Бусдаас хүсч байгаа зүйлээ

Хүн гэртээ ганцаараа байхдаа л өөрийн хүсэл болон дур зоргоороо байдаг. Харин олон нийтийн дунд орохоороо тодорхой хэм хэмжээнд захирагдах болдог. Энэ бол харилцаа, харилцааны соёл юм. Хүн болгон адилгүй үзэл бодол, зан араншин, өөр өөр хүмүүжилтэй байдгаас бие биетэйгээ харьцах харьцаа, хандлага нь янз бүр. Тийм ч учраас хүмүүсийн хоорондын харилцаа олон янзын зөрчил үүсгэж, оюун санааны бухимдалд хүргэх нь цөөнгүй.

Бусдаас сонсохыг хүсч буй үгсээ…

-Сайн байна уу? та
-Та өнөөдөр их сайхан харагдаж байна шүү
-Та их сайхан сэтгэлтэй хүн юм аа
-Таны хэлсэн үг надад их сайхан сэтгэгдэл төрүүллээ
-Миний төлөө гаргасан сайхан сэтгэл, сайн үйлс бүхэнд тань талархаж явдаг шүү
Хүмүүс ажил дээрээ, гэртээ, үйлчилгээний газар, ер нь хаа ч явсан урам талархлын сайхан үг сонсохыг хүсдэг. Зүгээр л хараад, хүлээгээд суугаад байвал ийм үгийг хэн ч танд хэлэхгүй. Та бүх зүйлийг өөдрөг сайхнаар харж, төсөөлж, хүн болгонд ийм сайхан үгсийг хэлж байвал, хүмүүс танд өнөөдөр эс ч маргааш энэ үгсийг хэлэх л болно.
Монголчууд бид зарим тохиолдолд ийм үгсийг “манж” гэж нэрлэж. ийм үгсийг хэлж буй хүнийг “зусар”, “нялуун” гэхчилэн шоолох нь олонтой. Бид өөрсдийгөө “гүндүүгүй”, ” хээгүй”, “шулуун” гэхчилэн үнэлж, “цоллон”  ийм байхыгаа монгол зан мэтээр төсөөлөх нь ч буй.
-Юу байна хөгшөөн
-Ээ хулгайч аа, юмаа мартчихаж
-Чи ч лаг амьтан юм аа
-Тэр ч харин овоо хуцдаг гар байна лээ
-За чи битгий онигоотоод бай
Бид өдөр болгон өөрсдөө ч анзаарахгүй ийн ярилцана. Арай соёлтой нэгэн сонсох ахул бөөн бүдүүлэг, зэрлэг омгийнхон дунд орох мэт. Уг нь энэ бүхнийг бий болгон төлөвшүүлэхэд дунд сургуульд бидний 10 жил тасралтгүй эр эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүйн дүрэм, байц тусагдахуун судалсан монгол хэлний хичээл, бас гэр бүлийн орчин гол үүрэг гүйцэтгэх учиртай юм шүү дээ. Монгол хэлний хичээлийг бүтэн 10 жил олон цагаар судлаад зөв ярих, өөрийн бодол санаагаа аятай сайнаар илэрхийлж сураагүйд манай боловсролын тогтолцооны гажуудал мэдрэгдэж байгаа хэрэг.
Бусдын дэргэд эхнэртээ “хайртай шүү, чамдаа” гэж хэлэхээс ичдэг, үр хүүхдээ магтаж урамшуулахаас цэрвэдэг, бие биедээ урам талархлын сайхан үг хэлэхээс татгалздаг энэ байдал бидний харилцааны эерэг сайхан хандлагад саад болж байна. Даяаршиж, хамтдаа соёлжиж буй энэ ертөнцөд та бид өөрсдөө л хичээж энэ бүхнийг бий болгохоос өөр аргагүй.
Та яг өнөөдрөөс эхлээд л хүн болгонд инээмсэглэж, урам талархлын сайхан үгийг хэлээд үз дээ. Та бусдаас сонсох сон гэж хүсч байгаа бүх үгээ хичээж байгаад ч болов бусдад хэлээд л бай. Хүмүүс таныг гайхан харж, шоолж мушилзаж байвч бүү тоо. Маргааш нөгөөдөр, магадгүй жилийн дараа ч юм уу та энэ үгсийг эргүүлээд сонсох л болно. Тэр цагт таны сэтгэл үүлгүй тэнгэр мэт цэлмэг, амьдрал тань ямагт шувуудын жиргээ мэт баясгалантай бас хөгжилтэй байх болно.
