Боловсрол бол хүний зөв зам

Чимэдрэгзэнгийн Болорцэцэг

\цуврал ярилцлага-06\

…Энэ 2-р сарын 23 ны өглөө Сиэтлээс надтай хамт  Беллингхем рүү явахаар Отгоо, Осорбал хоёр ирлээ. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд 18 жил ажилласан Отгоо Монголоос ирээд удаагүй, одоогоор машин сайн барьж сураагүй гэдгээ учирласан боловч “жолооч л бол жолооч” гэдэг дүрмээр тэр машинаа барьж явсан юм. Бид танилцаж, монголчуудын уламжлалаар бяцхан “улстөржиж” явсаар Беллингхем хотод ирэв. Харин Осорбалын санал болгосноор бид Баруун Вашингтоны Их Сургуулийн номын санд шууд очлоо. Осорбал маань тэндээс ном авч уншдаг юм байна л даа. Тэрээр өмнө авсан номоо буцааж өгөнгөө надад уг номын санг сонирхуулсан юм. Америкт анх удаа тийм их монгол номтой номын санг үзээд гайхсанаа нуух юун. Эрт дээр үеийн ховор номнуудаас эхлээд орчин үеийн утга зохиол хүртэл Монголын бараг 15 000 орчим ном байдаг гэнэ. Тэднийг төрөлжүүлэн ангилж, хэд хэдэн тасагт байрлуулжээ. Тэнд бид бараг цаг гаран болсны дараа миний уулзаж ярилцахаар зорьсон Ч.Болорцэцэгийн зохион байгуулж байгаа Монголын цагаан сарыг тэмдэглэнгээ “Монголыг сурталчлах өдөрлөг” болох сургуулийн танхимыг зорьсон юм.

                           Нэг. Намтрын товчоон

-1991 онд Архангай аймгийн Их Тамир сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн
-1997 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг хуульч-эрхзүйч мэргэжлээр төгссөн
-1997-1999 онуудад Архангайн Их Тамир суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан
-1999-2000 онуудад “Улаанбаатар” Олон Улсын дунд сургуульд багш
-2000 оны 8 сард АНУ-д ирсэн
-2004 онд Баруун Вашингтоны Их Сургуульд  эдийн засгийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан
-2004 онд Sound Essence Project  ТББ -ыг байгуулав
-2004- 2007 онуудад Whatcom Education “Кредит Юнион”-д санхүүгийн ажилтан, санхүүгийн албаны даргаар ажиллав
-2007 оноос одоог хүртэл Whatcom Education “Кредит Юнион”-д аудитийн албаны захирлаар ажиллаж байна.
-2010 онд “Хөх тэнгэр” ТББ-ыг үүсгэн байгуулав
-2011 оноос одоог хүртэл Беллингхем хотын “Эгч дүү хотуудын захирлуудын зөвлөл”-д Архангай аймгийн Цэцэрлэг хотыг хариуцан ажиллаж байна.

Хоёр. “Хөх тэнгэр” боловсролын төсөл

-Г.Галбадрах:Америкт ирээд л Беллингхемд суурьшсан уу?
-Ч.Болорцэцэг: 2000 онд АНУ-д ирэхдээ Беллингхэмд  суурьшсан. 2002 оноос Баруун Вашингтоны Их Сургуульд  эдийн засгийн удирдлагаар мастерт суралцлаа. Тэр сургуулийг төгссөн анхны монгол оюутан байсан шүү. 2 жил суралцаж төгссөн. Тэр үед би бараг ганцаараа монгол байсан байх шүү. Энд ирсэн эхний хоёр жилд миний дотны найз Тунгаа маань энд амьдардаг байсан л даа. Найз маань 2002 оны эхээр өөр хот руу нүүгээд явчихсан юм.

-Г.Галбадрах: Тэр үед энд ганцаараа монгол бүсгүй байсан болохоор содон байсан болов уу?
-Ч.Болорцэцэг: Тэр үед энд монголчууд бараг байгаагүй болохоор Монголын тухай бараг мэдэхгүй. Хүмүүс намайг монголоос ирсэн гэхээр сониучирхаж янз бүрийн зүйл асууна. “Чи Хятадын Монгол уу, Оросын Монгол уу?” гэж асуунгаа “чи миний уулзаж байгаа анхны монгол хүн” гэж тодотгоно.  Тэр болгоны дараа “би монгол хүн болохоор муу явж муухай харагдаж болохгүй юм байна” гэж бодохоос гадна эдэнд Монголоо сурталчлах санаа төрсөн юм. Бид Монголдоо байхад бол Архангайнх, Өвөрхангайнх, Баянхонгорынх гэж дууддаг байсан бол гадагшаа гараад явахаараа зөвхөн Монголоороо л овоглогддог. Тэндээс л миний одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлууд эхэлсэн дээ.

-Г.Галбадрах: Монголын хөдөөний оюутнуудад тэтгэлэг олгох ажлаа эхэлсэн хэрэг үү?

-Ч.Болорцэцэг: 2004 онд сургуулиа төгсөөд, нэг америк найзтайгаа хамтраад  “Sound Essence Project” нэртэй ТББ байгуулж ажиллаж эхэлсэн юм. Анхны удаад хөдөөний 5-6 охидуудад  их, дээд сургуульд сурахад нь дэмжлэг болгон тэтгэлэг олгож эхэлсэн. Тэр бол миний дотроо санаж явсан зүйл л дээ. Ер нь хүн боловсролтой л байвал юунд ч хүрч болно. Гэтэл хөдөөд сайн сурах хүсэлтэй, чадвартай хэрнээ амьдралын боломж нь тааруу айлын хүүхдүүд  олон байгаа. Тэдэнд тулгарч байгаа том хүндрэл нь сургалтын төлбөр байдаг. Хэрэв тэдэнд тусалж чадвал цаашдын амьдралд нь тус болох юм гэж бодсон хэрэг.

-Г.Галбадрах: Энэ тэтгэлэг тань нэг удаагийнх байсан уу? эсвэл үргэлжлэх хугацаатай байв уу?

-Ч.Болорцэцэг: Сургуульд орсон 1-р курсээс нь эхлээд 4-р курсийг нь төгстөл нь олгож байгаа. Анхандаа зөвхөн эмэгтэй хүүхэд гэж сонгож байснаа, аажимдаа эрэгтэй хүүхдүүдийг ч хамруулсан. Эхний хүүхдүүд нь сургуулиа төгсөөд ажиллаж байгаа.

-Г.Галбадрах:Тэгэхээр Монгол руу хандсан санаачлага тань “хүүхдүүдийн төлөө” гэх сэтгэлээс үүджээ
.
-Ч.Болорцэцэг: Бас монгол хүүхдүүдийн зурсан зургуудыг авчруулаад энд 3 ч удаа үзэсгэлэн гаргасан юм байна. Орой ажлаасаа ирээд сууж тэдний зургуудыг жаазалж, тайлбрыг нь орчуулж бэлтгэнэ. Үзэсгэлэнгээ үзэх гэж ирсэн хүмүүст Монголын тухай, монгол хүүхдүүдийн тухай ярьж тайлбарлана.” Монгол гэдэг чинь жижигхэн ч улс биш, 2 том улсын дунд оршиж байгаа болохоор жижигхэн харагдаад байгаа болохоос  Техас мужаас 2 дахин илүү том газар нутагтай, дэлхийн түүхэнд Монголын эзэнт гүрэн гэдэг чинь хамгийн том эзэмшил нутагтай байсан” гэхчилэн ярьж өгнө.” Солонгосын хойгоос Европын Унгар улс хүртэлх газар нутаг тэр чигээрээ Монголын эзэмшилд байсан” гэж тодотгоно. Тэгээд одоогийн хөгжил дэвшлийг хүртэл ярьж тайлбарлана. Тэр болгонд бэлтгэхдээ өөрөө ч бас Монголынхоо тухай их зүйл судалж мэддэг болж байгаа юм.

