Боломжоос давсан хэрэглээ

“Хөнжлийн хэрээр хөлөө жий”

Хүн ая тухтай нойрсоход, нөмөрч унтдаг хөнжил их үүрэгтэй гэнэ. Хэрэв хөнжил нь багадвал, хөл нь ч юм уу биейин аль нэгэн хэсэг нь ил гарч даарч зутрах, эсвэл хөнжилдөө багтахын тулд атирч, эвхэрч тух алдана. Харин хөнжил нь яг л таарч байвал, биед нь амар төдийгүй, тухтай сайхан нойрсож, тавтай сайхан зүүдэлнэ. Харин хөнжил нь томдвол, энд тэнд хөглөрч, овоорсон хэсэг нь биед тээглэж, даарахгүй хэдий ч бас л тух алдана.

“Хөнжлийн хэрээр хөлөө жий” гэдэг монгол сургааль, зөвхөн хөнжлийн тухай ч биш юм аа. Хүний алив хэрэгцээ гэгч өөрийнх нь боломжинд таарч байх учиртайг сануулсан хэрэг.
…Цөөхөн хэдэн малтай хэрнээ, мянган малтай нэгэнтэй адил тансаглаад байж болохгүй л дээ. Өнөөдөр өөрийн хэрэглээгээ танаж байж, малаа өсгөн арвижуулахыг хичээнэ. Үүний тулд их л хөдөлмөр зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Харин өөрийн хөдөлмөрийн үрээр үржиж олон болсон мал сүргээ харахдаа баяртай байх аж.
…Өнөөдөр сарын 200$ цалин, орлоготой байж, заавал үнэтэй машин авч унах гэж зүтгэх хэрэггүй л дээ. Өөрийн хэрэглээгээ танан байж, мөнгөний хуримтлал үүсгэхийг хичээнэ. Өөр бас давхар ажил хийж, нэмэлт орлого олж, машины мөнгөө цуглуулна. Үүний тулд, алд биеэ алжаан байж, хөдөлмөрлөж, зүтгэх хэрэгтэй болдог. Хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хүссэн машинаа авч унахдаа, нүүр бардам, баяртай байх аж.
…Өөрөө ямар ч орлогогүй байж, өрөөл бусдын хөдөлмөрийн хөлсөөр үнэтэй чамин хувцас авч өмсөх хэрэггүй л дээ. Хүссэн пүүзээ авч өмсөхийн тулд, цагийн ажил ч болсон олж хийж, хэрэглээгээ багасган байж хуримтлал үүсгэнэ. Харин энэ зүтгэлийн үрээр хүссэн пүүзээ худалдан авч өмсөхдөө хэрдээ додигор.
Өнөө цагт өргөжин тэлж, өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ гэгч, хүнээс их эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэл шаардах болжээ. Тансаг сайхан хэрэглээг хэрэглэхийн тулд, их мөнгө олохын тулд, өнөөдөр өөрийгөө зовоож, хэрэглээгээ багсгаж, өмнөө зорилго тавин сайн суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болно.
Хүн ер нь хэрэглээгээ өөрт байгаа боломжиндоо л тааруулах болдог. Өөрт байгаа боломжоо нэмэгдүүлэхийн тулд л илүү сайн суралцаж, илүү их хөдөлмөрлөж, илүү их ухаан зарцуулах үндэс болох аж. Хүссэн хэрэглээгээ эдлэхийн тулд , боломжоо нэмэгдүүлэх боломж нь, өнөөдөр өөрийн хэрэглээгээ багсгаж, их хэмжээний хуримтлал үүсгэх явдал байдаг.
…Хэдэн жилийн дараа гоёмсог орон сууцтай болохын тулд, өнөөдөр хүнд хэцүү нөхцөлд хөдөлмөрлөж, өөрсдийн хэрэглээгээ багасгаж, аль болохоор хэмнэж, хуримтлуулан зүтгэнэ. Хожим хүссэн сайхан байрандаа амьдрах хүсэл мөрөөдөл нь, өнөөдөр дутуу дулимаг байдалдаа гутарч гуних бус, “энэ бүхэн тун удахгүй эцэс болж, бид өөрсдийн хүссэн хэрэглээгээ бий болгож чадна” гэдэг итгэл нь, бүхнийг тэвчих урам зориг нь болдог аж.
Ийм зорилго, мөрөөдөл бүхий хөдөлмөр зүтгэл нь биелэлээ олох бүрд, улам улмаар урамшиж, бүр ч илүү том зорилт тавьж, илүү сайхан хэрэглээ рүү тэмүүлэх боломжоо бий болгоно. Өөрсдөө хүсч мөрөөдөж, зорьж тэмүүлж, хөдөлмөрлөж зүтгэж бий болгож байгаа бүхэн, эзэндээ баяр баясгалан, итгэл урам авч ирэх төдийгүй, үүнийхээ төлөө бусдын өмнө нүүр улайхгүй.
Өдгөө гадаад оронд, хүнд хэцүү нөхцөлд махран мэрийн, тэвчиж, хэмнэж хөдөлмөрлөж байгаа олон монголчууд энэ жишээний эзэд. Бас гадаадад зовж зүдэрч ажиллаж байгаа хэрнээ, олсон бүхнээ тансаглан үрж, хэрэг болсон үедээ бусдаас зээлж, бусдад гайхуулан аагирхаж, энэ л цаг мөчөө өнө мөнхийн юм шиг сэтгэж яваа залуус, энэ бичлэгийн нэгэн жишээ.
Бусдаас ичиж зовохгүйгээр, хуучин муу пүүзтэйгээ явж, өөрөө хөдөлмөрлөж, хуримтлал бий болгосноор хэдэн сарын дараа, шинэ пүүз худалдан аваад өмсөж явах сайхан даа. Юу юунаас илүү энэ пүүзэнд, миний хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр шингэсэн юм гэж бодохуйяа бүр ч хайрлаж, гараараа илбэмээр, бас өөрөөрөө бахархмаар… Аав ээж худалдан авч , эсвэл ах дүү анд нөхөд бэлэглэснээс тэс өөр харагдана. Нэг л хайрламаар…