Өөрийн боломжоороо бусдад туслах хэцүү гэж үү?
“Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэхчилэн сургааль үгсээс гадна
Баавгайтай чихэр олдвол
Хувааж идэж бай
Багыг нь нөхөртөө өгвөл
Хамтын ёс биш    гэхчилэн үзэл сурталжсан шүлгээр хүмүүжиж байсан монголчууд бид, өнөөдрийн ороо бусгаа цагт багагүй өөрчлөгдөж байна. Бусдад тус болж байгаа нэгнийг “улаан ном”д оруулах шахан гайхна.
-Чи хүнд тусаллаа гээд чамд хэрэг болох биш
-Нэг л их сайхан сэтгэлтэй, өөрөө юу ч үгүй хоосон амьтан
-Илүү зуйрган, баяжихад саад гэж мэдэх үү?
-Чи дандаа л бусдад ашиглагдаж явах юм. Тэглээ гээд баяжичихсан чинь хаана байна?
-Одоо цагт хувиа л хичээж яв. Бусдад тусаллаа гээд чамд унах унац юу ч үгүй
Хүний хүсэл, үйлдэл бүхэн “шидэт саваа”-гаар дохиод л бүтэж биелдэггүй болохоор хэзээ нэгэн цагт, ямар нэгэн нөхцөлд бусдын тус дэм хэрэгтэй болдог. Тус их байж болох авч, сэтгэл байвал багаддаггүй гэнэ. Юу юунаас илүү тухайн тохиолдолд чин сэтгэлээсээ хандаж тусалсан тус хамгаас үнэтэй, бас мартагддаггүй.
Монголчууд “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж сургадаг. Өвдөж байхад санаа зовж биеийг нь асуух, өргөж чадахгүйд дэм болж туслах, өлсөж даарч явахад халуун хоол цай хийгээд өгөх, ядарч явахад сонсож сэтгэлийн урам өгөх, шаналж явахад нулимсыг нь арчиж тайтгаруулах бүгд л тус.
Түүнд хэрэгтэй зүйл нь танд байхад харамлах хэрэг юун. Түүний хайгаад олохгүй байгаа боломж нь танд байхад татгалзах хэрэг юун. Түүнд дэмжлэг болох ухаарал урмын сайхан үгс таны сэтгэлд байхад залгих  хэрэг юун.
Чин сэтгэлээсээ бусдад өгсөн таны тус, нэгэн цагт танд эргэн ирэх тавилан буй. Хорвоо ертөнц нарыг тойрон нэгэн тэнхлэгт эргэдэгтэй адил, өдөр шөнө ээлжлэн энэ ертөнцийг хар цагаанаар сүлж, гэрэл харанхуйгаар бүрхдэгтэй адил хүмүүний тавилан жаргал зовлон, баяр гуниг, сайн муу үйлээр ээлжлэн эргэдэг.  Чухам энд л хүн хүндээ туслах, хайрлах, ойлгож энэрэхийн увидас буй.
“Би түүнд тус болж чадна л даа. Гэхдээ тэр надад таалагдахгүй байгаа учраас би түүнд туслахыг хүсэхгүй байна” гэж бодох цаг дор, маргаашийн өдөр танд ирж болох олон сайхан учралууд танаас үргэн одно. Хүнд байгаа боломж бүхэн сэтгэлийн өгөөмөр сайхныг дагаж явдаг гэнэ.  Сэтгэлийн өгөөмөр сайхан үгүй болох мөчид тэр үнэт боломж бололцоо алга болно.
Өөрт байгаа бүх л боломжоороо бусдад тус болох тийм ч хэцүү биш. Харин тус болох хүсэл сэтгэл үгүй болох хамгаас хэцүү. Тийм хүмүүс сэтгэл нь ямагт жихүүцэж, ганцаардан шаналж, уцаарлан бухимдацгаана. Тэр хэрээрээ бусдаас ирэх сэтгэлийн илч гэрлийг мэдрэхээ болино. Яг л үхдэл мэт…