-Г.Галбадрах:Монгол хүмүүс өөрийн амьдарч байгаа газар нутаг болгондоо боломж бүрийг ашиглан Монголоо сурталчлах гэж хичээдэг сайн чанартай юм.  Тэгээд л аажимдаа хүмүүсийн сонирхол дээр түшиглэн илүү боломжуудыг олж хардаг.

-Ч.Болорцэцэг:  2010 онд өөрийн нэр дээрээ “Хөх тэнгэр” нэртэйгээр ТББ-аа байгууллаа. Гол зорилго нь Монголынхоо хөдөөний хүүхдүүдэд боловсролын чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх. 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

1.Хөдөөний дунд сургуулиудад суралцаж байгаа  амьдралын боломж муутай айлын бага насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгслэл, ном сурах бичиг, дүрэмт хувцас авахад нь зориулж тэтгэлэг олгож эхэлсэн. Гэхдээ тийм хүүхдүүдийг судалж сонгоод, энд байгаа америк хүмүүстэй холбож өгдөг юм. Хүүхдүүдийн зураг танилцуулгыг нь бэлтгээд,  сонирхсон америк хүмүүс  туслах хүүхдээ өөрсдөө сонгож авна гэсэн үг. Америкчууд тийм санаачлагад их дуртай.  Хоорондоо захиа бичилцэнэ. Зөвхөн мөнгө өгч байгаа хэрэг биш, хүнээс хүнд сэтгэлээрээ холбогдож байгаа юм.  Тэгээд л заримдаа надтай уулзахаараа “манай Мөнгөнчимэг хичээлдээ ямар сурч байгаа бол?”, “манай Мөнхзулаар ойрд сонин юутай байгаа бол?” гэж асууна. Монгол хүүхдүүд ч гэсэн тэдэнд захиа бичиж зураг зурж явуулдаг юм, их хөөрхөөн.

2. Архангайн Багшийн Сургууль гэж байснаа одоо бол Улсын Багшийн Их Сургуулийн Архангай дахь салбар сургууль болсон юм билээ. Тэр сургуульд элсэж суралцаж байгаа амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд сургалтын төлбөрөө төлөхөд нь зориулж тэтгэлэг олгож байна. Одоогоор 5 оюутанд ийм тэтгэлэг олгож байгаа. Эхний 2 хүүхэд нь энэ жил сургуулиа төгсөнө. Яваандаа үүнийгээ өргөжүүлэх санаатай байгаа.

3. “Явуулын багш” төслийг нэг жил оролдож үзсэн юм. Булганы Жаргалант суманд хийж үзсэн. Гол нь сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох чиглэл л дээ. Сургуулийн насанд хүрсэн мөртлөө уншиж бичиж чадахгүй хүүхдүүдэд явуулын багшаар хичээл заалгалаа. Нэг багшид цалин өгч явуулж үзсэн. Тэр багш их ч сайн ажилласан. Даан ч зардал нь амаргүй юм билээ.  Унаа унашнаас эхлээд ялангуяа өвөл бүр ч хэцүү. Тэгээд бид энэ төслөө түр зогсоосон.  Уг нь энэ маань хэрэгтэй санаа. Яваандаа үргэлжлүүлэх бодол бий. Гэхдээ Монголд маань одоо интернет, цахим сүлжээ өргөжиж байгаа болохоор үүнийг ашиглаад онлайн хэлбрээр хийх боломжийг сонирхож байгаа. Нэг талдаа Америкийн Homeschool маягийн л санаа . Дээр үед Монголд минь байсан арга зүй шүү дээ.

-Г.Галбадрах: “Явуулын багш” төслийг нэг үе хөдөөд туршиж үзэж байсан л даа. Уг нь “хэрэгтэй санаа” гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ аргаа сайн олохгүй л байх шиг байгаа юм.  Одоогоор ер нь хичнээн хүүхэд залууст тэтгэмж олгоод байна вэ?
-Ч.Болорцэцэг: Өнгөрсөн жилийн хувьд сурагч оюутнууд нийлээд 100 орчим хүүхдүүдэд тэтгэмж олгоод байна. Саяхан Цэцэрлэг хотод шинээр 20 хүүхдэд тэтгэлэг олгосон юм. Харин түүн дээр Архангай аймгийн удирдлагууд ирж оролцсон байна билээ. Аймгийн маань удирдлагууд бидний хийж байгаа ажлыг дэмжээд энэ үйл ажиллагаанд оролцсон нь надад маш их урам өгсөн шүү.

-Г.Галбадрах: Ийм санаачлага гаргаж ингэж их зүйл бүтээж байхад бусдаас өгөх дэмжлэг, урам их чухал зүйл л дээ. Би үүнтэй санал нийлж байна.

-Ч.Болорцэцэг: Тэтгэлгийг авч суралцаж байгаа хүүхдүүд бидэнд ямар сайхан үгтэй талархлын захидал бичдэг гээч. Зарим нь зурсан зургаа явуулна.  “Болор оо эгч ээ , ёстой их баярласан шүү” гэхэд л бид урам ороод явчихаж байгаа юм. Дээд сургуульд суралцаж байгаа нэг оюутан минь өнгөрсөн жил сургуулийнхаа “оны шилдэг оюутан” болсон. Бас нэг оюутан нь бүх хичээлдээ “онц” сурч байна.  Эхлээд тэтгэлэг өгч байгаа оюутнуудтайгаа уулзаж ярилцахад их л бүрэг ичимхий байдаг. Гэтэл жилээс жилд тэд эрс өөрчлөгдөж, яриа хөөрөө, санаж бодож байгаа зүйл нь хүртэл шал ондоо болчихож байгаа юм.  Гол нь тэд өөртөө итгэлтэй хүмүүс болж хөгжиж байна. Ингээд бодохоор заримдаа хүмүүст хэрэгтэй үйл хийж байгаадаа баярлаж урамшдаг юм.

-Г.Галбадрах: Тэтгэмж олгох санхүүжилтээ яаж олж байна вэ?

-Ч.Болорцэцэг: Ихэвчлэн хувь хүмүүсийн  хандиваар. Би өөрөө энд тэнд яриа уулзалт хийгээд олсон орлого, бас жил бүр “Хөх тэнгэр”  “Эгч дүү хотууд”-ын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа марафон гүйлтийн орлого зэргээс санхүүждэг юм. Гол нь хийх гэж байгаа ажлаа хүмүүст зөв сайнаар ойлгуулах, бас тэдний өгсөн хандивыг хэрхэн юунд зарцуулсан тухайгаа эргээд тэдэнд тайлагнаж байх нь их чухал юм билээ. Хандив өгч байгаа хүмүүс чинь мөнгөө барж ядсан баян хүмүүс биш шүү дээ. Сайхан сэтгэлээр л дэмжиж байгаа хэрэг. Яваандаа үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж чадвал төслийн маягаар ажиллах санаа бий. Одоо би өөрөө банкны салбарт ажилладаг болохоор энэ ажилдаа илүү их анхаарч амжихгүй л байна даа.

-Г.Галбадрах: Тэтгэлэг өгөх хүүхэд оюутнуудаа яаж сонгож авдаг юм бэ? Тодорхой шалгуур байх уу?

