Бороо ба бодлын хэлхээс

…Гадаа бороо орж эхэллээ. Би цонхон дээр очиж нүүрээ наан зогсоод, тэнгэрээс сувдан хэлхээ мэт солонгорон асгарч газарт буун шингэх борооны дуслуудыг харан зогсов.Борооны дуслууд тасралтгүй урсан урсаж, цонхны доорх бас тэртээд харагдах цардмал зам дээр үсчин унах хэрнээ бусад олон дуслуудтайгаа хамтад хаа нэгтээ урсан одох аж. Борооны дуслууд нэгэн урсгал болж хамтдаа бүх л зүйлийг норгон нэвтэлж, бас уусган шингээнэ. Бусад өдрүүдэд тэгтлээ анзаардаггүй хэрнээ энэ л өдөр ганцаардсан сэтгэлийн гунигийг минь тасралтгүй асгарах борооны дуслууд “норгож” , ар араасаа урсах олон олон бодлуудыг хамтад нь урсгана.

Гэнэт охиноо санах мөчид сэтгэлийн угт халган халгасаар нууж орхисон шаналал минь сэрдхийн сэргэж, зүрхний угт хэгхийтэл хатгуулав. Тэр нэгэн өдөр хацрыг нь үнсэн, сэтгэлийнхээ гүнд нулимсаа нуун, инээмсэглэлээр хучин байж, охиноо өөртэйгээ хамтад аргадан байж орхиод ирснээс хойш олон ч он жилүүд өнгөрчээ.

Анхандаа өөртөө амалж байсан “нэг их удахгүй буцна даа” гэсэн хэгжүүхэн бодол минь яг л энэ борооны урсгал дунд уусан ууссаар нэг л мэдэх дор цаг хугацааны урсгал дунд шингэн урсаж оджээ. Хааяадаа утсаар ярьж хэдэн цаасявуулахдаа шаналсан сэтгэлээ сэм сэмхэн аргадаж “би чадах зүйлээрээ охиндоо тусалж байгаа”  гэж учирлавч сэтгэлийн гүнд нар мандан цэлмэх нь үгүй.

Охиноо харалгүй олон жил болж дээ.  Авч явуулсан хувцас минь “багадаж”, сонголт минь “гологдох” дор охиноо өсч том болж байгааг анзаарна. Тэр нэгэн цагт хөтлөөд алхдаг байсан гар нь, тэврээд явахад хөнгөхөн байсан нь, үнэрлээд үнсэхэд эрхлээд инээдэг байсан төрх нь  өөрчлөгдсөөр л…Сэтгэлдээ орхиод гарсан тэр л төрхөөр нь төсөөлж энхрийлэвч, өнөө өсөж том болсон төрх нь сэтгэлд нэг л буухгүй. Зургийг нь харахдаа ” миний охин том болж дээ” гэж санаа алдан энхрийлэвч, орхиод гарсан төрхөөр нь сэтгэлдээ шингээх. Хааяадаа утсаар ярихдаа бие биендээ ” биеэ бодож байгаарай, хайртай шүү” гэж ёс болгон захих авч бие биенээ хайрлан хайрлах сэтгэлийн орон зай холдсоор байгааг мэдэрнэ. Энэ л мэдрэмж сэтгэлийн гүнд харамслын нулимс болон шингэх аж.

Цэцэг шиг дэлгэрч, шувууд шиг жиргэж, нар шиг гэрэлтэж явах насанд нь охиноо аавгүй өсгөж байгаадаа л шанална. Найз хүүхдүүд нь ааваа хөтлөн жаргалтайяа  эрхэлж явахыг хараад нулимсаа нууж, сэтгэлдээ “уйлж” л байгаа охин минь. Наанаа ” жаргалтай” мэт бусдад харагдавч “санаж бэтгэрсэн” сэтгэлээ “өнчин” дэрэн дээр шингээн байж аавдаа “гомдож” л байгаа. Бусдад “сайн аав”тайгаа нотлох гэж “бренд”ийн хувцсаар гангарч, бэлэн мөнгөөр “тансаглаж” байхдаа, гомдсон сэтгэлийн хорслоо өнгө, мөнгөөр хучин тайлж л байгаа.  Аавгүй өсч, аавтай нэгэнд “атаархаж”, аавыгаа, явуулсан ногоон мөнгө, илгээсэн үнэтэй хувцсаар “орлуулж, нөхөж” байхдаа нулимсаа сэтгэлтэйгээ хамтад нь бусдаас “нууж” сурч байгаа даа.