Бусдаас хүсч байгаа зүйлээ…
“Хүмүүс намайг сонсоосой” гэж хүсч байгаа бол бусдын ярихыг үргэлж анхааран сонс. Яриаг нь тасалж, орилж хашгирахгүйгээр, ярьсаныг нь инээн шоолж, гутаан доромжлохгүйгээр, бусдад дамжуулан хов жив болгохгүйгээр анхааран сонс. Танд таалагдахгүй байлаа ч бүдүүлгээр таслахгүйгээр аятай сайнаар илэрхийл. Энэ бүхний тань хариуд хүмүүс таны яриаг анхааран сонсох цаг ирнэ.
“Хүмүүс намайг хүндлээсэй” гэж хүсч байгаа бол бусдыг ямагт хүндлэ. Бүсгүй хүнд хаалгыг нь нээж өг, балчир хүүхдийг бүдэрч унахад нь өргөж босго, ахмад хүний тохойг нь дэмнэж суудал тавьж өг. Бүсгүй хүнийг хормойдож бүү гүй, балчир хүүхдийг бага гэж бүү бас, өтөл хөгшидийг “зөнөг” гэж бүү хэл. Танихгүй хүнээ ‘та” гэж хүндлэн харьц, таних хүнээ марзаганан бүү шоол. Энэ бүхний хариуд нэгэн цагт хүмүүс таныг хүндэлж байгааг мэдрэх болно.
“Хүмүүс намайг ойлгоосой” гэж хүсч байгаа бол бусдыг ойлгохыг хичээ. Хүний үйлдэж буй сайн муу үйл бүхэн сэтгэл зүрх, оюун санааных нь илрэл байдаг. Бурууг хийгээд шаналж яваа нэгнийг тавалж бүү шоол. Баяр хөөрөөр бялхаж, онгирч яваа нэгнийг гутааж бүү шоол. Бүсгүй хүний нулимсыг хурууны өндгөөр арчиж аргад, балчир хүүхдийн хацрыг алгадаж бус үнсэж өхөөрд. Тэр бүхний хариуд хүмүүс таныг ойлгож, чин сэтгэлээсээ эелдэг сайхнаар хандахыг анзаарах болно.
Хүн болгон гайхамшигтай сайн байдаггүй ч аймшигтай муу байдаггүй. Хүмүүс өөртөө хэрэгтэй бүхнийг бусдаас хайдаг. Гэхдээ энэ нь мөнгө биш сэтгэл. Бусдаас авахыг хүсч байгаа зүйлээ бусдад өгч чадвал, эргүүлж авч чадна. Заавал өнөөдөр биш, маргааш нөгөөдөр, магадгүй жилийн дараа, эсвэл олон жилийн дараа. Энэ нь хүн байхаын утга учир буюу.
Та ганцаараа сайн хүн байгаад яах юм бэ? Таны эргэн тойронд байгаа бүх л хүмүүс сайн сайхан байж чадвал, тэр л илч гэрэлд ямагт дулаацаж, бас гэрэлтэж чадах болно. Бүгдээрээ л хичээх аваас бүх зүйл сайн сайхан болох боломж бидэнд буй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-11-13

Share Your Thoughts