Бухимдал ба чулуу

  Эхлэл
  Одоогоос яг 18 жилийн өмнө Монгол оронд тайван замаар ардчилсан хувьсгал ялж, ард иргэдийн нүд нээгдэж, эрх чөлөө гэдгийг жинхэнэ ёсоор мэдэрч, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж асан тэр цагт хорвоод мэндэлж асан хувь заяат хүү, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн үймээний үеэр МАХН-ын байр руу чулуу шидсэн хэргээр баривчлагдан хоригджээ. Дэнжийн 1000 хэмээн нэрт газар байрлах Албадан Саатуулах байрны гадаа 18 настай хүүгээ эрж хайн тэвдсэн эх “Би өөрийн хүүгээ амьд мэнд, эрүүл саруул олж авна гэсэн баталгаа хаана байна. Арай ч дээ? ” гэж уйлан бухимдана. Ардчилалын ач тусаар хүчирхийлэл, луйвар залилан, шударга бус үйлдэл гэдгийг төсөөлөх ч үгүй байх учиртай 18 настай хүү хүчирхийллийн дуулган дор, төрийн төмөр нүүрний өмнө, хорих газар хоёр гараа ар шилэндээ авч, газар тонгойн сууна.
Энэ эх үүнийг хүсээ гэж үү? Та бид ч үүнийг хүссэн гэж үү? Үүний төлөө Ардчилсан хувьсгал Монгол оронд ялсан юм гэж үү? Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж ахуй тэр цагт төрж, эхийнхээ хайр халамж, энхрийлэл дор үнэгчлэн инээж асан тэр хүү өнөөдрийн жагсаал цуглаанд чулуу барин оролцох хүртэл бүтэн 18 жил өнгөрчээ. Энэ бага хугацаа гэж үү? Саяын үймээний үеэр харамсалтайгаар амь үрэгдсэн залуучууд 24-26 настай байсан гэнэ. 18 жилийн өмнө 6-8 настай байсан балчирхан хүүхдүүд өнөөдөр байхгүй болсон гээд бодохоор бидний хүсэн хүлээж байсан ардчилал хаана байна. Ардчилал маань юу болон хувирч байнаа?

Эрдэнэт хүмүүний амь, эд хөрөнгө сүйдсэн энэ үймээнийг “онц байдал”-ын зарлигаар дарж, МАХН-ын байр руу чулуу шидсэн, далимдуулан хулгай дээрэм хийсэн хүмүүсийг хайн мөшгиж байна.
Хувьсгалт намын түүхийн алтан үеийг харуулсан “Өглөө” кинон дээр их жанжин Д.Сүхбаатар сэлэм Тогмидыг буудсан хүнийг олсон уу? гэж асуугаад, “олсон” гэх хариуг сонсонгуутаа бүр ихээр уурлаж ” Биш ээ! Цаад эзнийг нь ол” гэж тушааж байгаа хэсэг байдгийг санаж байгаа байх.
Тийм ээ! яг энэчлэн чулуу шидсэн хүмүүсийг бус цаад эздийг нь олох цаг болжээ.
Нэг дэх чулуу буюу “Сонгуулийн будлиан”
 Монгол оронд ардчилсан хэмээх нэртэй 4 сонгууль энэ 18 жилийн дотор болж өнгөрчээ. 1992, 2000 онд МАХН, 1996 онд  Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, 2004 онд энэ 2 нам адил тэнцүү суудал авч хариуцлагаа хуваасан. Сонгууль бүрийн дараа ёс юм шиг л сонгууль будлиантай болсон гэх маргаан дэгдэх авч, энэ хугацаанд хэн ч нотлогдож, хариуцлага хүлээж  үзсэнгүй. Эцэс сүүлдээ “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэгчлэн 2 нам хоорондоо тохиролцон шударга ёсыг уландаа гишгэлэн, ард олны сонголтыг тохуурхан, арилжих болсон. Ердөө л ил цагаан. 2004 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт Лу. Гантөмөрийн оронд Ж. Гүррагчааг гаргаж, Өвөрхангайн тойрогт З. Энхболдыг гаргаж өрслдөгч Сугарыг нь Төрийн өмчийн хороон даргаар томилж байв. Үүнийг ард түмний сонголт гэх үү?