Хааяа охиныхоо багын дурсамжийг сэргээн, эрхэлж нялхарч , “муудалцаж”, ” сайдалцаж” байсан жаргалтай үеүдийг санахдаа өөрийн эрхгүй л инээмсэглэнэ. Ажилдаа явахад минь дагаж “охин нь гуйж байна шүү дээ” хэмээн эрхлэн хошуу цорвойх нь, “аав аа, өө чи ингэдэг шүү гээч дээ” гэж өдөн инээх нь, ажлаас ирэхэд нь тэр холоос гүйн ирж хүзүүдэн тэврүүлж үнсүүлчихээд л тоглож байсан найзууд руугаа гүйн оддог нь өнөө хэр санаанаас гарах нь үгүй. Хичнээн оройтсон ч аавыгаа л унтахгүй хүлээж, хааяа ядарч ирэхэд минь хоолыг минь аягалах гэж “тэвдэж”, холоос ирэхийг минь цонхон дээр харуулдан хүлээж байсан тэр мөчүүдэд аав охин хоёрын сэтгэлийн хэлхээс мөнхөд холбоотой байсан. Аавтайгаа охинтойгоо хамтдаа байхад бид жаргалтай байсан.

…Харин одоо бороо жаахан намжиж байна. Борооны дуслууд урьдын адил хүчтэй биш хэрнээ миний сэтгэлийг аргадах мэт намиран дусална. Хааяадаа “харь газрын бороо нь хүртэл миний нутгийн бороог гүйцэхгүй юм даа” гэх “аминчхан” бодол сэтгэлд зурсхийх мөчид өөрийгөө шоолох мэт жаахан мушилзана. Гэхдээ л борооны дараа Монголын талдаа олж харан, барьж авах гэж хөөцөлдөн гүйдэг байсан тодоос тод солонгыг энэ нутагт олж хараагүй л юм даа.
Борооны дуслуудтай хамтад урссан “сэтгэлийн нулимс”, бодлын хэлхээс “тайвширч” эхэлжээ. Энэ л амьдралын нугачаанд монголчууд бид алс холын нутагт аав ээж, амраг садан, үр хүүхдүүдээсээ холд олон он жилийг элээж байна. Анхландаа “мөнгө” хайсан амьдрал, алсдаа “айдас шаналалгүйн” амар амгаланд “тухалж”, зөвхөн өөрийгөө “хичээх” аминчхан сэтгэлд  “шингэн уусч” буй. Энэ нугачаан дунд хичнээн гэр бүл “салж”, хичнээн үр хүүхэд “санан бэтгэрч”, хичнээн аав ээж хүлээсэн сэтгэлийн “зовиур” дунд гэгээн алсад одоо бол. Яг л аянга цахилгаантайаадар бороон дунд норж тэвдсэн мэт сэтгэлдээ бид “амьдрал хөөж, бас дээшлүүлэх” гэж алсыг зорьцгоосон. Одоо бороо намжиж олон хүн “бээрсэн сэтгэлээ” дулаацуулж эхэлж байна.
…Харин одоо бороо зогсож наран гарчээ. Нээрээ! Борооны дараа энэ дэлхий, байгаль орчин ямар үзэсгэлэнтэй сайхан харагддаг юм бэ? Сэтгэлийн гуниг ч боороотой хамтад аль хэдийн арилжээ. Эрээнтэй бараантай ч амьдрал сайхан. Бороотой шороотой ч байгал дэлхий ч сайхан. Энэ сайхан байгал дэлхийд энэ л сайхан амьдралаар амьдарч, өөр өөрийн хувь тавилангаа өөрөө үүрч яваа болохоор хүн болж төрнө гэдэг дэндүү аз жаргал.

Тэгээд юундаа гуних юм бэ?

Охин минь! Чи зөндөө л том болж, энэ амьдралын хатуу хэцүүг мэдэрч л явна. Аав нь охиндоо маш их хайртай, бас зөндөө л санаж байна.  Нэгэн цагт аав нь охиндоо очноо.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-10-06

Share Your Thoughts