цацарч байгаагийн нэг нь “Сант” сургууль байлаа. “Сант” сургууль монголын боловсролын “бренд” болж дэлхийн хөгжлийн хэмжээнд мөр зэрэгцэх цаг айсуй. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
zurag1

 

 

Share Your Thoughts