Буун дуу юуг сануулаад байна вэ?

Миний төрж өссөн Завхан аймгийн Завханмандал сумын нутгаар урсах Хүнгүйн голын эхэнд хэдэн мод ургасан байдаг сан. Нутгийнхан тэр орчмыг ‘Гацаа”  гэж нэрлэдэг төдийгүй бүх л үеэрээ түүнийг хайрлан хамгаалж иржээ. Бидний балчир ахуйд , “Гацааны хэдэн модыг огтолбол Хүнгүйн гол ширгэж, бид усгүй болох аюултай” гэсэн ойлголтыг ухаан санаанд минь ягштал суулгаж өгсөн дөө.
“Голын усанд сүү, эсвэл цус дусаавал нүд чинь сохордог юм шүү” гэж байнга сануулж, хянаж байсан эмээ ээж минь бурхны оронд одоод удаж байгаа ч Хүнгүйн гол минь  цаг хугацааны бүх л түүхийг хаман урсан урссаар. Жил жилээр урсгал нь татарч байгаа голын усыг харахаар мөнөөх л хэдэн мод санаанд минь бууна.
Монгол орны минь нутгаар мяралзан, тунаран урсах олон гол ус, булаг шанд, нуурууд ширгэж байгаа сонсож мэдрэх бүрд нүд минь “сохорч” байгаа мэт сэтгэл нэг л түгшүүртэй. Уул уурхайн халуурал хийрхэлд, монгол эх нутаг минь биеийг нь хутгаар сийчих бүрд өвдсөндөө ёолон хашгирч, хараагүй болсон өрөөсөн нүдээрээ гаслан уйлах, гомдож цөхөрсөн хүн лугаа адил болж байна даа.

“Пураам” ба Ц.Мөнхбаяр
-Ц.Мөнхбаярыг бид сайн мэднэ. Нутгийнхаа нүд нь болсон Онги голоо хамгаалах хөдөлгөөн байгуулж, түүнийг ширгээж сохлохгүйн тулд чин сэтгэлээсээ санаа тавьж, тэмцэж яваа эгэл монгол залуу. Тэр шүүмжлээд суугаад байдаггүй, өөрийнхөө хийж чадах бүхнээ хийж чадаж байгаа болохоор би түүнийг үнэлдэг.
Түүнийг манай төрийн дарга нар сайн мэдэхгүй, харин дэлхий мэднэ. Харин манай төрийн дарга нарыг дэлхий мэдэхгүй. Эх нутгийнхаа байгаль, гол мөрнийг хамгаалахын төлөөх зүтгэл тэмцлийг нь дэмжиж АНУ-д төвтэй дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэг өөрийн шагналаа Ц.Мөнхбаярт гардуулсан юм. Энэ шагнал нь манай эрхмүүдийн баруун солгойгүй цацдаг, бас мөнгө зулгуйдалтаар өгдөг “гавьяат”
цолноос огт өөр их л мундаг шагнал л даа. Харин манай дарга нар энэ тухай мэддэггүй ч юм уу мэдэхийг ч хүсдэггүй юм уу, дурсдаг ч үгүй, хүндэлдэг ч үгүй.  Ер нь сайтар бодож тунгаавал Ц.Мөнхбаяр манай хэдэн дарга нараас хавьгүй илүү мундаг хүн л дээ.

-Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пураам” компаны тухай бид мэдэхгүй. Ойрын үеийн олон нийтийн анхаарлыг татсан хэрэг явдлын улмаас мэдэж эхэлж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл орчимд алт олборлодог энэ компани, 50 тн алтны нөөцтэй, нилээдгүй га газрыг 30 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрөл авч, хашиж хамгаалж, үйл ажиллагаагаа нилээд нууцлгадмал явуулдаг бололтой. Хамгийн ноцтой нь алт угаах явцдаа нутгийн нүд болсон ганц голыг нь ашиглан ширгээж, оронд нь нутгийн ард иргэдэд өөрийн унаагаар ус түгээж “буян” болдог гэнэ.
Зүлгэн дээр нь гэрээ барьж бас тарвалзаж өссөн нутгийн олон, өдгөө харь нэгний машинаар зөөсөн усаар амьдралаа залгуулж байхдаа учиргүй баяр талархалтай байгаа гэж андуураад байгаа юм байхдаа. Малаа бэлчээн, тааваар хэсч өссөн нутгаа төмөр тороор хашуулсан энэ нутгийн эзэд нь ард олон нь юм уу? аль эсвэл алт олборлож байгаа хятадууд юм уу?