2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон нөхөн сонгуульд МАХН-ын дарга байсан М. Энхболдыг гаргахын тулд Ц. Элбэгдорж нэрээ татан өрсөлдөгчгүй шахам УИХ -д сонгуулсан нь бас ард түмний сонголт байсан уу?
Мөнгө, хуйвалдаанаар сонгууль явуулж амташсан эрхмүүд сая 2008 оны сонгуульд бүгд л хууль зөрчиж, будлиан тарьсан нь нууц биш. Сонгуулийн өмнө сонгууль будлиантай болно гэж таамаглаад ч, сонгуулийн үеэр будлиантай болж байна гэж заргалдаад ч, сонгуулийн дараа будлиантай болсноо зөвшөөрөн зөвшилцөөд сууж байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Шударга сонгууль шударга өрсөлдөөн хаачаа вэ?
Арай илүү мөнгө хаяж, илүү луйвар хийсэн нь дийлэнхи гарсан байх. Адаг сүүлд нь хулгайч нь хулгайчийг бариарай гэж хашгирдаг үлгэртэй төстэй юм болж байна даа.
Саяхан Даяар Монгол цахим хуудсан дээр хэн нэгэн энэ сонгуулийг хэрхэн луйвардаж явуулсан тухай баримт дэлгэснийг уншлаа. Хэрэв энэ үнэн бол ард түмний сонголтыг будлиантуулах арга нь сонгуулиас сонгуульд бараг ш/у-ны хэмжээнд хүртлээ хөгжсөн юм биш үү? Сонгуульд ялж ялагдаж сурахдаа биш сонгуулиа жинхэнэ шударгаар явуулж, ард олны сонголтыг хүндэтгэж сурах нь юу юунаас чухал болжээ.
Ард түмний сонголт гэж худлаа хошгируулаад хэрэггүй. Сонгуулийг жинхэнэ ёсоор шударга явуулж чадаагүй нөхцөлд энэ чулуу шидэгдсээр байх болно.
Бидэнд өөрийн хүссэн сонголтоо хийх боломжийг нь элдэв заль луйваргүйгээр олгоод өгчих. Өөр юу ч хэрэггүй.
Хоёр дахь чулуу буюу “Ам ажлын зөрөө”
 2000 оны сонгуулиас эхлээд амлалтын хөтөлбөр бий болсон. Энэ үеэс л нийгмийн өмнө тулгарч байгаа элдэв асуудал бэрхшээлийг шийдэх, шударга ёсыг тогтооно гэхээсээ илүүтэй “Хэрэв ч намайг сонговол би чамд мөнгө өгнө” гэсэн тоглоомын дүрэм бий болж мөрдөгдөж эхэллээ. Энэ тоглоомын дүрмээр 2004 оны 10.000 төгрөг 2008 онд 1.500.000 төгрөг болтлоо ханш нь өслөө. Улс төрийг дуудлага худалдаа болгодог сонгодог жишээ үүнээс өөр хаана байх бол. Хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа нь бас л сонин. Улс төрийн намууд иргэддээ зүгээр л мөнгө тарааж байдаг  буяны байгууллага болж харагдах гээд өрсөлдөөд байх ямар хэрэг байгаа юм бол. Иргэн бүртээ зүгээр тараах гээд байгаа 1.5 сая төгрөгийг дагаад бүх юмны үнэ солиортлоо өсч, ширхэг талхаа 2500 төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрт 2-3 сая төгрөг төлөхгүй гэх баталгаа хаана байна? Бензиний үнэ хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэх төдийд бүх юмны үнэ хэд дахин өсдөг өнөөгийн нөхцөлд иргэдийн орлого нь 1.5 сая төгрөгөөр нэмэгдэхэд бусад юмны үнэ нэмэгдэхгүй гэх баталгааг хэн ч гаргаж өгөхгүй бас хэн ч сонирхохгүй байгаа нь үнэхээр гайхалтай.