-Ч.Болорцэцэг: Дунд сургуулийн хүүхдүүдийн хувьд сургууль, багш нарын тодорхойлолтыг үндэслэдэг юм. Оюутнуудын хувьд өргөдлийн маягттай. Тэдний бөглөсөн өргөдлийн маягтыг аваад эндээ сонгоно. Мэдээж ах дүү болон танил хүмүүсээсээ тодруулж асуух тохиолдол ч гарна. Миний энэ ажлыг манай аав ээж ах дүү нар их дэмжиж тусалдаг юм. Аль болохоор  сайн сурч,  өндөр боловсролтой болохыг хүсдэг хэрнээ санхүүгийн боломж муутай айлын хүүхдүүдийг олж сонгохыг хичээдэг. Тийм хүүхдүүд эргээд бусдад туслахыг хичээдэг сайн талтай.

-Г.Галбадрах:”Хөх тэнгэр”-ийн хувьд цаашдын үйл ажиллагааны төлвөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Ч.Болорцэцэг:”Хөх тэнгэр”-ийн хувьд  цаашдаа зөвхөн боловсролын чиглэлээ л голчилно.  Юм юманд үсчээд байвал амжилтад хүрэхэд амаргүй. Тэгээд ч хийж чадахгүй. Өлсөөд  даараад явж байгаа хүмүүст хоол, хувцас хэрэгтэй. Гэхдээ энэ нь амьдралын баталгаа болохгүй. Нэг өдөр цадаад, хэдэн өдөр дулаан явах л биз. Миний хамгийн их айдаг зүйл нь  “монголчууд маань юу ч хийхгүй хэрнээ бусдаас алгаа тосоод  юм гуйгаад суудаг ” болчих вий гэдэг бодол. Арай ч тийм болчихгүй байх л даа. Монголын засгийн газраас одоо хүмүүст тараагаад  байгаа бэлэн мөнгөө больчихоод, өөр хэрэгтэй зүйлд, ард  түмнийхээ боловсролд зарцуулж яагаад болдоггүй юм бол? Хүн боловсролтой болчих юм бол бүх зүйлийн үүд хаалга нээгдэж, маш олон боломжууд тэр хүний өмнө бий болно гэсэн үг. Монголчуудын маань хувьд өнөөдөр хамгийн чухал зүйл нь боловсрол. Би өөрөөрөө жишихэд л  тэгж мэдэрч байгаа.

-Г.Галбадрах: Энэ тань маш сайхан санаачлага, бас амжилттай хэрэгжиж байгаа бодит ажлууд байна. Үүний төлөө чамд талархаж байнаа. Мэдээж энэ санаачлага, арга туршлагыг тань Америкт ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс мэдэж дэмжээсэй гэж хүсч байнаа.

-Ч.Болорцэцэг:  Баярлалаа.  Би нээрээ сүүлийн үед нэг юм бодоод байгаа. Америкт суралцаж байгаа монгол оюутнуудад боломжоороо туслах санаа. Мэдээж тэдэнд сургалтын төлбрийг нь төлөх хэмжээнд тэтгэлэг олгож чадахгүй л дээ. Гэхдээ ядаж 500-1000 долларын тэтгэлэг олгох юм сан гэж бодоод л байна. Хэрэв манай вэб хуудсаар ороод мэдээлэл авч, санал бодлоо солилцвол бид ч бас ийм зүйл хэрэгжүүлж эхлэх санаа бий. Нөгөө талаар би энд байсаар байгаад Америк даяар байгаа монголчуудтайгаа нэг их холбогдож чадахгүй байлаа. Одоо тантай ярилцаад тийм холбоос үүсгэхийг бас хүсч байнаа. Ажаад байхад Америкийн хот хотуудад байгаа нийгмийн идэвхитэй, бас олон төрлийн үйл ажиллагаа санаачилж хэрэгжүүлж байгаа хүмүүс бие биетэйгээ холбогдоод бие биенээ дэмжээд байдаг юм шиг.

…Тэрхүү өдөрлөгт Беллингхем хотод ажиллаж амьдардаг нилээд олон америкчууд, цөөхөн монголчууд, Сиэтл хотод саяхан байгуулагдсан “Монгол оюутны Холбоо”-ны 10 гаруй залуус ирсэн байв. Монгол үндэсний хувцсаар гоёсон Ч.Болорцэцэг уг арга хэмжээг нээж англи монголоор үг хэлсний дараа өргөн дэлгэр золголт боллоо. Монгол үндэсний бүжиг, морин хуурын аялгуу, хөөмий, бас Америкийн үндэсний хөгжмийн тайлбар тоглолтууд  энэ арга хэмжээний уянга эгшиг нь болсон юм. Цагаан сарын идээ будаа, бууз, монгол үндэсний хоол, зуушнууд энэ арга хэмжээний амтыг тодорхойлж байв. Монгол үндэсний хувцсаар гангарсан америкчууд монголоор мэндэлж золгон зарим нь хөөрөг гарган тамхилж байгаа нь хавьгүй содон. Ч.Болорцэцэг маань Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог” шүлгийг монголоор уран яруу уншихад Саймоны орчуулгаар англи хэл дээр нэгэн америк залуу бас уншлаа. Монгол оюутнууд энэ арга хэмжээний хүндэт зочид бас дэмжигч нь байж олон сайхан зүйл бэлтгэж ирсний дээр тоглолтын төгсгөлд “Халуун элгэн нутаг” дууг хамтдаа дуулсан нь арга хэмжээний оргил нь болов.  Америкийн баруун эргийн энэ жижигхэн хотод энэ өдөр монгол дуу хуур эгшиглэж, монгол хэл соёл, зан заншил дэлгэрч байгаа нь Ч.Болорцэцэгийн олон жилийн хичээл зүтгэлийн үр шим юм.  Бахархалтай, бас сайхан байлаа, энэ өдөр.

Гурав: Эгч дүүс хот

-Г.Галбадрах: Беллингхем хот дэлхийн 7 орны тус бүр нэг хоттой “эгч дүү хот”-ын харилцаатай байдаг юм байна. Энэ ажил яаж эхэлсэн юм бол?
-Ч.Болорцэцэг:1956 онд энэ ажил эхэлсэн юм билээ. Улстөрийн биш, шашны биш ажиллагаагаар  дэлхийн хүмүүс хоорондоо холбоотой байх зорилгоос үүдсэн гэсэн. Энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс америк, хятад, орос, солонгос, англи үндэстэн  гэдгээс хамаарахгүйгээр, “хүн” гэдэг талаас нь харах юм бол нэг их ялгаа байхгүй. Хүсэл мөрөөдөл, зорилго, зовлон жаргал, баярлах гомдох нь ав адилхан. Бидэнд адилхан байх юм дэндүү олон. Харин улстөр, шашин, өөр ямар нэгэн ашиг сонирхлоороо хуваагдахаар бие биенээсээ ялгарч эхэлдэг. Тэгээд үүнээс болж бидний хооронд зөрчил үүсч эхэлдэг. “Эгч дүү” хотын зорилго нь энэ ялгарлыг биш, хүмүүс бид адил төстэй зүйлээрээ ойр дотно байж илүү сайнаар ойлголцохын тулд л юм уу даа. Би тэгж л ойлгодог юм.

-Г.Галбадрах: Би Баруун Вашингтоны Их Сургуулийн монгол номын санг сая үзлээ. Ийм том номын сан байна гэж төсөөлөөгүй. Ийм номын сан байгаа нь энэ хотод Монголыг сурталчлах нэгэн боломж нь болох юм уу даа.