-Сүүлийн үед олны анхаарлыг татсан шуугианы эзэд нь “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүд С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нар гэнэ. Тэд мөнөөх “Пураам” болон “Сентра гоулд” компаны техник, төхөөрөмж рүү буудсан гэнэ. Хүн рүү бус техник төхөөрөмж рүү нийтдээ 20 иод сум илгээсэн юм байх. Энэ талаар хүмүүс олон л янзаар хандаж буй. Сүржин зарим нь бараг иргэний дайн шахуу төсөөлж, даржин олон нь эх нутгаа хамгаалж, хэрэгждэггүй хууль тогтоомжийн эсрэг бууджээ гэж ойлгож буй.
Тэд энэ үйлдлийнхээ тухайгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн 17.2 заасан “байгаль орчноо хамгаалах” иргэний журамт үүрэг болон, Монгол Улсын “Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль’-ийн дагуу тавьсан шаардлага гэдгээ тайлбарлаж байна. Яг үнэндээ сүүлийн хуулийг санаачилж УЙХ-аар батлуулахад тэд их зүтгэл санаачлага гаргасан гэж би сонссон юм байна. Түүнчлэн тэд энэ хуулийг хэрэгжүүлэх тухай шаардлага болон санал хүсэлтээ удаа дараа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэнэ.
Харин авилгалаар амаа үдүүлж, мөнгөөр сэтгэлээ аргамжиж, шуналаар өөрсдийгөө оосорлосон мөнөөх эрх мэдэлтнүүд ямар ч арга хэмжээ авсангүй. Аргаа барахдаа тэд сануулгаа буун дуугаар илэрхийлсэн хэрэг. Би л лав тэдэнд итгэж тэднийг дэмжиж байна.

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”
Уул уурхайн халууралд солиорч, хийрхлээр өвчилсөн Монгол төрийн эрх баригчид энэ улайралдаа дэгжин чичирч юуг ч олж харж, юуг ч мэдрэхээ больцгоожээ. Өдрөөс өдөрт ширгэж буй олон гол мөрөн, урсгал ус, устаж үгүй болж байгаа ургамал амьтад, ухаж төнхөөд хөрс нь улаанаар эргэж, тоос манарсан газар нутаг, ухсан нүх, овоолсон шороог тэд олж харахгүй байна гэж үү? Тал сайхан нутагтаа тааваар жарган амьдрах монгол ахуй хаашаа одож байна вэ?

Улаанбаатарт чигжиж барьсан замбараагүй, баталгаагүй хэдэн барилга, уул тал хөндийг тэсэлж дэлбэлэн, хөрсийг нь хуулж, хэвлийг нь онгичих замбараагүй үйлдлээ “хөгжил” гэж нэрлээд “хөгжин дэвшиж байна” гэж зарлаад байгааг харахаар эрүүл өвчтэйг нь ялгах арга үгүй. Монгол орны хөрсөн доорх баялгийг энэ цагийн бид ингэж ашиглан барж идэх эрхтэй билүү?. 2.7 сая хүний хөгжил болон, улс орны дэвшилд , зөв сайн бодлогоор ашиглаж чадвал “Тавантолгой” н баялаг хүрэлцэнэ гэдэг тооцоо байдаг юм билээ. Гэтэл “Оюу толгой”, одоо ашиглах гэж байгаа уран, үүнээс гадуур ашиглагдаж байгаа алтны болон бусад олон эрдэнэсийн уурхайнууд…
Бидний мэдэх мэдэхгүй энэ олон уурхайн эздийн ихэнх нь хятадууд болон солонгосчууд. Тэр болгонд газар нутгаа, өөрсдийн тайван амьдралаа хамгаалсан нутгийн иргэдийн эсэргүүцэл, хэрэгждэггүй хууль тогтоомжийн хадан ханыг мөргөн цөхөрч байна. Алтыг нь тэд аваад, бид эвдэрхий хоосон авдартай үлдэх гэж үү?Бид нутагтаа үлдэж, тэд алтаа аваад арилж өгнө. Ширгэсэн голын хайрга, эргэсэн хөрсний овоолготой үлдэх ахул хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бэ?
Огтолж буй мод бүрийн тоогоор ус гол ширгэж буй. Эргүүлж буй хөрс бүрийн хэмжээгээр ургамал амьтад устаж буй. Олж буй алт эрдэнэсийн хэмжээгээр хүн чанар тусгаар тогтнол алдагдаж буй. Харин хэн хожиж, хэн хохирч байна вэ?
Хэрэгждэггүй хууль дүрэм
Эрүүл саруул ухаантай, эх орноо хайрлах сэтгэлтэй хүмүүс УЙХ-аар “Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газарташигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” санаачлан батлуулсан юм билээ. Хуулийг баталж чаддаг хэрнээ хэрэгжүүлж чаддаггүйн бодит жишээ энэ. “Moнголын хууль гурван хоног”  гэдэг олон утгатай битүү хэллэг өнөөдөр Монгол оронд хууль хэрэгждэггүй дураар аашилдагийн илэрхийлэл болж буй.

