Бусдыг муулахуй

…Гурван найз “буу халж” сууна гэнэ. Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа “тэр ч хөгийн амьтан”, “энэ ч новшийн амьтан”, “ёстой бүтэхгүй нөхөр” гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь “яс юман дээр энэ ч бас л хөгийн гар даа” гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.

Найз нөхөд уулзаж учран хууч хөөрч суухдаа бишгүй л олон зүйлийг ярьцгаадаг. Ажил төрлийнхээ тухай, амьдралын олон асуудлын тухай, элдэв санаа зовоосон асуудлын тухай, бас учраа олохгүй байгаа зүйлийнхээ тухай ярина. Сэтгэлд нь хургаж, шаналал болон зовоож байсан зүйлийнхээ тухай дотно сайн найздаа ярьж, санаа бодлоо хуваалцан сэтгэлээ онгойлгох сайхан. Иймэрхүү яриан дунд хэн нэгний тухайд онцлон ярих нь олонтаа.

Харин үүнээс огт өөрөөр ойр тойронд байгаа хэн нэгний тухай, хамт ажилладаг хэн нэгний тухай, сайн таньдаг нэгний тухай, сургаар мэдэх нөгөө нэгний тухай, ханилж байгаа ханийнхаа тухай хэрэг болгон ярих нь бий. “Шиврээ бороо хувцас норгож, шивнээ яриа хов болон” хувирч, найз нөхдийн дунд “шаазгай болон шагшрах” нь зөндөө. Энэ л “шаазгай”, монголчууд бидний дунд таагүй харилцаа болон сайдаж муудах олон шалтгийг авч ирдэг. Харин хүмүүс болохоор “Овоо босгоогүй бол шаазгай юунд шагшрах билээ” хэмээн учирлана.