-Ч.Болорцэцэг: Миний амьдарч байгаа Беллингхем хотын Баруун Вашингтоны Их Сургууль нь Хойд Америкийн хэмжээнд хамгийн олон монгол номтой номын сантай. Бараг 15 000 орчим монгол номтой байх шүү. Энд ирснийхээ дараа гэрээ санаад л тэр номын санд очиж суун монгол номоо уншдаг байв. Энэ номын сан надад их ч боломжийг олгосон. Бас Монголоо сурталчлах санаа ч эндээс биелэлээ олсон. 2002 оноос хойш бараг 7-8 жил надаас өөр монгол хүн бараг байгаагүй байхаа.  Гэхдээ Монголыг сурталчилсан зөндөө л ажлууд хийж байсан болохоор хүмүүс нилээд мэддэг болсон байх. Хүмүүс заримдаа “Энд монголчууд олон байдаг байхаа, Монголыг сурталчилсан арга хэмжээ их болох юм” гэж асуудаг байсан гэсэн. Тэгэхээр нь миний танилууд “Үгүй ээ ганцхан монгол бүсгүй байдаг юм” гэж хариулдаг байж. Сүүлийн жилүүдэд монгол оюутнууд нэмэгдээд сайхан болж байнаа.

-Г.Галбадрах: Өнөөдрийн арга хэмжээн дээр тань ирсэн зочдыг харахад Монголыг сонирхож дэмждэг америкчууд цөөнгүй байгаа бололтой.
-Ч.Болорцэцэг: Нэг үеийг бодоход энд Монголын тухай нилээд сайн мэддэг болсон шүү. Бидний зохион байгуулсан зарим арга хэмжээний тухай эндхийн сонин хэвлэл дээр гардаг.  Хүмүүс захиа бичиж, утсаар ярина. Монгол руу аялалаар явах гэж байгаа хүмүүс ирж уулзаж зөвлөлгөө авдаг. Манай “Хөх тэнгэр”ийг хамт байгуулсан найз Andrea Gabriel маань надтай тэгж танилцсан юм. Найзууд гурвуулаа Монгол руу аялж явахаар шийдээд монгол хүнийг хайж сураглаж л дээ. Тэгээд сурагласаар намайг олж мэдээд ирж уулзаж байв. Гэртээ монгол хоол хийж байгаад тэдэнтэй уулзаж ярилцсан.

-Г.Галбадрах: Бас нилээд нөлөө бүхий том эрдэмтэд, мундаг хүмүүс Монголыг дэмжиж сурталчлахад оролцож байгаа нь сайхан санагдлаа.

-Ч.Болорцэцэг: Энд байгаа Монголыг сонирхдог, Монголд элэгтэй олон хүмүүс  холбогдож уулздаг болсон. Монголч эрдэмтэн Шварц гуай байна, Монгол дахь АНУ-ын “Энхтайваны Корпус”-ын анхны захирал Chuck Howell, Монгол яруу найргийг англи хэл рүү орчуулдгаараа нэрд гарсан Simon Wickham-Smith гээд олон хүмүүс бий. Шварц гуай Баруун Вашингтоны Их Сургуульд байгаа монгол номын санг байгуулсан юм шүү дээ. Адил сонирхлоороо найзалж нөхөрлөцгөөсөн. Тэгээд л бид Монголын цагаан сар бусад баяруудыг хамтдаа тэмдэглэнгээ уулзаж ярилцана. Эхний үед ийм ажиллагааг гэрээрээ л хийдэг байв.


-Г.Галбадрах:Бас тэд монголоор муугүй ярьж байсан шүү. Монголыг сурталчлахад мэдээж монгол хэл их тулгуур болно.

-Ч.Болорцэцэг: Би энд ирээд жил гаруй болсны дараа, 2001 оноос Баруун Вашингтоны Их Сургууль дээр монгол хэл зааж эхлэв. Гэхдээ зайны сургалт буюу одоогийнхоор бол онлайн хэлбрээр. Хаа байсан Шинэ Зеланд,  Энэтхэгээс хүртэл оюутнууд сурдаг байсан. Сурах бичгээ өөрөө бичлээ. Тэр үед ашиглахаар сурах бичиг олддоггүй ээ. Тэгээд нэг ном харж байгаад дасгалуудаа өөрөө зохиож, зургуудыг нь заримыг нь ашиглаж, заримыг нь энд суралцаж байсан монгол оюутан зурж өгөв. \номоо үзүүллээ\  Тэр сургалтаар бараг 20-иод хүн монгол хэл судалсан байхаа. Ноднин Монголоос нилээд хэдэн хүмүүс Баруун Вашингтоны Их сургуульд дээр ирэхдээ нэг түүх ярьж өглөө. Манай Монголын Ерөнхий сайд Австралид айлчлахдаа хэд хэдэн хүмүүстэй уулзахад тэд монголоор нилээд сайн ярьж байсан гэнэ. Гайхаад “та нар хаана ингэж монгол хэл сураа вэ?” гэж асуухад нь  “Баруун Вашингтоны Их Сургуулийн зайны сургалтын шугамаар сурсан юм аа” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр тэр сургалт маань ямартай ч хүмүүст хэрэг болсон бололтой.

-Г.Галбадрах:Сайхан түүх байнаа. Энэ хийж байсан бүхэн тань хожим нь “эгч дүү” хотын харилцаа үүсэхэд нөлөө болсон болов уу?
-Ч.Болорцэцэг: Аль эрт социализмын үед л Беллингхим хот, Монголтой монголч эрдэмтэн Шварц гуайн ачаар холбоотой байсан юм билээ. 1980-аад оны эхээр доктор Шварц гуай Монгол руу явж байсан гэдэг. Беллингхем хот одоо бол 7 орны хотуудтай “эгч дүүс”-ийн холбоотой байгаа. Бидний найз нараас хэд хэдэн хүн “Эгч дүү” хотуудын зөвлөлд байдаг байсан. Бид нэг удаа уулзаж сууж байгаад “Яагаад Беллингхем хот Монголын аль нэг хоттой эгч дүү байж болохгүй гэж?” ярилцлаа. Бүгд л дэмжсэн.Тэгээд аль хотыг сонгох вэ? гэж ярилцлаа. Эхлээд Эрдэнэтийг сонгосон чинь Эрдэнэт маань Аляскатай холбогдсон байв.  Тэгээд л Архангайн Цэцэрлэг хотыг сонгосон.

-Г.Галбадрах:Архангайн Цэцэрлэг хотыг сонгох болсон шалтгаан нь? Мэдээж төрсөн нутаг гэдэг нь нөлөөлсөн байх л даа.
-Ч.Болорцэцэг:  Төв суурин газар байгаа хүмүүс харьцангуй мэдээлэл сайтай, боломж нь илүү, хөдөөний алслагдсан нутаг болохоор ийм боломж дутмаг.  Нөгөө талаас Архангай миний нутаг. Ядаж л хүмүүсийг нь таних болохоор ойлголцож ярилцахад амар гэдэг талаас нь бодсон хэрэг. Тэгээд л эндхийн  “хотын хурал”, “эгч дүү хотуудын зөвлөл” зэрэг газруудаар очиж хүмүүстэй нь уулзаж танилцуулга, сурталчилгаа хийж эхлэв. Түүний тулд баахан сурталчилгааны материал, үзүүлэн, самбрууд  хийж авсан.Хүмүүс Монголын тухай юу ч мэдэхгүй. Тэгээд л хүмүүст бүр эхнээс нь “Монгол улс хаана байдаг, газарзүйн байрлал, хүн ам. зан заншил, хэл соёл” гэж эхлээд өнөө үеийг хүртэл хамруулан үзүүлж тайлбарлана. Нэг газар очоод хүмүүст тайлбарлахаар хэн нэг нь “өө чи тийм газар очоод  хүмүүст яриа хийгээд өгөөч” гэнэ. Хэдэн самбруудаа бороонд норгохгүй гэсэндээ гялгар уутанд хийгээд л авч явж газар газар очиж яриа таниулга хийж байлаа. Бараг 2 жил ингэж явсан даа.