Хуулийг гууль бас мөнгө болгож чаддаг эрх мэдэлтэй, шуналтай эрхмүүдийн мунхаг үйлдлүүд гадны хэн дуртай нь Монголын хуулийг ердөө “нулимж” орхидог муу зуршилд сургаж байна. Чухам ийм тэнэгүүдийн гайгаар өөрийн орондоо хуульд захирагдаж, хатуу мөрддөг гадныхан, Монголд хууль бус үйлдэл хийж, хууль зөрчиж байгаадаа огтхон ч санаа зовохгүй байна. Тэд авилгалаар Монголын хуулийг ч худалдан авах болжээ. Одоо тэд “даварсаар Дагвын орон дээр гараад зогсохгүй Дагвыг ч гэрээс нь хөөх” болж байна. Энэ юу болж байнаа?
Тэд авилгалаар авсан мөнгөөрөө үнэтэй машин тансаг сууц худалдан авч чадах ч, эрүүл саруул сэтгэлгээ, эх орноо хайрлах сэтгэлийг худалдаж авч чадахгүй. Тэд өнөөдөр эрх мэдэл боломжоо ашиглан хууль бусаар баяжиж, бусдад гайхуулж чадах ч, маргааш энэ бүхэн таны амьдралыг эргүүлж шударга хуулийн өмнө цээрлэл хүлээх баримт болно. Тэд эх орны баялгийг худалдан байж олсон бүхэн нь маргааш тэдний хувьд ширгэсэн гол, эргэсэн хөрс сэглэгдсэн сэтгэл болон хувирах болно.
Энэ бүхэн тавилан буюу.

Буун дуу юуг сануулна вэ?
Сүүлийн үед Монгол оронд газар нутаг, онгон байгаль, уул усаа хамгаалан гадны хөрөнгө оруулалттай компаниудад зэвсэглэн халдсан хэд хэдэн тохиолдол гарлаа.
-Энэ бол хэрэгждэггүй хуулийн өмнө хүчин мөхөсдөхдөө бухимдсан олны сэтгэлийн гүнээс гарч буй буун дуу.
-Энэ бол амар тайван аж төрж асан нутгийнхаа газар шороогоо, ус ургамлаа, амьтан жигүүртнээ, уул овоогоо харийнхнаас хамгаалан, энэ л хэвээр нь үлдээх гэсэн сэтгэлийн уулга алдалт.
-Энэ  бол харсаар байтал бидний нүдэн дээр, өөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө эх орны баялаг бүрийг харийнханд худалдаж буй бэртэгчингүүдийг үзэн ядсан хорслын дуун.
Ийм сайхан эх нутаг, газар шороо, урсгал ус, амьтан ургамлаа өчүүхэн өнгөт төмрөөр арилжчихаад малаа хаанаа билчээж, ханаа хаана дугуйлж, наадмаа хаана хийх юм бэ? Айргаа хаана эсгэж, ааруулаа хаана дэлгэж, аарцаа хаана шүүх юм бэ?
Морьдоо хаана тарлаж, хуураа хаана татаж, дуугаа хаана дуулах юм бэ?
-Монгол Улсын эрхэм ерөнхийлэгч Элбэгдөрж нэгэнтээ ашигт малтмалын лицензийн олголтыг зогсоож, энэ талаар анхаарлаа хандуулж байсан. Тэр үед бидний баярлаж хүлээсэн итгэлийн хариу алдагдаагүй л байгаа шүү. Өдгөө хууль бусаар олгосон бүх л лицензийг шалгаж, өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу цэгцлэх цаг болжээ. Эс тэгвэл монгол хүн монгол нутагтаа эзэн нь байх боломж үгүй болох нээ.

-Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та хуулийн хэрэгжилтэд санаа тавьж, Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах болоогүй юу? Монголын нутаг дэвсгэрт гадныхны өдөөж, үйлдэж буй олон хэргүүд шийдэгдэлгүй замхарч байгаад олон хүн сэтгэл түгшиж байгаа. Тэрчлэн гадаад оронд эрх ашиг, амь нас нь хохирсон монголчуудын олон хэргүүд бас шийдэгдэхгүй, эсвэл замхарсаар байгааг бид бас л сэтгэл түгшин ажиглаж байна. Энэ бүхний цаана хуулийг хувийн ашиг сонирхолд, эрх мэдэл, мөнгөөр хуйвалдан нийцүүлж байгаа муу үйлдэл байна гэж бид сэжиглэж байгаа.   Монголын хууль жинхэнэ утгаар хэрэгжих цаг хэзээ ирэх вэ?
Бухимдсан олны сэтгэлийн гүнээс гарч буй буун дуу нэг л зүйлийг сануулаад байна. Та сайн чагнаж сонс доо!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-09-10

Share Your Thoughts