Хүн болгонд өгөх гээд байгаа 1.5 сая төгрөгөөр шийдэж болох олон асуудлууд шилээ даран хүлээж байна. Наад зах нь бүх сургуулиа орчин үеийн жишигт хүргэж,  Америкийнх шиг сурагчид зөөдөг тусгай автобустай болгож, хамгийн сүүлийн үеийн тоноглолтой эмчилгээ оношлогооны төв байгуулж, гэр хорооллын тохижилт ариун цэврийн асуудлуудыг шийдэхэд зарцуулья гэхэд дургүйцэх хүн хэр олон гарах бол.
Өнөөгийн УИХ-д олонхи болох улайрсан өрсөлдөөний үндэс нь Монгол орон дахь ашигт малтмалын ордын ашиглалтын ашгийг хуваарлах эрх мэдлийн төлөөх тэмцэл байж болзошгүй гэсэн нэгэн иргэний хардлагатай миний бие санал нийлж байна.
Тийм ч болоод ийм эрээ цээргүй амлалтаар ард түмний тархийг угааж байж болох юм. Уг нь ард түмний сайн сайхны төлөө хийх шаардлагатай олон олон ажлууд байсаар байна.
Гурав дахь чулуу буюу “хуваарилалт нь шог байна”
Социализмын материал техникийн баазыг барьж байгуулах явцдаа МАХН иргэдийг баян чинээлэг амьдрахыг эрс эсэргүүцэн хатуу хяналт тавьж байлаа, “Иргэн баян бол улс баян ” гэсэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө МАХН-ыг үүсгэн байгуулагч С. Данзан буудуулсан юм даа. Энэ тохиргоогоор 1990 он хүртэл Монгол оронд үе залгамжилсан, удам дамжсан баян хүн байгаагүй. 1990 оноос хойш өмч хувьчлал, э/з-ийн бусад олон нааштай арга хэмжээний үр дүнд бага сага баяжиж эхэлсэн. Гэтэл нэг хэсэг нь 18 жилийн дотор асар ихээр баяжиж, хэдэн тэрбүмын хөрөнгөтэй болж, гадаадын казинод хэдэн тэрбүмаар тоглож, бас тансаглаж эхэллээ. Ийм богино хугацааны дотор ингэж баяжсан үзүүлэлтээрээ зарим эрхмүүд  Гиннесийн номонд  ч орохоор болж буй. Дээр хэлсэнчлэн өв залгамжилж, удам дамжсан хөрөнгө чинээ байхгүй байсан болохоор эдгээр эрхмүүд социалист Монгол орны хөрөнгийг өвлөж авсан байж таарч байна.
2,6-хан сая хүн ам, ийм том орны баялгийг ингэж хуваасныг харахдаа л “хуваарилалт нь шог байна”  хэмээн ундууцаж байгаа хэрэг шүү дээ. Нэг хэсгийнхээ туйлын ядуу зүдүү байдлыг харахдаа тэд санаа зовдоггүй л юм байх даа. Үгүй ядахнаа Монгол орондоо дуртай ажлаа хийж хүссэн цалингаа авч тайван амьдрах боломжгүйдээ нилээд хэсэг нь гадаадад гарч хар ажил хийн амьдарч буй.
Энэ 18 жилд ард иргэдээ ажилд сургаж, ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны чадвар, авьяас билгийг нь үнэлж, Монгол хүний үнэлэмжийг бий болгох боломж байж л байсан шүү дээ. Эхнээс нь хүн рүүгээ хандсан бодлого боловсруулж, тэдэндээ боломж олгоогүй мөртлөө Монголчууд бол туйлын залхуу хүмүүс гэж сурталчлаад сууж байгаа нь юуных вэ?
Гадаадад ажиллаж үзсэн хүн бүр л 2.6-хан сая хүнээ ингэж амьдруулж байх ч гэж дээ гэж төр баригчдад  “хорсож” биш “гомдож” халагладаг. 2.6 сая хүн жилдээ хэдэн тн мах, гурил, будаа, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүн хэрэглэж, хэдэн тн шатахуун зарцуулдгийг тооцож гаргаад, үүнийг яаж шийдэж болохыг ард түмэнтэйгээ хамтдаа эрж олох ухаантан өнөө хэр төрөөгүй л байна.