-Г.Галбадрах:Энэ оролдлого нь өөрөө том асуудал болохоор тэгтлээ амархан бүтээгүй байх. Гэхдээ бүтээж чадсан нь их том амжилт юм уу даа.

-Ч.Болорцэцэг:   Би үүнийг хөөцөлдөж явахдаа “Эгч дүү хотуудын зөвлөл”-д өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаад орчихсон юм. Тэгээд хэлэлцэх хуралдаан дээр би болоод манай найз нар санал өгснөөр шийдэгдсэн дээ.  Энд орсноор зөндөө олон хүмүүстэй танилцаж, найз нөхөд болсон байсан. Нэг ёсондоо тактик хэрэглэсэн гэх үү дээ. \инээв\Шийдвэрлэх хурал дээр “Цэцэрлэг хотыг эгч дүү болгох уу?”гээд санал хураахад миний бүх найз нар зөвшөөрсөн санал өгчихөж байгаа юм. Шийдвэр гарсны дараа,  Монголд очиж гарын үсэг зурах болоход эндээс 10 гаруй хүнтэй нилээд том бүрэлдэхүүн явлаа. Архангайн Цэцэрлэг хотын дарга болоод аймгийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Архангайн Өндөр-Улаан, Их Тамир, Тариатаар аялцгаав.

-Г.Галбадрах:”Эгч дүү хот” болсны дараа Монголын төлөөлөгчид ирсэн үү?

-Ч.Болорцэцэг: Түүний дараа Цэцэрлэг хотын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга гээд албаны 5 хүн Беллингхем хотод айлчилсан.Тэднийг энд ирэхэд нь “та нар юу сонирхож байна, ямар газруудаар орж үзмээр байна? ” гэж асуусан л даа. Манай хэдэн найз нар бүх зүйлийг нь зохион байгуулж, үзүүлсэн. Энд их том эмнэлэгтэй. Тэр эмнэлгийн дарга нь өөрөө тэднийг хүлээж авч уулзсан. Тэд энэ айлчлалаар эмнэлэг, хот тохижилт, хог хаягдлаа шийдэж байгаа байдал зэргийг голчлон сонирхож танилцав. Хог хаягдал хариуцсан 3 том компани дээр очиж бүх зүйлийг нь өөрсдийн нүдээр үзсэн. Мэдээж тэдэнд хэрэг болгон сонирхох олон зүйл байсан байх. Энэ жилээс Архангай аймгийн хэмжээнд хог хаягдлаа яаж шийдэх талаар ярьж эхэлж байгаа гэсэн. Энэ бол бага боловч үр дүн юм даа.

-Г.Галбадрах:Сайхан эхлэл байна. Эхлэл болгон цаашаа илүү өргөн боломжуудыг дагуулдаг байх.
-Ч.Болорцэцэг: Жил болгон Беллингхем хотод спортын олон төрөлтийн тэмцээн болдог юм. 3 жилийн өмнө энэ тэмцээн зохион байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэсэн л дээ.  Цэцэрлэг хотыг “эгч дүү хот” болгохоор ярьж байх үед, энэ тэмцээнд Цэцэрлэг хотын ТГ-т ажилладаг  Гансүх гэдэг залууг оролцуулахаар урьж авчирсан юм. Зардлыг нь хүмүүсээс хандив цуглуулж босгосон.  Энэ тэмцээн нь 7 төрлөөр явагддаг. Цана, дугуй, гүйлт гэхчилэн. 4000-5000 хүн оролцож, нээлтэнд нь зориулж их том парад болдог. Беллингхемийн өөрийнх нь зохион байгуулдаг хамгийн том баяр юм л даа.  Параданд нь Монголын төрийн далбаагаа барьж оролцоход их сайхан байсан шүү. Биднийг параданд Монголынхоо далбааг бариад жагсаж явахад нэг америк хүн “сайн байна уу?” гэж монголоор дуудаад бидэнтэй ирж уулзаж байсан. Шарлинтай тэгж танилцсан юм.  “Манай нөхөр Энхтайваны корпусын Монгол дахь анхны захирлаар ажиллаж байсан юм” гэж яриад бидэнтэй утас мэдээллээ солилцож байв. Энэ чинь 2011 оны хавар юм байна. Дараа нь 2012 онд Беллингхемийн эгч дүү 7 хотуудын тамирчдаас бүрдсэн баг байгуулж тэмцээнд оролцуулахад Архангайгаас Цэцэрлэг хотын 2-р 10 жилийн сургуулийн англи хэлний багш Батсайхан гэдэг залуу ирж оролцлоо. Энэ жилийн тэмцээний урилгыг сая явуулсан байгаа. Жил болгон нэг хүнийг энэ шугамаар авчирч оролцуулаад байх бодолтой байгаа.

-Г.Галбадрах:Ирж тэмцээнд оролцоод явж байгаа хүн болгон энэ харилцааны талаар маш сайн сурталчилгаа болно. Дээр нь тэд өөрсдөө хувь хүнийхээ хувьд ч маш олон зүйлийг ойлгож авдаг байх.
-Ч.Болорцэцэг: Архангайгаас ажил хэргийн шугамаар энд ирж байгаа хүмүүс зочид буудалд буулгүй айлд суудаг юм.Тэднийг гэртээ байлгахыг хүсдэг америкчууд бий. Тэд тэр хүмүүсийг дагуулж яваад зөндөө юм үзүүлдэг. Ирж байгаа хүмүүс ч гэсэн америкчуудын амьдралыг нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа юм. Нэг талаар хүнээс хүнд хандсан харилцаа юм даа. Монгол хүн, америк хүмүүс хоорондоо танилцаад дотно сайнаар ойлголцож байна гэдэг сайхан зүйл. Энэ чинь бага зүйл биш.

-Г.Галбадрах:Тийм шүү. Хүмүүсийг хооронд нь холбож өгнө гэдэг том тус. Харин ийм холбоос болон боломжуудыг маш сайнаар ашиглаж чадвал, тэр тусмаа ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлж, хариуцлага тооцож сурсан Америк орноос өөртөө  хэрэгтэй маш олон зүйлийг олж авч чадна.

-Ч.Болорцэцэг: Тийм ээ.  Хүмүүс  өөрийн ажлын чиглэлээрээ хэрэгтэй хүнтэйгээ холбогдох нь хамгийн чухал юм шүү дээ. Нэгэнт холбоод өгч байхад түүнийгээ маш сайнаар ашиглаж чаддаг байх хэрэгтэй юм шиг. Миний хувьд хүмүүсийг холбож өгөхийг л хүсдэг. Түүнээс биш юм болгоныг нь зааж зөвлөөд, “чи одоо ингэ, тэг” гээд байх хэрэггүй гэж боддог. Миний хийж чадах зүйл бол тэнд байгаа хүмүүсийг энд байгаа хүмүүстэй нь холбож өгөх “гүүр”.  Миний ажлыг дэмжиж фото зураг авч өгдөг Лорен гэдэг хүн бол Баруун Вашингтоны Их Сургуулийн профессор. 2011 онд надтай хамт Монгол руу явж Архангайн Багшийн Сургуульд 2 долоо хоног ажилласан. Бид яваандаа Архангайн Багшийн Сургуулийг  эндхийн Баруун Вашингтоны Их Сургуультай холбож, хамтран ажилууллах санаатай байгаа. Хэрэв тэгж чадвал багш нар болон оюутнуудыг солилцож үр дүнтэй ажиллах боломж бүрдэх юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдтэл 2-3 жил болох байх. “Санаж явбал бүтнэ” гэдгээр болох байхаа.