ӨРӨӨЛИЙГ ШИНЖИХҮЙ

…Хүмүүс бид бусдыг ихэд шинжин сонждог. Өмссөн хувцас, өөрийгөө авч явах байдал, хэлэх үг яриа, хэлэлцэх араншин, байр байдлыг ихэд ажна. “Хаанаас ирсэн хэн гэгч болох, хэн хэнтэйгээ амьдардагаас эхлээд, хэзээ хаана хэрхэн ажиллаж амьдарч байсныг хүртэл битүүдээ сонирхох. Шинэ юм болгон хүний сонирхлыг татаж, элдэв таамгийг сэтгэлд нь эргэлдүүлдэг нь ёс мэт. Хүний сэтгэлд буусан анхны таамаг тэр болгон үнэн байдаггүй хэдий ч сэтгэл зүйн “сорил” байдгаараа ихэд сонирхолтой. Хэзээ хойно тэр хүнтэйгээ дотно нөхөд болсон хойноо,
“би чамайг анх харахдаа … гэж төсөөлж, бодож байж билээ” хэмээн сэтгэлийн сорилоо “тайлна”. “Таван үгэндээ танигдана” гэдэгчлэн элдэв асуудлаас болж маргаж мэтгэлцэхдээ хүртэл “зөв буруу”, “сайн муу”-г анзаарч л байдаг. Хамтдаа ажиллаж байхдаа ажил хэрэгт хэрхэн хандаж байгаа болон хүнд хэцүү мөчид гаргаж буй араншингаар нь үнэлж л байдаг. Амарч, хамтдаа цэнгэж байх үедээ хүртэл амнаас унах үг, аалигүйтэн марзганах мөч, халамцаж мансуурах араншингаар нь сонжиж л байдаг. Хүмүүс бусадтай хамтад ажиллаж амьдарч байх мөч бүхэндээ бусдын анхаарлыг татаж, бас сонирхлыг төрүүлж, байнга шинжүүлж байдаг ажээ. Магадгүй бидний хувьд өөрийн хүссэнээсээ өөрөөр байж, бусдад таалагдахын тулд гаргадаг элдэв араншин үүнтэй холбоотой байж мэдэх. “Бусдад муу хэлэгдэхгүй байх” хүсэл зарим хүмүүсийн энэ амьдралд хандах хандлагыг өөрчилдөг байж болох.
ӨӨРТЭЙГЭЭ ЖИШИХҮЙ
…Харин хүмүүс хоорондын харилцаан дахь элдэв асуудалд хүн ихэвчлэн бусдыг өөртэйгээ жишиж үзэх нь олонтой. Мэдээж хүн болгоны ухамсар болон хүмүүжил өөр өөр байдаг болохоор гол зөрчилдөөн нь эндээс л үүсдэг. Бусдад худал ярихаа юманд боддоггүй бол бусдыг ямагт үнэн ярьж байгаад итгэдэггүй. Бусдыг мэхэлж хуурч байхдаа санаа зовдоггүй нэгэн бусдыг үнэнч байна гэдэгт огтхон ч үнэмшдэггүй. Алив зүйлд ашиг хонжоо ямагт хардаг хүмүүс, бусдын чин сэтгэлээсээ хандаж байгаа хандлагыг ердөө ч ойлгодоггүй. Ийм хүмүүс бусдын сайн үйлсэд ямагт эргэлзэж, үйдэл болгоныг  өөрийн хандлагаар жишиж, “гэнэн тэнэг”-ээр нь шоолж байдаг аж. Зарим их уншиж, ухаарал авдаг хүмүүс,  огт уншихгүйгээр таамаг төдий хоосон ярьдаг хүмүүсийг “ойлгодоггүй”.  Ажил хэрэгч, шударга хүмүүс, өөрийнхөө хийх ажлыг оромдож, хийсэн өчүүхэн ажлынхаа төлөө бусдаас шан харамж, алдар нэр горилж байдгийг “мэдэрдэггүй”.  Бусдад чин сэтгэлээсээ тус болж, дэмжиж чаддаг хүмүүс, бусдын зовлон шаналал дээр “жүжиг” тавьж, өрөвдсөн “дүр” үзүүлж чаддагийг “анзаардаггүй”. Хүн болгон өөр өөрийн
хүмүүжил төлөвшлөөрөө бүх зүйлд хандаж байдаг болохоор ямарваа үйлдэл болгоны эцэст бусдыг өөртэйгээ жишин “энэ ингэсэн л байх” хэмээн сайн муугаар өрөвдөж, өсөрхөж ханддаг аж. Харин сайнаар эсвэл муугаар жиших нь тухайн хүний араншингаас л хамаарах аж.
БУСДАД МУУЛАХУЙ
…Харин хэн нэгний тухай хэн нэгэнд муулж ярих нь ердөө л өөрт нь таалагдаагүйгээс л болдог аж. Хүн бүр өөр өөрийн араншин болон ажил амьдралд хандах хандлагатай байдаг болохоор заавал бусдад таалагдах албагүй л дээ. Мэдээж зарим зүйл дээр санаа нийлж болох авч санаа нийлэхгүй зөрөлдөх олон шалтгаан буй. Санаа нийлэхгүй зөрөлдөж байгаа зүйлийнхээ төлөө тэр хүнийг бусдад муулж ярьдаг базаахгүй зан монголчууд бидэнд байгаа юм даа. Хэн нэгнийг бусдад муулж ярьж байгаа хүний яриа нь өөрийгөө өмөөрч зөвтгөх шалтгаас үүдэлтэй байдаг болохоор зөв сайнаар харьцуулах ямарч боломж үгүй. “Тэр ёстой хөгийн амьтан байна билээ” гэж эхэлсэн яриа тэр хүний тухай муу жишээ болгоноор “хачирлагддаг” болохоор, төсөөлөх ахул энэ ертөнцөд байхгүй “бузар булай”, “муу юм болгоныг шингээсэн ад зэтгэр” мэт санагдана. Ам халсан яриандаа сэтгэл нь сэргэж, бусдыг муулах тусмаа өөрөө “өнгө орон” гялалзаж, энэ тааламжиндаа “хөлс нь чийхарч”, “бие нь тавирдаг” хүмүүс мэр сэр бий. Харин ярианы төгсгөлд “за тэгээд хүн амьтанд яриад яах вэ?” гэж “өршөөнгүй” хандаж, “нууцыг хадгалах”-ыг  битүүхэндээ “сануулна”. Бүх ярианы туршид “ам нийлэн” уулга алдаж байсан сонсогч нь, хэзээ нэгэн цагт өөрийг нь бусдад муулж ярьж болохыг төсөөлөх авч анзаарахгүй. “Маш нууцын” зэрэглэлтэй ийм яриа “ам дамжсаар” өөрт нь сонсогдох мөчид харин дараагийн “бай” нь өөрөө болж мэдэхийг мэдэрнэ. Зарим тохиолдолд  муулуулсан хүнд хэн нэгэн энэ ярианы тухай “мэдэгдэж”, өөрөө түүнд “талтай”-гаа  нотолж, “эсэргүүцэл”-ээ илэрхийлэх нь бий. Яг л гинжин хэлхээ мэт.  Энэ л гинжин хэлхээ монголчууд бидний бие биенээ хүндэтгэн харилцах, бие биенээ чин сэтгэлээсээ дэмжих, эвлэлдэн нэгдэх хандлагад саад болоод байгаа юм даа.
…Монголчууд бид даяаршлын энэ цаг дор ихэд өөрчлөгдөж буй. Монголчууд бидний ирээдүй үе болсон залуус илүү сайнаар өөрчлөгдөх ёстой. Тэдэнд сайнаар нөлөөлөхийн тулд бид бусдыг муулж ярьдаг энэ “гинжин хэлхээ” нээсээ бага багаар болов салах хэрэгтэй болж байна. Ядахнаа л бид өөрсдөө ийм ярианаас татгалзаж, хэн нэгний ийм яриаг тоож сонсохгүй байж болно шүү дээ. “Доллар биш болохоор бид хүн болгонд таалагдах албагүй” ч бидэнд сайн муу бүх л чанар цогцолж байгаа. Сайн муу чанарын аль нь тухайн хүнд илүү байгаагаараа л ялгардаг.
Яг үнэндээ бол  ӨНӨӨДӨР БУСДЫГ ЧАМД МУУЛЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН, МАРГААШ БУСДАД ЧАМАЙГ МУУЛЖ ЯРИХ Л БОЛНО.  Бас “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-11-02

 

Share Your Thoughts