Хувалз биш дээ хагартлаа баяжиж яах гэсэн юм бол тэд.
Дөрөв дэх чулуу буюу  ” шударга бай л даа”
Монголд өнөөдөр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл нь хуулийн ялгавартай үйлчилгээ. Уг нь тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар гэсэн лүндэнтэй их хаадын удам угсаа энэ цаг дор хуулийг уландаа гишгэж бас өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж байгаад хүмүүс хамгаас ихээр бухимдаж буй. Улсын болон ард түмний хэдэн тэрбүм төгрөгийг үрэн таран хийсэн эрхэм, амьдрахын эрхээр хэдэн төгрөг хулгайлсан этгээд 2-ыг адилтгаж болно гэж үү?
Хууль зөрчиж, улсын хөрөнгө мөнгийг завшсан хэмээн буруутгагдаж байсан олон ч эрхмийн асуудал чимээ шуугиангүй замхарч зарим нэг нь өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдоод явж байхад олон нийт баярлаж талархан хүлээж авч байна гэж бодоод байгаа юм биш байгаа. Өөрсдийн хариуцлагагүйгээс  хичнээн олон эрдэнэт хүний амь насыг сүйтгэчихээд хэн нь хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өнөө л эрх мэдэл албан тушаалын хойноос явж байгааг эх орныхоо төлөөх эрхэм сэтгэл гэж тайлбарлаж арай болохгүй байх. Гэсэн атлаа алдаа онооны дэнсэн дээр яваа жирийн иргэддээ төрийн төмөр нүүрийг хар харамгүй үзүүлж байх.
Чи хэн байхаас хамаарахгүй хуулийн өмнө бүгд тэгш байхыг л энэ олон иргэд хүсч буй. Чи мөнгөтэй бас царайлаг хөөрхөн байхаас хамаарахгүй буруу зүйл хийсэн, хууль зөрчсөн л бол зохих шийтгэлээ авдаг түүнээс нь ард иргэд болох болохгүйн ухаарал авдаг байх учиртай. Хэрэв чи хууль бус аргаар луйвраар баяжсан бол хэзээ хойно ч энэ бүхэн нотлогдох аваас энэ бүхнийг шууд хурааж авч чи буруу үйлээ өөрөө үүрч байх тэр л шударга хуулийг хүмүүс хүсч байна.
Та нар ядаж хүн чанарынхаа хувьд ч тэр ” шударга бай л даа”.
Өнөөдөр Монголын иргэн бүрийн туйлын хүслэн нь  мөнгө биш зөвхөн шударга ёс юм шүү. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Ардчилалын хамгийн үнэт зүйл. Хүн бүр өөрийн боломж хүсэл бас чадлаараа тайван амьдрахыг хүсч байна. Бас өөрийн эх орондоо элэг бүтэн амьдрахыг хүсч байна.
 

Тав дахь чулуу буюу “сайн удирдагчийн эрэлд”
Саяын маргаантай гэгдээд байгаа сонгуулийн дүнг миний хувьд МАХН гэхээсээ илүү С.Баяртай холбож ойлгож байна. Нийгэм даяараа энэ олон жилийн хошгируулалтаас үнэхээр залхаж байгаа. Тэд жаахан ч атугай шударга өөрчлөлт хийгдээсэй гэж хүсч, хийж магадгүй гэж горьдсон хүнийхээ төлөө саналаа өгсөн байх. С. Баяр болон МАХН-ын хувьд энэ бол эцсийн боломж. Орших эс оршихуйн төлөөх сонголт. Би ч энэ хүнийг мэдэхгүй. Гэхдээ юу юунаас илүү шударга байдлыг тогтоогоод өгөөсэй гэж туйлаас хүсч байна. Бусад лидер гэгдээд байгаа хүмүүсийн хувьд энэ олон жил нүдээ чилтэл харуулдаад хүссэн үр дүнгээ олж харсангүй. Зарим нь бараг 16 жил парламентэд суулаа. Олон нийтийн хүсэн хүлээж байсан шударга ёсны төлөө хэн ч тэмцсэнгүй. Зарим нь хэдэнтээ төр барьж үзлээ. Сайн сайхан юу ч авчирсангүй. Эцсийн эцэст Монгол орон тодорхой хэсэг бүлэглэлүүдийн ашиг сонирхлын золиос болох аюулын ирмэг дээр ирж байна. Тэд цөмөөрөө хоцрогджээ. Гэсэн атлаа шинэ чадалтай залуучуудад боломж олгон тэднийг гаргаж ирэхгүй бас хүсэхгүй байна. Монгол орны хөгжилд өндөр боловсрол ухамсартай  зөв сэтгэлтэй залуучууд үгүйлэгдэж байна.