-Г.Галбадрах: Энэ харин маш сайхан санаа болон боломж байна даа. Чи хичээл зүтгэлээрээ энэ бүх боломжуудыг гаргаж өгч, бусдын сэтгэлд хүрэх ажил хийж чадаж байхад чамайг дэмжих хүмүүс улам ч нэмэгдэнэ. Тэр хэрээр ажил хэрэг ч бүтэмжтэй болдог.
-Ч.Болорцэцэг: Эгч дүү хотуудын холбоо, манай “Хөх тэнгэр” -тэй хамтраад “Хийморь” нэртэй марафон гүйлтийн уралдаан зохион байгуулж байгаа. Энэ жил гуравдахь удаагийн гүйлт болно. Хүмүүсийн тэмцээнд оролцохоор төлж байгаа мөнгө нь “Хөх тэнгэр”-ийн санхүүжилтэд зарцуулагддаг юм. Ер нь тэгээд өөрийн зүгээс хийж байгаа бүх л зүйлүүдээ “эгч дүү хотууд”-ын үйл ажиллагаатай уялдуулахыг хичээж байгаа. Миний бүх л зохион байгуулж байгаа ажиллагаанд хэдэн найз нар минь их дэмжиж оролцдог юм. Сүүлийн үед монгол оюутнууд маань их туслах болсон. “Болор оо эгч ээ туслах юу байна, хэрэг болохоор хэлж байгаарай” гэнэ. Эдний тусламж дэмжлэггүй бол би юу хийж чадах юм бэ? “Дэм дэмэндээ” гэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмжлэгээр л ажил хэрэг явж байна шүү дээ.

Дөрөв:  Америк дахь орон зай


-Г.Галбадрах:Харин одоо чиний эрхэлж байгаа ажлын талаар ярилцвал болох уу?

-Ч.Болорцэцэг: Би Баруун Вашингтоны Их Сургуулийг мастераар төгсөөд Whatcom Education “Кредит Юнион”-д ажилд оров. Анх энд санхүүгийн ажилтан гэж ороод яваандаа санхүү эрхэлсэн дарга нь болж дэвшсэн. Дараа нь байгууллагаа өргөжөөд ирэхээр нь аудитын алба байгуулах хэрэгтэй болсон. Би чинь МУИС-ийн хуулийн ангийг төгссөн болохоор хуулийн мэдлэгтэй. Дээр нь санхүүгийн мэргэжилтэй болохоор намайг энэ ажлыг хариуцаж ажиллахыг санал болгосон юм. Тэгээд одоо энэ байгууллагадаа аудитын албаны захирлаар ажиллаж байна.

-Г.Галбадрах: “Кредит Юнион” нэртэй банкууд энд тэнд зөндөө л тааралддаг. Гэхдээ би энэ талаар мэдлэг нуутай. Нэг их сонирхож байгаагүй юм байна.

-Ч.Болорцэцэг: Энэ нь Төрийн Бус Байгууллага. Монголд байгуулагдаж байсан “Хадгаламж Зээлийн Хоршоо” болон уламжлалт банкнуудаас огт өөр л дөө. “Кредит Юнион” нь 19-р зууны эхээр  Европт анх үүссэн гэдэг. Жишээ нь, тариачид өөрсдийн бизнесээ өргөжүүлэхэд том банкнаас зээл авч чаддаггүй. Тэгэхээр нь өөрсдөө мөнгөө нийлүүлээд биеэ биенээ дэмжиж, бага хүүтэй зээл өгч эхэлсэн юм гэдэг. Тэр нь үр дүнгээ өгөхөөр аажимдаа өргөжиж дэлгэрсэн юм билээ.  20-р зууны эхээр “Кредит Юнион”ы хөдөлгөөн Атлантын далайг гаталж, 1909 онд Америкийн хамгийн анхны “Кредит Юнион” Манчестр, Нью- Хампширед нээгдсэн гэдэг.

“Кредит Юнион”-ы банк болон бусад ашгийн төлөөх банкны байгууллагуудаас ялгагдах гол онцлог нь:  1-д Ашгийн бус, 2-т Бүх гишүүдийнхээ саналаар, ардчилсан сонгуулиар сонгогдсон сайн дурын захирлуудын зөвлөлөөр удирдуулдагаараа ялгаатай. “Кредит Юнион”-ы гишүүд нь дансандаа 5 ам доллартай, 5 сая ам доллартай байхаас үл хамааран санал нь адилхан тооцогддог юм.  Энэ нь бусад банкны байгууллагуудаас ялгарах онцлогуудынх нь нэг. Бусад банкны байгууллагуудад бол хэн хамгийн их эзэмшилтэй байна, тэр хүмүүс шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг шүү дээ.

Манай “Кредит Юнион” анх 1936 онд  багш нарын нэгдэл дээр үүссэн гэдэг юм. Хүссэн хүн болгон мөнгөө төлөөд гишүүн болох боломжтой. Дансандаа 5 ам доллар хийгээд л гишүүн болж болно. Гэхдээ бидний явуулдаг бүх үйл ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагддаг юм. 2006 оноос заавал багш гэлтгүйгээр Вашингтон мужийн ямар ч хүн гишүүн болж болохоор өөрчилж, одоо өргөжиж л байгаа.

-Г.Галбадрах:Харин чиний одоо хариуцаж  байгаа ажил тань?
-Ч.Болорцэцэг: Миний ажил бол зээл авч байгаа гишүүдийн талаар биш, байгууллага маань хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу? олгож байгаа зээл маань байгууллагад хэр ашигтай, эсвэл эрсдэлтэй байна уу? гэхчилэн байгууллагын дотоод ажилд хяналт тавих үүрэгтэй. Нэг ёсондоо байгууллагын дотоод бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэсэн үг. Хүмүүс мөнгөө зөв тоолж авч байна уу? гэдэг хүртэл бидэнд хамаатай.

-Г.Галбадрах:Сонирхолтой санагдаж байна.
-Ч.Болорцэцэг: Энэ “Кредит Юнион”-д би 9 жил ажиллаж байна. Анх энэ “Кредит Юнион” -доо санхүүгийн алба байгуулахад оролцож, өөрөө удирдаж  4 жил ажилласан бол одоо аудитын албыг ч бас байгуулаад одоо 5 дахь жилдээ удирдаж ажиллаж байна. Тохиолоор ч юм уу ингэж л таарсан юм. Өдөрт нь “Кредит Юнион” доо нилээд ачаалалтай ажиллаад, орой нь гэртээ ирээд “Хөх тэнгэр”, “Эгч дүү хот” гэхчлэн сайн дурын  ажлуудаа хийх үе зөндөө. Зөндөө л их цаг зав зарцуулна.  Гэхдээ энэ бүхнийг би өөрийн сэтгэлээрээ хийж байгаа болохоор энэ амьдралдаа дуртай, бас сэтгэл хангалуун байдаг юм.

           Тав: Номон дунд өссөн бага нас

-Г.Галбадрах:Ээж аавынхаа тухай танилцуулж болох уу?
-Ч.Болорцэцэг: Ээжийг минь Бямбасүрэн гэдэг. Түүх газарзүйн багшийн мэргэжилтэй. Архангай аймгийн дунд сургуулиудад захирлаар ажиллаж байсан. Бараг хамгийн  анхны эмэгтэй захирал байх шүү. Архангайн Тариат сумын 10 жилийн сургуулийн захирлаар олон жил ажилласан. Аавыг минь Чимэдрэгзэн гэдэг.Физик математикийн багшийн мэргэжилтэй. Өндөр-Улаан, Тариат, Хангай, Их Тамир зэрэг арын хангайн олон сумуудад  багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв.