Баярхах, гоёх хүсэл

Монголчууд бид баярхах, гоёх, түүгээрээ бусдад гайхуулах их дуртай. Юу юунаас илүүтэй, өөрт байгаа боломжоос илүү ихийг хэрэглэх хүсэл нь эзэндээ ихээхэн зовлонг авч ирдэг. Гэхдээ, өөрийн боломжоо нэмэгдүүлэхийг хүсэхгүйгээр, бусдаас илүү, ядаж дутуугүй байх хүсэл нь ийм зовлонгийн үндэс болдог.
…Авч буй цалин, олж буй орлого нь бага мөртлөө, түүнээсээ 10 дахин их үнээр булган шуба авч өмсөөд яах ч билээ. Тэр л үнэтэй булган шубаны дороос, өрөөл бусдаас зээлсэн мөнгө, өрөөл бусдад гайхуулах гэсэн хүсэлтэйгээ сүлэлдэн, нэг л ядарсан, хүнд царайг харагдуулна.
…Авч буй цалин, олж буй орлого бага мөртлөө, үнэтэй машин авч унаад яах ч билээ.
“Ядаж байхад яр” гэдэгчлэн, үнэтэй машиныхаа шатахууныг дийлэхгүй, толгойд нь байнга “халтуур” эргэлдэх түүний царайд, нэг л шаналал илэрнэ.
…Авч буй цалин, олж буй орлого нь бага мөртлөө, арван хуруундаа бөгж зүүж, алтан гинжээр хоолойгоо чимээд яах ч билээ. Зохиогүй чимэг, элдэв чамин эдлэл, эзэн хүнээ гоо сайхан харагдуулахаас, бусдад гайхуулах гэсэн өрөвдөм хүслийг илчилнэ.
Өдгөө бидний зарим нь, өдөн куртка өмсөж, автобусанд сууж, хуруундаа ганц хуримын бөгжтэй явахаас ичдэг болж дээ. Энэ бидний эмгэнэл. Боломжоос давсан хэрэглээ, бусдад гайхуулахын тулд гоёж, баярхах хүсэл, олон гэр бүлийн өр зээлтэй шаналалт амьдрал, өрнөөс үүдэлтэй хэрүүл маргааны үндэс болж буй. Эцэст нь аргаа барахдаа, энэ бүхнээ зарж үрж, зээлсэн мөнгөө дарж, харамслын нулимс унагаах. Энэ бүхэн гамшиг бус гэж үү?
“Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим” гэж сургаж асан, монгол өвөг дээдэс минь, энэ л хийрхэл, солиорол, баярхал, боломжоос давсан хэрэглээнээс болгоомжилж сануулж асан. Хожим сайхан амьдрах, хүссэнээ хэрэглэх боломжийг буй болгохын тулд, өнөөдөр эрдэмд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна даа залуус минь.
Өдгөө энгийн атлаа, цэвэрхэн хэрэглээг ихэд эрхэмлэх болж дээ. Алтан гинж зүүснээр гоё гэж харагдахгүй, үнэтэй машин унаснаар мундаг гэж мэдрэхгүй, булган шуба өмссөнөөр баян гэж тооцохгүй цаг ирж байнаа. Харин хүний оюун ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэл, сайн сайхан хүсэл тэмүүлэлийг мэдэрч, хүндлэхийг эрхэмлэх болж байна даа, энэ цаг дор…

Төгсгөл

Өдгөө энэ цаг дор, хүн гэдэг бодьгал, өөр өөрийн боломжиндоо хэрэглээгээ таацуулж явах учиртай. Бусдад баян, мундаг, сайхан харагдахын тулд, бусдаас зээлж, хэрэглээгээ хэрэгжүүлэх хэрэг юун? Үнэхээр тансаг сайхан хэрэглээг бий болгохыг хүсвэл, тэр хэрээрэээ их хөдөлмөрлөж, их ч суралцаж, их ч сэтгэх хэрэгтэй болно.
Зовж зүтгэж, суралцаж, хөдөлмөрлөж өөртөө бий болгосон бүхэн таны л боломж.
Боломжиндоо таарсан хэрэглээ гэдэг, нөмөрч унтахад тань таарсан тэр л хөнжил юм. Энгийн атлаа, ухаантай, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй, зөв сайн хүсэл тэмүүлэлтэй залуус зөндөө л бий болж байна. Эд монголын ирээдүй.
Тэд чамин бус хэрнээ, энгийн цэвэрхэн хувцаслаж, бусдатай адил автобус метрогоор зорчиж, бусдын адил эдэлж хэрэглэж явахдаа ч дотроосоо гэрэлтэж, бусдаас сайхан харагддаг.
Заавал зарлиг шийдвэр хүлээхгүйгээр, дор бүрнээ хичээж, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг
Хөнжлийн хэрээр хөлөө жий гэдэг
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-07-20

Share Your Thoughts