Монголын парламент үнэхээр цус ойртож, тэнхэл нь барагдаж эхэлжээ. Ард түмэн шинэ хүчтэй удирдагчдыг хүсч байна.
Төгсгөл
Энэ бичлэгээрээ би хэн нэгнийг харааж зүхэж буруутгах гэсэнгүй. Монголчууд бид хангалттай талцаж бие биеэ харааж зүхлээ. Хүмүүс асар ихээр бухимдаж түүнийгээ янз бүрээр илэрхийлж байна. Өөрийн өчүүхэн бодлоор үндсийг нь гаргах гэж хичээлээ. Энэ үймээнд хэн нэгэн эсвэл аль нэгэн нам эвсэл хэрхэн зохион байгуулсан нь хараахан нотлогдоогүй байна. Энэ асуудлууд хууль журмаараа шийдэгдэнэ байх.
Олон олон жил хуримтлагдаж асан ард иргэдийн бухимдал юу юунаас илүү нөлөөлсөн гэдэгт би итгэж байна. Харин Ардчилсан хувьсгал ялж байсан тэр сайхан цаг мөчүүдэд төрж байсан тэр сайхан залуучуудыг бүү буруутгаж бүү шийтгээсэй гэж би хүсч байна. Ардчилалын жинхэнэ үнэ цэнийг амсч чадаагүй тэдний өмнө бид буруутай. 18 жил аялдан дагалдаж тэвчин хүлээж, хуурамчаар инээмсэглэн зусардаж байсан бид өөрсдөө буруутай. Ам амандаа шивнэж, нууцxан шүүмжилж, түүнийгээ ил гарган хэлж бас тэмцэж чаддаггүй байсан бид буруутай. Хэсэг бүлэг хүмүүсийн буруу муу үйлийг үнэн зөв болтол нь зусардаж тэдэнд ийм боломж олгосон бид буруутай.
Энэ талаар өөрийн бодлоо гаргаж бичсэн хичнээн хүнийг харааж зүхэж доромжилж байгааг бид уншиж байна. Үнэнийг хэлэхэд бидний хүсч байсан ардчиллаас өнөөг хүртэл хэрэгжиж байгаа цорын ганц үнэ цэнэтэй зүйл нь Монгол улсын иргэн хүн өөрийн бодол санаагаа илэрхийлж хэвлэн нийтлүүлэх эрх юм шүү. Үүнийг хуулиар ч хэл амаар ч бас чулуугаар ч хориглож болдоггүй юм.
Олон олон эрүүл саруулаар сэтгэж байгаа Монголчууд “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж сануулж байна. Энхбаярын, Баярын, Элбэгдоржийн тал гэж байхгүй. Монгол орны эрх ашиг, хувь заяа бас ирээдүй гэж бий. Эвтэй байна гэдэг нь шударга бус явдлыг тэвчээд эсвэл зохицоод байна гэсэн үг хараахан бишээ. Бид цөөхүүлээ  Дэлхийн талыг эзэлж явахдаа их эзэн Чингис хаан Монгол цэргийн амь үрэгдэхэд туйлаас уурсан хилэгнэдэг байсан гэдэг. Мөнх тэнгэрийн хөх толботой Монгол хүний амь бүү хэл дусал цус нь ч үнэтэй.
Дээрээс их холоос шидэгдэж байгаа чулууг болиулах цаг болжээ.
Монгол төрийн сүлд өршөөг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Share Your Thoughts