-Г.Галбадрах:Харин чи хаана төрж, хаана өсөв дөө?

-Ч.Болорцэцэг: Би Архангайн Өндөр-Улаанд төрөөд аав ээж 2 минь Тариат руу  нүүхэд тэнд сургуульд орж, 8-р ангиасаа Их Тамирт очиж 10-р ангиа төгсгөсөн дөө. 1991 онд 10-р ангиа төгсөөд МУИС-д хуулийн мэргэжлээр элсч суралцсан. 1997 онд МУИС-аа төгсөөд Архангайн Их Тамирт очиж ажилласан юм.


-Г.Галбадрах: Товчдоо тийм байдаг байж. Ах дүү олуулаа юу?

-Ч.Болорцэцэг: Манайхан чинь “гарын 5 хуруу ” шиг, ах дүү тавуулаа. Би яг дундах нь. Дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бид нар бүгдээрээ сурлага сайтай хүүхдүүд байв. “Захирлын хүүхдүүд” гэдэг нэртэй. Манай аав маш их ном цуглуулна. “Оюутан байхаасаа л ном цуглуулдаг байсан” гэж ярьдаг юм. Аав ээж 2 минь цалингаа авахаараа бидэнд “номны мөнгө” гэж өгнө. Түүнийг нь аваад дэлгүүр рүү гүйж очоод шинэ ном худалдаж авдаг. Тэр үед сум, сургууль болгон номын сантай байсан даа. Номын санд очиж ном их уншина. Номын сангуудаас “Нацагдорж тэмдэгтэн”, “Номын сайн нөхөр”, “Тэргүүний уншигч” гэж шалгаруулаад  самбарт зургийг нь байрлуулна. Аав минь хамгийн эхэнд, тэгээд л бид хэд жагсдаг байлаа шүү дээ. Бид гэртээ дандаа л уншсан номнуудаа ярина. Ж.Верний “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, Носовын “Үлмэдэх ба түүний нөхөд”, “Монте Криста гүн”, “Нууцат арал” за тэгээд Оросын алдарт зохиолчдын бүтээлүүдийг цөмийг нь уншиж, ярилцаж өссөн дөө. Аав минь маш олон үлгэр домог мэддэг. Түүх бол маш сайн мэднэ.  Бидэнд зуны амралтаар суулгаж байгаад их ч юм ярьж өгдөг байж билээ.  Их ч мундаг мэдлэгтэй. Аав  минь “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй.

-Г.Галбадрах:Бага наснаасаа ном их уншдаг байсан хүүхдүүд ажаад байхад ерөнхий мэдлэгийн түвшин бусдаас арай илүү, бас олон зүйлийг харьцуулан дүгнэх чадвартай байдаг юм шиг. Энэ хэрээрээ боловсрол сайтайд тооцогддог байх.
-Ч.Болорцэцэг: Ном бол хүний оюун санааг задлахаас гадна, төсөөлөл сэтгэлгээг их хөгжүүлж, их өргөн мэдлэгтэй болгодог.Тэр болгон нь биднийг амжилттай сайн сурахад нөлөөлдөг байсан. Бас одоо бидний хүсч мөрөөдөж, хийж бүтээж байгаа бүхэн, амжилтад хүргэж байгаа бүхэн номын л ач тус. Тийм болохоор одоо хэр аав ээж хоёроороо бахархаж, тэдэндээ баярлаж явдаг юм. Номын дунд өссөнөөрөө бид их азтай хүүхдүүд. Манай аав ээж 2 минь , тэр үеийн шаардлагаар сумаас сумд томилогдож ажилладаг. Нэг сумаас нөгөө сум руу нүүхэд чиргүүлтэй машин дээр ачаална.Машины тэвшин дээр гэрийнхээ бүх тавилгыг багтааж ачиж, чиргүүл дээр нь аавын номнууд, ээжийн тарьсан цэцгүүдийг ачаад л дүүрдэг байж билээ. Ээж минь их цэцэг тарьдаг байсан юм.

-Г.Галбадрах:Хөдөөний сэхээтэн гэр бүл. Би бас яг л ийм гэр бүл, амьдрал дунд өссөн л дөө.

-Ч.Болорцэцэг: Ээж минь мундаг захирал.  Өмнө нь “Боловсролын тэргүүний ажилтан” болж байсан бол саяхан “Соёлын тэргүүний ажилтан” болсон. Сайхан дуулна, шүлэг их сайхан уншдаг. Сум орны концертод дандаа л оролцдог. “Монголын бүх ард түмний урлагийн наадам” гэж болдог байхад хоёр ч удаа “алтан медаль ” авч байсан юм байна. “Улсын тэргүүний уран сайханч” болж байсан. Их ч авьяастай, мундаг хүн дээ. Ажилдаа бол их ч хатуу шаардлагатай. Тийм болохоор багш сурагчгүй эмээдэг байсан байх.  Аав ээж хоёр минь одоо бол өчнөөн олон шавь нартай. Цагаан сар, баяр ёслол болоход шавь нар нь цувна шүү дээ.

-Г.Галбадрах:Хөдөө суманд бол “захирлын хүүхэд” гэдэг чинь харьцангүй “цагаан гартай” мөртлөө бусдад үлгэр жишээ хүүхэд байдаг байж.

-Ч.Болорцэцэг: Бид нар чинь захирлын хүүхдүүд хэрнээ их ч ажилд сурч өссөн. Эмээ минь  болон манай ах дүү нар хөдөө малтай. Зун болохоор тэдэндээ туслах гэж очдог. Мал хариулж, хонь саана. Хөдөө очихоор биднийг ” сумын төвийн, хөдөөний ажил мэдэхгүй хүүхдүүд” гэх янзтай. Гэхдээ эмээ дээрээ очихдоо бүх л ажлыг хийж сурсан. 7-р ангид байхдаа сургуулийнхаа хүүхдүүдтэй “Хөдөлмөр зуслан”-д явлаа. Бүгдээрээ л намайг захирлын хүүхэд болохоор хөдөөний ажил мэдэхгүй гэж бодоод “хөөе чи, хонийг хаанаас нь саадгийг мэдэх үү?” гэж хэрдээ дооглох янзтай. Би болохоор “мэдэхгүй ээ”  л гэнэ. Тэгсэн мөртлөө  “Саалийн аварга” болчихсон. Манай ах дүү нар надад “Хүн ер нь ямарч ажлыг сурчихсан байхад илүүддэггүй юм. Чиний сурсан зүйлийг хүн чамаас булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхээр ажлыг битгий голж бай” гэж сургадаг байв. Нээрээ одоо бодоход сурсан юм ер хүнд илүүднэ гэж байхгүй юм билээ. Би хөдөө очоод тарвага өвчөөд сурчихаж байгаа юм.

-Г.Галбадрах:”Сурсан бүхэн эрдэм” гэдэг шиг сурсан болгон нь амьдралд заавал хэрэг болдог. Бас тэгээд “чиний сурсан зүйлийг чи өөрөө л ашиглахаас бус чамаас хүн хулгайлж авч чадахгүй, галд шатаад алга болчихгүй” гэж сургадаг байсан нь одоо бол хэрэгтэй л сургаал.  10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв?

-Ч.Болорцэцэг: Тэр үед МУИС-ийн хуулийн ангийн хуваарь аймгуудад 1 л ирдэг байсан. Тэр үеийн элсэлтийн шалгалт яаж явагддаг байсныг та сайн мэднэ дээ. Хурдан морь уралдаж байгаа юм шиг сэтгэл догдлоод, ээж аав нар нь гадаа цай хоол барьчихсан хүлээгээд л.  Тэгээд би тэр хуваарийг нь аваад МУИС-ийн оюутан болж Улаанбаатарт ирж байлаа. Намайг 1991 онд оюутан болоход Монголд бүх зүйл өөрчлөгдөж, бүх зүйл ховордож хүнсний бүтээгдэхүүнүүд “карт”-ад орсон үе л дээ. Дотуур байрны оюутнууд картын бараагаа аваад архиа шаглана, тамхиа ширхэглэж зарна. Тэгж байж л хүнсээ залгуулдаг байлаа шүү дээ. Дотуур байранд амьдарч байгаа нэг тасгийн оюутнуудыг “нэг ам бүл” гэж тооцоод тэр үед “нэг ам бүл”-д олгодог байсан хуваарийн дагуу хүнсийг олгодог байсан юм.

-Г.Галбадрах:Картын барааны үе санаанд орчихлоо. Дэлгүүрийн лангуун дээр давс л байдаг байсан гэдэг. Хүн болгон яахаа мэдэхгүй тэвдэж байсан үе. Ирээдүй нэг л бүрхэг. Одоо бодоход картын бараанд архи тамхийг айл бүрт заавал хуваарилдаг байсан нь сонин юм шүү. Хэрэглэдэг хэрэглэдэггүй ч хамаагүй.
-Ч.Болорцэцэг: Картын барааны үед хөдөөнийхөн арай гайгүй байсан болов уу? Миний эгч Болортуяа надаас өмнө МУИС-ийн философийн ангид суралцаж байсан. Надаас хоёр ангиар дээр, архаг оюутан болчихсон байв. Бид хоёрт хөдөөнөөс аав ээж хоёр маань хааяа мах сүү явуулна. Түүн дээрээ хортой харандаагаар бид хоёрын нэр хаягийг тодоос тод бичсэн байдаг сан. Түүнийгээ айлаас аваад хоёр талаас нь дамжлаад  автобусанд суугаад явахад хүн болгон л бид хоёр руу харна, хөгжилтэй.  Хөдөөтэй холбоотой оюутнууд  тэр үед хэрдээ л аргаа олж байсан байх.

-Г.Галбадрах:Гэхдээ чамайг оюутан болж байхад сургалтыг төрөөс даадаг байсан нь хэвээрээ байсан байх аа?
-Ч.Болортуяа:Намайг оюутан болоод орж ирж байхад оюутнууд цалинтай байлаа. Цалингаа авахаараа бусад оюутнуудын жишгээр “тансаглана”. Намайг 3-р курст орох жил оюутнуудад тэтгэлэг олгохоо больж, сургалтын төлбрөө өөрсдөө төлөх хэрэгтэй боллоо.  Тэр үед чинь монголчууд маань хөрөнгө мөнгө хурааж хадгална гэсэн ойлголтгүй шахам байсан. Гэнэтхэн л сургалтын төлбөр төлөх хэрэгтэй болохоор хаа хаанаа тэвдэж эхэлж байгаа юм.

-Г.Галбадрах:Тэгээд  л төлбрөө төлөх гэж арга бүхнийг сүвэгчилдэг байсан байх.
-Ч.Болортуяа: Сургалтын төлбрөө төлөх гэж янз бүрийн арга сүвэгчилнэ. Аав ээж ах дүү нар минь тусалдаг. Бид хоёр ч яаж зүгээр байхав. Амралтаараа хөдөө явахдаа хөдөө зарах юм авч явна. Түүнийгээ зараад хөдөөнөөс цагаан идээ авчирч хотод зарна. Түүгээрээ хивсний үйлдвэрээс янз бүрийн өнгөтэй утаснууд  худалдаж аваад түүгээрээ цамц, бээлий, ороолт малгай нэхнэ.Түүнийгээ хөдөө аваачаад цагаан идээгээр сольж борлуулна. Сүүлдээ аавынхаа цуглуулсан номыг шуудайнд хийж авчраад зардаг байж билээ. Аав минь тэгэхэд бидэнд “Би энэ номыг та нарыг боловсролтой хүн болгох гэж л худалдаж авсан юм шүү дээ” гэж хэлж байсан. Нөгөө утгаар нь бодох юм бол эгч бид 2-ын сургалтын зардлыг төлөхөд нэмэр болж, бидний боловсролд тус болсон юм даа. Одоо бодоход жаахан харамсмаар…

-Г.Галбадрах:Ном чиний амьдралд, бас боловсролд их тус болжээ. Сонирхолтой түүх байна. Уулзаж ярилцахад сайхан байлаа. Юу юунаас илүү холын Америк орноос Монголынхоо, тэр тусмаа хөдөөний алслагдсан нутгийн хүүхэд залууст оюуны их дэмжлэг, гэгээлэг ирээдүйд нь гайхамшигтай хувь нэмэр болж байгаа тань сайхан санагдлаа. Тэртээ үед энэ хотод ганцаараа монгол байсан хэрнээ, Монгол орноо америкчуудад сурталчилж, Америкийг Монгол оронтой холбож, хоёр орны хамтын ажиллагаанд их үүрэг гүйцэтгэж чадсанд тань талархаж байна. Бас чамаар бахархаж байна.  Цаашдаа зорьж тэмүүлж яваа бүхэн тань бүтэмжтэй байж, олон олон залууст эрдэм мэдлэгтэй болоход нь  тусалж, гэрэл гэгээ болж явахыг ерөөе.
– Ч.Болорцэцэг:Танд ч бас их баярлалаа. Тэр холоос зорьж ирэн өнөөдрийн арга хэмжээнд оролцсонд тань, бас надтай чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд тань талархаж байна. Монголчууд бид оюунлаг авьяастай хүмүүс. Бидэнд өнөө цагт өөрсдийн оюун ухаанаа хөгжүүлэхээс эрхэм зорилго үгүй. Тийм болохоор гадаадад байгаа гэлтгүй монгол хүн болгон бидний ирээдүй болсон Монголын залуустаа боловсролтой болоход нь тусалж дэмжээсэй гэж хүсч байна. Миний хийж байгаа ажлыг дэмжиж, надтай хамтран ажиллах, мэдээлэл туршлагаа хуваалцах хэн болгонд би талархах болно. Монголчууд бид эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой байж л хөгжинө.

…Ч.Болорцэцэг бид хоёрын ярилцлага ийнхүү өндөрлөв. Монголчууд хэзээ ч ганцаарддаггүй, эх орноо хайрлаж бахадсан сэтгэлээр хаа ч явсан монгол галыг манах хүсэл эрмэлзлэлийн нэгэн жишээ. Ч.Болорцэцэгтэй уулзахаас өмнө Архангай аймгийн Цэцэрлэг хоттой “эгч дүүс”-ийн харилцаатай хот байдгийг мэдээгүй. Уулзаж ярилцаж, хийж бүтээсэн болгоныг нь үзэж мэдэрч байхдаа  би түүгээр бахархаж байв. Юу юунаас илүүтэй хөдөөний амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө хийж байгаа болгон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Ингээд бодохоор монголчууд бид бахархам мундаг хүмүүс. Түүний хийж байгаа бүхнийг дэмжүүштэй санагдсан. Америкийн тэртээх нэгэн хотод Монголын “Хөх тэнгэр” гэрэлтэж байна. Энэ бол монголын жирийн нэгэн бүсгүйн чин сэтгэлийн тэнгэр. Энэ “Хөх тэнгэр” улам улмаар цэлмэг тунгалаг байх болтугай.

Share Your Thoughts